| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0127/э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2017-04-12 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал ҮД:14-94,
шүүгдэгч Н.Арслан,
иргэдийн төлөөлөгч С.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1966 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 29-р гудамжны 31 тоотод оршин суух оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: 1. Улаанбаатар хотын Октябрийн районы шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 291 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, мөн хуулийн 124.2, 123.1, 123.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялаас үлдсэн 2 жил 1 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн. 3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 146.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн 245.1-т зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж , 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Норовын Арсланд /РД:ЧЙ66032211/
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3681 дугаартай 105/2017/0060/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Арслан нь ялтай байхдаа согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөрийн 4 дүгээр хэсэг 2115 тоот хашааны гадна үл ялих зүйлэр шалтаглан, хутгыг зэвсгийн чанартай ашиглан Ц.Баатарын зүүн суганд, Б.Баярлхагвын зүүн гар, зүүн суган тус газарт нь тус тус хутгалж Ц.Баатарын бие махбодид нь цээжний зүүн хажуу шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл, Б.Баярлхагвын биед зүүн дал, зүүн бугалганд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Арслан мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 01 өдөр би Нямаа гэдэг хүүхэнтэй танилцсан. Тэр хүүхэн намайг Дарь-Эхийн буудал дээр хүрээд ир гэхээр нь очсон. Тэгээд манай хүргэнийд очъё гэхээр нь хүргэнийд нь очсон. Нямаа хүргэнийдээ очоод чи 1 шил архи авчих гэхээр нь би хүргэнд нь 20.000 төгрөг өгөөд архи авчруулсан. Авчирсан архиа уугаад байж байхад хүргэн нь ахаа та дахиад 1 шил архи ав, аав өнгөрчихлөө, дүүгийнх нь сэтгэл санаа тааруу байна гэхээр нь дахиж 1 шил архи аваад ууж байхад Нямаагийн дүү Лхагвасүрэн нь нөхрөө дагуулж цаад өрөөндөө орсноо буцаж гарч ирээд та одоо яв гэхээр нь би явах гээд гарахад Баярлхагва, Баатар нар миний араас гарч ирээд хөөе байж бай гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд дахиад 1 шил архи авч өг пизда минь гэж Нямаагийн хүргэн хэлэхээр нь ах нь 2 шил архи авч өгсөн, одоо чадахгүй, би үлдсэн мөнгөө ээждээ эм тариа авч өгөх ёстой, ахыгаа явуулчих гэхэд чи юу гээд хуцаад байгаа юм пизда минь гээд намайг цохиж унагаагаад хоёуулаа дээрээс дэвсээд миний утас, мөнгийг дээрэмдэж авсан. Тэгээд би ахыгаа босгочих гэж олон удаа гуйхад намайг огт тоохгүй байсан. Тэгээд би хоёр гараараа тулаад босох гэж байхад гэрт нь байсан хутга газар байхаар нь биеэ хамгаалах санаатай, дээрээс нь тэр хоёрыг айлгах гээд 2, 2 хатгачихаад зугтаасан. Тэгээд би зугтааж явж байгаад цагдаад баригдсан гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Баярлхагвын: ...2016.10.01-ний өдөр ээж эхнэрийн хамт нас барсан аавынхаа ажил явдлыг хийх гээд бэлтгэл ажлаа хийж байтал манай эхнэрийн эгч Нямсүрэн манай гэрт ирсэн. 16 цагийн үед Нямсүрэн эгч нэг настай хар царайтай залуугийн хамт манай гэрт хүрээд ирсэн. Бид нар тэр ахтай танилцаад байж байтал нөгөө ах надаас миний дүү чи архи уудаг юм уу гэхээр нь би тиймээ би архи ууж чадна саяхан аав маань нас барчихсан дүүгийнх нь сэтгэл санаа тиймэрхүү байна гэсэн чинь хоёулаа ганц юм уучих уу гэхээр нь зөвшөөрсөн. Тэгтэл тэр ах надад 20.000 төгрөг гаргаж өгөөд ахын дүү энэ мөнгөөр архи авчих гэхээр нь би тэгье гээд дахиад нэг шил архи авч ирсэн. Ингээд байж байтал гаднаа манай гэрт Еээ ах /Ц.Баатар/ ороод ирсэн ба Еээ ах бид нар нийлээд чанасан махаа идэнгээ сүүлд авсан архиа уугаад дуусаад байж байтал Нямсүрэн эгч согтоод унтаад өгсөн. Тэгтэл манай эхнэр тэр ахыг за за та одоо яв гэтэл тэр ах Нямсүрэн эгчийг орон дээрээс татаад гаръя хоёулаа явъя гээд байсан чинь Нямсүрэн эгч босч ирэхгүй унтаад байсан.Тэгсэн Еээ ах /Ц.Баатар/ нөгөө Арслан гэгч ахыг хашаанаас гаргаж өгөх гээд гэрээс гарсан ба төд удалгүй Еээ ах /Ц.Баатар/ ах муухай хашгираад явчихаар нь би араас нь гарсан чинь Еээ /Ц.Баатар/ ах атрилдаад газарт хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Еээ /Ц.Баатар/-ыг өргөөд гэртээ оруулсан чинь Еээ ах /Ц.Баатар/ хажуу талаас нь цус гарчихсан байхаар нь цусыг даавуугаар тогтоочихоод би тэр Арслан гэгч хүний араас нь гарсан чинь тэр хүн хашааны үүдэнд байж байхаар нь би тэр ах руу та яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр ах хутга барьчихсан та нар намайг явуул холд гээд байсан…миний биеийн байдал сайн байгаа гэрээр эмчилгээ хийсэн ба гэртээ шархан дээрээ перкес, өмхий тос өвчин намдаагч эм зэргийг хэрэглэж байсан. Тэдгээр эм тарианууд 60-80 орчим мянган төгрөг болсон надад эм тариа авсан баримтууд байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, тэр хутга манай талийгаач аавын ажил явдлаар хэрэглэх гэж авсан байсан ногоон өнгийн хуванцар иштэй жижиг хутга байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 47-51-р тал/
Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Даваажаргалын "...манай ах Ц.Баатар 2016.10:01-ний өдөр гэртээ байж байгаад ямар нэгэн зүйл хэлэлгүй гараад явсан. Тэр өдрөө гэрт ирж хоноогүй маргааш өдөр нь буюу 2016.10.02-ны өдөр гэрт ирсэн. Ба орж ирэд надад цамцаа сөхөж харуулахаар нь би харсан чинь ажын цээжний зүүн хажуу талд нь зүсэгдсэн шарх авсан байсан. Би ахаасаа яасан талаар асуусан чинь хутгалуулчихсан гэж хальт мульт хэлсэн. Хоносон айлд нь очиж асуухад нэг эрэгтэй эмэгтэй хүн согтуу унтаж байхаар нь хэсгийн цагдаа дэр явж очоод цагдаа дагуулаад нөгөө айлдаа очсон ба болсон явдлын талаар асуухад жижиг биетэй согтуу залуу бид хоёрыг өчигдөр хамт байж байгаад үл таних хүн хутгалчихсан юм гэж байсан. Манай ах Ц.Баатар терлөхийн сэтгэцийн "Легкая отсталость" гэдэг өвчтэй юм. Монголоор бол оюун ухааны хөнгөн хомсдолтой байгаа юм. Манай ах өөрөө ямар нэгэн зүйл ярьж ойлгуулах чадваргүй, ер нь юм ярьдаггүй хүн байгаа юм. Манай ахад эмчилгээ хийлгэсэн баримт огт байхгүй. Ойролцоогоор 40,000 төгрөг л гарсан. Бид нарт ямар нэгэн гомдол санал байхгүй.." /хх-ийн 55-57-р тал/,
Мөрдөн байцаалтанд гэрч насанд хүрээгүй гэрч Б.Энхбаярын:...13 цагийн үед гэртээ орж ирсэн чинь манай гэрт нэг танихгүй хөгшин ах байж байсан. Буцаж гараад 15 цагийн гэртээ орсон чинь нөгөө танихгүй ах манай Б.Баярлхагва, Лхагвасүрэн, Нямсүрэн нартай хамт нэг шил том архи тавьчихсан мах чанаж идээд байж байсан. Тухайн үед тэр танихгүй ах идэж байсан махаа ногоон өнгийн жижиг хутгар зүсэж идэж байгаа нь харагдсан. Тэр ногоон өнгийн хутга нь манай өвөөгийн ажил явдлаар хэрэглэх гээд авсан хутга байсан. Би гэртээ сууж байтал нөгөө танихгүй ах надад 500 төгрөг өгөөд ахын дүү энэ мөнгөөр зайрмаг авч идээрэй гэсэн. Нилээн орой болж байхад нөгөө ах явлаа гээд гэрээс гараад явсан. Тэр танихгүй ахыг Баярлхагва, Еээ /Ц.Баатар/ ах нар гэрээс гаргаж өгсөн. Төд удалгүй Еээ /Ц.Баатар/ ах маш чангаар ёооё гээд орилохоор нь Лхагвасүрэн эгч бид хоёр гараад харсн чинь Еээ /Ц.Баатар/ ах газарт хэвтчихсэн гудамжны доошоо заагаад орилоод байсан. Тэгэхээр нь би гудамжны доошоо Еээ ахын заасан зүг рүү гүйсэн чинь нөгөө танихгүй ах мөн манай Баярлхагва ах хоёр шинэ сургуулийн хашаанд орчихсон байсан ба тэр хөгшин ах гартаа нөгөө мах идэж байсан ногоон өнгийн иштэй хутгаа барьчихсан та нар цаашаа байгаарай та нарыг дүрээд хаячихна шүү би шоронд 10 жил суусан муухай санаатай хүн шүү гээд орилоод байсан. Тэгтэл Баярлхагва ах над руу ахын дүү цагдаа дуудаарай гэхээр нь би тэр сургуулийн цаана байсан дэлгүүр лүү ороод дэлгүүрийн хүнээр цагдаа дуудуулсан. Гэрийн гадна зодоон болсон талаар мэдэхгүй, харааггүй. Нэг мэдсэн чинь Еээ ах муухай орилохоор нь би Лхагвасүрн эгчийн хамт гэрээсээ гарсан юм. Тэнд зодоон болсон шинж огт байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 61-р тал/
Мөрдөн байцаадтанд гэрч С.Лхагвасүрэнгийн: ...нөгөө ах орон дээр суучихсан Нямсүрэн эгчийг сэрээж дагуулж гарах гээд байхаар нь би тэр ахыг та одоо яв яв гэсэн чинь нөгөө ах гэрээс гараад явсан. Төд удалгүй хашаанд Еэ ах муухай орилоод байхаар нь харсан чинь Еэ ах зүүн суг руугаа заагаад орилоод байхаар нь даавуугаар дарж өгөөд Нямсүрэн эгчийг сэрээгээд түргэн цагдаа дуудаарай гэж хэлчихээд нөгөө танихгүй ах болон Баярлхагва хоёрын араас гүйсэн. Тэгтэл тэр хоёр гудамжны доор шинэ баригдаж байгаа сургуулийн тэнд очоод зогсоод байж байхаар нь би тэр ахад та хутгаа хаячихаа тайвшир гэтэл нөгөө ах над руу та нар хол байгаарай намайг явуул гээд баруун гартаа манай мах иддэг жижиг ногоон хутгыг барьчихсан байсан. Тэр орой хашаанд байтугай гэрт ч ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Тэр орой Б.Баярлхагва тэгж их согтоогүй байсан харин тэр Арслан гэдэг хүн ирэхдээ архи уучихсан байсан. Нэмж уугаад хэр их согтсоныг мэдэхгүй байна. Нямсүрэн эгч тэр өдөр нэг хүн утсаар танилцаж уулзья гээд байна гээд л байсан тэгээд тэр хоёр гэрт ирээд хоорондоо танилцаад байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Ганболдын :... Сүлд 113 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад сүлд 10-с 19 цагийн үед Баянүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр шинэ баригдаж байгаа сургуулийн хашаан дотор бусдад хутгалууллаа гэх дуудлагыг хүлээн аваад очиж шалгасан. 45-50 орчим насны эрэгтэй хүн гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь би тухайн хүнд хутгаа хаяаад гараа дээшээ өргөхийг шаардахад уг согтуу хүн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Хашаанд очиход хашаан байсан хүмүүс бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 66-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч С.Нямсүрэнгийн :...би согтоод унтчихсан байсан. унтаж байсан чинь Лхагвасүрэн муухай орилж намайг сэрээгээд нөгөө залуу чинь Еээ ахыг хутгалчихлаа гэхээр нь би гэрээс гараад Еээ ахыг оруулж ирээд шархан дээр нь даавуу тавьчихаад цагдаа дуудсан. Би тэр .Арслан гэгч залууг огт танихгүй. Тэр залуу өөрөө над руу залгаад уулзая гээд байсан. Би тэр залууд байгаа газраа зааж өгсөн чинь тэр залуу хүрч ирээд надтай анх уулзсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Батсайханы "..103-аар өөрийнхөө нэрийг бүтэн хэлж чадахгүй /чадваргүй/ Ц.Баатар, 30-35 орчим насны Б.Баярлхагва гэгч хоёр залуу хутгалуулчихлаа гэж ирсэн. Ц.Баатар гэгч нь хэл ярианы бэрхшээлтэй хүн байсан. Харин нөгөө залуугийн хувьд тийм их согтуу биш асуултанд үнэн зөв хариулж өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан ба хамт хүргэгдэн ирсэн Ц.Баатар гэгчийг дагуулан явсан. Шарх нь цээжний баруун талд баруун бугалганд үүссэн шархтай байсан. Би дээрх шархыг цэвэрлээд хэсгийн мэдээ алдуулалтын доор шарханд анхдагч цэвэрлэгээ хийж цаашид хэрэглэх эм тариаг бичиж өгч явуулсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 13709 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:
1. Баатарын биед цээжний зүүн хажуу шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.." шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт /1-р хх-ийн 73-р тал/
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 14795 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:
1.Баярлхагваагийн биед зүүн дал, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөгүй.
4.Дээрх гэмтэл нь бусад эд эрхтэнд нөлөөлөхгүй.
5.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /1-рхх-ийн 77-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Н.Арслан нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөрийн 4 дүгээр хэсэг 2115 тоотод иргэн Ц.Баатар, Б.Баярлхагва нартай хамт архи ууж хохирогч дахин архи авч өгөхийг шаардаж маргалдан Н.Арслангийн эрх чөлөөнд халдаж хоорондын таарамжгүй харьцаанаас болж Ц.Баатар, Б.Баярлхагва биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна. Иймд Н. Арслангийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл ангийг зөвтгөн зүйчилж ял шийтгэлийг оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгч Н.Арслан нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөрийн 4 дүгээр хэсэг 2115 тоотод иргэн Ц.Баатар, Б.Баярлхагва нартай маргалдан давтан үйлдлээр Ц.Баатар, Б.Баярлхагвын биемахбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Арслан урьд нь 1. Улаанбаатар хотын Октябрийн районы шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 291 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, мөн хуулийн 124.2, 123.1, 123.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялаас үлдсэн 2 жил 1 сар 13 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн. 3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 146.2-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 4. Сонгинохайрхан дүүргийн 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн 245.1-т зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж , 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байсан болох нь түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол шийтгэх тогтоолын хуулбар, засрал хүмүүжлийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-н 194-215-р тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5... онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор хуульчилсан ба Н. Арслан нь онц хүнд гэмт хэрэг үйлдэж Сонгинохайрхан дүүргийн 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн 245.1-т зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан ба ялтай байдал нь арилаагүй байна.
Хохирогч Ц.Баатар, Б.Баярлхагва нар нь өөрт учирсан хохирлын талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүгдэгч Н.Арслан нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоолоор баривчилсан, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс сэжигтнээр 14 хоног цагдан хоригдож, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон, нийт 169 хоног хоригдсон болох нь сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол, сэжигтнийг цагдан хорих шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай захирамжуудаар тогтоогдож байна. /1-р хх-н 89, 92-93, 99-97, 192-193-р тал/
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Прокуорорын газраас Норовын Арслангийн үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Боржигон овогт Норовын Арсланг ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар Норовын Арсланг 5 /таван/ сар 18 /арван найм/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Н.Арсланд оногдуулсан 5 /таван/ сар 18 /арван найм/ хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.Арслангийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 169 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Н.Арслан нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Арсланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн оршин суух газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Арсланд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ПҮРЭВСҮРЭН
Б. АРИУНХИШИГ.