| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0166/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
2024 06 14 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0166/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Н.Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 2439000000188 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Хүрэлбаатар, 1973 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг Тариат гэх газар малын бэлчээр дээр *******ыг “хонь хол хариул, чамайг буудаж ална, буудахад гарз байхгүй” гэж айлган сүрдүүлж, улмаар баруун шанаа хэсэг рүү нь гараараа 2-3 удаа алгадаж, хөлийн шилбэ хэсэг рүү нь 2 удаа өшиглөж, модон шилбүүрээр 2-3 удаа цээж хэсэг рүү нь хатгаж зодож, заналхийлсэн, мөн 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрийнхээ гадна Винтов маркийн галт зэвсгийг сумлаж, толгой хэсэг рүү нь чиглүүлж буудаж ална, зодно гэх мэтээр айлган сүрдүүлж, заналхийлсэн, мөн цээж болон толгой хэсэг рүү цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, галт зэвсэг ашиглаж, айлган сүрдүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хүрэлбаатарынд туслах малчин хийдэг. 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 14:00 минутын орчимд тухайн айлын малыг хариулж бэлчээр дээрээ байж байхад Хүрэлбаатар надад хандан чамайг буудаж ална, буудахад чамд гарз байхгүй шүү гэж хэлээд толгойн баруун шанаа хэсэгт 2-3 удаа, баруун шилбэ рүү хоёр удаа хөлөөрөө хөшиглөж, гартаа барьж байсан шилбүүрээр цээж хэсэг рүү 2-3 удаа хатгаж, гэр рүүгээ харь гэж хөөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2-3 өдрийн дараа Ганбат ах Хүрэлбаатар намайг элдвээр хэлж доромжлоод байна би явлаа гээд цүнхтэй хувцсаа үүрээд ирж байсан. Тэгтэл Хүрэлбаатар мотоциклтой ирээд Ганбатыг чи муу ямар их явдаг юм гээд толгой руу нь баруун гараараа 2 удаа цохисон, мөн шилбүүрийн модоор 3-4 удаа цохиод, чамайг явах юм бол араас чинь очиж буудаж ална гэж хэлээд явсан. ...буудаж ална гээд Ганбат ах руу буу шагайтал Ганбат ах ноцолдож байгаад бууных нь замагнаас 1 сумыг нь унагаасан. Тэгтэл Хүрэлбаатар Ганбат ахыг шорон зодооноор зодно гээд баруун гараараа толгойн баруун хэсэгт нь 1 удаа цохиод цээж хэсэг рүү нь хуруугаараа хатгаад баруун хөл рүү нь өшиглөсөн. 2 цаг гаран ална гэж хэл амаараа доромжилсон... ” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191 дугаартай дүгнэлтэд:
1. *******ын биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 2 болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй (хх-ийн 29-30-р хуудас),
Хохирогч *******ын “...*******т ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 65-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, түүнийг айлган сүрдүүлсэн бөгөөд хохирогч ******* нь “...*******т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 65-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ял, нийт 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2439000000188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн замагны 15195, гол төмрийн 308 дугаартай, 1958 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн гэх винтов маркын буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгоржавт, 104 см урттай, 3 см диаметртай мод 1 ширхгийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгалаа.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан зэвсэг хэрэглэж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн Хүрэлбаатарыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгж буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэг, Галт зэсвэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4-т зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн замагны 15195, гол төмрийн 308 дугаартай, 1958 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн гэх винтов маркын буу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгоржавт, 104 см урттай, 3 см диаметртай мод 1 ширхгийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.
7. Эрүүгийн 2439000000188 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР