| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0156/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/171 |
| Огноо | 2024-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/171
2024 06 17 2024/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0156/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Г.Анхбаяр,
Шүүгдэгч Б.Бошоол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярсайханы Бошоолд холбогдох эрүүгийн 2439000000106 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Буурал овогт Баярсайханы Бошоол, 1996 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 5 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн CA96040711 дугаартай,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Бошоол нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг 8 дугаар уурын зуухны хашаанд байх Д.Түмэнжаргалын гэрт шинэлж байхдаа ширээнд дээр байсан дунд гарын мөнгөн аягыг хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 11-20 тоотод байрлах Ц.Болормаагийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний "samsung galaxy" A-23 маркийн гар утсыг хулгайж 415,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 18-ны Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Эзэнт гүрэн” буудлаас хохирогч Э.Оюун-Эрдэнийн А73 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч аван залилсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бошоолийг хулгайлах болон залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000106 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Түмэнжаргалын (хх-ийн 12-13-р хуудас), гэрч Д.Бат-Эрдэнийн (хх-ийн 22-24-р хуудас), иргэний нэхэмжлэгч, гэрч Э.Батсайханы (хх-ийн 17-19, 27-28-р хуудас), гэрч Ц.Төмөрийн (хх-ийн 31-32-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Ц.Төмөрийн Хаан банкны 5954271118 тоот дансны хуулга болон дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 12-13-р хуудас),
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШД-49 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 42-44-р хуудас),
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 49-50-р хуудас),
Хохирогч Ц.Болормаагийн (хх-ийн 134-135-р хуудас), гэрч С.Отгонтамирын (хх-ийн 138-139-р хуудас), гэрч Ц.Төмөрийн (хх-ийн 142-143-р хуудас), гэрч Ё.Төмөрийн (хх-ийн 146-147, 238-239-р хуудас), гэрч Д.Бат-Эрдэний (хх-ийн 150-152-р хуудас), гэрч О.Лхагвасүрэнгийн (хх-ийн 155-157-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШД-55 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 167-169-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэллтүүд (хх-ийн 197-199-р хуудас),
Хохирогч Э.Оюун-Эрдэний (хх-ийн 203-204-р хуудас), гэрч О.Нямбаярын (хх-ийн 221-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШД-61 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 207-209-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн мэдээлэл, ял шийтгэлийн мэдээлэл, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 86-105-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000000106 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Анхбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хулгайлах болон залилалх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бошоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлий 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Бошоол шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...мөнгөн аяга авсан болон Э.Оюун-Эрдэнийн утас авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ц.Болормаагийн утсыг бол би аваагүй...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
1. Шүүгдэгч Б.Бошоол нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах 8 дугаар уурын зуухны хашаанд байх Д.Түмэнжаргалын гэрт шинэлж байхдаа ширээн дээр байсан дунд гарын мөнгөн аягыг хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Б.Бошоолын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Бат-Эрдэнэ надад манай гэр рүү очъё манай гэрт мөнгөн аяга байгаа тэрийг очиж аваад архинд тавья гэж хэлсэн. Тэгээд би 8 дугаар уурын зуухны хашаан дотор Бат-Эрдэнийн төрсөн эгч гэх айлаар орж ширээн дээр байсан мөнгөн аягыг авсан...Мөнгөн аягыг буцааж өгсөн....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай төрсөн Бат-Эрдэнэ нэг эрэгтэй хүнтэй хоёулаа орж ирээд залгаад гарсан. 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мөнгөн аяга алга болсон талаар мэдээд, дүү Бат-Эрдэнээс асуухад мэдэхгүй гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч, гэрч Э.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн цэнхэр өнгийн Prius-20 маркийн 54-84 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт таксинд явж байхад Хорихын байрны зүүн талд байдаг дугуй засварын хажуу талын зам дээр 3 эрэгтэй хүн гар өргөж суугаад аймгийн төв дотор байдаг ломбардуудаар явж байгаад Төмөр гэх хүн “миний аяга байгаа юм” гэж хэлээд надад тухайн аягыг 70.000 төгрөг, таксины мөнгө 30.000 төгрөг, нийт 100.000 төгрөг болоод 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буцааж авна гэж хэлсэн юм. Төмөр гэх хүнтэй Бошоол болон нэг залуу байсан юм. Би таксины мөнгө суутгаад 45.000 төгрөгийг 5954271118 тоот данс руу шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-19, 27-28-р хуудас),
Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 11-ний өглөө гэртээ байж байхад манай найз Бошоол халамцуу ирсэн. Тэгээд бид хоёр эгч Түмэнжаргалынд очиж золголт хийсэн. Тэндээс гараад дахиад нэг айлаар ороод салсан. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эгч Бошоолоос мөнгөн аяга асуухад юу ч хэлээгүй. Тэгээд Түмэнжаргал эгч уулзахад “би тухайн мөнгөн аягыг танай гэрээс авсан 60,000 төгрөгийн барьцаанд тавьсан байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 22-24-р хуудас),
Гэрч Ц.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хаан банкны 5954271118 тоот данс эзэмшдэг. 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Бошоол, Лхагваа бид нар таксинд явж байхад Бошоол намайг дансаа хэл мөнгө авая гэхээр нь өөрийн хаан банкны 5954271118 тоот дансыг хэлэхэд 45.000 төгрөг орсон. Бошоол мөнгөн аяга зарсан мөнгө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 31-32-р хуудас)
Ц.Төмөрийн Хаан банкны 5954271118 тоот дансны хуулга болон дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, (хх-ийн 12-13-р хуудас)
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШД-49 дугаартай шинжээчийн “...Орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 350,000 төгрөг...”гэх дүгнэлт (хх-ийн 42-44-р хуудас),
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 49-50-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Б.Бошоол нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 11-20 тоотод байрлах Ц.Болормаагийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний “samsung galaxy” А-23 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Хохирогч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой манай гэрт Бошоол, Бат-Эрдэнэ...нар архи уусан...тэгээд миний Samsung А23 маркийн гар утас байхгүй байсан...уг утсаа 2022 онд 859,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Миний алдсан утас Samsung А23 маркийн ягаан өнгийн кистэй утас байсан...Шиний 3-ны орой Бошоол муурын байшинд гар утас зарна гээд явж байсан гэсэн тэгэхээр миний гар утсыг Бошоол хулгай хийж зарах гээд явж байсан гэж сэжиглэж байна...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 134-135-р хуудас),
Гэрч С.Отгонтамирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой манай гэрт би өөрийн найз Цогоотой хамт ганц шил соёорхол нэртэй 0.75 грамийн архи хувааж уугаад байж байхад гаднаас Бошоол, Бат-Эрдэнэ болон бойнд ажилдаг нэг залуу ингээд гурвуулаа манай гэрт орж ирээд тэгэхээр нь би дахин нэг шил архи задалж өгөөд тэгээд би унтаад өгсөн. Харин манай гэрээс Бошоол, Бат-Эрдэнэ дахин нэг залуу болон манай эхнэрийн дүү Төмөр нар гэрээс гараад явсан гэсэн тэгээд манай эхнэрийн гар утас алга болсон байна. Манай гэрээс Бошоол, Бат-Эрдэнэ нэг залуу болон Төмөр нар гараад явахдаа аваад явсан байна гэж ярьж байсан юм. Тэгээд орой Төмөр, Бошоол, Бат-Эрдэнэ нар эргэж ирсэн гэж байсан юм. Би өөрөө болохоор уусан архиндаа согтоод унтаад өгсөн...Манай эхнэрийн гар утсыг Бошоол авсан байх гэж хардаж байна. Гэрт байхад манай эхнэрийн утсаар Бошоол ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 138-139-р хуудас),
Гэрч Ц.Төмөрийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой гэртээ хүргэн ах Отгонтамир өөрийн найз Цогоотой хамт ганц шил соёорхол нэртэй 0.75 грамын архи хувааж уусан юм. Тэгэхэд би цугтаа уулцаж байхад гаднаас Бошоол, Бат-Эрдэнэ болон бойнд ажилдаг нэг залуу ингээд гурвуулаа орж ирсэн юм. Тэгээд манай хүгэн ах Отгонтамир нь дахин нэг шил архи гаргаад задалж өгөөд хүргэн ах тасраад унтаад өгсөн. Харин гэрээс Бошоол, Бат-Эрдэнэ, Лхагваа бид нар гэрээс гараад Андууд баар орж тэндээ 3 лааз пиво уугаад буцаж би гэр рүүгээ харьсан. Харин Бошоол, Бат-Эрдэнэ, Лхагваа цугтаа явсан тэгэхдээ би хаашаа явсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд гэрт ирэхэд манай төрсөн эгч Болормаа өөрийн гар утсаа гэр дотор хайгаад байсан юм. Манай эгчийн гар утсыг Бошоол хулгай хийсэн байж магадгүй дараа нь Бошоол гар утас зарна гэж явсан гэж ярьж байсан юм....” гэх мэдүүлэг, (хх-ийн 142-143-р хуудас)
Гэрч Ё.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн хооронд байх Бошоол, Золоо хоёр цугтаа ирээд гар утас надад 40,000 төгрөгөөр тавьсан...3-4 хоногийн дараа надад 60,000 төгрөг өгөөд утсаа буцааж авсан...Хар том дэлгэцтэй, ягаан өнгийн гэртэй утас байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 146-147, 238-239-р хуудас),
Гэрч Д.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болормаа гар утас алга болсон байна гэж ярьж байсан. Би дараа нь сураг сонсож байхад Бошоол Болормаагийн гар утсыг гэрээс нь хулгай хийж Төмөр гэх хүнд мөнгөөр өгсөн байсан. Мөн Бошоолын эхнэр Золоо надтай саяхан таарч Болормаагийн гар утсыг Бошоол хулгай хийсэн чамд ямар ч хамаа байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 150-152-р хуудас),
Гэрч О.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тамираа, Болормаа нарын гэрт архи ууж байгаад би Тамираатай маргалдсан тэгээд Бошоол, Золоо, Төмөр бид нар гэрээс нь гараад Хэрлэн сумын 2 дугаар баг Андууд бааранд очиж 3 ширхэг лааз пиво уусан...Хэрлэн сумын 1 дүгээр баг хийдийн сууринд нэг айлд очиж 1 ширхэг 75 грамын хараа нэртэй архи уугаад би тасраад унтсан харин Бошоол, Золоо хоёр гадаа машинд унтсан байсан юм... Тамираагийн гэрт очиход эхнэр Болормаа гар утас урьд шөнө алга болсон Бошоолыг авсан биз гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 155-157-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ний 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШД-55 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 167-169-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Б.Бошоол нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” буудлаас хохирогч Э.Оюун-Эрдэнийн А73 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч аван залилж 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэллтүүд (хх-ийн 197-199-р хуудас),
Шүүгдэгч Б.Бошоолын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Оюун-Эрдэнэ гэх хүний утсыг ярих гэж аваад буудлаас гарсан нь үнэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 18-ны Эзэнт гүрэн буудлын 402 номерын өрөөнд ороод байж байтал гаднаас Бошоол гэдэг нэртэй өндөр, сахалтай, бор царайтай залуу орж ирээд утсаа өгчих ганц ярьчихъя гэж хэлэхээр нь би тухайн үедээ нээх юм бодолгүй өгчихсөн. Тэгээд би найзтайгаа юм яриад сууж байтал тэр Бошоол гэх залуу миний утсыг аваад гараад явчихсан байсан. Тэгээд тэр хавиар би хайгаад олоогүй. Нэрээс өөр зүйл мэдэхгүй гар утсаа алдчихсан. Би тухайн утсаа 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг PC mall дэлгүүрээс 1,699,900 төгрөгөөр лизингээр авч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 203-204-р хуудас),
Гэрч О.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бошоол орой 22 цагийн үед орж ирээд бид нартай цуг ууж байгаад шөнө дунд гарч яваад маргааш өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 18-ны өглөө ойролцоогоор 10 цаг л өнгөрч байсан байх гаднаас Бошоол дахин орж ирээд манай танил эмэгтэй найз болох Оюун-Эрдэнийн гар утсыг авч байгаа харагдсан тэгээд архинд явлаа гэж гарахдаа Оюун-Эрдэнийн гар утсаар яриад л гарсан эргэж оруулж ирээгүй. Тэгээд удалгүй Оюун-Эрдэнэ утсаа хайгаад миний утсыг аваад явчихсан байна гээд байсныг санаж байна. Тухайн утас нь ямар загварын ямар гар утас байсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 221-р хуудас),
Хэнтий аймаг дахь Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШД-61 дугаартай шинжээчийн “...Самсунг А73 маркийн гар утас 850.000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 207-209-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бошоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Бошоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Бошоол нь 2 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогч Ц.Болормаагийн гар утсыг хулгайлаагүй би тэнд байгаагүй гэж гэм бургийн талаар маргаж байх ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:
Хохирогч Ц.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой манай гэрт Бошоол, Бат-Эрдэнэ...нар архи уусан... Миний алдсан утас Samsung А23 маркийн ягаан өнгийн кистэй утас байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 134-135-р хуудас), гэрч С.Отгонтамирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой манай гэрт ...Бошоол, Бат-Эрдэнэ болон бойнд ажилдаг нэг залуу ингээд гурвуулаа манай гэрт орж ирсэн...Гэрт байхад манай эхнэрийн утсаар Бошоол ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 138-139-р хуудас), гэрч Ц.Төмөрийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны орой хүргэн ах Отгонтамир өөрийн найз Цогоотой хамт ганц шил соёорхол нэртэй 0.75 грамын архи хувааж уусан юм. Тэгэхэд гаднаас Бошоол, Бат-Эрдэнэ болон бойнд ажилдаг нэг залуу ингээд гурвуулаа орж ирсэн юм... Бошоол гар утас зарна гэж явсан гэж ярьж байсан юм....” гэх мэдүүлэг, (хх-ийн 142-143-р хуудас), гэрч Ё.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн хооронд байх Бошоол, Золоо хоёр цугтаа ирээд гар утас надад 40,000 төгрөгөөр тавьсан...3-4 хоногийн дараа надад 60,000 төгрөг өгөөд утсаа буцааж авсан...Хар том дэлгэцтэй, ягаан өнгийн гэртэй утас байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 146-147, 238-239-р хуудас), гэрч Д.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болормаа гар утас алга болсон байна гэж ярьж байсан. Би дараа нь сураг сонсож байхад Бошоол Болормаагийн гар утсыг гэрээс нь хулгай хийж Төмөр гэх хүнд мөнгөөр өгсөн байсан. Мөн Бошоолын эхнэр Золоо надтай саяхан таарч Болормаагийн гар утсыг Бошоол хулгай хийсэн чамд ямар ч хамаа байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 150-152-р хуудас), гэрч О.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тамираа, Болормаа нарын гэрт архи ууж байгаад би Тамираатай маргалдсан тэгээд Бошоол, Золоо, Төмөр бид нар гэрээс нь гараад Хэрлэн сумын 2 дугаар баг Андууд бааранд очиж 3 ширхэг лааз пиво уусан...Тамираагийн гэрт очиход эхнэр Болормаа гар утас урьд шөнө алга болсон Бошоолыг авсан биз гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 155-157-р хуудас) зэрэг мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Бошоолын шүүх хуралдаанд өгсөн: “...Би утсыг аваагүй, тэнд хамт байгаагүй...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг ба залилах гэмт хэрэг нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Хуурч залилах болон хулгайлах гэмт хэргүүдийг шүүгдэгч Б.Бошоол нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Бошоол нь хохирогч П.Түмэнжаргалд 350,000 төгрөг, хохирогч Э.Оюун-Эрдэнэд 850,000 төгрөг, Ц.Болормаад 415,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Батсайханд 45,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч П.Түмэнжаргалд 350,000 төгрөгийн хохирол буюу мөнгөн аягыг буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 49-50-р хуудас)-ээр тогтоогдож байх тул хохирогч П.Түмэнжаргалд төлөх төлбөргүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар бусад хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Бошоолоос 850,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Оюун-Эрдэнэд, 415,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Болормаад, 45,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Батсайханд нарт тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бошоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бошоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах болон залилах гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч Б.Бошоолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд
заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бошоол нь урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нийт эдлэх ялыг 1 жил 6 сар 5 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 86, 88-92, 95-100-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Бошоолын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт элдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Бошоолын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бошоолд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2439000000106 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буурал овогт Баярсайханы Бошоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Баярсайханы Бошоолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бошоолд оногдуулсан 7 (долоо) сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 1 (сар) хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бошоолд оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бошоолын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бошоолооос 850,000 (найман зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Оюун-Эрдэнэд, 415,000 (дөрвөн зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Болормаад, 45,000 (дөчин таван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Батсайхан нарт тус тус олгосугай.
7. Эрүүгийн 2439000000106 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бошоолд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР