Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/02169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М Э К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ү Э ХХК-д холбогдох

 

16 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани нь “Шинэ Хужирт” ХХК-тай 2020 оны 06 сарын 17-ны өдөр МЭК-2020/19 тоот “Заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Натур Мед сувиллын барилгын дотор заслын ажлуудыг хийхээр болсон. Тус ажилд туслуулахаар “ҮЭ” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй 23 000 000 төгрөгөөр ажлын хөлсөө харилцан тохиролцож, 2020 оны 06 сарын 22-ны өдрөөс ажлаа эхлүүлж, 2020 оны 07 сарын 25-ны өдөр ажлаа бүрэн гүйцэд дуусгахаар болсон. Энэхүү ажлын нийт 23 000 000 төгрөгийн хөлснөөс “ҮЭ” ХХК болон түүний захирал Д.Лхагвасүрэнд нийт 16 000 000 төгрөгийг манай компани өгсөн байдаг бөгөөд 2020 оны 06 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2020 оны 07 сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийг “ҮЭ” ХХК-ийн 1805121119 тоот Голомт банкны дансанд, 2020 оны 08 сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг түүний хувийн 5030241717 тоот Хаан банкны данс руу тус тус шилжүүлж манай компанийн зүгээс дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл “ҮЭ” ХХК гэрээний хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй. Өнөөдрийн байдлаар тухайн ажил дууссан. Манай компани 2020 оны 11 сараас хойш тухайн газарт ажиллахаа больсон. Бидний гэрээ байгуулсан “ҮЭ” ХХК нь “Шинэ хужирт” ХХК-тай тохиролцоод манай компанийн хийж байсан ажлыг үргэлжлүүлж хийсэн. “Шинэ хужирт” ХХК-ийн захирал О.Цэцэгбалаас мэдүүлэг авахад ажлаа бүрэн дуусгаагүй гэж мэдүүлсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заасан. Ажил гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байсан учраас гэрээнээс татгалзаж мөнгө шаардсан. Өөрөөр хэлбэл бид 16 000 000 төгрөг өгчихөөд байхад ажлаа гүйцэтгэж дуусгахгүй байна гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан. “ҮЭ” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн манай шилжүүлсэн мөнгөөр материалыг авчихаад ажлыг хийж гүйцэтгэхгүйгээр агуулахдаа хадгалаад байсан учраас бид маш олон удаа очиж хэрүүл маргаан гаргасан боловч материалыг буцааж өгөөгүй. Сүүлдээ захиалагч болох “Шинэ хужирт” ХХК-аас манай компанид шаардлага тавьсан учраас захирал О.Цэцэгбалыг дагуулж агуулахад очиж материал байгаа гэдгийг харуулсан. Гэтэл Д.Лхагвасүрэнгээс дахиад материалууд дутуу байна гээд нэмж мөнгө шаардсан. Хэрэгт авагдсан баримтаас харахад манай компанийн өгсөн хөлс дээр нэмж 5 000 000 төгрөгийн хөлс авсан байна. “Шинэ хужирт” ХХК-аас ирсэн баримтад 2020 оны 10 сарын 19-ний өдрөөс 2020 оны 11 сарын 28-ны өдрийн хооронд 25 удаагийн шилжүүлгээр барилгын дотоод засалтай холбоотой 26 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна гэсэн байна. Үүнээс хойш “МЭК” ХХК-д ямар нэгэн мөнгө өгөөгүй. Харин 18 000 000 төгрөгийг “ҮЭ” ХХК-ийн захирал 5030241717 дугаар данс руу шилжүүлсэн байна. Ажил гүйцэтгэнэ гээд гэрээ байгуулчихаад гэрээний нөгөө талдаа ажлын үр дүнг нь үзүүлэлгүйгээр гэрээ хийсэн хүнтэй биш түүнээс давж захиалагчтай харьцсанаас болж манай компани хохирол хүлээсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “ҮЭ” ХХК бид энэ ажлыг 23 000 000 төгрөгөөр хийж дуусгана гэчихээд дахиад нэмж мөнгө авсан байна. Манай компани “Шинэ хужирт” ХХК-тай 35 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Хэрэв 35 000 000 төгрөг манай компанид орж ирсэн бол 23 000 000 төгрөг хасагдахад манай компанийн ажлын хөлсөнд 12 000 000 төгрөгийн ашиг авчрах байжээ гэсэн тооцоолол гарч байгаа. Бид шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Ажлын үр дүнгээ биелүүлсний дараа 16 000 000 төгрөг авах байсан юм гэж үзэж гэрээнээс татгалзаж байгаа юм. Гэрээнд заасан урьдчилгаа 9 000 000 төгрөг, санхүүжилт 7 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасны дагуу 2020 оны 07 сарын 25-ны өдөр гэхэд ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй учраас гэрээнээс татгалзсан мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй байна. Харин бусад олох байсан ашгаа орхиод гэрээний дагуу мөнгөө нэхэмжилж байна. Иймд дээрх гэрээний дагуу манай компаниас ажлын хөлсөнд төлсөн 16 000 000 төгрөгийг “ҮЭ” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үүгэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 

МЭК" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Шинэ хужирт” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах Nature Med нэртэй сувиллын газрын модон хийц, тавилгын ажлыг гүйцэтгүүлэхээр “МЭК” ХХК-тай 2020 оны 06 сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд манай компани 2020 оны 06 сарын 22-ны өдөр “МЭК” ХХК-тай мөн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж туслан гүйцэтгэгчээр оролцсон. “МЭК” ХХК ямар үүргээ биелүүлээгүй вэ гэвэл гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг бүрэн төлөөгүй. 16 000 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч бараа материал, хавтангийн үнэ байсан. Хэрэгт авагдсан дансны хуулгаас аль нь ажлын хөлс вэ, аль нь бараа материалын үнэ вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. 23 000 000 төгрөгийн ажлын хөлсийг өгөөгүй. Мөн гэрээнд заасан ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалуудыг хугацаандаа өгөөгүй. Энэ талаар “Шинэ хужирт” ХХК-ийн захирал О.Цэцэгбал мэдүүлсэн. Ажил саатсан нь бараа материалын татан авалтаас болсон гэсэн мэдүүлэг өгсөн. Захиалагч өөрөө үүргээ биелүүлээгүй учраас манай компанийн зүгээс ажлын хөлсийг бүрэн өгөөд гүйцэтгэлээ ав гэсэн агуулгаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг барьцаалсан. Үүнийг буруутгах үндэслэлгүй. “Шинэ хужирт” ХХК-ийн захирал О.Цэцэгбал “МЭК” ХХК-д 64 000 000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдүүлэг өгсөн. Ажлын гүйцэтгэлийг “ҮЭ” ХХК-аас авсан байж “МЭК” ХХК-аас нэхэмжилдэггүй, зүгээр л 64 000 000 төгрөг өгчихсөн, маргаан байхгүй гэж байгаа нь их сонин. “МЭК” ХХК нь “ҮЭ” ХХК-тай тохиролцоод туслан гүйцэтгэгчээр оролцуулаад ажлуудаа хийж гүйцэтгүүлье гэсэн боловч 64 000 000 төгрөгөө шилжүүлээд авчихсан байж туслан гүйцэтгэгчийнхээ ажлын хөлсийг дутуу өгсөн учраас туслан гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээ барьцаалсан. О.Цэцэгбал үндсэн компанитай байгуулсан гэрээгээ цуцлаад манай компаниар үндсэн ажлаа хийлгүүлье гээд үлдсэн төлбөрийг төлсөн. Ажлынхаа гүйцэтгэлийг хурдан авахын тулд ийм арга хэмжээ авсан. Ерөнхий ажил гүйцэтгэгч тал болох “МЭК” ХХК нь 2020 оны 06 сарын 22-ны өдрийн гэрээний 3.1, 3.2 дахь хэсэгт заасны дагуу туслан гүйцэтгэгч талд ажлын хөлсийг бүрэн төлөөгүй, барилгын ажилд шаардлагатай бараа, түүхий эдийг татан авч засал чимэглэлийн ажлыг үргэлжлүүлэн дуусгах боломжгүй байсан тул захиалагч тал болох “Шинэ хужирт” ХХК нь “МЭК” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж манай компанийг ажил гүйцэтгэгчээр сонгон гэрээ байгуулж захиалгат ажлыг хийж дуусгасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлцээгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож байгаа учраас гэрээнээс татгалзаад мөнгөө авъя гэсэн үндэслэл хэлж байна. Гэтэл манай компани захиалагч компанид ажлыг хүлээлгэж өгсөн. Ажлыг хугацаандаа гүйцэтгэсэн байсан. Хамгийн гол нь “МЭК” ХХК нь үндсэн захиалагч компанид ажлыг гүйцэтгэж өгнө гэж мөнгө шилжүүлж авчихаад туслан гүйцэтгэгч компанидаа мөнгийг нь шилжүүлээгүй өөрсдөө үрэгдүүлсэн байдаг. О.Цэцэгбал гэдэг хүн өөрөө манай компанийг “МЭК” ХХК-тай холбож өгсөн. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй асуудал байгаа учраас “МЭК” ХХК-аас ямар нэгэн хохирол нэхэмжилдэггүй, нэхэмжлэгчийн дуудсанаар ирээд нэхэмжлэгч талд мэдүүлэг өгөөд байдаг. “МЭК” ХХК туслан гүйцэтгэгчид ажлын хөлсийг төлөхгүй байсан учраас “Шинэ хужирт” ХХК-ийн зүгээс үлдсэн төлбөрийг өгөөд ажлаа хүлээгээд авчихсан. Манай компанид ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, гэрээний хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй гэсэн зүйл байхгүй, ажлыг чанарын дагуу хийж гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөр төлөх хугацаа байгаа, санхүүжилт 2020 оны 07 сард хийгдэх байсан. Бараа материал “ҮЭ” ХХК-ийн талбай дээр буугаад ажлаа эхлэхэд бэлэн болчихсон үед дундын санхүүжилт хийгдсэн. Энэ мэтчилэн өөрсдөө үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд захиалгат ажлыг бүрэн хийж дуусган нөгөө талдаа бүрэн хүлээлгэн өгсөн, “Шинэ хужирт” ХХК болон “МЭК” ХХК хоорондоо гэрээгээ цуцалсан байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж өгнө үү” гэв.

г

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МЭК” ХХК нь хариуцагч “ҮЭ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсөнд шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

“МЭК” ХХК болон “ҮЭ” ХХК нь 2020 оны 06 сарын 22-ны өдөр МЭК-2020/19 дугаартай “Модон хийц, тавилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулан, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Натур Мед сувиллын барилгын дотор заслын ажлуудыг хийх, гэрээний 1.2-т заасан ажлуудыг 2020 оны 06 сарын 22-ний өдрөөс 07 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлын хөлсийг 23 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид  уг гэрээг байгуулсан талаар шүүхэд маргаагүй. /хх- 4-9/

 

Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч “ҮЭ” ХХК нь захиалагч “МЭК” ХХК-аас засварын ажилд шаардлагатай материалыг авч, өөрийн багаж тоног төхөөрөмжөөр ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “МЭК” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, ажлын хөлсийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ засварын ажилд шаардлагатай материалын мөнгийг гүйцэтгэгч компанийн болон захирал Д.Лхагвасүрэнгийн данс руу шилжүүлсний дагуу хариуцагч нь материалыг худалдан авсан боловч агуулахдаа хадгалан ажлыг хийж гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж ажлын хөлсөнд шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ гэрээнд заасны дагуу 23 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлэх ёстой байсан боловч бүрэн өгөөгүй, шаардлагатай материалуудыг хугацаандаа өгөөгүйн улмаас ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэх боломжгүй болсон, үндсэн захиалагч “Шинэ хужирт” ХХК-тай гэрээ байгуулан гэрээт ажлыг хийж дуусган тус компанид хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх үүрэггүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- “МЭК” ХХК нь “Шинэ хужирт” ХХК-тай 2020 оны 06 сарын 17-ны өдөр МЭК-2020/18 дугаартай “Заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Натур Мед сувиллын барилгын дотор заслын ажлуудыг хийх, гэрээний 1.2-т заасан ажлуудыг 2020 оны 06 сарын 17-ны өдрөөс 07 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлын хөлсийг 64 031 168 төгрөгөөр харилцан тохиролцсон гэрээ байгуулсан. /хх- 91-94/

- “МЭК” ХХК нь 2020 оны 06 сарын 22-ны өдөр “Шинэ хужирт” ХХК-тай байгуулсан дээрх гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “ҮЭ” ХХК-тай МЭК-2020/19 дугаартай “Модон хийц, тавилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулан, засварын ажлын хөлсийг 23 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. /хх- 4-9/

- “Шинэ хужирт” ХХК нь “ҮЭ” ХХК-д 2020 оны 09 сарын 07-ны өдөр 32/20 дугаартай албан бичгээр “МЭК” ХХК бараа материалын татан авалтын санхүүжилтийг хугацаандаа авсан боловч 2020 оны 07 сарын 28-ны өдөр гэрээт хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй тул тухайн компанитай байгуулсан гэрээг цуцалж, “ҮЭ” ХХК-тай гэрээ байгуулан гэрээт ажлыг хийж гүйцэтгүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. /хх- 142/

- “Шинэ хужирт” ХХК нь “ҮЭ” ХХК-тай 2020 оны 09 сарын 11-ний өдөр БА-2020/35 дугаартай “Заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, “МЭК” ХХК-тай байгуулсан гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгүүлэх, засварын ажлын хөлсийг 14 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. /хх- 135-141/

 

Дээр дурдсан гэрээнүүд нь 2020 оны 06 сарын 17-ний өдөр захиалагч “Шинэ хужирт” ХХК, гүйцэтгэгч “МЭК” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ажлуудын хүрээнд байгуулагдсан байх бөгөөд гүйцэтгэгч “МЭК” ХХК нь туслан гүйцэтгэгч “ҮЭ” ХХК-тай гэрээт ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан, захиалагч “Шинэ хужирт” ХХК нь үндсэн гүйцэтгэгч “МЭК” ХХК гэрээт ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, туслан гүйцэтгэгч “ҮЭ” ХХК-тай ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болж, ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.

 

Нэхэмжлэгч “МЭК” ХХК нь хариуцагч “ҮЭ” ХХК-тай гэрээт ажлыг хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, туслан гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг захиалагч “Шинэ хужирт” ХХК-ийн өмнө хариуцах үүргийг хүлээсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч “Шинэ хужирт” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан О.Цэцэгбалыг гэрчээр оролцуулан мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь гүйцэтгэгч “МЭК” ХХК-д бараа материалын төлбөрт мөнгө шилжүүлсэн, ажлын хөлс гэж мөнгө шилжүүлээгүй, “МЭК” ХХК, “ҮЭ” ХХК-ийн хооронд маргаан үүссэнээс “ҮЭ” ХХК нь засварын ажилд шаардлагатай материалыг агуулахдаа хадгалж байсан, “ҮЭ” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн “МЭК” ХХК-аас ажлын хөлс авах ёстой учир ажлаа хийж болохгүй байна гэж хэлсэн, заслын ажил 9 сар хүртэл эхлээгүй байсан, ажлаа хийж гүйцэтгүүлэхийн тулд “ҮЭ” ХХК-тай гэрээ байгуулан гэрээгээр тохирсон хөлсийг төлсөн, үнийн дүн их гарч тохирсон хэмжээнээс хэтрүүлэн мөнгө шилжүүлсэн боловч ажлыг дунд үед нь хүргээд дуусгаагүй хаяад явсан, өөрийн компанийн мужааны багаар ажлаа үргэлжлүүлэн хийсэн, “ҮЭ” ХХК тодорхой хэмжээний материал өгөхгүй ажлаа орхиод явсан тул үлдсэн материалаа 11 сард авсан, ажил хүлээлцэх акт үйлдээгүй гэж мэдүүлсэн. /хх- 98-103/

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч “МЭК” ХХК нь захиалагч “Шинэ хужирт” ХХК-аас гэрээт ажлын материалын мөнгийг шилжүүлэн авч туслан гүйцэтгэгч “ҮЭ” ХХК руу шилжүүлсэн, “ҮЭ” ХХК нь материалыг худалдан аваад өөрийн агуулахад хадгалж байсан, улмаар захиалагч “Шинэ хужирт” ХХК-тай гэрээ байгуулан тухайн материалыг гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд ашигласан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “ҮЭ” ХХК-ийн Голомт банкин дахь 1805121119 дугаартай данс, тус компанийн захирал Д.Лхагвасүрэнгийн Хаан банкин дахь 5030241717 дугаартай данс руу гэрээт ажлын материалын мөнгө болон засварын ажлын хөлсийг шилжүүлсэн гэх тайлбарыг гарган ажлын хөлсөнд 2020 оны 06 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 07 сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөг, 08 сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг, 08 сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул уг 16 000 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. /хх- 11-29/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс дансаар мөнгө шилжүүлэн авч байсан талаар маргаагүй боловч мөнгө шилжүүлсэн гэх дансууд хариуцагч компанитай хамааралтай болох нь тодорхойгүй, эдгээр мөнгөн шилжүүлгээс засварын ажлын хөлс, материалын үнэ гэдэг нь тодорхойгүй байгаа,  гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн тул уг мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

Гэрээт ажлын захиалагч “Шинэ хужирт” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан  гэрч О.Цэцэгбал гэрчийн мэдүүлэгтээ “МЭК” ХХК-тай байгуулсан гэрээнд ажлын хөлсний дүнг тохиролцож гэрээ байгуулсан боловч бараа материалын төлбөрт мөнгө шилжүүлсэн, ажлын хөлс гэж мөнгө шилжүүлээгүй, тус компанитай ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч “МЭК” ХХК нь захиалагч “Шинэ хужирт” ХХК-аас гэрээт ажлын материалын мөнгө шилжүүлсэн авснаас хариуцагч “ҮЭ” ХХК-д ажлын хөлсөнд тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч “ҮЭ” ХХК нь “МЭК” ХХК-тай байгуулсан гэрээнд заасны дагуу гэрээт ажлыг 2020 оны 06 сарын 22-ны өдрөөс 07 сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн боловч ажлыг гэрээт хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. “ҮЭ” ХХК нь гэрээт ажлыг захиалагч “Шинэ хужирт” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, 2020 оны 06 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээний үүргийг 2020 оны 09 сарын 11-ний өдөр захиалагч “Шинэ хужирт” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт тооцон хүлээлгэн өгсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч “МЭК” ХХК захиалагч “Шинэ хужирт” ХХК-аас хангалттай мөнгө шилжүүлэн авсан хирнээ тус компанид мөнгийг гүйцэд шилжүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч “МЭК” ХХК болон “Шинэ хужирт” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн харилцаа “ҮЭ” ХХК-д хамааралгүй, гэрээний үүргийг дүгнэх эрх, үүрэг нь тухайн гэрээг байгуулсан талуудад хамааралтай асуудал юм. “Шинэ хужирт” ХХК нь “МЭК” ХХК руу шилжүүлсэн мөнгөний талаар ямар нэгэн маргаан үүсгэж, буцаан гаргуулахаар шаардаагүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн “Шинэ хужирт” ХХК нь “МЭК” ХХК руу шилжүүлсэн мөнгөөр “ҮЭ” ХХК-ийн худалдан авсан материалын тоо хэмжээ, үнэ төлбөрийн талаар “МЭК” ХХК болон “ҮЭ” ХХК-д холбогдуулан маргаан үүсгэж, мөнгө төлбөр шаардаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч “ҮЭ” ХХК нь нэхэмжлэгч компанитай 2020 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй. Хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн 2020 оны 07 сарын 25-ны өдөр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэгч “МЭК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь “Шинэ хужирт” ХХК-аас гэрээт ажлын материалын зардалд  шилжүүлэн авсан мөнгөнөөс хариуцагч “ҮЭ” ХХК руу ажлын хөлсөнд мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд “МЭК” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаярын Хаан банкин дахь 5030151719 дугаартай төгрөгийн дансны хуулгаар хариуцагч “ҮЭ” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнгийн Хаан банкин дахь 5030241717 дугаартай данс руу 2020 оны 08 сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийг “наалтын хөлс” гэсэн гүйлгээний утгатай, 2020 оны 08 сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг “ажлын хөлс” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул эдгээр мөнгөн шилжүүлгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн гэж дүгнэн нийт 7 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “ҮЭ” ХХК-аас 7 000 000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МЭК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч “ҮЭ” ХХК-аас 7 000 000 /долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МЭК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 /есөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж,  хариуцагч “ҮЭ” ХХК-аас  нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “МЭК” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР