Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2021/00444

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******гийн ******* /РД:*******/-д холбогдох

845,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

.Иргэн Б.******* би анх 2020 оны 09 дүгээр сарын 16-нд Б.*******ийн хүсэлтийн дагуу 2020 оны 10, 11, 12 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэврийг авах эрхийг итгэмжлэлээр надад олгож би түүнд 648,000 төгрөг зээлдүүлсэн юм. Үүнээс хойш дахин мөнгө авах, хугацаа сунгах зэргээр олон удаа мөнгө төгрөг өгч авалцаж байсан юм. Хамгийн сүүлийн тооцоогоор Б.******* нь надад 845,000 төгрөг өгөх ёстой байна. Ийм уг мөнгийг гаргуулан надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* нь 2020 оны 09 сарын 16-нд Должинсүрэн найзтайгаа ирж, өөрийн нийгмийн халамжийн 288,000 төгрөг авдаг дэвтрээ барьцаалж 3 сарын итгэмжлэл хийж 10, 11, 12 сарын 648,000 төгрөг бэлнээр авсан. Энэ ондоо дахин өөрийн хүсэлтээр 10 сарын 30-нд 1 жилийн итгэмжлэл хийж 2021 оны 1, 2 сарын 432,000 төгрөг авсан. Үүнээс хойш дахин дахин сунгалт хийж 12 сарын 16-нд 432,000, 2021 оны 1 сарын 15-нд 216,000 5 сар, дахин 2 сарын 16-нд 216,000 6 сарыг дуустал авсан. Үүнээс 10 сараас 2 сар хүртэл хэвийн орж байгаад 3 сарын 18-нд 47,000 төгрөгийг миний дансанд хийж 7 сар болгосон. Гэвч 4 сарын 22-ноос интернет банкаар дамжуулан, 4 сар, 5 сар, 6 сар, 7 сарын мөнгийг удаа даран шалтаг тоочин авсан энэ хугацаанд ******* нь миний утсыг блок хийсэн. Өөрийг хаяг болох гэрт нь удаа дараа очсон боловч байхгүй өндөр настай ээжид нь учрыг тайлбарлан эгч Оюунтуяатай утсаар яриулсан. Хэл амаар доромжилсон зүйл байхгүй. ******* нь өөрөө итгэмжлэл хийсэн. Мөнхтуяа бид хоёрыг доромжилсон. Иймд хариуцагч *******ээс 1,152,000 төгрөгийг авах байснаас хүү тооцолгүй зөвхөн зээлдүүлсэн 864,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2020 оны 08 дугаар сард гэрээ хийж 845,000 төгрөгийг Г.******* нь зээл авсан. Хамгийн сүүлд 4,5,6 төлөлтөө өгөөгүй. Энэ өгсөн гэх мөнгө нь бүгд баримттай. Мөнгө зээлэхдээ ямар нэгэн хүү тооцоогүй. Энэ мөнгийг би сар болгон 216,000 төгрөгөөр 4 удаа дансанд шилжүүлсэн.Одоо энэ хүнээс зээлсэн мөнгө болох 845,000 төгрөг гаргуулж авмаар байна гэх.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь зүс таних хүн болох Б.*******ийг халамжийн дэвтэр авч зээл өгдөг гэж сонсоод 2020 оны 09 дүгээр сарын 16-нд уулзаж 1 сарын 25 хувийн хүүтэй халамжийн дэвтрээ тавьж зээл авсан. Үүнээс хойш сар болгон халамжаа сунгуулж сарын 25 хувийн зээл авч байсан. Миний бие өвдөж Улаанбаатар хот руу нарийн шинжилгээ өгөхөөр явж байгаад ирэх хугацаандаа мөнгөний шаардлага гарч өөрийн данснаасаа мөнгөө авсан. Гэтэл энэ хооронд миний аав ээж 2 дээр очиж хэл амаар доромжилж 1 бус удаа нөхрийнхөө хамт очиж дарамталсан байсан. Миний аав, ээж хоёр өндөр настан, ээж маань тархины хавдарын хагалгаанд орсон хүн хямар ч ерөөсөө болдоггүй. 2020 оны 10, 11, 12 сарын зээл буюу 648,000 төгрөг гэтэл одоо нэхэмжилж байгаа 845,000 хүүтэйгээ бодогдож байгаа тул би энэ хүнд гаргаж өгч чадахгүй болноо. Би аав ээжийнхээ сэтгэл санааны хохирлыг гаргуулж авахыг хүсэж байна. Б.******* нь олон хүний халамжийн дэвтэр авч 1 сарын 25 хувь хүүтэй зээл олгодог. Би энэ хүнд 2020 оны 10, 11, 12 сарын хүү болох 216,000 төгрөг, 2021 оны 1, 2, 3, 4 сарын хүү болох 288,000 төгрөг нийт хүүнд 504,000 төгрөг өгсөн. 845,000 төгрөг нэхэмжилж байгааг огт үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх би энэ хүнийг мөнгө зээлдэг гэж хүнээс сонсоод 3 сарын хугацаатай зээл аваад энэ зээлээ дараа нь сунгасан. Анх зээл өгөхдөө надад 25 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Би энэ хүнд 504,000 төгрөг хүү төлсөн. Энэ хүн миний төлж байсан хүүг ерөөсөө зээлсэн мөнгөнөөсөө хасахгүй байна. Одоо 845,000 төгрөгөөс хүүд төлсөн 504,000 төгрөг хасаад 341,000 төгрөгийг би төлнө гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бмчгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ ... би түүнд 648,000 төгрөг зээлдүүлсэн юм. Үүнээс хойш дахин мөнгө авах, хугацаа сунгах зэргээр олон удаа мөнгө төгрөг өгч авалцаж байсан юм. Хамгийн сүүлийн тооцоогоор Б.******* нь надад 845,000 төгрөг өгөх ёстой байна гэх.

Хариуцагчаас хариу тайлбартаа ... Би энэ хүнд 504,000 төгрөгийн хүү төлсөн. Энэ хүн миний төлж байсан хүүг ерөөсөө зээлсэн мөнгөнөөсөө хасахгүй байна. Одоо 845,000 төгрөгөөс хүүд төлсөн 504,000 төгрөг хасаад 341,000 төгрөгийг би төлнө хэмээн талууд маргажээ.

 

Б.*******ийн шүүхэд гаргасан ... Б.*******ээс 845,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбарууд болон хэргийн 10-12 дугаар талд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан баримт болох Б.*******ийн Хаан банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулгаар Б.*******ийн эзэмшлийн 5374241503 тоот дансанд 2021.02.16-ны өдөр 216,000 төгрөг, 2021.01.05-нд мөн дансанд 216,000, 2020.12.16-нд мөн дансанд 216,000 төгрөг, бүгд 648,000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 845,000 төгрөг зээлдэж авсан боловч хүүд нь 504,000 төгрөг өгсөн тул үүнийг хасаад үлдэх 341,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд талуудын хооронд аман хэлцэл хийж хүүтэй мөнгө зээлдэх, зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд хэргийн 9 дүгээр талд авагдсан Б.*******ийн харилцах дансны хуулгаар Б.*******ийн эзэмшлийн 5374241503 тоот данснаас 2021.03.18-нд 47,000 төгрөгийн орлогод авч, хэргийн 10-12 дугаар талд дээр дурдсан хугацаанд хариуцагчийн дансны зарлагын гүйлгээгээр 216,000 төгрөгөөр 3 удаа бүгд 648,000 төгрөг Б.*******ийн данснаас гарч Б.*******ийн дансанд орсон болох нь нотлогдож байна.

Харин нэхэмжлэгчээс тайлбартаа ... 2021 оны 4-7 сар хүртэл хугацаанд ******* нь *******т хүүгүйгээр нийт 845,000 төгрөг зээлдүүлсэн гэх боловч дээрх хугацаанд уг мөнгийг хариуцагч *******т өгсөн болох нь хавтаст хэргийн 9-12 дугаар талд авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 845,000 төгрөг зээдсэнээ нотлоогүй боловч хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ... 504,000 төгрөгийн хүү өгсөн бөгөөд 341,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг үндэслэн 341,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 504,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино.

Хавтаст хэргийн 4, 40-42 дугаар талд авагдсан бичгийн баримт нь ИХШХШТХуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.5, 38.9, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, нотолгооны чанартай баримт биш гэж үзнэ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д зааснаар хүү тооцох зээлийн гэрээг бичгээр хийх шаардлага хангаагүй тул зээлдэгч хүү тооцож авах эрхээ алдсан гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,830 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 341,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 10,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ээс 341,000 төгрөг гаргуулан Б.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 504,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,830 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 341,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж тооцож, 10,880 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН