| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2021/00368/И |
| Дугаар | 148/ШШ2021/00426 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 148/ШШ2021/00426
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар А.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, Б.Мөнхтөрд холбогдох Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Алтансүхийн Саранчимэг
регистрийн дугаар МЮ-00280308
Хариуцагч: Батзаяагийн Мөнхтөр
регистрийн дугаар МЮ-98070319
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: А.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... А.Саранчимэг миний бие Б.Мөнхтөртэй 2019 оны 05 дугаар сард танилцаж 2019 оны 07 дугаар сард жирэмсэн болж 2020 оны 04 дүгээр сарын 04-нд хүү С.Бямбабаяр төрсөн. Миний бие А.Саранчимэг нь 2020 оны 06 дугаар сард Б.Мөнхтөрийг эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаар шүүхэд өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 07-нд эцэг тогтоох шинжилгээнд орж 2020 оны 09 дүгээр сарын 30-нд эцэг тогтоох шинжилгээний хариу 99.99 хувь Б.Мөнхтөрийн хүүхэд мөн гэсэн хариу гарсан. Б.Мөнхтөр нь би хүүгээ өөр хүний гар харуулж чадахгүй. Цаашид хүүгээ өөр дээрээ авах буюу Саранчимэг өөрөө зөвшөөрвөл хамт амьдрах хүсэлтэй байна гээд эвлэрэх хүсэлт гаргаж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би нэхэмжлэлээ татан авсан. Нэхэмжлэлээ татан авснаас хойш 2-3 сар холбоотой байж байгаад Б.Мөнхтөр нь өөрөө шинэ амьдрал эхлүүлэх болсон. Хүүхэддээ мөнгөн тэтгэмж өгнө гэсэн боловч хугацаандаа өгөлгүй хүүхэдтэйгээ огт ярьдаггүй, уулздаггүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...
Нэхэмжлэгч: А.Саранчимэг 2021 оны 09-р сарын 13-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний Б.Мөнхтөрд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Намайг хүүхдээ төрүүлэх үед миний хажууд байгаагүйн улмаас хүүхдээ өөрийн нэрээр дээр авсан. Иймд 2020 оны 04-р сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Бямба-баярын төрсөн эцэг нь Б.Мөнхтөр мөн болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: А.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие Б.Мөнхтөртэй 2019 танилцсан. Улмаар бид хоёр 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүүтэй болсон. Б.Мөнхтөр нь үр хүүхдээ харж ханддаггүй. Эцэг хүний үүргийг биелүүлдэггүй байсан. Бид хоёр хамт амьдарч байхад ч одоо ч гэсэн үр хүүхдээ харж хандаж, тусалж дэмждэггүй. Бид хоёр тусдаа гараагүй хадмындаа амьдардаг байсан. Тэгээд хоорондын харьцах харилцаа, зан аашны таарамжгүй байдлаас болоод салахаар шийдсэн. Би Б.Мөнхтөрийг эцэг хүний үүргийг нь хүлээлгэхийн тулд хүү С.Бямбабаярын төрсөн эцэг мөн болохыг тогтоолож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан... гэв.
Хариуцагч: Б.Мөнхтөр 2021 оны 09-р сарын 13-нд шүүхэд гаргасан
тайлбартаа:
...А.Саранчимэгийн гаргасан эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Мийн бие С.Бямбабаярын төрсөн эцэг мөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Хариуцагч: Б.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний хувьд хүү С.Бямбабаярыг миний хүүхэд биш гэж маргах зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Асрамжийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгийг төлнө ... гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч А.Саранчимэг нь Б.Мөнхтөрд холбогдуулан Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2019 онд танилцан, гэр бүлийн харьцаатай байх хугацаанд 2020 оны 04-р сарын 04-нд хүү С.Бямбабаяр төрсөн, мөн хүү С.Бямбабаярыг төрөхөд түүнийг эх Саранчимэгээр овоглон төрсний гэрчилгээ авсан, зохигчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүү С.Бямбабаярын №4301000132 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Б.Мөнхтөр нь шүүх хуралдаанд ...Миний хувьд хүү С.Бямба-баярыг миний хүүхэд биш гэж маргах зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Асрамжийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгийг төлнө... гэх тайлбар гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж, Б.Мөнхтөрийг 2020 оны 04-р сарын 04-нд хүү С.Бямба-баярын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, бага насны хүү С.Бямба-баярын эх А.Саранчимэгийн асрамжинд хэвээр үлдээж, эцэг Б.Мөнхтөрөөс тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул бага насны бага насны хүү С.Бямбабаярыг хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн алин нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчидод анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж төсвийн орлого болгохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Боржигон овгийн Батзаяагийн Мөнхтөрийг 2020 оны 04-р сарын 04-нд хүү С.Бямбабаярын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар бага насны хүү С.Бямбабаярыг эх эх А.Саранчимэгийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2020 оны 04-р сарын 04-нд хүү С.Бямбабаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Батзаяагийн Мөнхтөрөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдусгай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Мөнхтөрөөс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 34.416 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дугуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ