Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024

 

 

 

 

 

 

 

 

 

Ө ХХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/01541 дүгээр шийдвэртэй,

 

НэхэмжлэгчӨ ХХН-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М ХК-д холбогдох,

 

Ажлын хөлс 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Азбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХК-тай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Ж ХХК-иас авах утасны гадаад ярианы харилцан холболтын төлбөр болох 386 149 885 төгрөг гаргуулах иргэний хэрэг дээр өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллах, тус компани нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн. “Өмгөөллийн “Инсто лекс” ХХН нь гэрээ байгуулагдсанаас эхлэн 2016 оны 05 дугаар сар хүртэл М ХК-ийн удирдах болон техникийн албаны хүмүүстэй уулзаж, хэргийн талаар санал солилцож, нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн төсөл боловсруулах, Харилцаа холбооны зохицуулах газраас лавлагаа авах зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлж, шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүх хуралдаан, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Үйлчилгээний ямар нэг хөлс аваагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ажлын хөлсөө авах тохиролцоотой байсан. Гэтэл гэрээт ажил дуусаагүй байхад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компаниас гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн. Нэгэнт гэрээг цуцалж байгаа бол хийсэн ажлын хөлсөө тооцож авахаар албан бичгээр мэдэгдэж өөрсдийн хийсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний тайлбар, цагийн тооцоог дэлгэрэнгүй гаргаж хүргүүлсэн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэг адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэг адил үйлчилнэ гэж заасан байна. Гэтэл тус компани гэрээ цуцласнаар хуулийн нөхөрлөлийн өмнө нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж бодохгүй байна. Тиймээс гэрээний дагуу авсан өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээнийхээ хөлсийг тус компани төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар эгүүлж өгөх боломжгүй гэсэн тохиолдлыг багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний өмнөх гүйцэтгэл ач холбогдлоо алдсан гэж тооцсон ч тус компани өмгөөлөл, хууль зүйн туслалцааны ажил, үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй байна. Иймд М ХК-иас 11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ө ХХН-тэй 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 139 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр М ХК нь Ж ХХК-ийн сүлжээнээс 2014 оны 06, 07 дугаар саруудад гарсан ярианы төлбөр тооцоог барагдуулахтай холбоотой иргэний хэрэг болон түүнтэй холбогдон гарах бүхий л хууль, эрх зүйн асуудлаар өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах,Ө ХХН нь өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, гэрээнд заасны дагуу хөлс авахаар тохиролцсон. Тус гэрээний 2.1-д “энэхүү гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээний нийт ажлын хөлс нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь байхаар харилцан тохиролцсон”, 2.2-т “үйлчлүүлэгч нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг тооцож”, Худалдаа хөгжлийн банк дахьӨ ХХН-ийн 499223466 дугаартай төгрөгийн дансанд даруй шилжүүлнэ гэж тохиролцсон байдаг. Дээрх дурдсан маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2018/00471 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхой илэрхийлсэн албан ёсны байр суурийг хүлээн аваагүй, хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй М ХК-ийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдээгүй байсаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан болж мөн шүүхийн 101/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 732 811,71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нь хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлээгүй, гэрээнд заасан үүргээ мөн зөрчсөн учир үйлчлүүлэгч нь гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 1а/336 дугаар албан бичгээр гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. М ХК ньӨ ХХН-ийг өмгөөлөгчөөр авахаар гэрээ байгуулсан үндэслэл нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо мэргэжлийн мэргэшсэн өмгөөллөөр хамгаалуулах зорилготой байсан. Гэтэл өмгөөлөгч нь тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хэргийн явц байдлын талаар огт танилцуулаагүй, анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт хангалтгүй бүрдүүлж өгснөөс болж хэрэг маргаан өдий хүртэл шийдвэрлэгдэхгүй сунжирч байна. ХэрэвӨ ХХН нь энэ маргааныг хуулийн хугацаанд шийдэрлүүлэх боломж байгаа гэж гэрээ байгуулан нэхэмжлэл гаргаж байнгын харилцагч Ж ХХК-тай өөр байдлаар бизнесийн журмаар тохиролцон асуудлыг шийдвэрлэж өнөөдөр нэг том харилцагчаа алдаагүй байх байсан. Харин ч буруу зөвлөгөө өгч шүүхэд нэхэмжлэл гарган харилцагчаа алдах, бизнесийн зах зээлд нэр хүндгүй болох асуудал үүссэн учир гэрээгээ цуцалсан. Түүнчлэн ажлын хөлс нэхэмжлэхдээ 100 цагийн ажил хийсэн, нэг цагийн хөлс нь 100 000 төгрөг гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 100 цаг гэж тооцсон нь бодит бус хэн нэгэн этгээд зохиож гаргасан мэт хэлбэрийн төдий байгаа бөгөөд талууд нэг цагийн ажлын хөлсийг 100 000 төгрөг байх талаар огт тохироогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-иас 11 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчӨ ХХН-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК-иас 190 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон үүрэгтэй байна. Талуудын гэрээний гол нөхцөл болох гүйцэтгэх ажлын үүрэг, төлөх хөлс зэргийг тохиролцож гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл..." гэжээ. Хариуцагч тал 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллуулах гэрээ гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 359.2 дахь хэсэгт "энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж тус тус заажээ. Тиймд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт "гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө" гэсэн хуулийн агуулгад нийцүүлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1 дэх хэсэгт "...энэхүү гэрээгээр гүйцэтгэх үйлчилгээний нийт ажлын хөлс нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувь..." байхаар харилцан тохиролцсон. Гэрээний 2.2 дахь хэсэгт үйлчлүүлэгч нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа холбогдох дансанд нь шилжүүлэхээр тохиролцсон. Иргэний хуулийн 376 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт" ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана" гэж заасан бөгөөд ажиллагч болох өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, ажлын үр дүн гараагүй тул ажиллуулагч нь гэрээнд заасан эрхээ эдэлж 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1а/336 дугаар албан бичгээр гэрээг цуцалж буйгаа мэдэгдэж дуусгавар болгосон байхад анхан шатны шүүх иргэний хуулийн 343 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний үр дүн өнөөдрийг хүртэл гараагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Монголын цахилгаан холбоо ХК нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрээг цуцалж, цаашид хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хийж гүйцэтгэсэн ажлаа цагаар тооцож 100 цаг зарцуулж, 1 цагийн ажлын хөлсийг нийт 11 000 000 төгрөгийг ажлын хөлс шаардаж, Хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил үйлчилгээний 50-60 хувийг хийж гүйцэтгэсэн гэж мэтгэлцэж байгааг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаж татгалзлаа нотолж чадахгүй байна" гэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 50-60 хувийг хийж гүйцэтгэснээ нотлоогүй, 100 цаг ажилласнаа огт нотлоогүй, 1 цагийн ажлын хөлсний жишиг үнийг хэн хэзээ баталж, жишиг болгосноо мөн л батлаагүй, энэ талаарх гаргаж өгсөн Хавтаст хэргийн 54, 60 дугаар талд JUSTUS CLAVIS ХХН, БОНАЛЕКС ХХН гэсэн гэрээ байдаг, гэтэл нэхэмжлэгч нь Инстолекс ХХН бөгөөд дээр дурдсан хэрэгт хамааралгүй JUSTUS CLAVIS ХХН, БОНАЛЕКС ХХН-ийн гадаадын хөрөнгө оруулалттай өндөр ашиг бүхий уул уурхайн компанитай байгуулсан гэрээг /нэг цагийн ажлын хөлс 125, 250 АНУ доллар гэж заасан/ үндэслэн жишиг үнэ хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль болон шударга ёсонд нийцээгүй болно. Харин ч хариуцагч ""Монголын цахилгаан холбоо ХК нь холбогдох шүүхийн шийдвэрүүд болон заасан ямар үүргээ зөрчсөн талаарх үндэслэл бүхий мэдэгдлээ шүүхэд гаргаж татгалзлаа нотолсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрөө үйлдэж гаргаж өгсөн зохиомол 22 жагсаалт бүхий хүснэгт болон дээр дурдсан хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үндэслэн гэрээнд заасан ажлаа 50-60 хувь гүйцэтгэсэн гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.6-д Хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй Үйлчлүүлэгчид мэдэгдэнэ гэсэн гэрээгээр хүлээсэн онц чухал үүргээ биелүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт огт байхгүй бөгөөд энэхүү үүргээ биелүүлж байсан талаарх баримт гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй бөгөөд 22 жагсаалт бүхий үзүүлсэн үйлчилгээний тайлбарын 18, 22-т заасан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нь шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байгаа бөгөөд бусад 20 ажлыг гүйцэтгэсэн талаараа огт нотлоогүй. Түүнчлэн логикийн хувьд анхан шатны шүүх хуралдаанаас Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байхад жагсаалтын 19-т анхан шатны шүүхийн шийдвэрийг авч танилцан давж заалдах гомдол гаргах, хуулийн гаргалгаа нотлох баримтыг хэрхэн тайлбарлах талаас нь дахин ажилласан нь 5 цаг, 20-т Давж заалдах гомдлын төслийг боловсруулан давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн 6 цаг, Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэж, хэргийн материалыгдахин нягталж, хэрэгдээр дахин ажилласан 8 цаг гэх мэт 1 асуудлыг гурван өөрөөр тайлбарлан 5,6 цаг гэх мэтчилэн зохиож тавьсныг анхан шатны шүүх буруутгах боломжгүй гэж үнэлсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хэрэг маргаан анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан магадлал, тогтоол зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна" гэжээ. Анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөлөгчийн гүйцэтгэх ажил болох Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлтэй Жи мобайл ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 579 224 826 төгрөгийг гаргуулах иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй нь тогтоогдож байна. Энэхүү гэрээний 2.2-т Үйлчлүүлэгч нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын хөлсийг тооцож, даруй шилжүүлнэ гэсэн заасантай нийцэхгүй байна. Гэтэл хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6. Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй учир бүрэн нотлогдоогүй 100 цаг, 100 000 төгрөгийн жишиг үнийг үндэслэн 11 000 000 төгрөг олгох үндэстэй гэж шийдсэн нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөнтэй холбогдуулж хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК гэрээнд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэг одоо ч эцэслэн шийдэгдээгүй анхан шатны шүүх дээр хянагдаж байгааг давж заалдах шатны шүүх анхаарах хэрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            НэхэмжлэгчӨ ХХН нь хариуцагч М ХК-д холбогдуулан ажлын хөлс 11 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №139 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээний агуулгаас үзэхэд нэг тал нь үйлчилгээ үзүүлэх, нөгөө тал нь үйлчилгээ үзүүлсний төлөө хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 7-9/

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө 1 цагийн 100 000 төгрөгийн хөлс төлөх ёстой” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

            Хэрэгт М ХК-ийн нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №182/ШШ2017/02493 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2018/00471 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2018/00839 дугаартай тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00168 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 884 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/00863 дугаартай тогтоолууд авагдсан байх ба эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгчӨ ХХН нь хариуцагч байгууллагыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тодорхой ажлыг гүйцэтгэж хөдөлмөр зарцуулсан болох нь харагдаж байна. /хх 78-110/

            Түүнчлэн хариуцагч тал хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.6, 4.7-д заасан хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй үйлчлүүлэгчид мэдэгдээгүй. Өгсөн зөвлөгөө, боловсруулсан гэрээ, бусад баримт бичгийг хуульд нийцүүлж үйлдээгүйгээс үүсэх хариуцлагыг өмгөөлөгч хүлээнэ гэх заалтыг үндэслэн маргаж байхад анхан шатны шүүх энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх нөхцөл байдлыг тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/01541 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН