Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1016

 

     2020             8             13                                        2020/ДШМ/1016                                                  

 

 

Э.Б, Б.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, 

шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч П.Б,

шүүгдэгч Б.Сы өмгөөлөгч Б.Э,     

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Б, Б.С нарт холбогдох эрүүгийн 1902009830047 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

               1. Их гэрийнхэн овгийн  Э.Б, 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гадаадын иргэн, харьяатын газарт виз зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан гэх, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .................../,

 

               2. Монгол овгийн  Б.С, 1986 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .................../,

Шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Сы “Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жэннис Эбэсд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “НG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл” гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс хууль, тогтоол, журам, ажлын байрны тодорхойлолт зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 2.000.000 төгрөгийг авсан,  

Шүүгдэгч Б.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн бага насны 2 хүүхдийн асрагч Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жэннис Эбэсд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “НG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл гаргуулахаар нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биет 1.000.000 төгрөгийг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 2.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Бийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Б.Сыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 тогтоолоор Тоёота Камри маркийн 4677 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүлжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бт 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Сд 2700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Б.Сд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Э.Б, Б.С нарын торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахыг дурдаж шийдвэрлэжээ.   

Өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын яллах дүгнэлтээр Б.Сыг буруутгаж байгаа үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй бөгөөд ойлгомжгүй эргэлзээтэй байхад шүүх анхаарч үзэлгүй эргэлзээтэй үндэслэлээр Б.Сыг гэм буруутайд тооцож, улмаар түүнд ял хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна гэж үзэж байна.

Учир нь, Б.С нь Гадаадын Иргэний Харъяатын Газарт өөрийн биеэр очин мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу Аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх НG ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл авахаар “Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын” дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн яам зэрэг төрийн байгууллагуудад дээрхи журмын дагуу хүсэлтээ гарган түүнд холбогдох материалуудын хамт өгч, мөн улсад төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж хууль журмын дагуу хөөцөлдсөн байна. Гэвч түүний гаргаж өгсөн хүсэлт материалуудыг холбогдох төрийн байгууллагууд нь хянаж үзээд 2019 оны 9 сарын 17-ны өдөр 593 тоот албан бичгээр Филиппин улсын иргэнийг урьж ажиллуулах хүсэлтийг нь дэмжиж байгаа талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт уламжлан явуулсан байна. Үүний дагуу Б.С тус бичгийн хариуг хүлээгээд байж байхад нь Филиппин улсын иргэн Женисыг урилгаар анх Монголд Улсад оруулж ирсэн иргэн Гаалийн ерөнхий газрын дарга Асралтын эхнэр болох Уянга нь урилгаар оруулж ирсэн гадаадын иргэнээ өөрийн биеэр байлцан өөрөө ГИХГ-т биеэр ирж хасалт хийлгэн түүний Монголд Улсад байх, буцах бүх зардлыг нь хариуцан явуулах үүрэгтэй атал энэ үүргээ зөрчин ГИХГазрын мэргэжилтнүүдтэй хуйвилдан өөрийн биеэр ирэлгүй хасалт хийлгэсэн байдаг ба уг буруутай үйлдэл нь Б.Сд хамааралгүй ба Б.С энэ талаар мэдээгүй юм.

Уянга Женисыг Монгол Улсад өөрийн урилгаар оруулж ирээд түүнийг визны хугацаанд нь батлан даах үүргээ зөрчиж, өөрөө ажлаа олж хий гэж гэрээсээ хараа хяналтгүй гаргаж хохироосны улмаас зардал мөнгийг нь төлөхгүйн тулд түүнийг гадагш гаргах шаардлагатай байсан учир ГИХГ-ын мэргэжилтнүүд Женисыг дуудаж, энэ үед Б.С түүнтэй хамт очиход хаашаа ч хамаагүй гаргаад, оруулаад ир гэж зөвлөн буцаад ороод ирэхэд нь тагнуулаас зөвшөөрлийн бичиг аваад визыг нь гаргана гэх зэргээр хуурч мэхлэн гадагшаа явуулсан байна. Ингэснээр Женис нь Уянгад хамааралгүй болж Уянга батлан даагчийн хариуцлага, зардал, төлбөрөөс чөлөөлөгдсөн гэж үзэхээр байна.

Харин Б.Сы хувьд Хөдөлмөрийн гэрээгээр “НG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрлийг хуулийн дагуу гаргуулахаар материалуудаа бүрдүүлж, түүнийг нь дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс дэмжиж, ерөнхий газар луу явуулснаар ерөнхий газраас хариу ирэхэд Женис “НG” ангиллын виз авах нөхцөл нь бүрдэж байсан юм. Энэ үйл баримт нь хууль зөрчөөгүй. Энэ нотлох баримтууд нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Үүнд Б.С Э.Бт хээл хахууль өгөх шаардлагагүй байсан юм.

Харин мөнгө авсан үйл баримт нь Э.Б өөрөө хасалт хийснийхээ дараа Б.Сд хасалт хийсэн хүнд нэг сая төгрөг өгнө гэж авсан байдаг бөгөөд дахин 2 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.С, Женис 2 бага насны хүүхдийн хамт онгоцоор нисэх билетээ авчаад 11 дүгээр сарын 13-ны орой гэртээ амраад байж байхад нь Э.Б оройн цагаар гэрийнх нь гадаа очиж “...уулзая” гэж гаргаж ирээд тагнуулын албанаас бичиг гаргуулна, виз гаргана гэж 1 сая төгрөг нэхэж очиход нь Б.С итгээд өгсөн. Гэвч энэ нь худал байсан талаар мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон энэ нөхцөл байдал нь залилангийн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Дээрхи мөнгийг авсан, өгсөн үндэслэл яллах дүгнэлтээр буруутгаж байгаа үндэслэл зэрэг нь өөр хоорондоо эрс зөрүүтэй байхад шүүх бодит байдлыг тал бүрээс нь анхаарч үзэлгүйгээр эргэлзээтэй дүгнэлт хийж, хүнийг үндэслэлгүйгээр гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэх хэсэгтээ “шүүгдэгч Э.Бийн хасалт хийсэн хүндээ 1 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэх зэргээр хэлж авсан гэж” үзсэн атлаа Б.Сыг яллах дүгнэлтэнд тусгаснаар буюу Хөдөлмөр эрхлэх “НG” ангиллын зөвшөөрөл гаргуулах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хээл хахууль өгсөн гэж буруутгаж байгаа үндэслэл нь зөрүүтэй дүгнэлт ба Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байна.

Нөгөө талаар Б.С хил гараад Э.Бт хууртагдаж хохирсноо мэдээд ээжээрээ дамжуулан ГИХГ-т гомдол гаргуулж, улмаар өөрөө ирээд дахин ГИХГ-т өргөдөл гаргаж, мөн Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар түрүүлж өргөдөл гаргаж, холбогдох нотлох баримтуудыг өөрөө сайн дураараа гарган өгч шалгуулсан байхад энэ нь ял хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байхад хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийн хэт яллах талыг барин Б.Сд хариуцлага тооцлоо.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, прокурор болон шүүхийн буруутгаж байгаа үндэслэл, нотлох баримтуудыг харьцуулан үзэж зөв дүгнэлт хийн үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү. Б.Сыг буруутгаж ял шийтгэл оногдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч П.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анх хэрэг үүсээд шалгагдах явцад шүүгдэгч Б.С “хясан боогдуулж хахууль авсан” гэх асуудлыг ярьж байсан. Гэвч энэ байдал нотлогдоогүй. Иймд шүүгдэгч Э.Бийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялласан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэж дурдаж ял шийтгэл оногдуулсан байсан. Гэхдээ гэм буруутайд тооцохдоо “албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцсон байдаг. Энэ нь бичиг техникийн алдаа гарсан байна. Өөр санал байхгүй...” гэв.

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.С болон шүүгдэгч Э.Б нарын хооронд тодорхой ашиг сонирхол хэн алинд байсан. Энэ нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас тодорхой харагддаг. Б.Сы хувьд хүүхэд асрагч болон гэрийн үйлчлэгч авч ажиллуулах сонирхол байсан. Энэ ашиг сонирхлоо гүйцэтгүүлэхийн тулд виз олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг нийтийн албан тушаалтантай уулзаж түүний шаардсан мөнгийг гаргаж өгсөн. Энэ үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Б.С нь “Э.Бийн зөвлөсний дагуу БНСУ-н Чежү арал руу Филиппин улсын иргэнийг авч явсан. Их хэмжээний зардал гаргаж байхад виз гараагүй учраас намайг залилчихлаа” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан гэж харж байна. Бодит хэргийн нөхцөл байдал өөр байдаг. Хахууль өгсөн, авсан болох нь тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С, Э.Б нарыг гэм бутуутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин прокуророос шүүгдэгч Э.Бийг “нийтийн албан тушаалтан буюу мэргэжилтэний хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд... ” гээд ялласан байдаг боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дүгнэхдээ “хэрэгжүүлсний хариуд” гээд үйлдэл хийчихээд дараа нь хахууль авсан юм шиг байдлаар бичсэн байсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж уншиж сонсгосон атлаа шийтгэх тогтоолыг бичгээр гаргахдаа буруу бичсэн буюу техникийн шинжтэй алдаа гаргасан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1,2 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой гэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Сы “Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жэннис Эбэсд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “НG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл” гаргуулан авах ашиг сонирхлын үүднээс хууль, тогтоол, журам, ажлын байрны тодорхойлолт зэрэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд түүнээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 2.000.000 төгрөгийг авсан, 

Шүүгдэгч Б.С нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн бага насны 2 хүүхдийн асрагч Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Эмпик Жэннис Эбэсд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 146 дугаар тогтоолын хавсралтад заасан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-аар тодорхойлогдсон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх “НG” ангиллын буюу Монгол Улсад 5 жил оршин суух зөвшөөрөл гаргуулахаар нийтийн албан тушаалтан буюу Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Бт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албаны тушаалын байдалтай нь холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биет 1.000.000 төгрөгийг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 2.000.000 төгрөгийг өгсөн болох нь:

гэрч А.Б-ын “...тэр үед Б.С эгч надад Гадаадын иргэн, харъяатын газрын ажилтан Э.Б мөнгө нэхээд байна.  Өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү байна гэж надад хэлж байсан. Тэгээд Б.С эгч Э.Бтэй миний машин дотор арын суудал дээр уулзаад цаасанд боодолтой мөнгө өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1хх 122-123,

гэрч Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Э-ийн “...2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Гансүхийн Уянгын урилгаар Монгол улсад ирсэн. Анх 3 сарын хугацаатай визээр ирсэн. Визний асуудлыг Г.Уянгын нарийн бичиг Мөнхсайхан гэж хүн шийдвэрлэж өгсөн. Г.Уянгын гэрт нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилласан. 7 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэл ажил хайсан. ...хуучин хүүхэд асрагчаа буцааж авахаар болсон. Г.Уянгын туслах Мөнхсайхан гэж хүн Н5 визний хугацааг 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгуулсан. Гадаадын иргэн, харьяатын газрын Өсөхбаяр мэргэжилтэнтэй уулзсан чинь заавал Г.Уянгааг ирүүлж байж хасалт хийгдэх ёстой. Гэтэл Г.Уянгаа ирэхгүй байгаа учраас чи өөрөө өргөдөл бичиж өгөөд хасалт хийлгээд 14 хоногийн дотор Монгол Улсаас гарах ёстой гэсэн. Тэгээд би Б.Сыд ажиллах хүсэлттэй байна гэсэн. Тэгээд намайг яваад ирэх хооронд визний асуудлыг зохицуулна гэсэн. Тэгэхлээр нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чэжү яваад 11 дүгээр сарын 23-ны өдөр буцаж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх 115-116/,

гэрч Ч.Н-ын “...Тэдний зүгээс өргөдөл гаргасан өдөр нь уулзсан. Өдрийг тодорхой санахгүй байна. Энэ хүмүүсийн хувьд танай албан хаагчид Филлипин иргэний визийг гаргаж өгнө гэж хөөцөлдөөд яваад байсан. Э.Бийн найз нь Б.Сыг танилцуулж өгсөн гэж байсан. Тэгээд энэ визний зөвшөөрлийг олгоход тусалж өгнө гэж байсан гэсэн юм яриад байсан. Тэгээд болохгүй болохоор танайд хандаж байна гэсэн агуулгатай байсан. Өргөдөл өгсний маргааш өдөр өргөдөл нь надад цохогдсоны дараа Э.Бийг мөнгөө буцаагаад өгсөн гээд миний ширээн дээр боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэрт гаргаж тавьсан. Тэгэхээр нь би наад мөнгөө далд хий гэж хэлээд хийлгэж байсан....” гэсэн мэдүүлэг/1хх 150-151/,

гэрч Б.З-тын “...Э.Батүшигийг 2 жилийн өмнөөс таньдаг дотны найзууд юм. Б.С нь манай үйлчлүүлэгч юм. ...Б.Сэтгэсайхан надтай 2019 оны 9, 10 дугаар сарын үед утсаар яриад “...манайд байдаг Филлипин үйлчлэгчийн визний асуудлыг хөөцөлдөх гэсэн юм. Гадаадын иргэн, харьяатын газарт таньдаг хүн байна уу” гэсэн. Тэгэхлээр нь би Э.Бийн утасны дугаарыг Б.Сд өгөөд “...наад хүн чинь гадаадын иргэн, харьяатын газарт ажилладаг юм. Наад хүнтэйгээ холбогдоод зөвлөгөө авчих” гэж хэлсэн. Дараа нь Б.С надтай утсаар яриад “...нөгөө хүнтэй чинь уулзсан. Яриа, хөөрөөтэй гайгүй залуу байна лээ” гэж байсан. Тэр хоёр хоорондоо хэрхэн холбогдож уулзсан талаар би мэдэхгүй байна. Cap, өдрийг санахгүй байна тэр хоёр намайг нэг хүрээд ирээч Будда вистагийн энд нэг ресторанд хоол идэж байна гэсэн. Тэгээд намайг очиход тэр хоёр хамт байсан. Бид гурав хамт хоол идчихээд салсан...” гэсэн мэдүүлэг /1хх 152/,

Гадаадын иргэн, харьяатын газрын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 03/2160 дугаартай “... Иргэн А.Бадамхандын тус байгууллагад хандаж гаргасан хүсэлттэй танилцаж, мөн хүсэлт гаргасан иргэн А.Бадамханд, Б.С, өмгөөлөгч Б.Э нарыг хүлээн авч уулзахад виз, зөвшөөрөл, харьяатын газрын виз, зөвшөөрлийн мэргэжилтэн Э.Б нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан байж болзошгүй байх тул хүсэлтийг холбогдох баримтын хамт харьяаллын дагуу танайд хүргүүлж байна ...” гэх албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн иргэн А.Бадамхандын Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж гаргасан “... хасалт хийж өгнө, хил дээр хориг тавиулахгүй, тагнуулаас дэмжигдсэн бичиг авч өгнө гэж 2.000.000 төгрөг хээл хахуульд авсан байна...” гэсэн хүсэлт /1хх 12-16/,

Иргэн Б.Саас Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж гаргасан “...Э.Б над руу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө залгаад “одоо надтай ирээд уулз” гэхээр нь би очиж уулзахад “хасалт хийсэн хүндээ нэг сая төгрөг өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би очиж уулзахад “Хасалт хийсэн хүндээ нэг сая төгрөг өгөх хэрэгтэй байна, мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний дотор хаашаа ч хамаагүй хил гараад буцаж орж ирэх хэрэгтэй байна” гэж хэлээд надаас 1 сая төгрөг өг гэснийх нь дагуу өгсөн. Хоёр хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой Э.Б дахин залгаад “ажил тараад таньтай очиж уулзмаар байна” гээд орой манай гэрийн гадаа ирсэн. Тэгэхдээ “Тагнуул руу яриулж дэмжих бичиг авна, мөн хилийн хориг тавиулахгүй байх талаар бичиг авна, үүнд нэг сая төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 14-нд намайг гадагшаа гар гэж хэлсэн учир энэ цаг хугацаа нь болоод би аргагүй эрхэнд өг гэсэн мөнгийг нь өгөөд гар гэсэн цаг хугацаанд нь гарсан...” гэсэн тайлбар /1хх 19-21/,

Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 04/08 дугаартай “... БНФилиппин улсын иргэн Ampic Janice нь “Н5” ангилал буюу хувийн бусад зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гарах сануулга авч 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эх орондоо буцсан байна. ... 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсад 21 хоногийн хугацаатай орж ирсэн, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 30 хоногийн сунгалт хийлгэсэн байна. Дээрх иргэнд холбогдох материалыг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг, түүнд хавсарган өгсөн 17 хуудас бүхий баримт материалууд /1хх 75/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2-5а/13509 дугаартай “... прокурорын зөвшөөрөл дурдсан иргэдийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагааг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойших хугацаанд шүүж, холбогдох мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн лавлагааны хариу /1хх 112-113/,

            Иргэн Б.Сы өмчлөлийн “Ай Фоне” болон “Блак берри” загварын гар утаснуудад үзлэг хийсэн “... Б.Сы I phone, Black Berry маркийн гap утсанд үзлэг хийж Г.Уянга, Э.Б, Ц.Мөнхсайхан, Мөнхөө нартай Viber-aap холбогдсон эсэхийг тодруулах зорилгоор үзлэг хийв. ...2019.11.01, 2019.11.04, 2019.11.08, 2019.11.11, 2019.11.25 өдрүүдэд Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтан Э.Бтэй холбогдсон байна... Black Berry маркийн rap утсанд үзлэг хийхэд: 1.Э.Бтэй 2019.11.11, 2019.11.12, 2019.11.13, 2019.11.15, 2019.11.16, 2019.11.19, 2019.11.20, 2019.11.20, 2019.11.21, 2019.11.22, 2019.11.23, 2019.11.24, 2019.11.25, 2019.11.26, 2019.11.27-ны өдөр ярьсан яриа, мессеж байв...” гэсэн тэмдэглэл /1хх 127-136/,  

Албан тушаалын тодорхойлолт, Гадаадын иргэн, харьяатын газрын виз, зөвшөөрлийн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Б/386 тоот “...1. Э.Бийг 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс виз, зөвшөөрлийн газарт мэргэжилтнээр томилсугай...” гэсэн тушаалын хуулбар /1хх-157-163/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Э.Б нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг  шүүгдэгч Э.Бийг хахууль авах, Б.Сыг хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл, Б.Сы үйлдэл Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүдэгч Б.Сы өмгөөлөгч Б.Эгийн “...мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон энэ нөхцөл байдал нь залилангийн гэмт хэргийн шинжийг агуулж байна. ...Б.Сыг буруутгаж, ял шийтгэл оногдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа бусад төрлийн эрх зүйн харилцаанаас ялгагддаг.

Гэтэл Б.С нь өөртөө давуу байдлыг бий болгохын тулд эрх бүхий албан тушаалтныг хайн олж улмаар түүнд хахууль өгснийг бусдад мэхлэгдэж төөрөгдөлд орсон хэмээн дүгнэх үндэслэлгүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгохоор хуульчилсан.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэрэг юм.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан...” гэж гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлж дүгнэн гэм буруутайд тооцсон, 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар...” гэж хайнга, хариуцлагагүй алдаа гаргасан байна.  

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэснээр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй, тэдний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Сы өмгөөлөгч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/306 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Шүүгдэгч Их гэрийнхэн овогт Эрдэнэбаярын Э.Бийг Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,” гэснийг “Шүүгдэгч Их гэрийнхэн овогт Эрдэнэбаярын Э.Бийг Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 6000 нэгж буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сы өмгөөлөгч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                Б.ЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                                                Б.АРИУНХИШИГ