| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/02162/и |
| Дугаар | 101/ШШ2021/02836 |
| Огноо | 2021-09-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2021/02836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х Т Э М Т-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Н.Э би 2020 оны 03 сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Х Т Э М Тийн даргын Б/21 тушаалаар ТҮ-4-н 1-р шатлалын дагуу няравын ажилд томилогдон ажиллаж, ажилдаа ямар ч дутагдал зөрчил гаргаагүй атал намайг дарга О.Ариунаа хотын төвд байх гэрт миний хувийн машинаар хүргэж өгөхөөс татгалзсан үндэслэлээр ажлаас халсан. Х Т Э М Тийн дарга О.Ариунаагийн гэр хүртэл 28 км зайтай байдаг. Ажилд орсон эхний 2 сар би ажилтай өдөр бүр даргыг гэрт нь хүргэж өгдөг байсан боловч ар гэрт 2 бага насны хүүхэдтэй, нөхөр байнга хөдөө томилолтоор явдаг, замын түгжрэлд орж явсаар шөнө гэртээ ирдэг тул даргыг өдөр бүр гэрт нь хүргэж өгөхөөс татгалзсан. Энэ харилцаанаас үүдэн намайг 2021 оны 04 сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38.1.2, 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь энэ хуулийн 40.3-д ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн халах үндэслэл болгосон 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлын байрнаас чөлөөлнө гэсэн байх ба манай Эрүүл мэндийн төвд ямар ч цомхтгол аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ Ковид-19 цар тахлын үед улсын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилчдын тоо, ачаалал нэмэгдсэн үед намайг ажлаас хууль бусаар халсан. Би Х Т Э М Ттэй хөдөлмөрийн гэрээ хийснээс хойш хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолттой танилцаж, гарын үсэг зурах хүсэлт олон удаа гаргаж байсан боловч тухай бүр татгалзаж эцэст нь хууль бусаар ажлаас халсан. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х Т Э М Тд нярваар ажиллаж байсан. Нямхорлоо овогтой Эын гаргасан нэхэмжлэлийн дагуу хариу тайлбар гаргаж байна. 2020 оны 01 сарын 06-наас 2021 оны 04 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд тус төвийн няравын ажлыг хийж байсан Н.Э нь тухайн үед Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан О.Ариунааг өөрийн унаагаар ажлын өдрүүдэд 2 сар ажилд болон гэрт хүргэж байсан, амьдралын шаардлагаар ажил болон гэрт нь хүргэж өгч чадахгүй гэснээр ажлаас халсан гэж үзэн гомдол гаргажээ. Энэ асуудал нь ажлаас халсан үндэслэл биш. 2020 оны 6, 7 сард тус эмнэлэг нь магадлан итгэмжлэл авахад бэлтгэх ажиллагааны няравтай холбоотой аж ахуйн олон ажил байсан учир зайлшгүй няравтай явж бичиг баримт хүргэх, бараа материал авах зэрэг ажилд явж байсан. Н.Э нь өөрийн үүрэгт ажлаа хийж яваагаа ойлгохгүй О.Ариунааг хүргэж өгч байсан мэтээр хэлсэн нь гүтгэлгийн шинж чанартай байна. Тэгээд ч халагдсан нь энэ явдлын дараа жил буюу 2021 оны 4 сард халагдсан юм. Халагдсан шалтгаан нь: цар тахлын үед нэн чухал шаардлагагүй хавсарч ажиллуулах боломжтой орон тоог цөөлж цалингийн сангаа хэмнэж ковидод ажиллах эмч, мэргэжилтэнг авах үндэслэлээр лабораторийн эмч, уламжлалтын эмч, нярав нарын орон тоог цомхотгосон юм. Иймд ганц Н.Эыг биш лабораторийн эмч Болормаа, уламжлалтын эмч Нарандэлгэр нарын ажлын байрыг цомхотгосон. Н.Эын ажиллаж байх хугацааны цалин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бүрэн бөглөгдсөн байх бөгөөд 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг тушаал гарган олгосон байна. Х Т Э М Тийн даргаар ажиллаж байсан О.Ариунаа өөрийн хувийн унаагаар ажилдаа ирж очдог байсан. Хүний унаа хэрэглэх шаардлагагүй болно. Тухайн үед эмнэлэг ганц түргэний машинтай аж ахуйн ажилд явах боломжгүй учир албан хаагчдын унаагаар аж ахуйн ажлыг хийж гүйцэтгүүлдэг байсан юм. Н.Эын тухайд бол зөвхөн няравынхаа ажлыг л гүйцэтгэдэг байсан. А.Ариунаа дарга орон тооны цомхотгол явуулаагүй байхад тушаал гаргасан байсан. Ажил үргэлжлээд явагдах ёстой гээд няравын ажилд өөр хүн авсан байгаа. Дарга Н.Эыг дахин ажилд авахгүй, мөнгийг нь өгөхөөр тохиролцох боломжтой гэсэн” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч нийслэлийн Х Т Э М Тд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч Х Т Э М Т нь цар тахлын үед нэн чухал шаардлагагүй хавсарч ажиллуулах боломжтой орон тоог цөөлж, цалингийн сангаа хэмнэж ковидод ажиллах эмч, мэргэжилтэнг авах үндэслэлээр орон тоог цомхотгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Х Т Э М Тийн даргын 2021 оны 04 сарын 09-ний өдрийн Б/16 дугаартай тушаалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжид заасан зөрчлөө арилгаж нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан байна.
Х Т Э М Тийн даргын 2020 оны 03 сарын 23-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар Н.Эыг 2020 оны 03 сарын 06-ны өдрөөс няравын ажлын байранд үндсэн ажилтнаар ажиллуулж, 2021 оны 04 сарын 09-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх- 2, 3, 4, 5-8/
Х Т Э М Тийн даргын 2021 оны 04 сарын 09-ний өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтыг үндэслэн нярав Н.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-5/
Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Эыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь Х Т Э М Тийн даргын 2021 оны 03 сарын 31-ний өдрийн “Орон тоог шинэчлэн батлах тухай” А/15 дугаартай тушаалаар эрүүл мэндийн төвийн ажиллах мэргэжлийн болон үйлчилгээний ажилтны орон тооны хязгаарыг баталж, няравын ажлын байрыг цомхотгосон тул Н.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Х Т Э М Тийн даргын 2021 оны 03 сарын 31-ний өдрийн “Орон тоог шинэчлэн батлах тухай” А/15 дугаартай тушаалаар тус төвийн 2021 онд баримтлан ажиллах орон тооны доод хязгаарыг батлахдаа няравын орон тоог “ажиллавал зохих орон тоо 0,5, ажиллах орон тоо 0,5” гэжээ. /хх-30-31/
Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5081:2013 стандартын хавсралтаар сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн хүний нөөцийн доод хязгаар /норматив/-ыг батлахдаа няравын орон тоог 1 эсвэл хавсарч ажиллахаар заасан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь чухал шаардлагагүй ажлын байрыг цомхотгон хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байх боловч орон тоог шинэчлэн баталсан гэх тушаалд няравын ажлыг ямар ажилтан, албан тушаалтанд хавсруулан ажиллуулахаар шийдвэрлэсэн талаар дурдаагүй байна
Хариуцагч нь 2021 оны Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан байх боловч уг заалтын аль үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдийг зааж өгсөн бөгөөд 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” байх үндэслэлийг заасан. Х Т Э М Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.1-д заасан эрхийн хүрээнд 2021 онд ажиллах ажил, албан тушаалын орон тооны хязгаарыг баталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлүүдэд хамааралгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо цөөрүүлэх” гэдгийг хуулийн этгээд, байгууллагын бүтцийн адил ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгах, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдах” гэдгийг тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр байхгүй болохыг” ойлгоно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус төвийн даргын тушаалаар няравын орон тоог цомхотгосон гэж тайлбартаа дурдсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Х Т Э М Тд орон тооны цомхотгол явуулаагүй байхад төвийн дарга О.Ариунаа стандарт барьж тушаал гаргасан, ажил үргэлжлээд явж байгаа, няравын ажилд 2021 оны 06 сард н.Мягмарсүрэн гэдэг хүнийг ажилд авч, 2 сар түр ажиллуулж байгаад 08 сард жинхлэн ажиллуулж байгаа гэх тайлбарыг гаргасан
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан бөгөөд хариуцагч Х Т Э М Т нь няравын орон тоог цомхотгон хасаагүй, ажилтны тоог цөөрүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэхэд Н.Эыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.Эыг нийслэлийн Х Т Э М Тийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч Х Т Э М Тийн цалингийн картын бичилтийг үндэслэн нэхэмжлэгч Н.Эын сарын дундаж цалин хөлсийг 578,248 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2021 оны 04 сарын 09-ний өдрөөс 2021 оны 09 сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,161,089.03 төгрөгийг хариуцагч Х Т Э М Төөс гаргуулж нэхэмжлэгч Н.Эод олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Н.Эын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч Х Т Э М Тд даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нийслэлийн Х Т Э М Төөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 65,527.42 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Нямхорлоогийн Э /Регистрийн дугаар УК94042021/-ыг нийслэлийн Х Т Э М Тийн няравын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч нийслэлийн Х Т Э М Төөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,161,089.03 /гурван сая нэг зуун жаран нэгэн мянга наян есөн төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эод олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эын ажилгүй байсан бүх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч нийслэлийн Х Т Э М Тд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч нийслэлийн Х Т Э М Төөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 65,527.42 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР