Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/02167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “П Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С-т холбогдох,

 

Гэм хорын хохирлын төлбөрт 57 675 476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.       

      

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 “Хариуцагч Д.С нь 2016 оны 07 сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэгдсэн эмнэлгийн баруун талын замын уулзварт Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас манай компанид даатгалтай, Капитал Континент ББСБ-ын эзэмшлийн 12-73 УНЛ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-200 маркийн автомашиныг мөргөж, 62 776 576 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Д.Ст Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тодорхой ял шийтгэж түүнийг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн. “П Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 3011603263 тоот нөхөн төлбөр олгох тушаалаар 62 776 576 төгрөгийг гэрээний дагуу 100 хувь олгосон. Тухайн Тоёота ландкруйзер-200 маркийн автомашин нь 2016 онд Монгол улсад орж ирсэн, 2016 оны 07 сарын 04-ний өдөр улсын дугаар авч, Авто тээврийн газар бүртгүүлж, тодорхой хэмжээний даатгалын шимтгэл төлж, 148 000 000 төгрөгийн даатгалын хамгаалалтыг тус даатгалын компаниас авсан. Даатгалын гэрээний дагуу учирсан хохиролд 47 938 139 төгрөгийг сэлбэгийн зардалд 2016 оны 09 сард шилжүүлсэн. Дараа нь засвар үйлчилгээг “Хэт моторс” компаниар хийлгэсэн бөгөөд 14 667 137 төгрөгийг шилжүүлсэн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт, даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар шаардах эрх манай компанид шилжсэний дагуу 62 776 576 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Д.С нь “Миг даатгал” ХХК-иас жолоочийн хариуцлагын даатгалын 5 000 000 төгрөгийг авч, уг мөнгийг манай компани руу шилжүүлсэн. Үлдэгдэл 57 605 276 төгрөгийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 55 251 000 төгрөгийг хангаж, 2 354 276 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 18 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч нарыг зориуд худал дүгнэлт гаргасан гэсэн үндэслэлээр цагдаад гомдол гаргасан бөгөөд Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вендо” хөрөнгийн үнэлгээний газрын шинжээч нар зориуд худал дүгнэлт гаргасан гэх хэргийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2012 оны 02 сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Хариуцагч нь Хэнтий аймаг дахь хаягтаа амьдрахаа больсон байсан тул түүний оршин суугаа хаягын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36а байрны 78 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн. Бид тус хаягаар очиж уулзахад Д.С нь тус байрыг түрээслэн амьдарч байсан бөгөөд хаяг дээр чинь бүртгэл хийлгэе гээд гуйгаад байхаар нь бүртгүүлсэн гэсэн тайлбарыг байрны эзэн нь өгсөн. Хариуцагчийн хаягийг тодруулах боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-т заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 6083 дугаар захирамжаар хангаж, эрэн сурвалжилах ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлсэн. Эрэн сурвалжилах ажиллагааны үр дүнд хариуцагчийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20-2 дугаар байрны 16 тоот хаягт оршин сууж байгаа болохыг тогтоосон. Тус хаягийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Д.Сыг тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн багийн засаг даргын тодорхойлолт ирсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бидний зүгээс 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 2647 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргасан бөгөөд “хэргийн оролцогчийн оролцоотой мэдэгдэх хуудсыг гардуулах боломжгүй, бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлүүдийг дурдаж, захирамжийг хэвээр үлдээсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Сыг эрэн сурвалжилуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, 2019 оны 08 сарын 14-ний өдрийн 1404 дүгээр шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Дархан аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилах ажиллагаа явуулж, хариуцагч Д.Сыг “Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20-2 дугаар байрны 16 тоот” хаягт оршин сууж байгаа болохыг дахин тогтоон 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 34/6/309 дүгээр албан тоотыг ирүүлсэн болно. Гэвч тус хаягтаа оршин суудаг эсэх нь тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсэн. 2020 оны 08 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс Д.Сыг саатуулан, түүний оршин суугаа Баянзүрх дүүрэг, 26 хороо, Дүнжингарав, 102 байр, 23 тоот хаягийг бидэнд мэдэгдсэний дагуу нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Иймд хариуцагч Д.Саас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 57 605 276 төгрөг, эрэн сурвалжилах шийдвэр гаргуулахад тушаасан 70 200 төгрөг, нийт 57 675 476 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“П Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ст холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь нийт 57 675 476 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хэдийгээр “П Д” ХХК өөрийн даатгуулагч Капитал континент ББСБ-д даатгалын нөхөн төлбөр гэрээний үндсэн дээр өгсөн байх боловч Ланд 200 маркийн автомашинд нийтдээ 57 605 276 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн эсэх нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй байдаг тул нотлох баримтгүй хохирлыг төлөх боломжгүй. Хариуцагч Д.С 2016 оны 07 сарын 31-ны өдөр Хэнтий аймагт зам тээврийн осол гаргасны улмаас Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 01  сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоол гарсан. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь тээврийн хэрэгслийн үнэлгээг "Бэст эстимейт" ХХК болон “Вендо” ХХК гэсэн 2 үнэлгээний компани гаргасан. "Бэст эстимейт" ХХК нь 41 522 500 төгрөг гэсэн хохирлын үнэлгээ гаргасан. Гэтэл “Вендо” ХХК-аас 60 251 000 төгрөг гэж 20 сая төгрөгийн зөрүүтэй хохирлын үнэлгээ гаргасан байдаг. Тус 2 үнэлгээний компанийн гаргасан үнэлгээ илт зөрүүтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үнэхээр ийм их хэмжээний хохирол учруулсан уу гэдэг нь эргэлзээтэй. “П Д” ХХК нь “Мөнххада” ХХК-аас сэлбэг захиалж 47 938 139 төгрөгийн шилжүүлсэн гэх дансны хуулга хэрэгт авагдсан. Гэхдээ 47 938 139 төгрөгийг 1273 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн сэлбэг захиалахад шилжүүлсэн мөнгө эсэх нь харагддаггүй. “Мөнххада” ХХК-аас захиалсан сэлбэгийн жагсаалтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч гаргаж өгөөгүй. Тийм учраас 47 938 139 төгрөгийн сэлбэг захиалсан гэдэг нь нотлогдохгүй байна. Харин “Хэт моторс” ХХК-аар 14 667 137 төгрөгийн засвар хийлгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Машин кузов талаасаа эвдэрсэн, дотор талын эд анги нь эвдрээгүй. 14 667 137 төгрөгөөр кузов засварлуулсан нь бодит хохирол юм байна. Тийм учраас 57 675 476 төгрөгөөс 14 667 137 төгрөгийг төлнө, энэ бол бодит учруулсан хохирол гэж үзэж байна. Өмнө нь эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төлж болно гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “П Д” ХХК нь хариуцагч Д.Ст холбогдуулан гэм хорын хохиролд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 57 605 276 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 57 675 476  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч нь даатгуулагчийн автомашинд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний сэлбэгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй тул нотлох баримтгүй хохирлыг төлөх боломжгүй, засварын төлбөр 14 667 137 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.С нь 2016 оны 07 сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэгдсэн эмнэлгийн баруун талын замын уулзварт Тоёота Эстима маркийн 95-40 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Нарантуяагийн жолоодож явсан “Капитал Континент Инвестмент” ББСБ-ын эзэмшлийн 12-73 УНЛ улсын дугаартай Тоёота Ландкруйзер-200 маркийн автомашиныг мөргөж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон болох нь тогтоогдож байна. /ХХ-18-21/

 

 “П Д” ХХК нь “Капитал Континент Инвестмент” ББСБ-тай 2016 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн дугаар 0318715, арлын дугаар JTMNV05JS0418708188, хар өнгийн Тоёота Ландкруйзер-200 маркийн автомашиныг 2016 оны 07 сарын 04-ний өдрөөс 2017 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 150301002501 дугаартай даатгалын гэрээ байгуулан даатгуулсан байх бөгөөд хариуцагч Д.Ст холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тус компани нь зам тээврийн осолд даатгуулагчийн буруу байгаагүй гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 62 776 576 төгрөгийг даатгуулагчдаа төлсөн гэх тайлбарыг гаргасан. /хх- 9, 109/

 

            Зохигчдын тайлбараар хариуцагч Д.С нь “МИГ даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 5 000 000 төгрөгийг авч, уг мөнгийг нэхэмжлэгч “П Д” ХХК-ийн дансанд төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч “П Д” ХХК нь зам тээврийн ослын улмаас хохирсон даатгуулагчид төлсөн гэх мөнгөн дүнгээс хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөгийг хасч 57 605 276 төгрөгийг хариуцагч Д.Саас гаргуулахаар шаардсан.

 

Даатгуулагч “Капитал Континент Инвестмент” ББСБ нь даатгагч “П Д” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 62 776 576 төгрөгийг шилжүүлэн авч, даатгалын гэрээний 9.1, Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасныг үндэслэн хохирол нэхэмжлэх эрхээ “П Д” ХХК-д шилжүүлж байгаа тухай албан бичгийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсэн  байна.  /хх-109/

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч “П Д” ХХК нь 47 938 139.51 төгрөгийг “Мөнххада” ХХК-ийн данс руу, 14 667 137.43 төгрөгийг Хэт моторс” ХХК-ийн данс руу шилжүүлж, нийт 62 776 576 төгрөгийг даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөрт төлсөн тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал, шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт тодорхойлолтыг баримтлан олгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч “П Д” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэх мөнгийг хуульд заасан шаардлагыг ханган олгосон эсэх нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч “П Д” ХХК нь 2016 оны 09 сарын 22-ны өдөр сэлбэгийн захиалгын төлбөрт 47 938 139.51 төгрөгийг “Мөнххада” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу, 2017 оны 02 сарын 09-ний өдөр үйлчилгээний төлбөрт 14 667 137.43 төгрөгийг “Хэт моторс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны данс руу тус тус шилжүүлсэн нь Улаанбаатар хотын банкны дансны хуулгаар тогтоогдож байх боловч тухайн мөнгөн шилжүүлгүүд нь 2016 оны 07 сарын 31-ний өдрийн зам тээврийн ослын улмаас учирсан хохиролтой холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байна. /хх- 10-11/

 

Тодруулбал, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч “П Д” ХХК нь 62 776 576 төгрөгийг даатгуулагчдаа төлж даатгуулагчийн хохирлыг 100 хувь барагдуулсан гэж мэдүүлсэн талаар дурдсан байхад 2017 оны 02 сарын 09-ний өдөр “Хэт моторс” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгийг даатгалын нөхөн төлбөрт олгосон гэм хорын хохиролд оруулан тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. /хх- 19/

 

Мөн “Мөнххада” ХХК руу сэлбэгийн захиалгын төлбөрт 47 938 139.51 төгрөгийг шилжүүлсэн мөнгийг даатгалын нөхөн төлбөрт төлсөн гэм хорын төлбөрт оруулан тооцож шаардаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын сэлбэгийн захиалга болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Мөнххада” ХХК-аас Хэнтий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү явуулсан 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 17/1228 дугаартай албан бичигт нэхэмжлэгч “П Д” ХХК-аас  47 938 139 төгрөгийн сэлбэгийн захиалгыг 12-73 УНЛ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлд зориулан хийсэн бөгөөд захиалсан сэлбэгийг цаг хугацаанд нь бүрэн хүлээлгэж өгсөн талаар дурджээ. /хх- 15/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр “Мөнххада” ХХК-аас 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 17/1228 дугаартай албан бичигтэй холбогдуулан сэлбэгийн жагсаалтыг нотлох баримтаар гаргуулахаар тодруулахад тус компанид дээрх агуулга бүхий 2017 оны 06 сарын 16-ны өдрийн 17/1228 дугаартай албан бичиг байхгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн. /хх- 127/

 

Даатгалын тухай хуульд зааснаар даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

 

Нэхэмжлэгч “П Д” ХХК нь даатгагчийн хувьд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч даатгуулагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл, хувь хэмжээгээр тооцон даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тодорхойлохгүй.

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолд хариуцагч Д.С нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 12-73 УНЛ улсын дугаартай Ланд Круйзер- 200 маркийн автомашинд онц их хэмжээний буюу 47 340 000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг баримтлан даатгуулагчийн автомашинд 47 340 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

 

Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даатгуулагчийн автомашин болох 12-73 УНЛ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн автомашинд учирсан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг үнэлүүлэхэд “Вендо” ХХК 60 251 000 төгрөгөөр, “Бэст эстимэйт” ХХК 41 522 500 төгрөгөөр үнэлсэн байх боловч дээр дурдсан шийтгэх тогтоолд эдгээр үнэлгээний тайлангийн талаар тусгаагүй, автомашинд учирсан хохирлыг даатгалын байгууллагаас хохирлыг барагдуулсан гэх 47 340 000 төгрөгөөр тооцон тодорхойлсон байна. Мөн уг шийтгэх тогтоолд “...иргэний нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой санхүүгийн болон бусад баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй...” гэж дүгнэсэн байна. /хх- 20/

 

2016 оны 07 сарын 31-ний өдрийн зам тээврийн ослын улмаас даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 62 776 576 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, мөн нэхэмжлэгч “П Д” ХХК-аас “Мөнххада” ХХК, “Хэт моторс” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээний нийт дүн нь 62 605 276,94 төгрөг байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.С нь “МИГ даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалын 5 000 000 төгрөгийг авч, нэхэмжлэгч “П Д” ХХК-д төлсөн байх тул уг мөнгийг даатгуулагчийн автомашинд учирсан хохирол 47 340 000 төгрөгөөс хасч тооцон, үлдэгдэл 42 340 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах ёстой бөгөөд хариуцагчийн хаягийг тодруулсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах зардал болно. Гэвч хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төлөхийг хариуцагч Д.С нь хүлээн зөвшөөрч байх тул уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Саас даатгуулагчид учирсан гэм хорын төлбөрт 42 340 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нийт 42 410 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 265 276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.Анужин нь хөдөө орон нутагт тусгаарлагдаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхэд мэдэгдсэн байх бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч Д.Саас 42 410 200 /дөчин хоёр сая дөрвөн зуун арван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 265 276 /арван таван сая хоёр зуун жаран таван мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446 350 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж,  хариуцагч Д.Саас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 370 001 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П Д” ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                                     Д.ЗОЛЗАЯА

           

                                                                                                Э.ЭНЭБИШ