Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1052

 

185/2019/0110/Э

 

 

 

 

    2020            08            20                                       2020/ДШМ/1052    

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Баярхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/495 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.М-д холбогдох эрүүгийн 1809034870739 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Б.М- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн хөгжлийн яамны урд талбайд 2018 оны 8 дyгaap сарын 9-ний орой 21 цаг 10 минутаас 21 цаг 20 минутын орчимд хамт ажилладаг Т.Г-тэй маргалдаж, түүний толгойн тус газарт гараараа 7 удаа цохих, хөлөөрөө 5 удаа өшиглөх зэргээр зодож, суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт гэмтлүүдийг учруулсны улмаас Т.Г- нь гавал тархины битүү гэмтэл авч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барж, Б.М- нь талийгаачийг зодох явцдаа түүний биед баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун, зүүн хацрын төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт болон уруулын салст, завьжны салстын цус хуралт бүхий олон тооны гэмтэл, шарх учруулж хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ыг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 644 /зургаан зуун дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийн /Г.Бөртэгэлжин/ сургалтын төлбөр, бусад зардал 352.377.472 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан 65.587.440 төгрөгийн орлогын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс Энэтхэгийн Дарамсала хотод очиж Далай багшид даатгасан буяны зардал гэх 4.997.000 төгрөг, охин Г.Бөртэгэлжингийн ажил явдалд оролцохоор ирсэн, буцсан онгоцны тийзний зардал 7.538.844 төгрөг зэргийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасны дагуу хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийн /Г.Бөртэгэлжин/ сургалтын төлбөр, бусад зардал 352.377.472 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан 65.587.440 төгрөгийн орлогын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон байна.

Нэг. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дугаар зүйлд заасныг үндэслэн нас барагчийн эхнэр У.Ө-ийн дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг гаргуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө- нь талийгаачийн оршуулгын ажилд, мөн 1 ой 6 сартай үлдсэн нялх хүүхдээ асрах /энэ хугацаанд хүү Г.Нэгүнжин цээжний хатгалгаа өвчин тусч хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж ээж нь сахисан/, талийгаачийн аав Р.Төмөрхуяг хүүгээ нас барснаас хойш сэтгэлийн шаналлаас үүдэн ходоодны хорт хавдар өвчнөөр өвчилж байсныг асарсан /2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нас барсан/, талийгаачийн ээж Х.Дэлгэрцэцэг хүүгээ нас барсны дараа хөлөө хугалж байнгын асаргаа шаардлагатай байсан зэрэг шалтгаанаар гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2018 оны 8 дугаар сараас хойш өөрийн үндсэн ажил үүргээ 2019 оны 12 дугаар сар хүртэл хийж гүйцэтгээгүй бөгөөд энэ хугацаанд олох ёстой байсан цалин 4.099.215 төгрөг /1 сарын дундаж орлого/, нийт 16 сарын цалин хөлс олох байсан орлого буюу 65.587.440 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. 12 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр талд Монголын Нотариатчдын танхимын тодорхойлолт, 60-61 талд татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтрээр талийгаачийг амьд байхад ажиллаж хөдөлмөрлөж олсон орлогыг тодорхойлсон баримтууд, харин талийгаачийг нас барснаас хойш 16 сар ажиллаж чадаагүй цалин хөлс болон олох ёстой орлого ороогүй талаар Монголын Нотариатчдын танхимын санхүү болон ерөнхийлөгчийн тодорхойлолт, татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөөр байхад жич нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гарга гэж байгаа нь үндэслэлгүй тул хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж дээрхи хохирол төлбөрийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёр. Сургалтын төлбөр болон бусад зардлын нэхэмжлэл:

Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгат 100 хувийн тэтгэлгээр охин Г.Бөртэгэлжин нь АНУ-ын Embry-Riddle Aeronautical University их сургуульд инженер мэргэжлээр 4 жил суралцах эрх авсан байсан. Гэтэл аавыг нь нас барсны дараа Иргэний нисэхийн ерөнхий газраас “сургалтын төлбөрийн 50 хувийг төлнө, үлдсэн 50 хувийг өөрсдөө төл” гэсэн. Хэрвээ талийгаач Замын тээврийн хөгжлийн яаманд ажил үүргээ гүйцэтгэж амьд байсан бол Иргэний нисэхийн ерөнхий газар төлөх ёстой төлбөрийг 100 хувийг төлөөд явах байсан. Эцэг нь нас барж, эх нь ганцаараа энэ их төлбөрийн үүргийг хүлээж төлөх хүнд нөхцөл байдал, эдийн засгийн дарамт бодитоор үүсээд байна. Ганц том охин Бөртэгэлжингийн сургалтын төлбөр биш цаана нь өнчирч үлдсэн бага насны 3 хүүхдийн сургалтын төлбөр, хоол хувцас гэх мэт тооцоолж барамгүй их төлбөр, хохирол байгаа гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна. Ганц тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг олгосноор хохирол төлбөрөө төлсөн гэж үзэх нь дэндүү өрөөсгөл тул гэм буруутай этгээдээс буюу Б.М-аас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Охин Г.Бөртэгэлжингийн АНУ-ын Embry-Riddle Aeronautical University их сургуульд инженер мэргэжлээр 4 жил суралцах хугацааны сургалтын төлбөрийн 2 жилийн сургалтын төлбөрийн 80.000 ам.доллар буюу 221.440.000 төгрөг /нэхэмжлэл гаргах үеийн долларын ханшийг Монгол банкны сайтаас авсан болно. 1 ам.доллар 2768 төгрөгтэй дүйцэж байсан/, бусад зардал ба оюутны байрны төлбөр, ном сурах бичгийн зардал, бусад зайлшгүй төлөх хураамжууд улиралд 5913 ам.доллар, жилд 11.826 ам.доллар, 4 жилийн 47304 ам.доллар буюу 130.937.472 төгрөг, нийт 352.377.472 төгрөгийг гаргуулан хохирлыг төлүүлэх.

Гурав.

 

 

Зээлийн нэр

Анх авсан

зээлийн

хэмжээ

Зээлийн

үлдэгдэл

/төгрөгөөр/

Тайлбар

1

“Си Жи Эм ББСБ” ХХК-иас 2013 оны 11 сарын 01-ний өдөр 300082 тоот зээлийн гэрээний дагуу авто машин худалдан авах зориулалтаар сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн зээл

27.000.000 /хорин долоон сая/

53.562.658 /тавин гурван сая таван зуун жаран хоёр мянга зургаан зуун тавин найм/

 

Уг зээлийн гэрээ нь 12 дугаар хавтаст хэргийн 37-40 дүгээр талд зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд дээр амь хохирогч гарын үсэг зурж зээл авсан тухай нотлох баримтуудыг хавсаргасан байгаа. Гэтэл анхан шатны шүүх орон сууцны ипотекийн зээл болон хэрэглээний зээлийг хангасан мөртлөө “Си Жи Эм” ББСБ-аас авсан зээлийг хэрхэн шийдсэн талаар ямар ч дүгнэлт өгөөгүй, шийдвэрлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрлээгүй үлдээсэн дээрхи зээлийн үлдэгдэл 53.562.658 төгрөг, нийт 471.527.540 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг үндэслэн 13 жилийн хорих ялыг оногдуулсан. Уг ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. Бид маш их гомдолтой байгаа. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хань ижлээ алдаад олон зовлон бэрхшээлийг туулж ирсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үхсэн хүн босож үг хэлэхгүй мэтээр үзэж, энэ хэргийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд юу ч гэж хэлж болно гэж бодож, сүүлдээ талийгаачийг арчаагүй сул дорой амьтан байсан мэтээр бичсэн байна. Тухайлбал, өмгөөлөгч Б.Ганболдын давж заалдах гомдолд “үндэс угсаа нэг шүү пизда минь гэж хэлээд хамрыг нь хуга цохиж, түүнийг цус нөжтэй нь хутгана”, “асаагаад татаж байсан тамхиа бидний үйлчлүүлэгчийн ам руу хийж, тат гэж тулган шаардана”, “зүгээр зогсож байхад нь араас нь өшиглөх, нүүр лүү нь удаа дараа шанаадаж, оч гал манартал, амьдрал нь “хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэлх байдлаар” нүднийх нь өмнө зураан өнгөртөл толгой руу нь гараараа цохиж зодно”, “ямар үхдэггүй муу новш вэ, чамайг алсан байхад хууль надад үйлчлэхгүй шүү”, “эхнэрийг чинь шаана шүү” гэсэн байна гэж хажууд нь байсан юм шиг бичсэн байна. Миний хань надтай 20 жил амьдрахдаа ийм зүйл ярих, ёс зүйгүй авир гаргах хүн биш. Энэ хэрэгт өөр үндэслэлтэй мэтгэлцэх зүйл олдохгүй байгаа учир зохион байгуулалттайгаар янз бүрийн худал зүйл ярьсан гэж үзэж байна. Миний нөхрийн бие махбодыг булшилж болох ч нэр төрийг нь булшилж чадахгүй. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажлаа хийж чадаагүй, олох ёстой байсан орлогоо олж чадаагүй. Энэ хэргийн улмаас миний нөхрийн эцэг шаналж явсаар 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нас барсан. Өмгөөлөгч нар хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй болохоос хэн нэг хүний нэр төрийг гутаан доромжилж болохгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийн талаар өмгөөлөгч нар ярьж байна. Гэтэл шинжээч эмч гэмт хэргийн үйл баримтыг тогтоох ёстой болохоос өөрийнхөө эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар мэдүүлж, шүүх хуралдаанд оролцон мэтгэлцэж талуудын хэн алинд нь дэмжлэг үзүүлэх хүн биш гэж үзэж байна. Энэ хэргийг шударга мөрдөгч, прокурор, шүүгч нар хянан хэлэлцэж ирсэн гэж ойлгож байна. Анхан шатны шүүх хохирол төлбөртэй холбоотой асуудлыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй. Хэрэв миний нөхөр амьд сэрүүн байсан бол эхнэр, хүүхдүүд, эцэг эх, ах дүү нар, эх орондоо юугаар ч орлуулшгүй их аз жаргал, инээд хөөр, элэг бүтэн амьдралыг үлдээх байсан. Хэрэг гарснаас хойш хоёр жилийн хугацаанд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгч нар намайг Б.М-ын хэргийг зориуд улс төржүүлж байна гэж надтай холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Миний эзэмшдэг компани, надтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг судлах, унаж явдаг автомашиныг дагаж бичлэг хийж баримтжуулан намайг айлгаж сүрдүүлсэн. Би үүнийг урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэлсний дараа Б.М- өмгөөлөгчөөрөө дамжуулж уулзаад уучлалт гуйж байгаа нэртэй юм болсон. Би шүүгдэгчийг хоёр жилийн хугацаанд хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөрөө сайн дураараа төлж байгаа гэж бодохгүй байна. Аргагүйн эрхэнд гэм буруутай нь шүүхээр тогтоогдсоны дараа 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөрөө төлсөн. Би үнэхээр их гомдолтой байна. Иймд миний гаргасан гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа бөгөөд хохирол төлбөрийг үнэн зөв шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гомдол, тайлбарыг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй. Энэ хэрэгт хангалттай олон удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх дүгнэлтийг зөв үндэслэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа зөрчил мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтоогдоогүй. Иргэний нэхэмжлэл, гэм хортой холбоотой нэмэлт зардлуудыг бүрэн хангаж шийдвэрлүүлэхийг хүссэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо онц харгис хэрцгийгээр хүний амь нас хохироосон гэх шинжийг үгүйсгэсэн байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1775 дугаартай дүгнэлтээр хүнд, хөнгөн гэмтэл, мөн гэмтлийн зэрэг тогтоогдохгүй зулгаралт, шалбаралт үүссэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч н.Болороогийн мэдүүлгээр гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байгаа зулгаралт, шалбаралтууд нь ямар нэг зовиур үүсгэхийг үгүйсгэхгүй гэсэн тул олон тооны гэмтэл, зулгаралтууд хохирогчид зовлон шаналал үүсгэсэн гэж үзэж байх тул хэргийн зүйлчлэл үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч Б.М- хүний амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшин харуусаж, гэм буруугийн тал дээр маргадаггүй гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Харин өмгөөлөгч нарын хувьд хэргийн зүйлчлэл дээр зөвхөн мэргэжлийн хувьд өөр байр суурьтай байгаа болно. Эрүүгийн эрх зүйн өрсөлдөгч хэм хэмжээний асуудал энэ хэргийн хувьд үүссэн учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх замаар шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж үзэж ял шийтгэсэн явдал нь үндэслэлгүй юм. Учир нь, хууль хэрэглэх талаар Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар болон хүнийг санаатай алах гэмт хэргүүдийг шийдвэрлэсэн эрүүгийн олон тооны хэргийн тогтоолдоо заахдаа “үйлдлийн тоо олон байх нь дан ганц онц харгис хэрцгий гэж үзэх шинж биш” гэдгийг онцолсон байдаг.

Тухайлбал: Нэг. “Онц харгис хэрцгий арга”-д хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатай саад учруулсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол. 2009.05.22., №14., 5.13/. Миний үйлчлүүлэгчийн хувьд онц харгис гэж үзэх ямар нэгэн энэхүү тогтоолд дурьдсан аргуудын аль нэгийг нь ч ашиглаагүй болно. Анхан шатны шүүх дээр миний үйлчлүүлэгч Б.М- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-тэй биечлэн уулзаж, албан ёсоор уучлал гуйсан ба энэ үед “таныг миний ханийг санаатайгаар алчихсан гэж би бодохгүй байна” хэмээн хэлж байсан ба уг уулзалт хийж байхад тэдний өмгөөлөгч, миний бие, бас шүүхийн цагдаа нар байлцсан юм. Тэрээр мөн “нэг хоногийн өмнө ч гэсэн гэр бүл, эхнэр хүүхдэдээ очоосой” гэж хүсэж байна гэдгээ шүүх хуралдааны үед хэлсэн үгэндээ онцолж байсан тал бий.

Хоёр. “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой /Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол. 2018.12.19., №564/. Энэ хэргийн тухайд, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүнийг өшиглөх, цохих үйлдлүүд гаргасан боловч хохирогчийг зориудаар зовж зүдрэх, тарчлахаар нөхцөл байдалд хүргэн амь насыг нь хохироох хүсэл зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн хохирогчид учруулсан гэмтлийн тоог үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлтийг яс хуулбарлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон эмнэлгийн шинжээч эмч О.Болороо “гэмтлийн улмаас талийгаач нь тэсвэрлэшгүй зовж шанална гэх ойлголтыг тогтоох боломжгүй” гэж маш тодорхой мэдүүлдэг.

Гурав. “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байна /Ш.Төрбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол. 2017.01.30, №23/. Б.М- нь хүнийг алахаар урьдчилан төлөвлөөгүй, хохирогчтой ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Харин хохирогчид хүчээр дарлагдаж буюу хүндээр доромжлогдож байхдаа л түүний хууль бус үйлдлийн эсрэг биеэ барих, хянах чадвараа алдсан үедээ амь насыг нь бүрлэгсэн. Хэрхэн яаж гэдгээ бол мэддэггүй, санадаггүй. Ийм л үйлдэл хийчихсэн байсан гэдэг. Шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ “гэмтлийг авснаас хойш ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй. Гэмтлийг авснаас хойш талийгаач зовж шаналж байгаагаа мэдрэх боломжгүй. Учирсан гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломжгүй. Хохирогч тухайн гэмтлийг авсан даруйдаа маш богинохон хугацаанд нас барна” гэсэн байдаг. Камерийн бичлэгийг харахад ердөө 54 секунтэнд болж өнгөрсөн байдаг. Эдгээрээс үзэхэд яагаад ч онц харгис хэрцгийгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг биш нь хууль зүйн болон бодит байдлын хувьд ойлгогдоно хэмээн үзэж байна. Амь хохирогч амьд ахуй цагтаа энэ хэргийг сэдэж, миний үйлчлүүлэгчээс гадна хоёрын хоёр ч хүний эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан бөгөөд энэ гурван хүнд, үргэлжилсэн үйлдлээр /ээлж дараалан дайран зодож/ гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Тийм ч учраас анхан шатны шүүхээс “энэ хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсныг үгүйсгэхгүй” гэж дүгнэсэн юм. Гэхдээ энэ дүгнэлтээсээ илт зөрүүтэйгээр хэргийн зүйлчлэлийг хийж алдаа гаргалаа. Амь хохирогчийн гэм буруутай, хууль бус үйлдэл энэ хэрэг дээр нилээдгүй тод томруун харагддаг.

Үүнд: Үндэс угсаа нэг шүү пизда минь гэж хэлээд хамрыг нь хуга цохиж, түүнийг цус нөжтэй нь хутгана, асаагаад татаж байсан тамхиа бидний үйлчлүүлэгчийн ам руу хийж, тат гэж тулган шаардана, зүгээр зогсож байхад нь араас нь өшиглөх, нүүр лүү нь удаа дараа шанаадаж, оч гал манартал, амьдрал нь “хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэлх байдлаар” нүднийнх нь өмнө зураан өнгөртөл толгой руу нь гараараа цохиж зодно, салгах гэж очсон хоёр ч хүн лүү дайрч зодож, босож чадахгүй болтол нь өшиглөж унагах зэргээр гэмт халдлага үргэлжлүүлэн хийнэ, эцэс сүүлдээ арга барагдаж, өөрийгөө хамгаалах ч учраа олохгүй, дарга хүн байж больчихгүйн байхдаа, би ингээд л үхдэгийн байж хэмээн бодолд автан айж түгшин сууж байх үед нь “ямар үхдэггүй муу новш вэ, чамайг алсан байхад хууль надад үйлчлэхгүй шүү” хэмээн орилж Б.М- руу халдан довтолно, энэ бүхнийг тэсэн тэвчсэн хэдий боловч нэгэнт шоконд орж, амь хохирогчийн эсрэг бүхий л үйлдлээ хийж, нэг мэдэхнээ түүнийг хэдэнтээ цохиж, өшиглөсөн байдаг ба энэ бүхнээ сүүлчийн авсан цохилтоосоо хойш үл санана. Ингэж тэсгэл алдаж, бие сэтгэлээ барих, хянах чадвараа алдахад хүргэсэн амь хохирогчийн зүй бус гол үйлдэл, гэм буруу нь сүүлчийн гурав дахь удаагийн цохилт бөгөөд энэ цохилтыг хийхийнхээ өмнө “олигтой ч хүүхэн шааж чадахгүй пизда, авгайг чинь шаана шүү” гэж хэлсэн үг билээ. Учир нь, дээрх үг Б.М-д маш хүндээр туссан. Сүүлд гэр бүл болж ханилан суусан эхнэртэйгээ 14, 15 жил болохдоо үр хүүхэд олоогүй явдал нь эдний гэр бүлийн хувьд хамгийн нарийн, эмзэг сэдэв нь байсан. Б.М-ын “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан эсэхийг шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийлгэж тогтоо” гэсэн шүүгчийн захирамж гарч, хэрэг мөрдөн байцаалтад буцсан боловч энэ шүүхийн шийдвэрийг прокурор төдийгүй шүүх өөрөө ч үл биелүүлээгүй буюу огт тоож үзээгүй юм. Энэ нь нэг талаас шүүхийн шийдвэрийг прокурор биелүүлж болно, анхан шатны шүүх өөрийн гаргасан шийдвэрээсээ өөр шийдвэр гаргаж болно, адил эрхтэй шүүх атал нэгнийхээ шийдвэрийг хүчингүй болгож болно гэх зэрэг буруу жишиг тогтоож байгаа явдлыг илтгэв. Нөгөө талаар шүүх сэтгэц эмгэг судлалын эргэлзээтэй дүгнэлт гэж шүүх үзсэн байхад тэрхүү хүчингүй болсон буюу эргэлзээтэй дүгнэлтийг шүүх нотлох баримт болгон үнэлж буй нь өөрөө хууль хэрэглээний хувьд процессын ноцтой алдаа юм. Иймд Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг үү, эсхүл 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үү гэдгийг магадлаж өгөхийг хүсэж байна. Хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөхтэй уялдаж, хохирол төлбөр нөхөн төлсөн ба гэм буруу, хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын хамгийн бага хэмжээгээр, нээлттэй дэглэмд ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэрэгт гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэхдээ өмнө тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/2276 тоот захирамжаар Нийслэлийн Прокурорын газарт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан Б.М-д холбогдох эрүүгийн 1809034870739 тоот хэрэгт заагдсан Сэтгэцийн шинжилгээ дахин томилох заалтыг биелүүлэлгүйгээр үндэслэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15 дахь заалтууд зөрчигдсөн/, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүлж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,1.3/, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг бүхэлд нь/ гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Шинжээч Ж.Болороогийн “... Б.М- нь... цохисон үйлдлийн улмаас амь хохирогч Т.Г- тухайн агшинд тэсвэрлэшгүй тарчилж өвдөж шаналсан байх боломжтой юу?” гэсэн мөрдөгчийн асуултад “Цогцост хийсэн шинжилгээгээр амьд үед үүсэх эмнэл зүйн шинжийг тогтоох боломжгүй юм. Үхэлд хүргэсэн шарх гэмтлийг авснаас хойш идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй, богино хугацаанд нас барна.” /9хх 207-208/ гэж хариулснаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр...” гэсэн үйлдлийн шинж чанарыг шууд үгүйсгэж байна. Учир нь, тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчид хууль сануулан авсан мэдүүлгээр “...амьд үед үүсэх эмнэл зүйн шинжийг тогтоох боломжгүй ...” гэсэн мэдүүлэг, яллагдагч энэ хугацаанд амь хохирогчийг цохиж байгаа үйлдлүүдээ өөрийгөө удирдан жолоодож санаатай зодож алсан гэхэд үнэнд нийцэхгүй, нотлох баримтгүй, хэргийн үйл явдлыг өөрөө санахгүй байгаа байдал, богино хугацаанд гарч байгаа араншин зэрэг нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 1020 дугаартай дүгнэлтээр Б.М- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй /9хх 223-226/ гэж дүгнэсэнтэй нийцэхгүй. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд яллагдагчийн сэтгэл зүй ямар байсан, хамт ажилладаг амь хохирогч нь Б.М-д илтэд хүндэтгэлгүй хандаж элдэв үгээр доромжилж, эрүүл мэндэд нь халдаж гэмтэл учруулсан үйлдлийг ч бүрэн шалгаагүй, түүнийг өөрийг нь битгий хэл эхнэрийг нь доромжилж хүүхэд гаргадаг, гаргадаггүй гэж хүний хувийн орон зай руу дэндүү дайрч, түүний Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний жам ёсны эрхэд халдаж хэл амаар хүндээр доромжилсны улмаас шүүгдэгч цочирдон давчдаж болж буй үйл явдлыг санахгүй шокын байдалд гэмт хэрэг үйлдэгдсэн байх өндөр магадлал хэрэгт байгаа нотлох баримтуудыг харьцуулан үнэлж үзвэл шууд харагдаж байна. Энд хуульд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт үгүйлэгдэж байгааг хэрэгт хяналт тавьж байгаа прокурор анхааралгүйгээр “сэтгэл санаа хүчтэй цочирон давчдах” гэсэн нь эмнэлгийн бус хууль зүйн ойлголт гэж илтэд үндэслэлгүйгээр шууд үгүйсгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч гэмт хэрэг гарахад шалтгаан нөхцөл нь юу байсныг хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоох хэрэгтэй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл/. Гэмт хэрэг гарахад амь хохирогчийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн байхад мөрдөгч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор хэтэрхий нэг талыг барьж хэргийг шалгаж, ял хүндрүүлэн сонсгож, өмнө тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/2276 тоот захирамжаар Нийслэлийн Прокурорын газарт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамжид заагдсан Сэтгэцийн шинжилгээ дахин томилж, дүгнэлт гаргуулах заалтыг биелүүлэлгүйгээр үндэслэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх дээрх захирамж хүчин төгөлдөр байгааг шийдвэрлэлгүйгээр шууд ял оногдуулсан гэж үзнэ. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж нь хууль зүйн хувьд адил хүчинтэй бөгөөд заавал биелэгдэх эрх зүйн ач холбогдол бүхий актууд болно. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5.13.“Онц харгис хэрцгий арга”-д хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна.” гэсэн хүчинтэй тайлбарт заасантай хүндрүүлж шийдвэрлэсэн нь шууд харшилж байна. Мөн тайлбарт зөвхөн олон тооны шарх гэмтэл учирсан нь шууд онц харгис шинжид шууд хамаарахгүй болохыг тайлбарласантай шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт тохирохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт бүхэлдээ зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал: Шийтгэх тогтоолд хүчингүй болсон нотлох баримт буюу хууль зөрчсөн нь өмнө тогтоогдсон 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 838 тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг шууд зөрчсөн байна гэж үзнэ. Нотлох баримтаар тогтоогдоогүй, тогтоох боломжгүй үйл баримтаар ял өөрчлөн сонсгох, мөн уг байдлыг шүүх нягтлан тогтоолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ялласан нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болж байна. Хүний сэтгэл зүй ийм богино хугацаанд ямар учраас гэмт үйлдэл хийснийг мэргэжлийн сэтгэл зүйчээс шинжлэх ухаан, эмнэл зүй, сэтгэл зүйн талаас нь ямар байдаг талаар гэрчийн мэдүүлэг авч болох байтал зөвхөн нийгмийн сэтгэл зүйд хөтлөгдөн яллагдагчийн илтэд эрх зүйн байдлыг илтэд дордуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эргэлзээтэй байдлыг шүүгдэгч Б.М-д ашигтайгаар шийдвэрлэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр гомдол гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч автомашины зээлийн төлбөрийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж ярьж байна. Гэтэл уг гэрээг 2013 онд 1 жилийн хугацаатай байгуулж, 2014 онд гэрээний хугацаа дууссан байна. Талийгаач 2018 оны 8 дугаар сард буюу зээлийн гэрээ дууссанаас хойш 4 жилийн дараа нас барсан. Банк бус санхүүгийн байгууллага, тухайн иргэн хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусч 4 жил өнгөрсөн байхад зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн, бусад зөрчил, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг асуудал зайлшгүй яригдана. Гэтэл банк бус санхүүгийн байгууллага яагаад тухайн үед энэ талаарх асуудлыг  хэлэлцэж шийдвэрлээгүй вэ гэх асуудал давхар яригдана. Гэрээний эд зүйл худалдан авагчид байгаа тул төлөх үүрэг нь байх ёстой. Гэтэл нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад яагаад 53.000.000 төгрөг нэхэмжилж байна вэ. Өмгөөлөгчийн зүгээс үүнтэй холбоотой баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Сонгомол финанс” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын 51-ээс дээш хувийн хувьцаа эзэмшигч болохыг нотолсон баримтыг гаргаж өгсөн. Мөн хүүхдийн сургалтын төлбөр болон бусад зардлыг нэхэмжилнэ гэсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нартаа буруу мэдээлэл өгсөн эсэхийг мэдэхгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байсан учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гомдол гаргасны дараа би Иргэний нисэхийн ерөнхий газарт албан бичгээр хандсан. 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр надад хариу өгөхдөө Иргэний нисэхийн ерөнхий газар сургалтын төлбөрийн 80.000 ам.долларыг төлнө, 50 хувийг өөрсдөө төл гэсэн агуулгатай зүйл яриагүй байсан. Надад явуулсан баримтаар нийт 121.000 ам.долларын шилжүүлэг хийсэн, үүнтэй холбоотой гэрээ, 80.000 ам.долларыг байгууллагын төсөвтөө суулгаж өгсөн байсан. Бүгд байгууллагын албан ёсны тамга тэмдгээр баталгаажсан баримтууд байгаа. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь, Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 тоот тогтоолын 5.13-д заахдаа “Онц харгис хэрцгий арга”-д хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна гэж заажээ. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн хөгжлийн яамны урд талбайд 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хэрэг маргаан богинохон цаг хугацаанд болж өнгөрсөн, ямар нэг байдлаар амь хохирогчийг тарчлаан зовоосон шинж чанар байхгүй гэж үзэж байна. Иймд онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Хэрэг гарах шалтгаан нөхцөл нь амь хохирогчийн буруутай үйлдлээс болсон ба 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 9791 тоот дүгнэлтээр Б.М-ын биед гэмтэл тогтоогдсон. Мөн шинжээч эмч О.Болор шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гэмтлийн улмаас талийгаач нь тэсвэрлэшгүй зовж шанална гэх ойлголтыг тогтоох боломжгүй. Энэ гэмтлийг авснаас хойш ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй. Гэмтлийг авснаас хойш зовж шаналж байгаагаа мэдрэх боломжгүй. Талийгаачид учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Тархмал цус харвалт буюу гавал тархины гэмтлийн улмаас богино хугацаанд үхэлд хүрэх боломжтой гэх мэдүүлгээр амь хохирогч нь нас барахаас өмнө зовсон, тарчилсан шинж тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Б.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, энэ зүйлд хорих ялын доод хэмжээг 8 жил гэж заасан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялын дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч М.Цэрэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Манай Улсын Эрүүгийн хуульд онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг хуульчилж байсан ба түүнийг практикт хэрэглэх талаас нь тайлбарлахдаа хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулахаар тайлбарласан байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай тогтоолд зааснаар “Онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг. Нөгөөтэйгүүр, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 дүгээр тогтоолд зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой байхаар тайлбарлажээ. 1809034870739 дугаартай эрүүгийн хэрэгт шүүх химийн №8473 тоот шинжилгээнд Т.Г-гийн цусан дахь этанолын хэмжээ 2.4, ходоодонд 3.7, шээсэнд 1.8 промиль гарсан. Шүүх эмнэлгийн онолын сурах бичигт зааснаар талийгаачийн ходоодон дахь этанолын агууламж хамгийн өндөр, цусанд түүнээс арай бага ба харин шээсэнд агууламж хамгийн бага гэсэн хөдлөл зүй тогтоогдсон тохиолдолд энэ нь архины цочмог хордлогийн шинжийг илтгэнэ хэмээн бичсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ “Нойр булчирхайн үхжил нь бичил судасны хямралтай холбоотойгоор үүсдэг түргэн үхлийн үед гардаг шинж юм” гэжээ. Архины цочмог хордлогыг илэрхийлэх чухал үзүүлэлтийн нэг нь нойр булчирхайн үхжил мөн. Шүүх эмнэлгийн 1775 тоот дүгнэлтээр Т.Г-гийн нойр булчирхайн үхжил болсон нь гистологийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Монгол Улсад баримталж буй архины хордлогын үзүүлэлтүүд нь Европт буюу ОХУ-д ашиглаж буй хэмжигдэхүүн юм. Гэтэл ази болон европ хүмүүсийн архины солилцоо эрс ялгаатай байдаг гэдгийг орчин үеийн анагаахын шинжлэх ухаан тогтоосон бөгөөд ази хүмүүсийн бие махбодийн архины солилцооны онцлог, тэсвэрлэх чанар нь европ хүмүүсээс бага болох нь тогтоогдсон. Иймээс шүүх хордлого судлалын салбарт Монгол Улсын өөрийн орны буюу ази стандартыг баримтлах нь зүйтэй юм. Талийгаач Г-гийн шинжилгээнд цусан дахь этанолын хэмжээ 2.4 промиль байгаа нь архины цочмог хордлого буюу үхэлд хүргэж болзошгүй шинж байгааг харуулж байна. Анагаахын шинжлэх ухааны үүднээс архины солилцоог тайлбарлахдаа архи нь хүний биед хөөрлийн болон наркозын үйлчилгээ үзүүлдэг болох нь тогтоогдсон байдаг. Талийгаач Г- нь хүчтэй зэргийн согтолттой байгаа нь тэрээр өвдөлтийг мэдрэхгүй байх чухал нотлох баримт ба шүүх химийн шинжээчийн №8473 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна. Шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ “Гэмтлийн улмаас талийгаач нь тэсвэрлэшгүй зовж шанална гэх ойлголтыг тогтоох боломжгүй. Энэ гэмтлийг авснаас хойш ямар нэгэн үйл хөдлөл хийх боломжгүй. Гэмтлийг авснаасаа хойш зовж шаналж байгаагаа мэдрэх боломжгүй” гэсэн. Өвдөлтийг анагаах ухаанд 1800-аад оноос хойш 10 оноо бүхий өвдөлтийн хүснэгт ашиглаж тогтоодог ба ингэхдээ тухайн хүний нүүр царайны хувирал, асуумж буюу өгүүлэмжээр тодорхойлдог байна. Гэтэл энэ хоёр шалгуур шинж нь биостатикийн шинжлэх ухааны үүднээс 100 хувийн үнэн магадлалтай ойлголт биш бөгөөд субъектив ойлголт гэдгийг эмнэлгийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрсөн байдаг. Хүн өвдөлтийг мэдрэхдээ тархины бор гадарт өвдөлтийн сэрэл дамжилтыг хүлээн авч мэдэрдэг ба тархины гэмтлийн үед болон агшин зуурын үхлийн шинж илэрсэн тохиолдолд хүн өвдөлт шаналлыг мэдрэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, түргэн үхлийн үед тархины бор гадарт өвдөлтийн сэрлийн импульс дамжих боломжгүй. Иймд талийгаач Г- нь өвдөж шаналсан эсэхийг тодорхойлох шинжилгээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач нь гавал тархины гэмтэл авсан, мөн бусад дотор эрхтнүүдэд түргэн үхлийн шинжүүд илэрсэн нь шинжилгээгээр тогтоогдсон тул талийгаач нь өвдөж шаналсан, тарчилж зовсон, зовж зүдрэхээр нөхцөл байдал бий болоогүй гэдгийг нотолж байна. Иймд шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй болох нь тодорхой харагдаж байна. Учир нь, тухайн гэмт хэрэг нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас тухайн өдөр үйлдэгдсэн ба шүүгдэгч Б.М- нь хохирогчтой маргалдах, зодолдох ямар нэгэн шалтгаан байгаагүй бөгөөд ажлын байран дээр архи уусны дараа харих гээд гарч явах замдаа хохирогчтой тааралдан тус гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Мөн хохирогч нь тухайн шүүгдэгч болон хохирогч Д.Доржпүрэвт хүндэвтэр гэмтэл учруулж, бусад хүмүүс рүү дайрч зодсон ба шүүгдэгчийн араас нь өшиглөж, хамрын ясыг нь хугалан харилцан зодолдох явцад хохирогч нас барсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэж үзэхгүй байгаа үндэслэл нь тухайн гэмт хэрэг нь харилцан зодооны явцад үйлдэгдсэн ба дээр дурьдагдсан тайлбаруудад заасан олон тооны шарх гэмтлийг учруулан хохирогчийг эд эрхтнээс салган зовоон тарчлаасан шинжгүйгээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд тус гэмт хэрэг хоромхон зуур болоод өнгөрсөн. Шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор гараараа цохих, хөлөөрөө өшиглөх хариу үйлдэл хийсэн нь хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 дүгээр тогтоолд заасан олон тооны шарх гэмтэл учруулсныг дангаар ойлгохгүй байхаар тайлбарласан бөгөөд тухайн шүүгдэгчийн сэтгэхүйн харьцаа, хүсэл зоригийн элементийг зайлшгүй харгалзан үзэх талаар тайлбарласан ба тус гэмт хэргийн хувьд шүүгдэгч нь хохирогчийг онц харгис хэрцгий аргаар алах сэтгэхүйн харьцаа, хүсэл зоригийн элемент байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай харагдана. Хохирогч шүүгдэгчийг зодох, доромжлох зэрэг үйлдлүүдийг гаргаагүй байсан бол тухайн өдөр тус гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан бөгөөд шүүгдэгч Б.М-ын хувьд хохирогчийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийн сэтгэхүйн харьцаа болон хүсэл зоригийн элементийн талаар тогтоосон гэрчилсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч нь хохирогчийг алахдаа онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх дүгнэлтээ хууль зүйн хувьд үндэслэл бүхий ойлгомжтойгоор тайлбарлаж чадаагүй болно.

Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлсэн тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэжээ. Тус хууль зүйн дүгнэлт хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Учир нь, хохирогч тус өдөр шүүгдэгчийг цохиж, доромжилж байсан ба мөн хохирогч Д.Доржпүрэвийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Үүнээс хийх хууль зүйн дүгнэлт нь тус гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйлдлээс эхэлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэхээр хуульчилсан байдаг. Тус өдөр шүүгдэгч ажлын байрнаасаа гэртээ харих замдаа хохирогчтой шатан дээр тааралдаагүй, хохирогч хууль бус, ёс зүйгүй аашлаагүй байсан бол тус гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан. Шүүгдэгч нь хохирогчийг алах талаар урьдаас төлөвлөсөн, бэлтгэсэн зүйлгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас тус гэмт хэрэг үйлдэгдсэн болно. Мөн тодорхойлох хэсэгт энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Доржпүрэвийг хүндэвтэр гэмтээсэн асуудалд амь хохирогчийг буруутай гэж үзэж байвал прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасны эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар хэрэгт холбогдсон хүн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх учиртайг дурдаж байна гэж хууль зүйн дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт нь үнэхээр ойлгомжгүй хууль зүйн дүгнэлт болжээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг хуульчилсан байдаг. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт болон улсын яллагчийн мөрдөн байцаах шатанд хийсэн ажиллагаанууд хоорондоо зөрчилтэй логик алдаатай байна. Үнэхээр тус өдөр хэргийн хохирогч Т.Г- нь амьд ахуй цагтаа иргэн Д.Доржпүрэвт хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол байгаа үзэж үзсэн бол тус эрүүгийн 1809034870739 дугаартай хэрэгт иргэн Д.Доржпүрэвийг хохирогчоор тогтоох ёсгүй байсан юм. Д.Доржпүрэвийг хохирогчоор тогтоосноор тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн гэж үзэх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэнт эхэлсэн бол дуустал хийгдвэл зохих ажиллагаа хийж дуусган улсын яллагч өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх тус прокурорын хууль бус, шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нөхцөл байдал, хуулийг илт үндэслэл муутай тайлбарлан хууль зүйн тайлбар хийж шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн шүүхийн дүгнэлтүүд нь тус тус бодит байдалд нийцээгүй болно. ...” гэв.

 

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байна. Гэвч онц харгис хэрцгий аргаар гэдэгт хүнийг алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэсэн, мөн дээрээс нь гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлан, үр дагаврыг урьдчилан харж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгоно. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж нотлогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн. Мөн сэтгэл санаа цочрон давчдах асуудлын талаар өмгөөлөгч нар ярьж байна. Өмгөөлөгч Б.Ганболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар яриагүй учир цочрон давчдаагүй гэдэг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дyгaap сарын 9-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зам тээврийн хөгжлийн яамны урд талбайд хамт ажилладаг Т.Г-тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун, зүүн хацрын төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт болон уруулын салст, завьжны салстын цус хуралт, суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал болон тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн “...2018 оны 8 дугаар сарын 9-ний орой 18 цаг 20 минутын үед талийгаач руу утсаар яриад “харих болж байна уу, замаараа дайраад аваад явах уу” гэхэд “жоохон сууж хийх юм байна, миний хөгшин түрүүлээд харьж бай, би удахгүй араас чинь очно” гэж хэлсэн. Би гэртээ хариад байж байгаад орой 20 цаг 40 минутын үед залгахад “ажил дээрээ ажлынхаа хүмүүстэй сууж байна, удахгүй очлоо” гэж хэлсэн. Дахиад 21 цаг 30 минут, 22 цаг 30 минут, 23 цаг 30 минутад залгахад утсаа авахгүй байсан. ...Тэгтэл шөнө 00 цагийн үед цагдаагаас манай нөхрийг “нас барсан байна, хүрч ир” гэж хэлсэн. ...Цагдаа дээр очоод яг юу болсон талаар асуухад “Зам тээврийн яаман дээр хэрэг болсон” гэж хэлсэн. ...” /2хх 5-7/,

 

гэрч Ц.Отгонбаярын “...2018 оны 8 дугаар сарын 9-ний орой 21 цаг 30 минутад “Зам тээврийн хөгжлийн яамны гадаа чихнээс нь цус гараад согтуу хүн байна” гэсэн дуудлага аваад 21 цаг 35 минутанд Зам тээврийн яамны үүдэнд очиход 4-5 хүн үүдэнд нь зогсож байсан. Нэг хүн гадаа сандал дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Үзлэг хийхэд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, хүүхэн хараа хоёр талдаа өргөссөн, нас барсан байдалтай байсан. ...Гадаа бороо орж байсан болохоор хүний биед хөрөлт үүссэнийг тогтоох боломжгүй, хөшилт үүсээгүй байсан. Энэ нь нас бараад 15-20 минут болсныг гэрчилж байгаа юм. ...” /3хх 94-95/,

 

            гэрч Д.Доржпүрэвийн “...бид хоёр шатаар доошоо бууж байхдаа Лхагвасүрэн, Г- нартай таараад М- дарга тэр хоёрт хандаж “та хоёр одоо харьцгаа, нилээд согтоцгоосон байна” гэж хэлэхэд тэр хоёр явахгүй байхаар нь дарга надтай хамт яамны гадаа саравчны доор шатан дээр зогсож байхад Лхагвасүрэн, Г- хоёр гарч ирээд Г- нь М- даргад хандаж “чи бид хоёрын гарал үүсэл яг адилхан шүү, п***а минь. Чи яг яадаг болчихсон юм, чамайг мэдэхгүй юм байна” гэх зэргээр өдөж хоргоосон байдалтай хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд Г- тамхи асаагаад М- даргын ам руу хүчээр түлхээд татуулах гээд байхад нь “чиний тамхийг татмааргүй байна, би ийм тамхи татдаггүй” гэж хэлээд зайлсхийж үүдэнд байдаг өндөр хөшөөний хажуугаар тойрч 10-16 УНҮ дугаартай машины ард ирээд зогсож байх үед талийгаач Б.М- даргад хандаж “чи бид хоёр гарал үүсэл нэгтэй хүн шүү, п***а минь” гээд яваад байсан. Тэр үед М- дарга тэндээс холдож яамны үүдэнд байдаг сандал руу буцаад алхаж байх үед талийгаач М- даргын араас өгзөг хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. ...Талийгаач нь М- даргаас хэрүүл өдөөд байсан ба “чи бид хоёрын гарал үүсэл яг адилхан, нэг шүү” гэдэг үгийг байнга давтаад байсан. М- дарга босож зогсоод тамхиа асаах гэхэд нь талийгаач өөрийнхөө асаасан тамхиа ам руу нь хийх гээд дайраад байсан ба М- даргын уруулны хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед М- дарга “цохидог байна шүү дээ” гэж хэлээд хойш ухраад сандал дээр суухад нь би барьж байсан борооны шүхэрээ хаяад талийгаачийг М- даргаас салгахыг оролдох үед талийгаач над руу дайрч миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа их хүчтэй цохисон ба намайг газарт хальтирч унахад гүйж ирээд миний баруун хавирга хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөхөд нь би амьсгаа авч чадахгүй арай гэж босох гэтэл талийгаач намайг дахин зодох гэж араас зогсоолын тал хүртэл хөөж гүйсэн. Намайг зугтаж байх хооронд талийгаач буцаж М- дарга дээр очоод хэрүүл өдөөд байх шиг байсан. ...Талийгаач нь Лхагвасүрэнгийн нүүр лүү хоёр ч удаа цохисон, Лхагвасүрэн хариуд нь Г-гийн нүүр хэсэгт нь баруун, зүүн гараараа угсарсан байдалтай 3-4 удаа хүчтэй цохиход талийгаач хойшоо ухраад хашлага налаад зогссон. Талийгаач нь Лхагвасүрэнд хэд хэдэн удаа цохиулаад дуу намсаад агсарч элдэв үг хэлж ярихад нь би дахин араас нь очиж М- даргыг талийгаачаас зайтай байлгах гээд хичээж байх хооронд М- дарга босож ирээд талийгаачийн нүүр хэсэгт нь хоёр удаа гараараа цохисон. ...тэр гурав зууралдаад яамны үүдэнд байх хөшөөний ард маргалдаж байх үед талийгаач газарт уначихсан байсан. ...” /3хх 100-101/,

 

гэрч Д.Цэцэгмаагийн “...Б.Лхагвасүрэн Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Т.Г-г дуудаад оруулаад ирсэн байсан. Нэг мэдэхэд Б.М- даргын өрөөнд манай яамны Төмөр замын газрын дарга Б.Артур ороод ирсэн байсан. Ингээд долуулаа сууж байгаад би ариун цэврийн өрөө дахиж ороод гараад ирсэн чинь Ганбаяр намайг хүлээж байгаад Б.М- даргын өрөө рүү дагуулаад орсон. Э.Энхбат дарга, Б.Артур дарга, Ганбаяр бид дөрөв сууж байсан. Б.М- дарга, Т.Г- дарга, Б.Лхагвасүрэн нар байгаагүй. Бид дөрөв уух гэж байснаа болиод байж байтал гаднаас Б.М- даргын жолооч Д.Доржпүрэв орж ирээд “дарга одоо тарцгаа гэж хэлүүлж байна” гэхээр нь би хамгийн сүүлд өрөөнд үлдээд ширээн дээрхийг цэвэрлээд хаалгыг нь түгжээд гадаа гарахад сандал дээр нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед би согтуу байсан учир зарим нэг зүйлийг санахгүй байна. ...” /3хх 102-103/,

 

гэрч З.Ууганбаярын “...2018 оны 8 дугаар сарын 9-ний 20 цаг 40 минутын үед би Зам тээвэр хөгжлийн яаман дээр ирээд шалган нэвтрүүлэгч, хамгаалалтын ажилтан ахлах ахлагч Л.Түмэнжаргалын үүрэг гүйцэтгэлийг шалгахад “манай газар хэлтсийн дарга нар архи уугаад байх шиг байна” гэж хэлээд бид хоёр нэг давхарт сууж байтал дээрээс Төрийн тусгай удирдлагын газрын дарга Б.М-, мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Г- нар бууж ирээд яамны төв хаалгаар гарсан. Гадаа чимээ гарах шиг болоод онгорхой шилэн хаалганы завсраар харахад Т.Г- хөшөөний хойд талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. ...Б.М- орж ирээд “намайг хятад” гэж хэлсэн гээд амандаа үглээд уурлаад байх шиг байсан. Араас нь Б.Лхагвасүрэн орж ирэхэд Б.М- нь Б.Лхагвасүрэнд хандан “намайг наадах чинь эрлийз” гэсэн гээд яриад байсан. ...” /3хх 104-105/,

 

гэрч Б.Артурын “...Д.Цэцэгмаа  Б.М-ын өрөөг түгжээд үлдсэн байх гэж бодож байна. ...Би Энхбатын хамт манай өрөө рүү ороод тамхи татаад ойр зуурын зүйл ярилцаж байсан. Төрийн тусгай хамгаалалтын залуу орж ирээд “Т.Г- дарга ухаангүй, амьсгалахгүй байна, та гараад ирээч” гэж хэлэхээр нь Энхбатын хамт доошоо буусан. ...Төв хаалгаар гадаа гарч ирэхэд үүдний баруун талын сандал дээр Т.Г- нуруугаараа хэвтээд хөл нь газарт улаараа хүрсэн байсан. ...” /3хх 106-107/,

 

гэрч Б.Олзотын “...Б.Лхагвасүрэн чанга чанга дуугараад байхаар нь би машинаасаа буугаад явж очоод “юу болсон юм бэ” гэж Б.Лхагвасүрэнгээс асуухад “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгээд юмыг яаж мэдэхэв гээд яамны хаалганы дэргэд зогсож байтал тэд нар тамхиа татаж байснаа Б.М- дарга, Т.Г- хоёр муудалцаж эхлээд яамны зүүн талд байрлах машинуудтай хөшөөний дэргэд зодолдоод байсан. ...Доржоо, Б.Лхагвасүрэн нар очиж салгасны дараагаар Т.Г- хөшөөний дэргэд шалбааг дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь Т.Г- даргын цээжнээс Доржоо, би хөлнөөс нь өргөөд яамны хөшөөний баруун талын модон сандал дээр хэвтүүлсэн. ...Хар өнгийн костюм пиджак өмссөн нь М- дарга, харин цагаан срочкотой нь Г- дарга байна. Бичлэгийг харахад М- дарга Г-г цохиж, хөлөөрөө өшиглөж байна. Дундуур нь орж салгах гэж байгаа хүн нь Лхагвасүрэн байна. Харин хажууд нь зогсоод байгаа нь Доржпүрэв байна. ...” /3хх 108-110, 111-112/,

 

гэрч Л.Түмэнжаргалын “...21 цаг 15 минутын үед Б.М- дарга, Т.Г- дарга, Б.Лхагвасүрэн мэргэжилтэн нар халамцуу гарч явсан. 21 цаг 25 минутын үед үзлэгээр дээшээ гарахын өмнө гадаа Б.М- дарга, Т.Г- дарга, Б.Лхагвасүрэн мэргэжилтэн гурваас гадна Доржоо жолооч шүхэр барьсан байдалтай зогсож байсан. ...21 цаг 30 минутын үед үзлэгээ дуусгаад бууж ирэхэд хошууч Ууганбаяр “гадаа зодоон болсон байна, цагдаа дууд” гэж хэлсэн. Би хошууч Ууганбаяртай хамт гадаа гарахад Т.Г- дарга үүдэнд байдаг хүрэл хөшөөний доор дээшээ харж унасан байдалтай байсан. ...М- дарга, Лхагвасүрэн мэргэжилтэн хоёр орж ирээд М- дарга “намайг хужаа гэж хэллээ, би хятад юм шиг харагдаж байна уу” гэж хэлсэн. ...” /3хх 113-114/,

 

гэрч Э.Энхбатын “...талийгаач гаднаас хайрцагтай архи барьчихсан орж ирсэн. ...Тэгээд байж байхад Артур дарга гаднаас орж ирсэн. Нэг мэдэхэд би Б.Артур даргын өрөөнд Б.Артур даргатай цай уугаад тамхи татаад сууж байсан. Тэгтэл гаднаас хамгаалалтын залуу орж ирээд “доор Т.Г- дарга зодуулчихлаа” гэхээр нь Б.Артур дарга бид хоёр доошоо буусан. Буугаад хартал гадаа сандал дээр талийгаач дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийн амнаас цус гарчихсан, ухаангүй байсан. ...” /3хх 129-130/,

 

гэрч Б.Лхагвасүрэнгийн “...орой 21 цагийн орчим явахаар болоод М- дарга болон талийгаач бид нар гарцгаасан. ...Тэгсэн чинь гэнэтхэн хоорондоо муудалцаж байгаа юм шиг чимээ гарсан. Тэр үед төрийн тусгайгийн хоёр алба хаагч дотор үүдэнд байсан. Артур даргын жолооч Олзод, М- даргын жолооч Доржоо бид гурав зэрэг яамнаас гарч ирэхэд Г- дарга яамны үүдэнд хөшөөний наана шатны хажууд толгой нь яамны хаалганы зүг рүү харчихсан хэвтэж байсан. ...” /3хх 115-117, 4хх 205-206/,

 

гэрч Ч.Ганбаярын “...тэгээд байж байтал Лхагвасүрэн гэдэг залуу хаалгаар шагайгаад ороод ирсэн. Лхагвасүрэн орж ирэхдээ согтуу орж ирсэн. Тэгээд бид нартай нийлээд архи уусан. Тэгээд байж байхад гаднаас талийгаач орж ирсэн байсан. ...Нэг мэдсэн чинь би гадаа гарчихсан, гадаа харанхуй болчихсон бороо орж байсан. Тэгтэл талийгаач гадаа үүдэнд сандал дээр ухаангүй хэвтэж байсан. Би тэгэхээр нь согтуу унтаж байна гэж бодоод хажууд нь очоод “Т.Г- даргаа сэрээрээ” гэж дуудахад хариу үйлдэл үзүүлээгүй. ...” /3хх 131-132/,

 

шинжээч О.Болороогийн “....талийгаач нь толгойн битүү гэмтэл болох тархины суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Гавал тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалт, тархины суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэг хамаарна. Баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун зүүн хацрын төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, зүүн эгэм, хэвлий баруун, зүүн тохой, зүүн шилбэ, шагайн зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Амь хохирогч биедээ цохилт авснаас хойш хөдөлгөөн хийгээд явж байгаа гэх тул эхний цохилтоос энэ гэмтлийг авсан байх боломжгүй. Мөн бараан саарал өнгийн хагас ханцуйтай цамцтай, бараан саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүний цохилтын үйлчлэлээс талийгаачийн биед яг ямар гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй. Учир нь, суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалт бүхий гавал тархины гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амьдрах боломжгүй. ...” /4хх 162-164/,

 

Б.М-ын яллагдагчаар өгсөн “...би 3-4 удаа савчсан ба нэг л цохилт талийгаачийн биеийн аль нэгэн хэсэгт хүрэх шиг болсон. Тэгэхэд талийгаач гараараа хамгаалаад доошоо унах шиг болохоор нь би хоёр удаа лав өшиглөсөн. ...Талийгаач асаалттай тамхи барьчихсан байснаа “май тамхи тат” гээд миний ам руу чихэх гээд байсан. Би “цэвэр агаар амьсгалмаар байна, тамхи татахгүй” гэж хэлсэн. Тэгснээ дахиад татаж байсан тамхиныхаа ишийг ам руу чихэх гээд байхаар нь Б.Лхагвасүрэн болон жолооч Д.Доржпүрэв хоёрт “наадахаа надаас холдуулдаа” гэж хэлсэн. ...Тэгээд машин руугаа явах гэтэл араас хоргоогоод “чи бид хоёр гарал үүсэл нэг шүү, чи одоо өөрийгөө юу гэж бодоод байна, чамайг хэн байсныг ч мэдэхгүй юм байна” гэж хэлээд нөгөө тамхины ишээ ам руу чихэх гээд дайраад байхаар нь согтуу хүний үгээр үг хийгээд яахав гэж бодоод холдоод яамны үүд рүү дахиад алхсан. Тэгсэн чинь араас ахар сүүлний хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд авсан. ...Тэгээд яамны үүдний хэсэгт байх сандал дээр суух гэтэл гэнэтхэн л миний зүүн эрүү хэсэг рүү гар юм уу, хөл ч юм уу ямар ч байсан нэг төмөртэй юмаар л цохиод авсан. Тэгснээ “үндэс угсаа ижил шүү, п***а” гээд муухай орилсон. Тэр үед би манараад өөрийн эрхгүй сандал дээр суусан. ...Тэгээд талийгаач дахиад намайг цохиод авсан үүнээс хойш болсон асуудлыг би санахгүй байна. ...” /4хх 185-188, 190-194/ гэх мэдүүлгүүд,

 

“...талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал. Их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Тархины хоёр хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалт. Баруун чамархайн булчин, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун, зүүн хацрын төвгөр, эрүүний зүүн булангийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, уруулын салстын болон завьжны цус хуралт, язрал, цээж, зүүн эгэм, хэвлий, баруун, зүүн тохой, зүүн шилбэ, шагайн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх толгойн битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1775 дугаартай дүгнэлт /4хх 87-89/,

 

“...талийгаач Т.Г-гийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон суурийн зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун, зүүн хацрын төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт болон уруулын салст, завьжны салстын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, зүүн эгэм, хэвлий, баруун зүүн тохой, зүүн шилбэн, шагайн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, оройг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт гэмтэл нь гавал тархины битүү гэмтэлд хамаарна. Гавал тархины битүү гэмтэл, толгойн битүү гэмтэл нь ижил ойлголт болно...” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1081 дугаартай дүгнэлт /9хх 213-215/,

 

“...Б.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Б.М- нь сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй болохыг тогтоосон. ...” Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 838 дугаартай дүгнэлт /4хх 156-159/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1020 дугаартай дүгнэлт /9хх 223-226/,

 

шүүгдэгч Б.М- нь амь хохирогч Т.Гомобсүрэнгийн толгойн тус газар нь 4-5 удаа цохиж, 5-6 удаа өшиглөж байгааг харуулсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 87-127, 145-195, 202-250, 2хх 1/ /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 25-44/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Харин шүүгдэгч Б.М-ын дээрх үйлдлийг прокуророос  “онц харгис хэрцгийгээр” хүнийг санаатай алсан гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх “...Б.М- нь талийгаачийг зодох явцдаа түүний биед баруун чихний дэлбэнгийн урд хэсгийн шарх, баруун, зүүн хацрын төвгөр, баруун чамархайн булчингийн цус хуралт, эрүүний цус хуралт болон уруулын салст, завьжны салстын цус хуралт бүхий олон тооны гэмтэл, шарх учруулж хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлийн хувьд, үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Учир нь, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох тухайн үйл явдал болох үед байсан гэрч Д.Доржпүрэвийн “...Г- нь М- даргад хандаж “чи бид хоёрын гарал үүсэл яг адилхан шүү, п***а минь. Чи яг яадаг болчихсон юм, чамайг мэдэхгүй юм байна” гэх зэргээр хэрүүл өдөж эхэлсэн, тамхи асаагаад М- даргын ам руу хүчээр түлхээд татуулах гээд байхад нь “чиний тамхийг татмааргүй байна, би ийм тамхи татдаггүй” гэж хэлээд зайлсхийж үүдэнд байдаг өндөр хөшөөний хажуугаар тойрч машины ард ирээд зогсож байх үед талийгаач “чи бид хоёр гарал үүсэл нэгтэй хүн шүү п***а минь” гээд яваад байсан. Тэр үед М- дарга тэндээс холдож яамны үүдэнд байдаг сандал руу буцаад алхах үед талийгаач М- даргын араас өгзөг хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. ...М- дарга босож зогсоод тамхиа асаах гэхэд нь талийгаач өөрийнхөө асаасан тамхийг ам руу нь хийх гээд дайраад байсан ба М- даргын уруулны хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед би барьж байсан борооны шүхэрээ хаяад талийгаачийг М- даргаас салгахыг оролдох үед талийгаач над руу дайрч миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа их хүчтэй цохиж, би газарт хальтирч унахад гүйж ирээд миний баруун хавирга хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би амьсгаа авч чадахгүй арай гэж босох гэтэл талийгаач намайг дахин зодох гэж араас зогсоолын тал хүртэл хөөж гүйсэн. Намайг зугтаж байх хооронд талийгаач буцаж М- дарга дээр очоод хэрүүл өдөөд байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг,

“...бичлэг эхлэх үед яамны хаалганы гадаа цагаан өнгийн срочик цамцтай, бараан өмдтэй эрэгтэй хүн /амь хохирогч Т.Г-/, бараан өнгийн пиджактай, бараан өнгийн өмдтэй, цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн /Б.М-/, бараан саарал өнгийн хагас ханцуйтай цамцтай, бараан саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Б.Лхагвасүрэн/, цэнхэр өнгийн срочикон цамцтай, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Д.Доржпүрэв/ нар нь хамтдаа зогсож байна. ...цэнхэр өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн нь цагаан өнгийн срочик цамцтай бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн рүү дайрч хий цохиж газар унахад цагаан өнгийн срочик цамцтай, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн цээжин хэсэг рүү нэг удаа өшиглөн араас нь хөөж явахад цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүн ухарч холдож байна. Энэ үед цагаан өнгийн срочик цамцтай эрэгтэй хүн эргэж бараан өнгийн пиджактай эрэгтэй хүн рүү дайрч цохиход, бараан саарал өнгийн хагас ханцуйтай эрэгтэй хүн салгаж, цагаан цамцтай хүнийг сандал руу түлхэж очин хөдөлгөөнийг хориглож байх үед цагаан өнгийн цамцтай хүн нь бараан саарал өнгийн хагас ханцуйтай цамцтай хүнийг нэг удаа цохиход хагас ханцуйтай цамцтай хүн эргүүлэн гараараа цагаан цамцтай хүнийг цохиж байна. Энэ үед цагаан цамцтай хүн газарт тэнцвэр алдан унаад босч ирээд хагас ханцуйтай цамцтай хүнтэй зууралдаж байна. Дараа нь пиджактай хүн сандал дээр суухад цагаан срочиктой эрэгтэй хүн хажууд нь сандал дээр сууна. 21:12:20 цагт пиджактай, цагаан срочиктэй хоёр хүн сандал дээрээс боссон. ...” гэх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Доржпүрэвийн биед баруун 6, 7-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан /шинжээчийн дүгнэлтээр/, мөн Б.М-ын биед доод уруулын баруун хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учирсан /шинжээчийн дүгнэлтээр/ нөхцөл байдал авагджээ.

 

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч Т.Г- нь бусадтай хэрүүл маргаан өдүүлж, харилцан зодолдох эхлэлийг тавьсан төдийгүй бусдын биед халдсан /шүүгдэгч Б.М-ыг цохих, Д.Доржпүрэвийг өшиглөх/ үйлдлүүд гаргасан байх бөгөөд амь хохирогчийн дээрх зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэч Б.М- түүнтэй харилцан маргалдаж, зодолдох явцдаа амь хохирогчийн толгойн тус газар 4-5 удаа цохих, унасан байхад нь 5-6 удаа өшиглөж амь насыг нь хохироожээ.

 

Нөгөөтэйгүүр “...шүүгдэгч Б.М- нь амь хохирогч Т.Г-гийн толгойн тус газарт нь 21:12:55-21:13:02 цагийн хооронд /7 секунд/ 4-5 удаа цохиж, хойшоо ухарч байгаад бөгсөөрөө газарт унах үед толгойн тус газарт нь 21:13:04-21:13:18 цагийн хооронд /14 секунд/ толгойруу нь 5-6 удаа, хөлрүү нь нэг удаа өшиглөж, энэ үед пиджактай хүнийг бараан өнгийн хагас ханцуйтай хүн холдуулан авч явж, цагаан срочиктой эрэгтэй хүн хөдөлгөөнгүй дээш харан газарт хэвтэж үлдэж байна. ...” гэх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс энэ үйл явдал болсон /гэмтэл учруулсан/ цаг хугацааг авч үзвэл хохирогчид хүч хэрэглэсэн эхний үйлдэл болон үйлдэл дууссан цаг хугацаа маш хурдан, богино хугацаанд болж өнгөрчээ.

 

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх ёстой.

 

Дээрх хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Б.М-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой.

 

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13 жилийн хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж байгаатай холбогдуулан, мөн шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлохдоо дээр дурдсан үйл баримтын хүрээнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтын хэмжээнд /184.000.000 төгрөг, 20.000 ам.доллар/ нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 11 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдлыг магадлаж өгнө үү. ...” гэх гомдлын тухайд,

Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.М- нь хохирогч Т.Г-г “тамхи тат” гэж татаж байсан тамхиа ам руу нь хийхийг оролдсон, “гарал үүсэл нэг шүү” гэж хэрүүл, маргаан өдөж, цохисон гэх шалтгаанаар толгойн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн байх бөгөөд тухайн нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочирон давчдах байдал үүсээгүй, шүүгдэгч Б.М-ын үйлдлийг энэ ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, хохирогчийг зүй бус үйлдэл гаргасан гэж дүгнэж байгаа хэдий ч энэ нь гадаад илрэл, агуулгын хувьд шүүгдэгчийг сэтгэл санааны цочиролд оруулан хүндээр доромжилсон байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн гэмт хэрэг гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон охин Г.Бөртэгэлжингийн сургалтын төлбөр, автомашины зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, үүнээс шүүгдэгчийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар, /завсарлага авч 100.400.000 төгрөг төлсөн/ тооцоолох боломжгүй /ажилгүй байсан хугацааны цалин болон хүүхдийн сургалтын төлбөр, бусад зардал/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр нарын “...Б.М-д холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хүлээн авч, харин “...хохирогчийн зүй бус үйлдлээс санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан. ...” гэсэн хэсгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн гэмт хэрэг гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон охин Г.Бөртэгэлжингийн сургалтын төлбөр, автомашины зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/495 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Нийслэлийн прокурорын газраас Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...М-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.М-ыг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 11 /арван нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр нарын “...Б.М-д холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, харин “...хохирогчийн зүй бус үйлдлээс санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан. ...” гэсэн хэсгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ө-ийн гэмт хэрэг гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин болон охин Г.Бөртэгэлжингийн сургалтын төлбөр, автомашины зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН