| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/02614/и |
| Дугаар | 101/ШШ2021/02932 |
| Огноо | 2021-09-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2021/02932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршоолол, Б.Доржийн гудамж, 31 дүгээр байр, 27 тоот хаягт оршин суух Боржигон овогт Логойн Э /Регистрийн дугаар ЦВ71022276/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байр, 40 тоот хаягт оршин суух Бэсүд овогт Батбаярын З /Регистрийн дугаар УК89061519/-д холбогдох,
Гэм хорын хохирол төлбөрт 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Б.З, иргэдийн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Логойн овогтой Э миний бие 2020 оны 08 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханс вилл хотхонд үйл ажиллагаа явуулдаг Тонте Бэйнко ресторанд туслах тогоочоор ажиллаж байхад тогооч Б.З нь миний нүүрэн тус газарт мөргөж биед минь тархины доргилт, хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Уг гэмт хэргийг хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/739 дугаар шийтгэх тогтоолоор Б.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Зг торгох ялаар шийтгэсэн болно. Миний бие тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчилж эдгэрүүлэхийн тулд Тонте Бэйнко ресторанд туслах тогоочийн сарын 900 000 төгрөгийн цалинтай ажлаа 2020 оны 08 сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж чадаагүй. Шүүх хуралдаан болсон 2020 оны 11 сарын 05-ны өдөр Б.З нь Л.Эөд 360,000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн. Нэхэмжлэгч 2020 оны 08 сарын 27-ны өдөр гэмтэл авснаас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй. Тухайн үедээ Тонте Бэйнко ресторанд туслах тогоочоор ажиллаж 855 000 -1 300 000 төгрөгийн цалин хөлс авч байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулсны үндсэнд цалин хөлсөө өөрийн Хаан банкны дансанд хүлээж авч байсан. Гэмт хэргийн улмаас ажлаа хийж гүйцэтгэж чадахгүй болсон. Нэхэмжлэгчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан учраас хөдөлмөрийн чадвараа 4 долоо хоногоос доош хугацаагаар алдсан гэсэн үндэслэлээр 1 сарын цалин хөлсний дундаж хэмжээг 900 000 төгрөг гэж тооцоолон хариуцагч Б.Згоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Би гэм буруугаа хүлээсэн, тухайн асуудал шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн. Л.Э нь хэрэг гарсны маргааш нь ажил дээрээ ирж ажилласан ба хамт ажиллаж байсан ажилчид биеийн байдал нь зүгээр байсан гэж хэлсэн. Мөн өдрийн маргаашнаас ямар нэг хэл чимээгүй өгөлгүй ажлаа өөрийн хүсэлтээр хаяж явсан. Нэхэмжлэгч Л.Э ажлын байраа хэл сураггүй хаяж явсан учраас тухайн үйл явдал болсон. Миний бие нэхэмжилсэн 900 000 төгрөгийг өгч чадахгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/739 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Зг 2020 оны 08 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханс Вилл хотхонд үйл ажиллагаа явуулдаг Тонте Бэйнко гэх ресторанд туслах тогооч Л.Этэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан түүний нүүрэн тус газарт мөргөж, биед нь “тархины доргилт, хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн болох нь, хариуцагч Б.З нь өөрийн гэм буруугийн талаар маргаж шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-5-7/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Л.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.З түүний биед гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн улмаас ажлаа гүйцэтгэж чадахгүй болсон, хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн чадвараа 4 долоо хоногийн хугацаагаар алдсан гэсэн үндэслэлээр 1 сарын цалин хөлсийг 900 000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.З нь эрүүгийн хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй боловч түүний үйлдлийн улмаас ажлаа хийж чадахгүй болсон гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан байх шинжээр тогтооно гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд хариуцагч Б.З нь нэхэмжлэгч Л.Эийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/739 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээд болох хариуцагч Б.Згоос шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Л.Э нь “Тонте Бэйнко” ресторанд туслах тогоочоор ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд сарын цалин 900 000 төгрөгийг сард 2 хуваан 450 000 төгрөгөөр авдаг байсан болох нь түүний Хаан банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх-8-41/
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамт “Тонте Бэйнко” ресторанд ажиллаж байсан болон түүний сарын цалингийн хэмжээний талаар баримтаар үгүйсгэн няцааж маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
Иргэдийн төлөөлөгч өөрийн гаргасан дүгнэлтдээ “Хариуцагч нь нэхэмжлэгчийг мөргөж гэмтээсэн болох нь эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч гэмтэл авснаас хойших 1 сарын хугацаанд ажил хийгээгүй үеийн орлогын мөнгөн дүнг шаардах нь зөв гэж үзэж байх тул хариуцагчаас 900 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох” гэжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учирч нэхэмжлэгч Л.Э нь хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 900 000 төгрөгөөр тооцон хариуцагч Б.Згоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Згоос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүн 900 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Згоос 900 000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Эөд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б.Згоос нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД
Б.УНДРАА