Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2021/03172

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үндсэн төлбөр 21,000,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гэрч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

   “Нэхэмжлэгч Б.А миний бие Г.Чтэй хамт Байгаль эх лицей ахлах сургуульд суралцаж байсан бөгөөд түүнийг 2012 оноос хойш таних болсон. Г.Чтэй сургуулийн найз нөхдийн харилцаатай байдаг байсан. Г.Ч нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Б.А надаас удаа дараа хүүтэй мөнгө зээлж, тохирсон хугацаанд буцаан төлөхөөр тохирсон боловч мөнгө болон хүүг нь өгөлгүй удаах болсон. Г.Ч нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд надаас 44 удаагийн үйлдлээр нийт 23,552,000 төгрөгийг зээлсэн ба надаас мөнгийг 7-30 хоногийн хугацаатай, тухай бүрт нь 10 хувийн хүү өгнө гэж хэлж авч байсан. Г.Ч нь надаас мөнгө зээлж авсан хугацаандаа тодорхой хүүтэй төлөлт хийж байсан боловч сүүлдээ түүний авсан мөнгөний үнийн дүн нь маш их болсон тул миний бие Г.Чтэй 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд Г.Ч нь надад 21,000,000 төгрөгийг өгөхөөр байсан тул түүнтэй хамт Залуучуудын ордонд байрлах нотариат орж, тооцоо нийлсэн 21,000,000 төгрөгийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан. Миний хувьд Г.Чд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21,000,000 төгрөгийг зээлүүлсэн асуудал байхгүй. Харин өмнө Г.Чд зээлсэн 23,552,000 төгрөгийн зээлийн төлбөр тооцоо, хүүг тооцож гаргасан. 21,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу өмнөх үүргийг сольж, дахин зээлийн гэрээнд заасны дагуу 10 хоногийн хугацаанд төлбөрийг төлөх, хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд 0,5 хувиар алданги төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч Г.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш одоог хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй хохироож байгаа тул хариуцагч Г.Чээс үндсэн төлбөр 21,000,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Г.Ч нь хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Агаас 26 сая төгрөг зээлсэн шнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа Б.А нь Г.Чд 26,411,000 төгрөг зээлж байсан гэсэн байх бөгөөд өмнө нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байсан гэдэг үйл баримт нотлогдож байна. Нэхэмжлэлд дурдсан зээлийн хэмжээнээс илүү хэмжээний зээлийг хүлээн авсан талаараа хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбараараа гаргасан. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан, хэн аль нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бичгээр гэрээ байгуулагдсан, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаангүй байна гэж үзэж байна. Гэрээ үнэн зөв гэсэн тамга, тэмдэг даруулна гэдэг нь ямар учиртай вэ гэвэл талууд хоорондоо гэрээ байгуулчихаад дараа нь ирээд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ биш, нотариатч талуудын эрх, үүргийг тайлбарлан танилцуулж байгуулсан гэрээ гэдгийг давхар нотолж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Талууд мөнгөө 1, 2 өдрийн өмнө, 1 сарын өмнө өгөөд дараа нь зээлийн гэрээгээ нөхөж байгуулах тохиолдол маш их байгаа учраас энэ талаар Монгол Улсын Дээд шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаар зөвлөж гаргасан байдаг. Хариуцагч талаас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийг тухайн өдөр бэлнээр олгоогүй учраас зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээл олгогдоогүй гэж үзнэ гэсэн тайлбарыг гаргаж байгаа. Гэтэл талуудын хооронд гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох, гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах зэрэг асуудлаар дахин гэрээ байгуулж байгаа нь гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан зохицуулалтай харшлахгүй гэж үзээд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байдлаар зөвлөмжилсөн байдаг. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа бидний хооронд өмнө нь төлбөр тооцоо байсан, үлдэгдэл төлбөрийн талаар хариуцагчийн гаргасан тайлбараас тодруулахад 7,467,000 төгрөгийг үлдэгдэлтэй гэж хэлж байна. Гэтэл шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах явцад бодитой тооцоолол гаргаж чадсангүй. Хариуцагчийн төлсөн гэдгийг нотолсон шинжлэн судлуулсан баримтуудын үнийн дүнг нэмэхэд 5 сая төгрөг хүрэхгүй хэмжээний төлбөрийг буцаан шилжүүлсэн гэсэн дансны гүйлгээг шинжлэн судлуулсан гэж харагдаж байна. Мөн 7,500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн гэх боловч баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна. Мөн гэрч Д.М нь би Г.Чд 8 сая төгрөг зээлсэн гэсэн үйл баримтыг нотолж байгаа боловч Г.Ч тухайн мөнгийг юм худалдаж авсан эсэх, хүнд өр өгсөн эсэх, эсхүл байр барьцаанаас чөлөөлүүлэхдээ зарцуулсан эсэхийг хэлж мэдэхгүй, хараагүй гэж мэдүүлж байна. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотолсон нотлох баримтаа гаргаж өгөх эрх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл үнэхээр 19,244,000 төгрөг өгсөн гэж байгаа бол 7,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг хасаад 11,744,000 төгрөгийг дансаар буцаан шилжүүлснээ нотлох ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар энэ үйл баримт нотлогддоггүй. Талууд гэрээ байгуулах үедээ төлбөр тооцоогоо нийлж харилцан зөвшөөрч гарын үсэг зурж үнийн дүнг 21,000,000 төгрөг гэдгийг баталгаажуулсан. Ямар нэгэн байдлаар хариуцагчийг хууран мэхэлсэн, итгэл төрүүлсэн, төөрөгдүүлсэн асуудал байхгүй. Хариуцагч нь насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд, энэ талаар хариуцагч ямар нэгэн тайлбар хэлээгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэх үндэслэл байхгүй. Хариуцагч тал хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарт ямар нэгэн байдлаар хуурамч дүр үзүүлэх үр дагавар үүсгэх хүсэл зориг байгаагүй, харин өмнөх төлбөр тооцоогоо бичгийн хэлбэрээр баталгаажуулж гэрээ байгуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмнөх тооцоогоо нөхөж хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бусад тооцно гэсэн тайлбар гаргаж байгаа нь тухайн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хэлцлийн шинжийг агуулаагүй болохыг харуулж байна. Хариуцагч талын шүүхэд хандаж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байна. Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцлээс хууль зүйн хувьд илт ялгаатай. Үндэслэлээ тодорхойлохдоо хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзчихээд шаардлагаа тодорхойлохдоо хүчин төгөлдөр бус гэж тооцуулъя гээд хоёр өөр зүйл яриад байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар хариуцагчийг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсэн, залилсан гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага хоорондоо зөрүүтэй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгатай тохироогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Нэхэмжлэгч Б.А нь зохигчдын хооронд амаар тохиролцсон үйл явдлыг араас нь хөөж өмнөх тохироог албажуулахын тулд илт хууль бус, хуурамч, дүр үзүүлсэн зээлийн гэрээнд хариуцагчаар гарын үсэг зуруулсан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасан үндэслэлүүд тогтоогдож байна гэсэн байдаг. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасан шаардлага тавигдана. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлдээ хэд хэдэн шаардлагыг холиод тусгаж бичсэн, нэхэмжлэлийн шаардлага агуулга хоорондоо зөрүүтэй байна. Тухайлбал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 284 дүгээр зүйлийн 284.4-т заасан зохицуулалт нь энэ гэрээ анхнаасаа байгуулагдсан юм уу, үгүй юм уу гэдэг асуудлын талаарх зохицуулалт. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ гэрээ байгуулагдсан, гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл байна гэж бичсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага, агуулга болон хууль зүйн үндэслэлүүд хоорондоо нийцэхгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, холбогдох баримтуудаа гаргаж өгөх үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах ямар ч боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Миний бие Г.Ч нь Б.Агаас зээлсэн бүх мөнгөө буцаан төлсөн ба төлбөр тооцоо бүрэн дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Г.Ч нь нэхэмжлэгч Г.Агаас 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд аман тохироогоор 26,411,000 төгрөг зээлж, 19,944,000 төгрөг буцаан төлсөн. Дээрх хугацаанд ямар нэгэн бичиг үйлдэж гарын үсэг зуралцаагүй. Зөрүү мөнгө болох 6,467,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрвөл хариуцагч төлөх үүрэг хүлээхэд бэлэн. Г.Ч миний бие Б.Атай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ш.Сүнжидмаагийн дэргэд 1478 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Г.Ч би Б.Ад 21,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл бодит байдал дээр Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г.Ч надад мөнгө зээлдүүлээгүй бөгөөд өөрийн нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн мөртлөө дээрх зээлийн гэрээний 3.4-т “Бэлнээр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зэлдэгчид хүлээлгэн өгсөн” гэх, 6.1-д “зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож...” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 дугаартай зээлийн гэрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасан зээлийн гэрээний нөхцөлүүд хангагдаагүй гэсэн үг. Нөгөө талаас Б.А нь амаар тохирсон мөнгөө нэхэмжлэхийн тулд илт хууль бус, хуурамч дүр үзүүлсэн зээлийн гэрээнд Г.Ч надаар гарын үсэг зуруулж хий хоосон мөнгө нэхэж суугаа нь шударга ёсонд нийцэхгүй. Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-ыг зөрчиж байгаа тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хүсэлтэй байна. Иймд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ш.Сүнжидмаагийн гэрчилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нотариатаар гэрчлүүлсэн учраас хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэсэн тайлбар хэлж байна. Тийм зүйл огт байхгүй. Тухайн гэрээ нь хууль зөрчсөн, гэрээ байгуулах үндсэн шаардлагыг хангаагүй гэрээ юм. Мөн үүргээ сольсон асуудал ярьж байна, бид үүргээ сольсон талаар маргаагүй, харин тухайн гэрээ асуудалтай шүү гэдгийг хэлж байгаа. Зээлийн гэрээ нөхөж гаргаж болдог юм гэсэн утгатай зүйл ярьж байна. Зээлийн гэрээг хэзээ нөхөж гаргадаг болчихсон юм бэ, тийм зүйл байхгүй шүү дээ, хаана ч тийм зүйл байхгүй. Хэрэв нөхөж байгаа бол хууль зөрчиж байгаа хэрэг. Нотлох баримтын хувьд хариуцагч үнэхээр сэтгэл гаргаж нэхэмжлэгчийн гаргасан үнийн дүнгээс илүү дүнтэй мөнгө авснаа хэлж, шүүхэд үнэн зөв мэдүүлж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч биднийг буруугаар ойлгох хэрэггүй. Хариуцагч талаас нотлох баримтыг боломжийн хэмжээнд гаргасан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг зөрчөөгүй гэж хэлж байна. Бид хуулийн дагуу явах нь зөв, гэхдээ иргэн хүний хувьд шударга ёсны зарчмын үүднээс харахад тухайн гэрээ шударга ёсонд нийцээгүй, ингэж хэлэх нь буруу гэж үзэж байна. Өмнө нь хэлсэн бүх тайлбараа дэмжиж байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн гаргасан 31,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Чд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 21,000,000 төгрөг, алданги 10,500,000 төгрөг, нийт 31,500,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Г.Ч нь нэхэмжлэгч Б.Ад холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах  шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

            Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.Ч нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 1478 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээгээр Б.А нь Г.Чд 21,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-5-6/

 

Дээр дурдсан гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21,000,000 төгрөг өгч авалцаагүй тул уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Чд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл дансаар зээлдүүлсэн мөнгөний тооцоог 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тооцож үлдэгдэл 21,000,000 төгрөгийг төлөх асуудлаар зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт Хаан банкин дахь Б.Агийн нэр дээрх 5125067219 дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар авагдсан бөгөөд уг дансны хуулгаар хариуцагч Г.Чий 5035434318 дугаартай данс руу 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 800,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 695,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 550,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөг, 360,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1,300,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 700,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 90,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 700,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 900,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 35,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 290,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 30,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 600,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30,000 төгрөг, 100,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 7,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,700,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 300,000  төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөг,  2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 30,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 8,000 төгрөг, нийт 23,602,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-11-34/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс дансаар мөнгө зээл шилжүүлэн авч байсан талаар маргаагүй бөгөөд дээр дурдсан нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгээс 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 695,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 300,000 төгрөгийг шилжүүлэн аваагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг мөнгөн шилжүүлгийг баримтаар үгүйсгэж няцаагаагүй, өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд 21,000,000 төгрөгийг зээлсэн гэж тусгасан байх боловч тус өдөр мөнгө бодитоор өгч авалцаагүй талаар талууд маргаагүй бөгөөд уг зээлийн гэрээг тухайн цаг хугацаанаас өмнө бодитоор зээлсэн мөнгөний тооцооны хүрээнд бичгийн хэлбэрээр байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.Ч нарын хооронд мөнгө зээлж, зээлийг эргэн төлөх харилцаа байсан, хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг буцаан төлж зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл дансаар мөнгө шилжүүлэн авсан талаар маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.А 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж ээждээ үзүүлэх шаардлагатай байна гэж түүнийг хуурч зээлийн гэрээг дүр үзүүлэн байгуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 1478 бүртгэлийн дугаартай зээлийг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 193 дугаар зүйлийн 193.1-д “үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын аль алинд нь нийцсэн, талуудын хооронд хийгдсэн мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь шилжүүлэн өгөөгүй боловч 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээлсэн 23,602,000 төгрөгтэй холбоотой гэрээ байгуулагдсан байх тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрийг нэхэмжлэгчийн дансаар буцаан шилжүүлж байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд Хаан банкин дахь Б.Агийн нэр дээрх 5125067219 дугаартай дансны депозит дансны хуулгаар 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 420,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 468,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,820,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 35,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,100,000 төгрөг, нийт 8,008,000 төгрөгийг хариуцагч Г.Ч нь нэхэмжлэгч Б.Ад дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-11-34/

 

Хариуцагч нь дээр дурдсан мөнгөн шилжүүлгээс гадна гэрч Д.Мгээс мөнгө зээлж бэлнээр 5,500,000 төгрөгийг, мөн 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, эдгээр мөнгө зээлийн төлсөн төлбөрт орно гэх тайлбарыг өгсөн боловч бэлнээр мөнгө төлсөн талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох баримтаар нотлоогүй.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.М нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Г.Чд 8,000,000 төгрөгийг өгсөн, тухайн мөнгийг хэнд өгсөн талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн бөгөөд түүнээс зээлсэн мөнгөнөөс 5,500,000 төгрөгийг хариуцагч Г.Ч нь нэхэмжлэгч Б.Ад бэлнээр өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс уг мөнгийг хасч тооцох үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Г.Ч нь нэхэмжлэгчийн данс руу нийт 8,008,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт уг мөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээлсэн нийт 23,602,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 8,008,000 төгрөгийг хасч тооцоход 15,594,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчид анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй, хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй.

 

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 15,594,000 төгрөгөөс алданги тооцож Иргэний хуулийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн алданги 7,797,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Чээс зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 15,594,000 төгрөг, алданги 7,797,000 төгрөг, нийт 23,391,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,109,000 төгрөгт холбогдох хэсэг болон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Чээс зээлийн гэрээний үүрэгт 23,391,000 /хорин гурван сая гурван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,109,000 /найман сая нэг зуун есэн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1478 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих хэмжээнээс илүү төлсөн 52,500 төгрөгийг хариуцагч Г.Чд буцаан олгож, хариуцагч Г.Чээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 274,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР