Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03457

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 12 дугаар гудамж, 238А тоотод оршин суух Шаравнямбуу овогт Эрдэнэцогтын Т /Регистрийн дугаар ХЕ78031501/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 12 дугаар гудамж, 238Б тоотод оршин суух Ранайхан овогт Цэвэлмаагийн О /Регистрийн дугаар ВП73123004/-д холбогдох,

 

2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Тд даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн  өмгөөлөгч Б.Т, гэрч Л.Ц, Д.Ц, Д.Б, Д.О, Б.Э, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.Т миний бие гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж, 238 тоотод 1998 оноос эхлэн амьдарсан. Ээж маань 2003 газраа хувааж хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлж өгсөн. Надад 238Б тоот газрыг, дүү Э.Тд 238В тоот газрыг өгсөн. Миний бие Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч өмчлөгч нь болсон. Дүү маань хүнтэй суухдаа өөрийн газраа зараад мөнгөө авсан. Харин би газраа огт зараагүй. 2005-2007 оны хооронд газар дээр хэн ч байгаагүй, эзгүй байсан, ээж ч байгаагүй, би ч байгаагүй. Би нөхөртэйгөө танилцаад түрээсийн байранд 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Түрээсийн байрны хугацаа дуусахад нялх хүүхэдтэй учраас байнга түрээсийн байранд амьдраад яахав гээд газар дээрээ очиж амьдаръя гээд ирэхэд Ц.О нь гэр бүлийн хамт зөвшөөрөлгүй гэр барьж буусан байсан. Би ирээд яагаад зөвшөөрөлгүй бууж байгаа юм, яв гэхэд манайх олон хүүхэдтэй очих газаргүй хэцүү байна. Түр байлгаач гэж гуйсан. Тухайн үед өрөвдөөд байлгасан. Дараа нь одоо яваарай, газар чөлөөлж өгөөрэй гэхэд мөнгөтэй болж байгаад худалдаж авмаар байна гэсэн. Тухайн үед газар худалдаж авах бол хурдан мөнгөө өгөөд ав гэж манай төрсөн дүү Э.Т хүртэл уулзаж байсан. Бид заримдаа байгаад заримдаа байхгүй явсаар би 2018 оны өвөл гадаад яваад 2019 оны 12 дугаар сард ирсэн. Намайг байхгүй байх хугацаанд манай дүү ээжийн газарт амьдраад заримдаа эзэнтэй байгаад, хэсэг хугацаанд эзгүй байсан. Ингээд удахгүй мөнгөтэй болно гэсээр байгаад 2020 онд газрыг чинь 2,500,000 төгрөгөөр авъя гэсэн. Миний зүгээс олон жил амьдарсан юм чинь гэж өрөвдөөд зөвшөөрсөн. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг байна, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг энэ ондоо багтаагаад өгнө гэсэн. Зөвшөөрч худалдах худалдан авах гэрээ хийх болтол хариуцагчийн зүгээс татвар төлдөг юм, бэлэглэлийн гэрээ хийсэн нь дээр гэж хэлээд үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хийсэн. Энэ өдрөө миний Хаан банкны 5018279634 тоот дансруу хариуцагч Ц.О нь газрын төлбөрийн урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаараа бичиж шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш тохирсон үлдэгдэл мөнгөө өгөөгүй. 2021 оны 5 дугаар сараас эхлээд байшин бариад эхэлсэн. Байшингийн суурь цутгаж эхлэхэд нь би танайх мөнгөө өгөөгүй байж яагаад байшин бариад байгаа юм бэ, би шүүхэд өгнө шүү гэхэд өгч л байхгүй юу, манай хүүхэд цагдаа, чи яаж ч чадахгүй гэж хэл амаар доромжилсон, түүнээс хойш намайг байнга хэл амаар доромжилж байгаа. Хүнээс зөвлөгөө авахад миний зүгээс хууль зөрчиж гэрээ хийсэн болохоо мэдсэн. Иймд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийсэн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах хүсэлтэй байна. Бэлэглэлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар худалдах худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 1,000,000 төгрөгийг буцааж өгөх болно. Худалдах худалдан авах гэрээг халхавчлан хийсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон шийдвэрлэж өгнө үү.

Ц.О нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 330 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох гэсэн шаардлагатай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйл нь нэг ч үнэн юм байхгүй, худал зохиомол гэдэг хариу тайлбарыг хэлмээр байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөнгийг Э.Т болон ээжид нь өгсөн гэж худал ярьж байна. Хамгийн анхны шүүх хуралдаан дээр ээжид нь өгсөн гэж хэлж байсан. Гэтэл сүүлдээ надад өгсөн гэж ямар ч үндэслэлгүй, худал зүйл ярьж байна. Тухайн газар анхнаасаа миний нэр дээр байсан. Манай ээж 2013 онд нас барсан, ээжийг нас барах хүртэл хугацаанд Ц.О нэг ч удаа ээжтэй маань уулзаж байгаагүй. Биднийг ирэхэд Ц.Оынх нүүгээд ирсэн байсан, ээж маань хөдөөнөөс ирсэн, нялх хүүхэдтэй танихгүй айл байсан, за яахав байж байг гээд байлгасан. Түүнээс ямар ч баримт авчирч өгөөгүй, ямар ч хүн ирж уулзаж байгаагүй. Хариуцагч талаас өмнөх шүүх хуралдаанд хүүхдүүддээ захиас үлдээсэн гэж ярьж байсан. Хариуцагч ээж чинь яаж байна гэж нэг ч удаа асууж байгаагүй байж хажууд нь байсан юм шиг хүүхдүүддээ захиас өгсөн гэж яаж худал ярьж чадаж байна вэ, би Ц.Оынхыг хэзээ ч дарамталж байгаагүй, адилхан хүүхэдтэй юм байна, дараа нь боломжоороо мөнгөө өгөх байлгүй дээ гээд огт дарамтлаагүй, янз бүрийн асуудал гаргаж байгаагүй, бид амар тайван амьдарч байсан. Би гадаад явсан нь үнэн, гэхдээ Солонгос улс руу явсан гэж хэлж байгаад гайхаж байна, намайг тийм их судалсан юм уу, би өөр улс руу явсан. Намайг явсны дараа дүү ээжийн газар дээр байхад эгч чинь яасан бэ гэж намайг асуусан байсан, дүү манай эгч удахгүй ирнэ гэж хариулсан байдаг. Намайг гадаадаас ирээд байж байтал гэнэт газраа авмаар байна, мөнгө бэлэн болчихлоо гэж хэлсэн. Намайг хашаагаа янзалж байхад Ц.О өөрөө надад хэлсэн. Ц.О хэлэхдээ манайх байранд орсон, эндээ байхгүй байгаа, хааяа ирдэг гэж хэлсэн. Би одоо мөнгөтэй болсон юм бол ав гэж хэлсэн, Ц.О 2,500,000 төгрөгөөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна, бэлэглэлийн гэрээ хийнэ гэж өөрөө хэлсэн, намайг өөрөө дагуулж очоод бэлэглэлийн гэрээ хийсэн. Шүүхэд хандсанаас хойш намайг маш их дарамталж байгаа. Ц.О болон түүний нөхөр, хүүхэд намайг дарамталж ална шүү, чи ганцаараа амьдардаг хүн, чамайг өмгөөлөх хүн байхгүй, чи эмэгтэй хүн шүү, айж яваарай, над руу чулуу шидсэн, зодох гэж дайрсан, манайх руу тамхины иш, архины шил хаядаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит нөхцөл байдал ийм байна” гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Ц.Оынх нь тус газар 2007 онд нүүж ирж амьдарсан. Анх тус хашааг авахдаа нөхөр Д.Мягмарсүрэнд ажлын газраас нь худалдан авч бэлэглэж, ажлаа сайн хийх санал тавьж Э.Тгийн ээжээс 750,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Гэтэл Э.Тогомаагийн ээж нь удалгүй өнгөрсөн тул газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй. Үүнийг гэрчлэх болон тодорхойлох, худалдаж авсан эзэн, ажлын газрын даргын тодорхойлолт, гэрч байгаа болно. Нэхэмжлэгч Э.Т өөрөө Ц.От олон талын дарамт үзүүлж байгаад бэлэглэлийн гэрээ хийж дүр эсгэн 1,000,000 төгрөгийг авч, бэлэглэлээр газрыг шилжүүлсэн болно. Э.Тгийн гаргаж буй нэхэмжлэл нь хууль зүйн хувьд болон иргэний хувьд хууль зөрчсөн асуудал, бусдыг хэт гүтгэж, дарамталж, доромжилж байгаа нь илэрхий байна. Энэ хашаанд Ц.О нь 14 жил амьдарч байгаа. Гэтэл Э.Т нь сүүлийн үед дур мэдэн тог тасалж дарамт үзүүлэн, удаа дараа хашаанаас яв гэж хөөж, амьдрах нөхцөлд хүндрэл учруулсаар байгаа. Нэхэмжлэгч тухайн үед манай ээж байсан гэж ярьж байсан. 238Б тоот газрыг Э.Тг Солонгос улс руу яваад ирэхэд нь Ц.Оынхаас мөнгийг нь авсан шүү, нэрийг нь шилжүүлж өгөх ёстой гэдгийг хэлсэн. Э.Тгийн ээж нь тэр хавийн газруудыг бүгдийг нь авч айлуудад зарсан гэдэг нь гэрч асуухаар тодорхой болно. Эхлээд 750,000 төгрөг өгөөд дараа нь 250,000 төгрөг өгсөн байдаг. Тухайн газрыг худалдаж авсан, бэлэглэлийн гэрээ хийж эрүүгийн хэргээр залилангийн халхавч болсон гэрээ хийсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл бэлэглэлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй. Ээж нь албан газарт зараад 1,000,000 төгрөг авсан гэдгийг Э.Т өөрөө мэдэж байсан. Нэхэмжлэлийг үндэслэлгүй гаргасан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг болон миний өгсөн нотлох баримтуудаар нотлогдоно. Хуулийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгч, үнэн зөв баримт гаргаж өгөх ёстой, гэтэл энэ эрх, үүргээ зөрчөөд байна. Маргаан байсан, цааш үргэлжилж байна. Тухайн газрыг албан газар ээжээс нь худалдаж авсан бөгөөд анх Ц.От биш, түүний нөхөр Д.Мягмарсүрэнд биш, албан ёсоор А.Э гэдэг хүнд өгсөн байсныг гэрчээр оролцож байгаа компанийн захирал гэрчилнэ. Үнэхээр Э.Тгийн газар мөн үү, биш үү гэдгийг тодруулах ёстой. Энэ нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна, гэрчүүд хэлж байгаа, өгсөн тайлбар байгаа, нотлох баримт байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хоёр зүйлд үндэслэж гаргасан. Нэгдүгээрт маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Анх тухайн газрыг 2005 онд худалдах, худалдан авах гэрээгээр “Од мөнх” ХХК нь нэхэмжлэгч Э.Т болон түүний ээжээс худалдаж авсан. “Од мөнх” ХХК нь ковш, барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Тухайн компанийн үйл ажиллагаа худалдсан гэх газрын наад талд Цайз 16-д байрладаг. Тухайн үед хамгийн анх ковш жолооддог Э гэдэг ажилтандаа ажилтай нь ойрхон газар авч өгье гэдэг үндэслэлээр тус газрыг 750,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн байдаг. Э гэдэг хүнд тухайн газрыг Э.Т болон түүний ээжээс 750,000 төгрөгөөр худалдаж авч өгөөд 2005 оны намраас 2006 оны намар хүртэл 1 жилийн хугацаанд “Од мөнх” ХХК-ийн ажилтан Э амьдарч байсан боловч хүүхдийн сургууль, цэцэрлэг холдоод байна гэдэг үндэслэлээр ажлаасаа гараад нүүгээд явсан. “Од мөнх” ХХК-аас уг байгууллагад тасралтгүй олон жил хичээл зүтгэл гаргаж ажилласан миний нөхөр Д.Мягмарсүрэн болоод магай гэр бүлийн хэрэгцээнд зориулж уг газрыг өгч бид 2007 онд уг газарт нүүж буусан ба энэ өдрөөс хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл амьдарч аж төрж байгаа. Анх уг хашаанд буухад Э.Т болоод түүний ээж нар ямар айл вэ гэхэд бид учир шалтгаанаа хэлж, компаниас хүртэл хэлсэн ба энэ үеэс бид хөрш залгаа хамар хашааны айлууд болж амьдарч эхэлсэн. Тухайн үед бидний хашаа дундуураа тусгаарласан зүйл байхгүй байсан ба би тухайн үед банз авч өөрийн кадастрын хэмжээгээр хашаа татаж тусгаарласан. Энэ үеэс Э.Т болон түүний ээж нараас гэрчилгээгээ шаардаж эхэлсэн боловч танай өмнөх айл чинь өчнөөн хог хаяад нүүсэн байсныг бид ачуулж цэвэрлүүлж өөрөөсөө 100,000 төгрөг гаргасан, энэ мөнгийг өгөөд аваарай гэсэн учир 100,000 төгрөг бэлдээд одоо авъя гэсэн чинь надад гэрчилгээ байхгүй, өмнөх амьдарч байсан хүнд чинь байгаа гэж хэлээд хойшлуудаг байсан. Сүүлдээ завгүй, дараа сард, удахгүй гэх мэтээр гэрчилгээ шилжүүлж өгөхгүй яваад байдаг байсан. Миний болоод манай нөхрийн зүгээс муудалцаад яахав, гэрчилгээ бүүр өгөхгүй юм болно, аясаар нь байж байгаад авъя гэж хоорондоо ярилцаад хэлсэн болгонд нь итгээд хүлээдэг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 6 сард гэрчилгээгээ авмаар байна гэсэн чинь тухайн үед миний хог ачуулсан 100,000 төгрөг одоогийн 1,000,000 төгрөгтэй тэнцэнэ, 1,000,000 төгрөг өгөөд гэрчилгээгээ ав гэсэн. Манай нөхөр би өдрийн цагаар ажилтай, чи хөөцөлдөөд гэрчилгээгээ аваадах гэхээр нь би тухайн үед нь мөнгөгүй байсан учир өөрийн төрсөн эгчдээ хэлэхэд манай эгч Ц манайхыг гэрчилгээгээ авч чадахгүй олон жил явж байгаа зовлонг мэддэг тул тэтгэврийн зээл авч 1,000,000 төгрөг өгснийг би Э.Тд өгч, гэрчилгээгээ тухайн өдөр шилжүүлж авсан. Гэвч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит нөхцөл байдлыг гуйвуулж олон жил намайг гуйж амьдарсан, сүүлд 2,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэх мэт илт үндэслэлгүй худал нэхэмжлэл гаргасан байна. Бид гэрчилгээ шилжүүлдэг өдөр бэлэглэлийн гэрээ хийсэн шалтгаан нь нөгөө 1,000,000 төгрөгөөсөө ахиад татвар төлөх юм байна, хоёулаа бэлэглэлийн гэрээ хийе гэж ярилцаад уг гэрээг хийсэн ба миний бие 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан газраа халхавчилж бэлэглэлийн гэрээ хийсэн асуудал биш. Миний бие гэрээ халхавчилж өөр гэрээ хийх хууль зүйн мэдлэг байхгүй ба миний нөхөр Д.Мягмарсүрэн бүх насаараа гагнуурчин, би өөрөө насаараа цэвэрлэгч хийж, үр хүүхдээ тэжээж яваа жирийн эцэг, эх. Гэтэл биднийг гүтгэж шүүхийн байгууллагад худал нэхэмжлэл гаргасан байна. Ц.О миний бие нэхэмжлэлд нэг ч худал зүйл бичээгүй ба бидний хооронд болсон үүссэн харилцаа юм. Уг өмчлөх эрхийг олж авахдаа хууль зөрчиж ямар нэгэн байдлаар шударга бус үйлдэл гаргаагүй тул Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 330 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн Э.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрөө хохирч байгаа мэт нэхэмжлэл гаргасан боловч бодит байдал дээрээ жинхэнэ хүчирхийлэгч нь Э.Т байсан. Манайд ирсэн хөдөөний хүмүүс рүү шороо цацаж, харааж хэл амаар доромжлох, тэр бүү хэл бидний тог авдаг утсыг тасалж, энэ шон манай талд байна, тэгэхээр манайх гэсэн үг гэх мэтээр дайрч, бид аргагүйн эрхэнд өөр хол газраас тогоо авсан. Биднийг энэ муу цэвэрлэгч авгай, гагнуурчин хоёр гэсэн байдалтай хандаж, нүүр лүү шүлсээ хүртэл хаяж байсан удаатай. Энэ асуудлаар цагдаад хандаж байсан боловч тоохгүй орхидог. Бид өөрсдийн өмчлөлийн газар дээр өнөөдрийг хүртэл амгалан тайван амьдарч чадахгүй явсаар байна. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Тд даалгаж өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Т нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг,

хариуцагч Ц.О нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Тд даалгуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

Зохигчдын хэн аль эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэг. 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын талаар

 

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэргэцээний зориулалтаар 330 м.кв газрыг Э.Тд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр тогтоогдож байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Э.Тг эрхийн улсын бүртгэлийн Г-2204027277 дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000419250 дугаартай гэрчилгээ олгогдсон болох нь гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх- 6 дугаар хуудасны ар тал, 28/

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3-т газар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.Т нь өөрийн өмчлөлийн газрыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Ц.От шилжүүлж, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уг газрыг өмчлөх эрхийг бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-98/

 

2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-нд  Э.Т нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204027277 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй газрыг Ц.От бэлэглэсэн талаар дурджээ. Уг гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй. /хх-5/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчид өөрийн өмчлөлийн газрыг 2,500,000 төгрөгөөр худалдсан боловч хариуцагч тохирсон мөнгөний үлдэгдэл 1,500,000 төгрөгийг өгөөгүй, татвартай холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг халхавчлан бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн тул тэдний хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Оаас нэхэмжлэгч Э.Тгийн Хаан банкин дахь 5018279634 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд зохигчид уг мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагч газрын төлбөрт шилжүүлсэн гэх, хариуцагч нь газрын гэрчилгээг гаргуулж авахын тулд нэхэмжлэгчийн 2006 онд хог ачуулсан гэх 100,000 төгрөгийг өнөөгийн ханшаар тооцож 1,000,000 төгрөг өг гэж шаардсаны дагуу шилжүүлсэн мөнгө гэх тайлбарыг гарган маргаж байна. /хх-7/

 

Хариуцагч нь маргаан бүхий газрыг түүний нөхөр Д.Мягмарсүрэнгийн ажиллаж байсан “Од мөнх” ХХК-аас ажилчдадаа худалдан авч өгсөн газар гэх тайлбарыг гаргасан бөгөөд өөрийн тайлбартай холбогдуулан тус компанийн захирлыг гэрчээр асуулгасан.

 

Гэрч Л.Ц мэдүүлэгтээ “...манай компани Шархадны техникийн захын хажуу талд байдаг. Манай компанийн ажилтан тэр хавиар яваад уг газрыг Эд авч өгч болох юм байна гээд компанийн зүгээс 750,000 төгрөг өгөөд, мөнгийг ажилтан Гансүх өгсөн. Би тодруулж асуухад ээжид мөнгийг нь өгсөн гэж хэлсэн. Мөнгө төлсний дагуу манай газар болсон. 2005 оны 8 дугаар сард жолооч Э тус газарт бууж 2007 он хүртэл байж байгаад нүүсэн. Тухайн газрыг үргэлжлүүлээд кранист Мягмарсүрэнгийнд өгөөд очиж буусан. ...750,000 төгрөг бэлнээр өгсөн, охиныг ирэхээр шилжүүлээд өгнө, манай охин гадагшаа явсан гэж хэлсэн байдаг. Тухайн үед баримтыг нь аваагүй, газар шилжээгүй ч гэсэн мөнгөө өгөөд 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл манай ажилчид залгуулаад амьдарч байгаа...” гэж мэдүүлсэн.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гарчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ....тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.

 

Хариуцагчийн тайлбар болон гэрч Л.Ц нарын мэдүүлэгт “Од мөнх” ХХК маргаан бүхий газрыг 750,000 төгрөгөөр худалдан авсан гэж, гэрч Д.Ц, Д.Б, Э.Т нар нь маргаан бүхий газрыг компаниас нь худалдан авч хариуцагчийн гэр бүлд өгсөн гэж мэдүүлж байх боловч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 12 дугаар гудамж 238Б тоот хаягт байрлах 18649313161264 нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь “Од мөнх” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн газар болох нь, тус компанид маргаан бүхий 330 м.кв газрыг эзэмшүүлсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтаны шийдвэртэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан. Тодруулбал, аливаа эд хөрөнгийг бусад этгээдэд бэлэглэхэд түүнээс хариу төлбөр үл шаардах бөгөөд талуудын хооронд тухайн зүйлийг бэлэглэх үндэслэл юу байсан бэ гэдгийг тодруулах шаардлага үүснэ.

 

Нэхэмжлэгчийн газрыг хариу төлбөртэй буюу худалдах гэж тохирсон, худалдах, худалдан авах гэрээг бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан гэх тайлбарыг хариуцагч нь баримтаар няцаагаагүй бөгөөд талуудыг сайн дурын үндсэн дээр үнэн санаанаасаа хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан гэдгийг нотлоогүй байна.

 

Зохигчид өмчлөлийн газрыг хариу төлбөргүйгээр бие биедээ бэлэглэх хэмжээний харилцаатай байсан эсэх нь тодорхойгүй, талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх учир дутагдалтай байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт дурдсанаар зохигчид газрыг худалдах, худалдан авахаар тохиролцсон ба худалдах, худалдан авах гэрээгээр бус, харин бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн болох нь гэрээний хоорондын уялдаа, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулах болсон сэдэл зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээг халхавчлан байгуулсан гэх үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан.

 

Зохигчид газар худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, үйлдэл, эс үйлдэхүйгээр нөгөө талдаа мэдэгдсэнийг хандсан этгээд хүлээн авч, зөвшөөрсөн тохиолдолд уг хэлцэл хуульд зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байх учиртай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь хэлцлийн зорилго нь хэлцэл хийж, эрх, үүргийн хувьд холбогдох чин хүсэлтэй байдаг ч үүнийгээ илэрхийлэхдээ хэлцлийн хэлбэрийг өөрөөр тодорхойлсон байхыг хэлнэ.

 

Нэхэмжлэгч Э.Т болон хариуцагч Ц.О нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний хэлбэрээр Э.Тгийн өмчлөлийн газрыг худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсан хэдий ч хэлцлийнхээ хэлбэрийг илэрхийлэхдээ татвар төлөхөөс зайлсхийх байдлаар энэ хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д заасан бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан байна.

 

Энэ тохиолдолд зохигчдын газар худалдах, худалдан авах анхны хүсэл зориг хүчинтэй хэвээр бөгөөд, харин бэлэглэх илэрхийлэл нь тэдгээрийн жинхэнэ буюу худалдах хүсэл зоригоос өөр байсан учраас эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм, гэвч уг хэлцлийн цаад буюу халхавчлагдсан хэлцэл болох худалдах, худалдан авах хэлцэл нь талуудын зорьсон бөгөөд харилцан зөвшөөрсөн үйлдэл байсан тул хүчин төгөлдөр хэвээр байх учиртай.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. 

 

Зохигчид 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр газар худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасан зохицуулалтад нийцнэ. Харин бичгээр хийсэн зохигчдын дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тодруулбал, газрыг бусдын өмчлөлд шилжүүлэх хэлцэл нь нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, 245 дугаар зүйлийн 245.2-т заасан журмыг зөрчсөн тул 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

 

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газрыг үнэ төлбөргүй хариуцагчид бэлэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь 1,000,000 төгрөгийг хогны мөнгөнд төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн дүгнэж зохигчдын хооронд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бүртгэлийн 1276 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчлан байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болох ба хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй болно.

 

Зохигчид маргаан бүхий газар дээр хариуцагч байшин барьж байгаа талаар тайлбартаа дурдсан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс, үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасан бөгөөд маргаан бүхий газар дээр баригдаж буй байшин нь газартай салшгүй бэхлэгдсэн, хөдөлж үл болох үл хөдлөх эд хөрөнгө байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх тохиолдолд тухайн хөрөнгийн үнэлгээг тодорхойлох асуудал үүснэ.

 

Нэхэмжлэгч Э.Т нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг нэхэмжлэлийн  шаардлагаар тодорхойлон шаардаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Тд даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Оын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч нэхэмжлэгчид гардуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжтой гэдэг нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцөлийг хэлнэ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хариуцагч Ц.Оын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал, үндсэн болон сөрөг нэхэмжлэл нь тусдаа нэхэмжлэл байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хоорондоо тооцогдохгүй шаардлага байх тул сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Ц.Оын нэхэмжлэгч Э.Тд холбогдуулан гаргасан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг Э.Тд даалгуулах сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

 

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй тул хариуцагч Ц.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийн 1276 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тд холбогдох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 12 гудамж, 238Б тоот хаягт байрлах 330 м.кв газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж амгалан тайван амьдрахад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг даалгуулах тухай хариуцагч Ц.Оын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Тд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж, хариуцагч Ц.От буцаан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР