Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0498

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: МҮОНРТ******

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,

Маргааны төрөл: МҮОНРТ******-ийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*****, Г.С***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.МҮОНРТ******-ээс Нийгмийн даатгалын ерөнхий газар Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, ажил олгогч буюу МҮОНРТ****** түүнд ажиллаж байгаа 851 ажиллагсад буюу даатгуулагчдыг 2020 оны 4,5,6,7,8,9 дүгээр саруудын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулах, мөн 2020 оны 10,11,12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10,11,12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар сард тэтгэмж, ажилгүйдэл, болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3/275 тоот албан бичгээр Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сангийн яаманд тус тус хандаж тус хуулийн этгээд нь Засгийн газраас Ковид-19 цар тахлын үеэр хэрэгжүүлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хүн амын орлогын албан татвар ногдуулахгүй байх гэсэн шийдвэрүүдэд хамаарах эсэх талаар лавлагаа хүсэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/929 тоот албан бичгээр танай байгууллага нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д заасан байгууллага тул хуульд заасан ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн хариуг хүргүүлжээ.

3.Улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2/769 тоот албан бичгээр гомдол гаргасныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар хэлэлцэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “... төрийн нийтийн зориулалттай өмч” гэж заасан байх тул Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч маргажээ.

4.Нэхэмжлэгч МҮОНРТ****** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ МҮОНРТ****** нь Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасны дагуу байгуулагдан, олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус “Олон нийтийн өмчит” хуулийн этгээд бөгөөд үндэсний аюулгүй байдлын хувьд стратегийн ач холбогдолтойд тооцогддог байгууллага юм.

2/Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрч 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 211 дүгээр тогтоолоор айл өрхийн цахилгааны төлбөрийг төр даах шийдвэр гарч, айл өрхөөс цахилгаан эрчим хүчний төлбөртэй хураан төвлөрүүлдэг телевизийн хураамж төвлөрүүлэлт 50 хувиар буурсан төдийгүй бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллага харилцагч газруудын үйл ажиллагааг хэсэгчлэн, тодорхой хугацаа давтамжтай хаасны улмаас харилцагч байгууллага аж ахуйн нэгж иргэний гэрээнүүд цуцлагдсан ч Санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон хэдий ч үндсэн болон гэрээт 800 гаран ажилчдынхаа цалинг сар бүр тасралтгүй олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тухай бүр тайлагнаж, ажлын байрны цомхотгол хийлгүй ажлын байраа 100 хувь хадгалан авч үлдсэн.

3/Гэтэл Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь манай байгууллагыг “Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийг хамруулахаар хуульд заасан тул хамруулахгүй” гэж үзэж хамруулаагүй. Уг хуулийн үйлчлэлд хамрагдахаар хандах ёстой бүхий л төрийн байгууллагад хандаж хамгийн сүүлд нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандсан боловч уг хуульд хамруулах боломжгүй гэсэн хариу өгсөн.

 Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийн хариуг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Хариу хүргүүлэх тухай” гэсэн албан бичгийг шуудангаар хүлээн авсан тул үүнийг гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн хариу гэж үзэж уг шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

4/ МҮОНРТ****** нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх заалт, 7-р зүйлийн 7.1-т тус тус заасны дагуу Олон нийтийн радио, телевизийг үйл ажиллагаа явуулахад нь төрөөс санхүү, эдийн засгийн зохих дэмжлэг үзүүлдэг ч уг дэмжлэгээр байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангах, контент үйлдвэрлэхэд зориулж зарцуулдаг бөгөөд уг дэмжлэг нь дээрх зориулалттай учраас ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг олгодоггүй болно.

МҮОНРТ****** нь Радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс, зар сурталчилгаанаас олсон орлого, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгө түрээслүүлсний орлого, Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнээс өгсөн хандив, тусламж зэргээс ажилтны цалин хөлсийг олгодог билээ.

МҮОНРТ****** нь төрийн ямар ч оролцоо байхгүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.34-т “Төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан МҮОНРТ****** нь дээрх хуульд заасан дагуу батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэггүй бөгөөд төрөөс хараат бус олон нийтийг тэгш, хүртээмжтэй мэдээллээр хангах үүргийг хэрэгжүүлдэг хэвлэл мэдээллийн байгууллага юм.

5/Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн Хариу хүргүүлэх тухай албан тоотод “... Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу төрөөс авдаг санхүүжилтийн зарцуулалт нь тодорхой бус, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “..төрийн нийтийн зориулалттай өмч” гэж заасан байх тул Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж улмаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийг уг хуульд хамруулахгүй эс үйлдэхүй гаргаж МҮОНРТ****** түүний 800 гаруй үндсэн болон гэрээт ажилтны эрх, хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3-р зүйлд Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ” гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4-р зүйлийн 1-т “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж, 4.2 заасан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд МҮОНРТ****** орохгүй юм. Мөн хуулийн 13-р зүйлийн 13.1-т “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ” гэж тус тус заасан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл нь хууль буруу тайлбарлаж хэрэглэж байгаа нь тодорхой байна.

6/МҮОНРТ******-ийг төрийн нийтийн зориулалттай өмчөөр байгуулаагүй, түүнд хамааруулах боломжгүй байхад Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамруулаагүйн улмаас манай байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр хуримтлагдаж, 800 гаран үндсэн болон гэрээт ажилтнууд эрүүл мэндийн даатгалын сангаас зохих үйлчилгээ авах, ажилгүйдлийн тэтгэмж авах, хэрэглээний болон ипотекийн зээлд хамрагдах зэрэг нийгмийн асуудлуудад хүндрэл бэрхшээлүүд үүсэж хохироод байна.

Манай байгууллага 2021 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсөө олгохын зэрэгцээ Баянгол дүүргийн нийгмийн даатгалын шахалтаар нийгмийн даатгалын ер төлбөрт нийт 377, 837,104.90 /гурван зуун далан долоон сая найман зуун гучин долоон мянга нэг зуун дөрвөн төгрөг ер/ мөнгийг төлж барагдуулсан бөгөөд 2021 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 2,422,412,214.17 (хоёр тэрбум дөрвөн зуун хорин хоёр сая дөрвөн зуун арван хоёр мянга хоёр зуун арван дөрвөн төгрөг арван долоо) төгрөгийн үлдэгдэлтэй болж нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлтөд хамрагдаагүйн улмаас маш ихээр хохироод байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ажил олгогч Монголын Олон Нийтийн Радио телевиз түүнд ажиллаж байгаа 851 ажилсагсад буюу даатгуулагчдыг 2020 оны 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлтөд хамруулах, мөн 2020 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар сарын тэтгэмж, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлтөд тус тус нөхөн хамруулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн агуулга нь МҮОНРТ******нь 2005 онд "Олон нийтийн радио телевизийн тухай хууль"-д заасны дагуу үүсгэн байгуулагдсан, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь уйл ажиллагаагаа явуулдаг, олон нийтийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээд билээ. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед улмаас санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байх үед МҮОНРТ****** ч мөн санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон. Тэгсэн хэдий ч үндсэн болон гэрээтээр ажилладаг 800 гаран ажилчдынхаа цалинг сар бүр тасралтгүй олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тухай бүр тайлагнаж, ажлын байрны цомхотгол хийлгүй, ажлын байраа 100 хувь хадгалан авч үлдсэн. Энэ цаг үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Улсын их хурлын 21 дүгээр тогтоолын хүрээнд "Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль" батлагдаж төрийн өмчөөс бусад аж ахуй нэгж байгууллагуудыг тус хуулийн үйлчлэлд хамруулсан боловч манай байгууллагыг тус хуулийн үйлчлэлд хамруулаагүй. "Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно гэж заасан. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд ялгаатай хуульчилж өгсөн. Мөн “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-1.3-т хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахгүй даатгуулагчийн тухай зааж өгсөн байхад хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Учир нь хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар нь манай байгууллагыг ажил олгогч бус даатгуулагч гэж үзсэн бөгөөд даатгуулагчийг хуулийн этгээд буюу Төрийн нийтийн зориулалттай болон түүний оролцоотой хуулийн этгээдэд хамруулан ойлгосон. Ингээд манай байгууллага нь хуулийн этгээд буюу ажил олгогч, тэр дундаа Олон нийтийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээд гэдгийг нотлох зорилгоор бүхий л төрийн байгууллагад албан бичиг (Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яам, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам гэх мэт) өгсөн бөгөөд хамгийн сүүлд "Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл"-д хандсан боловч мөн л хуулийг буруу ойлгож тайлбарлан уг хуульд хамруулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Хариу хүргүүлэх тухай" гэсэн албан бичгээр шуудангаар хүлээн авсны дараа хариуг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Төр нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх заалт, 7-р зүйлийн 7.1-т тус тус заасны дагуу МҮОНРТ******-ийг хуульд заасан хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нь дэмжиж санхүү, эдийн засгийн зохих дэмжлэг үзүүлдэг хэдий ч уг дэмжлэгийг зөвхөн контент үйлдвэрлэхэд зориулж зарцуулдаг. МҮОНРТ****** нь Радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний сурталчилгаанаас олсон орлого, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгө түрээслүүлсний орлого, хөлс, зар МУ-ын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнээс өгсөн хандив, тусламж зэргээс ажилтны буюу даатгуулагчийн цалин хөлсийг олгодог билээ. МҮОНРТ****** нь төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд төрөөс хамааралтай байхыг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлээр хориглосон. Мөн Төсвийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.34-т "Төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэггүй бөгөөд төрөөс хараат бус байж, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургалч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтлан ажилладаг олон нийтийн өмчит хуулийн этгээд билээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн хариу албан тоотод “... Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу төрөөс авдаг санхүүжилтийн зарцуулалт нь тодорхой бус, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...төрийн нийтийн зориулалттай өмч” гэж “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль"-д заагаагүй шаардлагыг дурдаж хуулийг илтэд буруу ойлгож, тайлбарлан хамруулахгүй эс үйлдэхүй гаргаж МҮОНРТ****** болон түүнд ажиллаж буй 800 гаруй үндсэн болон гэрээт ажилтан нарын эрх, хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Иймээс хариуцагчийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн 1 дүгээр зүйлд заасан шаардлагыг манай байгууллага буюу ажил олгогч, ажилтан буюу даатгуулагч нар нь дараах байдлаар хангаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3-р зүйлд Төрийн өмчийг төрийн нийтийн зориулалттай эмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ гэж 2 ангилж өгсөн бөгөөд мөн хуулийн 4.1-д “...төрийн нийтийн зориулалттай өмч...”, 4.2-д төрийн нийтийн зориулалттай үл хөдлөх болон хөрөнгө, 13.1-д “...төрийн өмчит хуулийн этгээд...” зэргийг тодорхойлж өгсөн бөгөөд эдгээрийн алинд ч МҮОНРТ****** болон Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн өмч огт хамаардаггүй. Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл бөгөөд Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “олон нийтийн радио, телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох" гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд бүтэц орон тооны дээд хязгаарыг баталж өгдөг. Манай байгууллага нь 2018 онд 801, 2021 онд 799 орон тоотой үйл ажиллагаагаа явуулсан. Хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллагсдын тоо ч буураагүй, ажлын байрыг хадгалсан. МҮОНРТ****** буюу ажил олгогч нь 2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай “Нийгмийн хамгааллын салбарын мэдээллийг телевиз, радиогоор дамжуулан түгээх гэрээ”-г байгуулж, төлбөрийн 4 хувааж авсан билээ. Захиалагч байгууллага нь гэрээний төлбөрийг Азийн хөгжлийн банкаар дамжуулан олгосон явдал нь "Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль"-тай ямар ч холбоогүй билээ. Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн ажилтан буюу даатгуулагч дотор төрийн байгууллагад ажилдаг нэг ч ажилтан байхгүй бөгөөд гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн ажилтан буюу даатгуулагч ч байхгүй билээ. Ингэж ажилласан тохиолдолд ажил олгогчид мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр нөгөө байгууллагатай гэрээ байгуулах ёстой билээ. МҮОНРТ****** нь 2010 оноос хойш төсөл, хөтөлбөр бие дааж хэрэгжүүлээгүй билээ Засгийн газрын 2020 оны 12 сарын 13 өдрийн Корона вируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуй нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай 211 дүгээр тогтоолоор Айл өрхийн болон дор дурдсанаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс тооцож 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд үүний улмаас ТВ-ийн хураамжийн үйлчилгээний орлого 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 6 дугаарын сарын хооронд нийт 3,073,509,260 төгрөг төвлөрч байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаарын сарын хооронд нийт 2,044,308,742 төгрөг төвлөрч 1,029,200,517 төгрөгөөр буурсан. Ажил олгогч болон даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамруулаагүйгээс дараах нөхцөл байдал бий болсон. Үүнд: 2020 оны 4-9 сард даатгуулагч хөнгөлөлтөд хамрагдаагүй тайлангийн дүн 596,677,103 төгрөг, ажил олгогчийн дун 534,336,400 төгрөг нийт 1,131,013,503 төгрөг болсон. Хэрэв хөнгөлөлтөд хамрагдсан бол даатгуулагч 91,873,610 төгрөг, ажил олгогч 91,126,010 төгрөг Нийт 182,999,620 төгрөг тайлагнах бөгөөд хөнгөлөлт чөлөөлтийн зөрүү нь даатгуулагч 504,803,493 төгрөг, ажил олгогч 443,210,389 төгрөг нийт 948,013,882 төгрөг болох байсан. 2020 оны 10-12 сард даатгуулагч хөнгөлөлтөд хамрагдаагүй тайлангийн дүн 310,040,792 төгрөг, ажил олгогчийн дүн 277,725,695 төгрөг нийт 587,766,488 төгрөг болсон. Хэрэв хөнгөлөлтөд хамрагдсан бол даатгуулагч 173, 038, 680 төгрөг ажил олгогч 168, 742, 080 төгрөг нийт хөнгөлөлт 341,780, 761 төгрөг зөрүү нь даатгуулагч 137,002,112 төгрөг ажил олгогч 108,983,615 төгрөг нийт 245,985,727 төгрөг болно. 2021 оны 1-6 сар даатгуулагч хөнгөлөлтөд хамрагдаагүй тайлангийн дүн 680,683,235 төгрөг, ажил олгогчийн дүн 612,522,845 төгрөг нийт 1,293,206,081 төгрөг болно. Хэрэв хөнгөлөлтөд хамрагдсан бол даатгуулагч 529,705,245 төгрөг ажил олгогч 514,507,545 төгрөг нийт хөнгөлөлт 1,044,212,790 төгрөг хөнгөлөлт чөлөөлөлтийн зөрүү нь даатгуулагч 150,977,990 төгрөг ажил олгогч 98,015,300 төгрөг нийт зөрүү нь 248,993,290 төгрөг болох байсан.Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамруулаагүйтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдах хугацааны даатгуулагчаас 792,783,595 төгрөг, ажил олгогчоос 650,209,305 төгрөгийн чөлөөлөлтөд хамрагдаж чадалгүй өдийг хүрлээ Иймд хариуцагч нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Ажил олгогч буюу МҮОНРТ****** түүнд ажиллаж байгаа 851 ажиллагсад буюу даатгуулагчдыг 2020 оны 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулах, мөн 2020 оны 10,11,12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, 2021 оны 1-ээс 6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11,12 дугаар сар, 2021 оны 1-ээс 6 дугаар саруудын тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд тус тус нөхөн хамруулахыг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт даалгаж өгөхийг хүсье.

Нэхэмжлэгч өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд цөөн үндэслэлийг тодорхой заасан. Үүнд: Тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь доголдсон байх ёстой. Энэ нь өмнөх оны тухайн сарын татварын тайлантай харьцуулсан татварын тайлангаар баталгаажих ёстой гэсэн шаардлага тавигдсан. Тухайн нотлогдох ёстой баримтыг Татварын ерөнхий газраас ирсэн баримтаар нотлогдож байна. Дараагийн асуудал нь тухайн хуулийн этгээдийн орлого нь буурсан ч гэсэн ажлын байраа хадгалсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн зөвлөлөөс бүтэц, орон тоогоо батлахдаа нэг ч хүн хасалгүйгээр бүтэц, орон тоогоо баталсан тогтоолоо шүүхэд гарган өгсөн. Эдгээр хуульд заасан шаардлагуудыг хангаж байгаа юм. Мөн дээрээс нь нэмээд Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа ирүүлэх ёстой гэсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын тайлангаа ирүүлээгүй гэдэг талаар хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалаас ирүүлсэн мэдээлэлд МҮОНРТ******нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа цаг хугацаанд нь өгч байсан гэдэг нь харагдана.  хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын тайланг ирүүлээгүй гэдгийг хариуцагчаас маргаагүй. Тус хууль нь 7 зүйлтэй, 5 өөр шийдвэрлэсэн хууль гарсан. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дугаар зүйлүүд нь цалин хөлс буюу түүнтэй адилтгах орлого олж байгаа даатгуулагчийн тухай зааж байгаа буюу тус зүйлд заагаагүй даатгуулагч нь тус хуулийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдах ёстой гэдэг агуулгаар тусгасан. Тэгэхээр нэхэмжлэгчээс яагаад Нийгмийн даатгалын ерөнхий газрыг тус хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж маргаж байна вэ гэвэл  нэгдүгээрт: эдгээр даатгуулагч нарын асуудлыг ярих ёстой байсан. Хоёрдугаарт: Баянгол дүүргийн Татварын хэлтсээс “...Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн орлого 50 хувиас буураагүй байсан учраас бид нар хүргүүлээгүй юм...” гэж тайлбарласан байсан. Энэ нь тус хуулийг буруу ойлгож байгаагийн шинж юм.  Орлого нь 50 хувь буурсан хуулийн этгээд нь тус хуулийн 3 дугаар хэсэгт хамааралтай юм. Өөрөөр хэлбэл орлого 50 хувь буурсан аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх ёстой байсан. Хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэхээр даатгуулагчид 200,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх ёстой байсан. Гэтэл эдгээрийг хамтад хамааруулан ойлгож захиргааны хэргийн шүүхэд тайлбар өгч байгаа нь тус хуулийг нэг бүрчлэн сайн ойлгож, хэрэглээгүй байна. Хоёрдугаарт: Хариуцагчаас Сангийн яамнаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамруулахгүй гэж шийдсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн мэдээлэлд шүүлт хийж хандаагүй байна. Сангийн яамнаас сар бүр ирүүлж байгаа мэдээлэлд аливаа гадаадын зээл, тусламж авч байгаа байгууллагуудын нэр байдаг. Тэгэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь тэндээс цалин хөлс авч байгаа даатгуулагч нарыг шүүн гаргаж, тэдгээрийг хөнгөлөлт, чөлөөлтөд хамруулахгүй байх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь байгууллага буюу ажил олгогчийг ч хамруулаагүй, мөн даатгуулагчийг ч хамруулаагүй. Ази хөгжлийн банк болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас 7 дахь жилдээ хэрэгжиж буй төсөл байдаг. Тус төслийн тодорхой мэдээллийг телевиз, радиогоор нэвтрүүлэх тендер зарлахад МҮОНРТ****** оролцож, үүнээс 4 сар дараалан 200,000,000 төгрөгийг авсан. Үүнээс хэн нэгэн даатгуулагч цалин хөлс түүнтэй адилтгах орлого олсон гэж үзэж байгаа бол уг даатгуулагчийг тухайн сард нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулахгүй байх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь бүх даатгуулагчийг хамруулаагүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Дараагийн асуудал бол Сангийн яамнаас ирүүлсэн мэдээлэлд “...МҮОНРТ******нь 2006-2010 оны хооронд бие даан төсөл хэрэгжүүлсэн...” гэж дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт нь бие даан төсөл хэрэгжүүлж байгаа, тусламж дэмжлэг авч байгаа, цалин хөлс авч байгаа этгээд байх юм бол хамруулахгүй гэсэн агуулгатай юм. Үүнийг мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн төрийн нийтийн өмчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна” гээд нийт 8 зүйлийг дурдсан, үүнд МҮОНРТ****** байхгүй гэдгийг шүүхээс анхаараасай гэж хүсэж байна. Хариуцагч талаас тайлбарлахдаа төрийн нийтийн өмч, эсвэл гадаадын зээл тусламж авсан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл ямар үндэслэлээр хуульд хамруулахгүй байгаа тайлбар нь хоорондоо зөрдөг.

Мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбарлах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын зөвлөлөөс гарсан шийдвэрийг 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргаж ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэх юм бол гомдол гаргана гэсэн хуулийн заалттай нийцэж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын зөвлөлд хандсан боловч хариу өгөөгүй. Энэ эс үйлдэхүйтэй холбогдуулан гомдлын шаардлагын зөвлөлд буюу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандсан боловч гомдлыг хүлээж аваагүй учраас эс үйлдэхүй гэж үзэн үүнийг нь хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байна. Мөн хуульд заасан шаардлагын дагуу даатгуулагч нарыг хуульд заасан хугацаагаа, хувь хэмжээгээр нөхөн даалгуулахыг хүсэж байна. Учир нь тус хуулийн үйлчлэл хэдийгээр дууссан боловч хууль хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1/МҮОНРТ******нь гаргасан нэхэмжлэлдээ Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд тухайн байгууллагын ажилчид албан хаагчдыг хамруулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа талаар дурдсан байна.

2/МҮОНРТ******нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу төрийн нийтийн зориулалттай өмчит байгууллага юм.

3/Мөн гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнээс өгсөн хандив тусламж нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх хэсэгт “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл хандив тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх." мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсэгт “Тусламжийн орлогоос санхүүжүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээнд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтална", 25.7 дахь хэсэгт “Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана” гэж заасны дагуу төсвөөс авч байгаа санхүүжилтэд багтаж байна.

4/Монгол улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журмыг баталж уг тогтоолын хавсралтад Төрийн байгууллагууд мэдээлэл солилцох хэсгийн 5.4 дэх хэсэгт “Сангийн яам нь гадаад улс орны зээл, тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж сар бүрийн 25-ны дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ.” гэж заасан Сангийн яамнаас сар бүрийн ирүүлэх ёстой мэдээнд МҮОНРТ******нь “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 4, 5, 6, 9 дүгээр саруудад нэмэлт санхүүжилт авсан байна.

Тус байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулиудад тусгасны дагуу улсын төсвөөс болон олон улсын байгууллагаас авсан тусламж нь төрөөс авч байгаа санхүүжилтэд хамрагдаж байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй талаар манай байгууллагын Гомдлын шаардлагын зөвлөлөөс үзэж хариу хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МҮОНРТ******нь тус газарт холбогдуулж Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүй даатгалын шимтгэлийн сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг хуульд хамруулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тодруулж ирүүлсэнтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. МҮОНРТ******нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ.” гэж заасны дагуу төрийн нийтийн зориулалттай өмчийн байгууллага юм.  Мөн гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнээс өгсөн хандив тусламж нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Тусламжийн орлогоос санхүүжүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээнд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтална”, 25.7-д “Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана” гэж заасны дагуу төсвөөс авч байгаа санхүүжилтэд багтаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг тухай хуулийг хэрэгжүүлэх, баримтлах журмыг баталж, уг тогтоолын хавсралтад төрийн байгууллагууд мэдээлэл солилцох хэсгийн 5.4 дэх хэсэгт “Сангийн яам нь гадаад улс орны зээл, тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж сар бүрийн 25-ны дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ” гэж заасан. Сангийн яамнаас сар бүр ирүүлдэг мэдээнд  МҮОНРТ******нь хүнс тэжээл, нийтийн халамжийн төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 04, 05, 06, 09 дүгээр саруудад нэмэлт санхүүжилт авсан байна. Тус байгууллага төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд тусгасны дагуу улсын төсөв болон Олон Улсын байгууллагаас авсан тусламжид төрөөс авч байгаа санхүүжилтэд хамрагдаж байна. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн дагуу шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдах боломжгүй байгаа талаар гомдлын шаардлагын зөвлөлөөс хариу хүргүүлсэн. Иймд Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан  МҮОНРТ******-д ажиллаж байгаа 851 ажилсагсад буюу даатгуулагчдыг 2020 оны 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлтөд хамруулах, мөн 2020 оны 10, 11 дүгээр сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар сарын тэтгэмж, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлтөд тус тус нөхөн хамруулах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газраас 2020 онд баталсан 140 тоот журмын 5.4-д “Сангийн яам нь гадаад улс орны зээл, тусламжаар бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй хуулийн этгээдийн оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар бүхий мэдээллийг гаргаж сар бүрийн 25-ны дотор Нийгмийн даатгалын ерөнхий газарт цахимаар хүргүүлнэ” гэж заасан. Манайд цахимаар ирүүлсэн мэдээлэлд МҮОНРТ******  байсан. Мөн Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн талаар Сангийн яамнаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсээс тодруулахад улсын төсвөөс дэмжлэг авдаг, түүнчлэн Олон Улсын байгууллагаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж хариу өгсөн учраас тус байгууллагыг хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулаагүй юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

Нэг. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож,  ажил олгогч буюу МҮОНРТ****** түүнд ажиллаж байгаа 851 ажиллагсад буюу даатгуулагчдыг 2020 оны 4,5,6,7,8,9 дүгээр саруудын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлын тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3/275 тоот албан бичгээр Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сангийн яаманд тус тус хандаж тус хуулийн этгээд нь Засгийн газраас Ковид-19 цар тахлын үеэр хэрэгжүүлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хүн амын орлогын албан татвар ногдуулахгүй байх гэсэн шийдвэрүүдэд хамаарах эсэх талаар лавлагаа хүсэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/929 тоот албан бичгээр танай байгууллага нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д заасан байгууллага тул хуульд заасан ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн хариуг хүргүүлжээ.

1.2.  Улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2/769 тоот албан бичгээр гомдол гаргасныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар хэлэлцэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “... төрийн нийтийн зориулалттай өмч” гэж заасан байх тул Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж шийдвэрлэжээ.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д “төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” хэлнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ”, 2 дахь хэсэгт “Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна” гээд хамаарах хөрөнгийг нэрлэн заажээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Олон нийтийн радио, телевиз энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа явуулахад нь төрөөс санхүү, эдийн засгийн зохих дэмжлэг үзүүлнэ” гэж тус тус заажээ.

1.3. Төрийн, төрийн нийтийн хуулийн этгээдийн төрлүүдийг дээр дурьдсан хуулиудад тодорхойлсон бөгөөд төрөөс санхүү, эдийн засгийн зохих дэмжлэг авдаг нь нэхэмжлэгчийг төрийн хамаарал бүхий хуулийн этгээд гэж үзэх үндэслэл болохгүй.

1.4. Учир нь нэхэмжлэгч нь бие даасан хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг онцлогтой бөгөөд төрийн, төрийн нийтийн хуулийн этгээдийн аль ч төрөлд хамаарахааргүй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг шинээр байгуулагдах Олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлсэн, мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А-1/1377, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  А-1/384 тоот албан бичгүүдэд “дээр дурдсан хуулиар шилжүүлснээс хойш өнөөг хүртэл дээрх хөрөнгө төрийн өмчид бүртгэлгүй, төрийн өмчид хуулийн этгээдийн жагсаалтад нэхэмжлэгч ороогүй” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/6288 тоот албан бичигт нэхэмжлэгчийг хэвлэл мэдээллийн байгууллага хэлбэрээр бүртгэлтэй талаар тус тус дурьдсан байх тул нэхэмжлэгч нь өмчийн хувьд ч, хуулийн этгээдийн төрлийн хувьд ч төрийн, төрийн нийтийн хуулийн этгээдэд хамаарахааргүй байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно” гээд мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.1 “төрийн байгууллагад ажиллаж байгаа даатгуулагч”, 1.2-т “төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагч”, 1.3-д “гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлбөрөөс цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөх даатгуулагч” гэж тус тус заажээ.

1.5. Нэхэмжлэгч нь мөн гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлбөрөөс цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөх даатгуулагч мөн хамаарахааргүй байна

Учир нь дээрх ангилалд гадаад улс, олон улсын байгууллагаас зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэснийхээ төлөө төлбөр авдаг, түүгээрээ ажилтан албан хаагчдаа цалинжуулдаг, дээрх санхүүжилтээрээ үйл ажиллагаагаа бүхэлд нь эсхүл дийлэнх олохыг санхүүжүүлдэг иргэн, хуулийн этгээд хамаарах байна.

1.6 Гэтэл нэхэмжлэгч нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Хоол тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр L3086-Mon дугаартай гэрээг байгуулсан бөгөөд гэрээний төлбөрт 200,000,000 төгрөгийг авчээ.

1.7. Энэ нь нэхэмжлэгчийн санхүүжилтийн маш бага хувийн эзлэх болох нь Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12-1/1062 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна.

1.8. Мөн нэхэмжлэгчид төрөөс олгох санхүү, эдийн засгийн дэмжлэг буурсан болох нь дээрх албан бичгээр мөн нотлогдож байна.

 1.9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан, ажлын байрыг хадгалсан, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлагдсан байх хуулийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгчийг төрийн нийтийн зориулалттай өмчит байгууллага, мөн гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлбөрөөс цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөх даатгуулагч” гэх үндэслэлээр дээрх хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус байна.

Иймд нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, ажил олгогч буюу МҮОНРТ****** түүнд ажиллаж байгаа 851 ажиллагсад буюу даатгуулагчдыг 2020 оны 4,5,6,7,8,9 дүгээр саруудын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулахыг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн 2020 оны 10,11,12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10,11,12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар сард тэтгэмж, ажилгүйдэл, болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд:

2.1. Тус шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх боломжтой хэдий ч хариуцагч захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, тэдгээрт хууль бус шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.

Учир нь нэхэмжлэгчийн дээр дурдсан саруудын тэтгэврийн даатгалын шимтгэл хэдэн хувь байх, тэдгээрийн шимтгэлийг хуульд нийцүүлж хэдэн хувиар төлүүлэх, тэтгэмж, ажилгүйдэл, болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулахыг шууд үүрэгжүүлэх боломжгүй бөгөөд хариуцагч нь дээрх асуудлыг хуульд нийцүүлж өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх учиртай.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсанчлан 5 болон 8,5 хувь гэх хатуу тогтоох боломжгүй бөгөөд даатгалын шимтгэл хувь өөрөөр хуулиар зохицуулагддаг тул хувьчлах шаардлагагүй.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн 2020 оны 10,11,12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар саруудад хамаарах тэтгэврийн даатгалын шимтгэл болон мөн саруудад хамаарах тэтгэмж, ажилгүйдэл, болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах гэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7 дугаар зүйлийн 7.1, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан “МҮОНРТ******”-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож,  ажил олгогч буюу МҮОНРТ****** түүнд ажиллаж байгаа 851 ажиллагсад буюу даатгуулагчдыг 2020 оны 4,5,6,7,8,9 дүгээр саруудын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн 2020 оны 10,11,12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар саруудад хамаарах тэтгэврийн даатгалын шимтгэл болон мөн саруудад хамаарах тэтгэмж, ажилгүйдэл, болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

ШҮҮГЧ                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ