Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00186

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01077 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00986 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Д” ХХК-д холбогдох,

2,918,254,494 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

1,179,422,046 төгрөг гаргуулах, 1, 2-р давхрын үйлчилгээний зориулалттай талбайн 60 хувийг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Э, өмгөөлөгч Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, Н, хариуцагчийн өмгөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 2,918,254,494 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 1,179,422,046 төгрөг гаргуулах, 1, 2-р давхрын үйлчилгээний зориулалттай талбайн 60 хувийг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01077 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 296,378,445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д, нэхэмжлэгч “Х” ХХК-аас 105,758,804 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Д” ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,621,876,049 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,073,663,242 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК нь ... барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгч “Х” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,749,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,639,842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000,000 төгрөгөөс 6,125,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс үлдэх 1,874,739 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 686,744 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00986 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01077 дугаар шийдвэр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...232.6...” гэсний дараа “...232.8...” гэж нэмж, “...296,378,445...” гэснийг “...1,628,387,287...” гэж, “...105,758,804...” гэснийг “...185,647,113...” гэж, “...2,621,876,049...” гэснийг “...1,289,867,207...” гэж, “...1,073,663,242...” гэснийг “...993,774,933...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК нь ... 1, 2-р давхрын үйлчилгээний талбайгаас нийт 278.73 м.кв /1-р давхарт 139.36 м.кв, 2-р давхарт 139.36 м.кв/ талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч “Х” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...1,639,842...” гэснийг “...8,299,886...” гэж, “...686,744...” гэснийг “...1,086,186...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Э.Эрдэнэбаяр, өмгөөлөгч Н.Хангай нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн ноцтой зөрчил гаргаж, хуулийг буруу хэрэглэж, холбогдох үндэслэлээ буруу тайлбарласан, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа талуудын гэрээгээр тохиролцсон алданги тооцох болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын заалтыг илт буруу дүгнэж, улмаар холбогдох хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан, нотлох баримтын шаардлага хангаагүй буюу гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр баталгаажсан илт алдаатай, бодит бус, ашиг сонирхлын зөрчилтэй, эргэлзээ бүхий төсөвт үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр тухайн хавтаст хэрэгт авагдсан үнийн санал гэх албан бичигтэй харьцуулах байдлаар төсвийг зөв гэж үзсэн, хариуцагч Үндэсний төв архивын газраас нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт тусгасан “Кози” апартмент орон сууцны барилгын Б блокийн 98 айлын орон сууцны барилгын “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан дэвтэр” зэрэг нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь хариуцагч “Д” ХХК-ийн Улсын дээд шүүхийн Иргэний танхимд гаргах хяналтын гомдлыг туйлын үндэслэл бүхий бөгөөд магадлалд тусгагдсан илт хууль бус, ойлгомжгүй, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй олон хууль бус дүгнэлт, шалтгаануудыг өргөн хүрээнд нэг бүрчлэн тайлбарлах хэрэгцээ шаардлага бий болгосныг урьдчилан, зориуд цохон тэмдэглэж байна.

Тус магадлал нь илт хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй, хууль тогтоомжийг зөрчсөн олон алдаатай, хариуцагч “Д” ХХК-ийн эдийн засгийн эрх ашгийг зориуд ноцтой хохироох агуулга, зорилготой байгааг Иргэний хэргийн танхимын бүрэлдэхүүн онцгойлон анхаарахыг хүсч байна.

Давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлэхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн ноцтой зөрчил гаргаж, хуулийг буруу хэрэглэж, холбогдох үндэслэлийг буруу тайлбарласныг дараах үндэслэлүүдээр нотолж, тогтоож байна.

4.1. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ болгосон “...” гэх нэр бүхий баримт нь илт хууль бус, зохиомол нотлох баримтын шаардлага хангахгүй. Тодруулбал:

4.1.1. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х” ХХК нь дээр дурдсан “Б” блок барилгын төсөв гэх баримт бичгийг гаргуулахдаа 2019.12.31-ний өдрийн байдлаар барилгын ажлын үлдэгдлийг баталгаажуулсан 2 талын, эсхүл өөрийн нотлох баримтын шаардлага хангуулан баталгаажуулсан акт, гүйцэтгэл, түүнд хамаарах аливаа баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Харин тус төсөвт тооцогдсон ажлуудыг төсвийн ямар нормативаар үнэлсэн тухайгаа, ийнхүү үнэлсэн нь үнэн зөв зэрэг шүүх бүрэлдэхүүнийг илт төөрөлдүүлж, хууль бус үндэслэл, нотолгоогүй баримтаар шүүх бүрэлдэхүүнийг хуурч, шүүн таслах ажиллагааг зориуд будлиантуулсан.

Үүнийг анхан шатны шүүх, шүүгч гярхай, мэргэжлийн, хариуцлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж шударгаар дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх, шүүх бүхэлдэхүүн зориуд, ашиг сонирхлын зөрчилд автаж, хууль бус төсвийг үнэн зөв гэсэн дүгнэлт хийхдээ магадлалын хянавал хэсгийн 14 дэх хуудаст “...М нь төсвийг боловсруулахдаа БА, ББ, ХАС, ЦБУ, ДГ, ХТ, ДХ зэрэг төсвийн норматив, ажлын зураг үндэслэсэн...“ гэж дүгнэсэн нь туйлын хайхрамжгүй, давж заалдах шатны шүүхийн шалгуур нөхцөлийг хангасан шүүгчийн хийж болохгүй ноцтой алдаа болсон. Учир нь шүүхийн маргаан нь хийж гүйцэтгээгүй ажлын үлдэгдлийн тоо хэмжээг нэн тэргүүнд гаргасны дараа түүнийг төсвийн ямар нормативаар бодох тухай асуудал юм.

Давж заалдах шатны шүүхийн энэхүү ноцтой, зориудын алдааг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим залруулж өгнө үү.

4.1.2. Хариуцагчаас анхан болон давж заалдах шатны шүүхэд хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдол, шүүх бүрэлдэхүүнд тусгайлан гаргах тайлбар зэргээр тухай бүр тайлбарлаж, нотолсон “Б” блокийн төсөв гэх нэртэй баримт бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж, 38 дугаар зүйлийн 38.4-т “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөн болохыг дараах үндэслэлээр хариуцагч бичгийн үндэслэл бүхий тайлбараар, хавтаст хэрэгт авагдсан төсвийн нүүр хуудас, задаргаанаас, гэрчийн мэдүүлгүүдээр нотолсон:

- тус төсвийг нэхэмжлэгч “Х” компани биш иргэн Б, А нарын хүсэлтээр, аливаа тооцоо нийлсэн баримт, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан актад үндэслэлгүйгээр зохиосон.

- Мөн уг тус төсөв нь “аливаа гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл”-ийг баталгаажуулах, үнийг тодорхойлох зорилгоор тооцогдоогүй байх бөгөөд “Улаанбаатар хот, ХУД, 3 дугаар хороо, иргэн Б, А нарын оффис үйлчилгээтэй орон сууцны барилгын “Б” блокийн төсөв” гэх агуулга, зорилгоор тооцогдсон нь нэрнээс шууд ойлгогдож, уншигдаж байна.

- Мөн тус төсвийг тооцсон огноо нь 2022.01.14-ний өдөр байх бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлж буй 2019.12.31-ний өдрийн байдлаар хариуцагч “Д” компанийн хийж гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийг гаргах хугацаанаас даруй 2 жил буюу 24 сарын дараа тооцогдсон байна.

- Мөн уг төсвийг гаргахдаа ажил гүйцэтгэлийн акт, “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний талуудын оролцоог хангаагүй.

- Алданги тооцох, хийж гүйцэтгээгүй ажлын үнэлгээг тогтоох үндэслэл болсон “Б” блокийн төсөв гэх баримт бичиг нь нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах арга хэрэгсэл нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн өөрийн шууд хүсэл зоригийн үндсэн дээр буюу нотлох баримт талуудын баталгаажуулсан акт баримтад үндэслээгүй байх тул хэрэгт ач холбогдолтой, хариуцагчийн гүйцэтгээгүй ажил үүргийг тодорхойлох баримт бичиг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, Б блок барилгад зориулсан төсөв мэт ойлгогдох олон төрлийн эргэлзээ байгааг анхаарахыг хүссэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээр дурдсан хариуцагчаас бичгээр гаргаж өгсөн үндэслэл бүхий олон дүгнэлт болон төсөв нь эргэлзээ бүхий олон үйл баримтаар няцаагдаж байгааг анхааралгүй, оновчтой хууль зүйн дүгнэлт хийлгүй хавтаст хэрэгт авагдсан үнийн саналыг төсөвтэй харьцуулах замаар дүгнэлт өгсөн нь хууль бус, үндэслэлгүй болсон.

4.2. Давж заалдах шатны шүүх, шүүх бүрэлдэхүүн гүйцэтгээгүй үүрэг 7,220,547,603 төгрөгөөс гэрээнд заасан 0.05 хувиар, 722 хоногоор нийт 2,606,617,684 төгрөгийн алданги тооцож, улмаар 50 хувиар буруулсан нь хууль бус, үндэслэлгүй, хууль тогтоомжийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн.

Хариуцагч нь анхан болон давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд гаргасан тайлбар, гомдолд “Х” ХХК-д алданги тооцох гэрээний нөхцөл бүрдээгүй, хууль зүйн үндэслэлгүй үүсээгүй болохыг маш тодорхой, хууль хэрэглээний төвшинд хөдлөшгүйгээр тайлбарлаж, нотолсон,

Харин энэ хэсэгт давж заалдах шатны шүүх алданги гэх ойлголтын хууль зүйн үндэслэл, түүний хэрэглээг буруу хэрэглэж, улмаар алданги тооцох үндэслэлийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Тодруулбал,

4.2.1.     Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.” гэж маш тодорхой, аливаа салаа утгагүйгээр шууд заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас харахад анз буюу алданги, торгууль нь үүрэг гүйцэтгэгч тал нь үүргээ тохиролцсон хугацаандаа гүйцэтгээгүй үед нөгөө тал нь төлөх ёстой мөнгөн төлбөр болох нь ойлгогдож байх бөгөөд Иргэний хуулийн тайлбар /2010/-ын 232 дугаар зүйлийн 232.7-г “Үүрэг гүйцэтгэгч нь зөвхөн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь гагцхүү үүрэг бүрэн байдлаар гүйцэтгэгдээгүй тохиолдолд шаардах эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд анзыг авах уу, эсхүл оронд нь үүргийн гүйцэтгэлээ хангуулах уу гэсэн хоёр асуудлаас сонголт хийх болно гэсэн үг юм.” гэж тайлбарлажээ.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч “Х” ХХК-д алданги тооцох эрх гэрээний нөхцөлийн хувьд бүрдээгүй, хууль зүйн үндэслэл бүрдээгүй.

Гэхдээ бүрдсэн байлаа ч гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг цуцалж, эсхүл гүйцэтгээгүй ажлыг баталгаажуулж, алданги тооцох эрхээ хэрэгжүүлэхийн оронд нэхэмжлэгч “Х” ХХК нь Улсын дээд шүүхийн дээрх тайлбарын дагуу үүргийн гүйцэтгэлээ хангуулах сонголтоо хийсэн болохыг давж заалдах шатны шүүх өөрөөр тайлбарлаж, улмаар шийдвэрийн үндэслэлээ хууль бусаар гаргасан.

4.2.2. Мөн хуулийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дунгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.", 232.7-д "Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж нарийвчлан тодорхой зохицуулжээ.

Харин “Д” ХХК-ийн хувьд гүйцэтгэгч буюу өөрсдөөс үл шалтгаалах асуудлаар хугацаа хэтэрсэнтэй аливаа хэлбэрээр маргаагүйн дээр гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн. Харин “Х” ХХК нь үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 5.1.4-т заасны дагуу төслийн ажлыг зогсоож, өөрөө үргэлжлүүлэх үүргээ хэрэгжүүлэхээс татгалзсан буюу үүрэг гүйцэтгэгч нараар үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээ өөрийн идэвхтэй үйлдэл, үйл ажиллагаа, хамтын үүрэг, өөрийн хариуцан гүйцэтгэх үүргүүдийг хүлээж, гүйцэтгэх байдлаар гэрээг үргэлжлүүлсэн “Х” ХХК-ийн идэвхтэй, өөрийн хүсэл зоригийн үйлдэлд шүүх дүгнэлт өгөлгүй, шүүхийн магадлалд хэт нэг талыг барьсан.

4.3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг шийдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

4.3.1. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 2 дахь заалтаар “Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан алданги 2,445,551,691 төгрөг, хийж гүйцэтгэсэн ажлын зардал 472,702,803 төгрөг, нийт 2,918,254,494 төгрөг гаргуулах, ...хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажлын зардал 1,179,422,046 төгрөг гаргуулах, 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай талбайн 60 хувийг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган талууд маргажээ.” гэж талуудын нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хүрээг зөв тодорхойлсон боловч хянавал хэсгийн 5 дахь заалтын 5.5-д хариуцагч “Д” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эдийн засгийн нөхцөл байдалд ноцтой хохирол учруулах хууль бус, үндэслэлгүй, зохигчдын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж, тогтоох хэсэгт баталгаажуулжээ.

Тодруулбал, “...өмнө дурдсанчлан “Д” ХХК нь нийт 325,078,445 төгрөгийн зардал буюу мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгч “Х” ХХК гүйцэтгээгүй байсан. 325,078,445 төгрөгийг талуудын албан бичиг, тайлбарт дурдагдсан үйлчилгээний талбайн үнэ 4,000,000 төгрөгт хуваахад 81.27 м.кв талбайтай тэнцэж байна. 1, 2-р давхрын талбайн 60 хувь нь нийт 360 м.кв тул үүнээс 81.27 м.кв талбайг хасахад 278.73 м.кв талбай гарч байна...” гэх зэргээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгад дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Ийнхүү дүгнэлт хийхдээ хариуцагч “Д” ХХК-д “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу шилжүүлэх үйлчилгээний талбайн 60 хувь буюу 394.56 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “Д” ХХК-ийн нэр дээр гаргахыг нэхэмжлэгч “Х” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгад тусгагдаагүй асуудлаар хариуцагчийн өмчлөх эрхэд халдсан дүгнэлт хийж, тогтоох хэсэгт хариуцагчийн гэрээгээр өмчлөлдөө авахаар заасан хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан нь шүүх бүрэлдэхүүн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг ойлгоогүй, түүнээс шалтгаалж буруу дүгнэлт хийж хууль бус дүгнэлтээ тогтоох хэсэгт хариуцагчийн өмчлөх эрхэд халдан баталгаажуулсан болох нь тодорхой нотлогдож байна.

4.3.2. Энэхүү гомдлын 1 дэх хэсэгт заасан 325,078,445 төгрөгийг давж заалдах шатны шүүх магадлалын 15 дахь хуудасны 4.2 дахь заалтаар “...нийт 325,078,445 төгрөгийг хариуцагч “Д” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна...” гэж дүгнээд улмаар тус 325,078,445 төгрөгийн төлбөрийг тогтоох хэсэгт оруулахдаа “...296,378,445...” гэснийг “...1,628,387,287...” гэж өөрчилснөөс тодорхой ойлгогдож байгаа юм. Тогтоох хэсгийн өөрчлөлт оруулсан агуулга нь алдангийн төлбөр болон хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хольж хутгаж ойлгомжгүй болгосон хэдий ч тооцооллыг тулган хийж үзэхэд 325,078,445+1,303,308,842=1,628,387,287 төгрөг гарч байгаагаас тухайн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг мөнгөн төлбөрөөр төлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тодорхой ойлгогдоно.

Ийнхүү давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт төлүүлэхээр тогтоосон мөнгөн төлбөрийг магадлалын тогтоох хэсэгт алдангийн хамт нэгдсэн дүнгээр 1,628,387,287 төгрөг гэж оруулсан атлаа мөн гэрээнд зааснаар хариуцагч “Д” ХХК-ийн өмчлөлд нь шилжсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь баталгаажаагүй буюу нэхэмжлэгч баталгаажуулах үүргээ биелүүлэхгүй байгаагаас холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэсгээс буюу үйлчилгээний талбайн 60 хувьд ногдох талбайгаас хасаж давхардуулан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь хариуцагч “Д” ХХК-ийн эдийн засгийн эрх ашгийг ноцтой хохироох зорилго, агуулгатай хууль бус шийдвэр болсон.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн ажлын зардлыг дээр дурдсанаар хууль бусаар 2 удаа давхардуулан шийдвэрлэхдээ илт хууль бус дараах 2 зөрчлийг гаргасан:

- Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан лифтний төлбөрт хамаарах хэсгийг хангахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 250,203,660 төгрөгийг 287,081,635 болгон өөрсдийн үзэмжээр, ямар тооцооллын үндсэн дээр нэмэгдүүлсэн нь тодорхой бус байдлаар нэмэгдүүлж, уг нэмэгдүүлсэн дүнгээс хариуцагчийн төлсөн 23,000,000 төгрөгийг хасаж, цахилгаан шатны төлбөрийг 250,203,660 төгрөг байхаар хэвээр тогтоосон нь илт хууль бус, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох лифтний төлбөрт хамаарах үнийн дүнг шүүх дур мэдэн нэмэгдүүлэн тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Лифтний зардалд хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэмжээ нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын зардалд тооцон шийдвэрлэсэн 296,378,445 төгрөг 325,078,445 төгрөг болж үндэслэлгүй нэмэгдэх шалтгаан болсныг хяналт шатны шүүх анхаарч, залруулж өгөх шаардлагатай. Нэхэмжлэгч лифтний зардалд хамаарах нэхэмжлэлийн шаардлагаа 2 дугаар хавтаст хэргийн 79-84 дүгээр хуудаст байх хоорондын тооцоо болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хийж гүйцэтгэсэн ажлын зардал 472,702,803 төгрөгт оруулан 250,203,660 төгрөг гэж тогтоосон бөгөөд үүнээс 23,000,000 төгрөг төлөгдсөн болохыг тодорхой тусгасан байдаг. Гэтэл шүүх бүрэлдэхүүн дур мэдэн үндэслэлгүй, баримтгүй тооцоо хийж, нэмэгдүүлсэн дүн гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хэргийн оролцогчдод ялгавартай хандаж, хэт нэг талыг барьсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэдгийг хяналтын шатны шүүх анхаарч, зөв дүгнэлт хийж өгнө үү.

-  Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэг болох 1 болон 2 дугаар давхрын хариуцагчид “Д” ХХК-ийн өмчлөлийн 60 хувийн талбай буюу 396.54 м.кв үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг баталгаажуулах баримт бичгийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг даалгах тухай өөрчилж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын анхны шаардлагад дурдагдсан 360 м.кв талбайгаар тооцсон нь шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий, эргэлзээгүй байх талаас нь бүрэн дүүрэн танилцаагүй, хавтаст хэргийг судлаагүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсныг анхаараагүй болохыг нотолж байна. Улмаар шүүх бүрэлдэхүүний энэхүү илт хариуцлагагүй, хайхрамжгүй алдаа нь шүүхийн шийдвэр хууль бус, үндэслэлгүй гарах шалтгаан болсон.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх даалгах нэхэмжлэлийн шаардлагад хууль бусаар өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг багасгасан, ийнхүү багасгахдаа хийж гүйцэтгэсэн ажлыг мөнгөн төлбөрөөс гаргуулахаар шийдвэрлэсэнтэй давхардуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдааг хяналт шатны шүүх залруулж өгнө үү.

4.4. Нэхэмжлэгчид гэрээний дагуу алданги тооцох хууль зүйн үндэслэл үүсээгүй, гэрээний нөхцөл бүрдээгүйг давж заалдах шатны шуух анхаараагүйгээс хуулийг зөв хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Давж заалдах шатны шүүх магадлалын 4 дахь хэсэгт хууль хэрэглээний хэд хэдэн ноцтой алдааг гаргасан.

4.4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 232.6-д заасантай нийцэхгүй байна гэх дүгнэлт, түүний үндэслэл нь илт хууль бус.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний талуудын хариуцлага гэх 5 дугаар зүйлд талууд алданги тооцохоор тохиролцсон нөхцөл нь гэрээний 5.1.3-т “А” тал нь ажлаа зогсоосон, хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол “А” тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг “Б” талд төлнө.” гэж заасан.

Гэтэл гэрээний энэхүү заалтыг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232.6-д заасантай нийцжээ гэж дүгнэсэн бөгөөд энэхүү үндэслэлээ "хариуцагч "Д” ХХК нь “...ажлаа зогсоосон, хаяж явсан, гэрээний үүргэ биелүүлэхээс татгалзсан зүйлгүй...” гэж тайлбарлах боловч уг тайлбар нь үүрэг гүйцэтгэх хугацаа 722 хоногоор хэтэрсэн нөхцөл байдал, мөн “Х” ХХК-аас “Д” ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдээр “...тохирсон хугацаа хэтэрсэн тул ажлаа яаралтай дуусгахыг шаардсан...” үйл баримтуудаар няцаагдаж байна." гэж тайлбарласан нь илт үндэслэлгүй юм.

Учир нь хариуцагч “Д” ХХК нь гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон нөхцөл болох ажлаа зогсоосон, хаяж явсан, үүргээ гүйцэтгэхээс татгалзсан аливаа идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд “Д” ХХК-ийг ажлаа зогсоосон, хаяж явсан, үүргээ гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзсан талаар хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт байхгүй. Энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.10.18 өдөр хариуцагч талаас шүүхэд хүргүүлсэн Үндэсний архивын газарт хадгалагдаж байгаа “Кози” апартмент орон сууцны барилгын Б блокийн 98 айлын орон сууцны барилгын “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан дэвтэр”-ээс “Д” ХХК нь ажлаа хаясан, зогсоосон, үүргээ гүйцэтгэхээс татгалзсан аливаа үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй буюу гэрээт ажлыг 2019.05.08-2019.12.31-ний өдрийг дуустал тасралтгүй гүйцэтгэж байсан болохыг бүрэн нотолсон бөгөөд шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд хавтаст хэргээс анхан шатны шүүх бүрэлдэхүүн хангалттай танилцаж зохигчид мэтгэлцсэн.

Мөн “Х” ХХК-аас ирүүлсэн нийт 12 тооны 16 хуудас бүхий нотлох баримтаар ирүүлсэн албан бичгийн 2 бичиг нь гэрээ үргэлжлэх явцад ирсэн бөгөөд гэрээ үргэлжлэх явцад ирсэн тухайн 2 албан бичигт ажлыг зогсоосон, хаяж явсан, үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тухай агуулга, шаардлага дурдаагүй.

Алданги тооцох үндэслэл болсон ажлаа хаясан, зогсоосон, үүргээ гүйцэтгэхээс татгалзсан үйлдэл нь гэрээний үргэлжлэх хугацаанд хариуцагчаас гаргах идэвхтэй үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болох эрх зүйн үр дагавар бөгөөд энэхүү агуулга нь гэрээний хугацаа хэтрүүлэхээс өөр ойлголт бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний бие даасан хариуцлагын зохицуулалт юм.

Харин талуудын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 5.1.4-т “Төслийн ажлын хөрөнгө оруулалт зогсох, барилга ашиглалтад орох хугацааг хэтрүүлсэн тохиолдолд “Б” тал нь барилгын төслийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж дуусгах бөгөөд...” гэж “Д” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хүлээх хариуцлагыг маш тодорхой тохиролцсон буюу ийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцно гэж заагаагүй байх бөгөөд “Х” ХХК хугацаа хэтрүүлсэнтэй холбогдуулан төслийн ажлыг өөрөө үргэлжлүүлэхээр тохиролцсон байдаг.

Дээрх 5.1.3 болон 5.1.4 дахь заалтын агуулгаас харахад гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор талууд тохиролцоогүй буюу гэрээгээр “Д” ХХК үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй тохиолдолд төслийн ажлыг нөгөө тал өөрөө үргэлжлүүлэхээр тохиролцсон байдаг. Энэ нь Иргэний хуулийн 232.7.-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэргэнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж заасан хуулийн агуулга, зохицуулалттай нийцэж байгааг Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, буруу тайлбарлах замаар илт ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүх онцгой анхаарч, зөв дүгнэлт хийж өгнө үү.

4.5. “Д” ХХК нь нэхэмжлэгчээс ирүүлсэн төсвийг няцаасан төсвийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, гүйцэтгээгүй үүргийн дүнг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй гэх дүгнэлт нь хууль бус.

4.5.1. “Д” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн төсөв нь илт хууль бус, үндэслэлгүй төсөв болохыг нотлох зорилгоор 2023.09.08-ны өдөр 2325 тоот бичгээр шинжээч томилуулах, төсөв зохиосон этгээд нь төсвийг ямар баримт, мэдээлэлд үндэслэн боловсруулан болохыг нотлох зорилгоор гэрч оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2023.09.12-ны өдрийн 15399 дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх шинжээч томилох хүсэлт гаргаагүй, нотлох баримт болох төсвийг няцаах үүргээ хэрэгжүүлээгүй гэх илт хууль бус дүгнэлт хийж, хариуцагчийг өөрийн татгалзлаа нотолж чадаагүй гэж шууд дүгнэсэн.

Хариуцагч нь өөрт байхгүй мэдээллийг нотлох боломжгүй боловч өөрийн буруугүй болохыг нотлох зорилгоор өөрөөс шалтгаалах бүхий л нотлох баримтуудыг гаргаж, шаардлагатай хүсэлтийг гаргах замаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй төсвийг илт үндэслэлгүй, хуурамч, зохиомол төсөв болохыг дараах хэд хэдэн үндэслэлээр хөдлөшгүй нотолсон.

- Тус төсөвт шал, хаалга цонхны ажил 100 хувь хийгдээгүй гэж үзэж төлбөрийг нэхэмжилсэн байх бөгөөд “Д” ХХК-ийн зүгээс тус компанийн хувьцаа эзэмшигч, инженер, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Г.Баттулгын гар утсанд үзлэг хийлгэх замаар Б блок барилгын цонх 2019.11.18-ны өдрийн байдлаар бүрэн хийгдсэн болохыг зургаар баталгаажуулсан. Тус зургийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон “Х” ХХК-ийн хяналтын инженер Мөнхбаярын гар утаснаас мөн давхар нотолж, хавтаст хэрэгт үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

- Тус төсөв нь Б блок барилгын сантехник, салхивчны ажлыг 50 хувь хийж гүйцэтгэсэн гэж үзэж, үлдэгдэл 50 хувийн ажлын төсвийг сантехникийн ажлын хувьд 1,295,706,976 төгрөг, салхивчийг 538,967,897 төгрөгөөр тооцсон байдаг. Гэтэл “Д” ХХК-ийн зүгээс Б блок барилгын Сантехник, салхивчийн ажлыг “Э” ХХК-аар 378,000,000 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн болохыг тус компанийн зөвлөх инженер Ц-г гэрчээр оролцуулах замаар нотолсон бөгөөд “Ажил гүйцэтгэх гэрээ” болон тооцоо нийлсэн актыг хавтаст хэрэгт хавсаргаж “Б” блок барилгын үлдэгдэл ажлын төсөв гэх баримт бичиг нь илт алдаатай, хуурамч, хэт хөөсөрсөн болохыг хөдлөшгүй нотолсон.

Энэ нь тухайн төсөв нь нотлох баримтын шаардлага хангагүй буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй, эргэлзээ бүхий баримт болохыг бүрэн илэрхийлж байгаад шүүх үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт өгөхийг хүсэж байна.

4.5.2. Төсвийг хууль бус, гэрээний нэг тал биш этгээдийн захиалгаар хийлгэсэн гэх хариуцагчийн татгалзал мөн үндэслэлгүй гэх Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь илт хууль бус, холбогдох хууль зүйн үндэслэлийг хийх замаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаагаагүй.

Давж заалдах шатны шүүх тэргүүлэх төсөвчин М нь “...төсвийг боловсруулахдаа БА, ББ, ХАС, ЦБУ зэрэг төсвийн норматив, ажлын зураг үндэслэсэн...” талаар дурдсан байх тул холбогдох татгалзал үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийхдээ хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүх талаас нь эргэлзээгүй үнэлэх үүргээ зөрчиж, ноцтой алдаа гаргасан.

Учир нь төсөвчин М нь хийж гүйцэтгээгүй ажлын үлдэгдлийн хэмжээг тогтоохдоо гүйцэтгэлийн ямар акт, баримтад үндэслэн үлдэгдэл ажлын тоо хэмжээг гаргасан болохыг нэн түрүүнд тогтоосны дараа тухайн үлдэгдэл ажлын өртгийг ямар нормативаар тооцох вэ гэх аргачлалыг давж заалдах шүүх бүрэлдэхүүн төсөв зохиосон баримт мэтээр андуурч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол нотлох баримтад дүгнэлт хийх үүргээ алдаатай, ашиг сонирхлын зөрчилтэй, буруу хэрэгжүүлсэн.

“Д” ХХК-ийн зүгээс төсөвчний баримталж буй нормативтай огт маргаагүй бөгөөд гагцхүү ямар баримтад үндэслэн үлдэгдэл ажлын тоо хэмжээг гаргасан бэ гэдгийг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш олж тогтоож чадаагүй бөгөөд Анхан шатны шүүх ч төсөв нь ямар баримтад үндэслэсэн нь эргэлзээтэй байна гэж дүгнэсэн. Харин төсвийн тоо хэмжээг ямар нормативаар бодох нь дараагийн тусдаа асуудал байсныг шүүх анхаараагүйгээс давж заалдах журмаар хэрэг маргааныг хянан үзсэн магадлалын хянавал хэсэгт буруу дүгнэж, улмаар ТОГТООХ хэсгийн агуулгыг хууль зөрчиж өөрчилж буруу гаргасан.

4.6. Давж заалдах шатны шүүх алдангийн төлбөр гаргуулах шаардлагыг хангахдаа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж тодруулсан дүнд бус анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 2,606,617,684 төгрөгөөс 50 хувиар шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр бөгөөд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн бүх талаас, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлэхдээ хэргийн материалтай бүрэн танилцаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрчлөгдсөн эцсийн шаардлагуудыг зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, түүний үнийн дүн, түүнийг өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үнийн дүнг анхаарч, оновчтой дүгнэлт хийгээгүйгээс Магадлалын тогтоох хэсгийг бүхэлд нь илт үндэслэлгүй, буруу тооцоолсон. Тодруулбал,

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2022.09.21-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Д” ХХК-д холбогдуулан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүйтэй холбогдуулан алданги 2,606,617,684 төгрөг, гүйцэтгэсэн ажлын зардалд 311,636,810 төгрөг, нийт 2,918,254,494 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагаа 2023.05.02-ны өдөр "...Улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй байх үүднээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд холбогдох 2,606,617,684 төгрөгийн алдангиа 161,065,993 төгрөгөөр бууруулж 2,445,551,691 төгрөг болгох, гүйцэтгэсэн ажлын зардал болох 311,636,810 төгрөгийг 161,065,993 төгрөгөөр нэмэгдүүлж 472,702,803 төгрөг, нийт 2,918,254,494 төгрөгийг гаргуулах... “ гэж өөрчилсөн байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Х” ХХК нь анхан шатны шүүхэд хандан алдангийн төлбөрт 2,445,551,691 төгрөг, гүйцэтгэсэн ажлын төлбөрт 472,702,803 төгрөг, нийт 2,918,254,494 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх алдангийн төлбөрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хийж гүйцэтгэсэн ажлын зардлаас 296,378,445 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл алдангийн хэмжээг 50 хувиар хангаж буюу 1,303,308,842 гэж тодорхойлсон нь хэргийг бүхэлд нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон.

4.7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн үндэслэлгүй, төсвийг хариуцагчийн үнийн санал гэх 10,288,191,611 төсөвтэй харьцуулах замаар 7,220,547,603 төгрөгийн төсвийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй гэх дүгнэлт нь илт хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй болсон.

Учир нь, хариуцагч “Д” ХХК нь “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу 2 давхар хүртэл хийгдсэн суурийг 3 давхраас 16 давхар хүртэл барьж, гадна металл фасадны ажил болон дотор сантехникийн ажил, холбоо дохиоллын ажил, хаалга, цонх, шалны ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болохыг Гэрч Ц, Л, М нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, Үндэсний төв архивын газраас гаргуулсан “Барилга угсралтын долыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан дэвтэр”-ээс бүрэн нотолсон.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нотлохоор ирүүлсэн төсөвт дотор сантехник, салхивчны ажил 50 хувь, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн ажил 50 хувь, заслын ажил 100 хувь, шал хаалга цонхны ажил 100 хувь, гадна металл фасадны ажил 50 хувь, хөөсөнцөр дулаалгын ажил 100 хувь хийгдээгүйгээр тооцогдож, төсөв орсон байдаг.

Уг хууль бус, үндэслэлгүй төсвийн нэгдсэн төсвийн нүүрт 50 хувь хийгдсэн дотор сантехникийн ажлыг 1,295,706,976 төгрөгөөр, салхивчийн ажлын 50 хувийн үлдэгдэл өртгийг 538,967,897 төгрөг буюу нийт 1,834,674,873 төгрөгийн сантехник, салхивчийн ажлыг хариуцагч “Д” ХХК хийж гүйцэтгэсэн гэж үзнэ.

Зөвхөн дотор сантехник, салхивчийн ажлын 50 хувийг хийсэн дүн болох 1,834,674,873 төгрөг дээр хийж гүйцэтгээгүй ажлын үлдэгдлийн дүн болон 7,220,547,603 төгрөгийг нэмэхэд 9,055,222,476 төгрөг болж байх бөгөөд үүн дээр төсөвт дутуу гүйцэтгэлтэй хийгдсэн гэж дурдагдсан металл фасад шал, хаалга, цонх, дотор засал, хүчит төхөөрөмжийн ажлыг нэмэхэд барилгын төсөв 10,288,191,611 байх ямар ч боломжгүй бөгөөд үнийн санал гэх 10 тэрбум төгрөгийн төсөвтэй харьцуулахад хийж гүйцэтгээгүй ажил нь 7,220 тэрбум төгрөг байх боломжтой гэх үндэслэл нь туйлын ойлгомж, үндэслэл бүхий дүгнэлт хийгдээгүй, нотолгоогүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт болох бөгөөд ийнхүү гаргасан дүгнэлт нь илт хууль бус, зориудын ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болсон нь илэрхий байна.

4.8. Үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон, гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэх Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэсэн үндэслэл нь илт хууль бус, хуулийг зөрүүтэй хэрэглэж, буруу тайлбарласан.

4.8.1.     Давж заалдах шатны шүүхээс “...Анхан шатны шүүх “...үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон...”, “...нэхэмжлэгч барилга барихтай холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх буюу гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй...” гэх дүгнэлтүүд нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байна...“ гэх дүгнэлт хийхдээ “Х” ХХК-аас “Д” ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдэд хугацаа сунгасан, нэмэлт хугацаа тогтоосон агуулга тусгагдаагүй, харин тохирсон хугацаа хэтэрсэн тул ажлаа яаралтай дуусгахыг шаардсан агуулгатай байгааг тодотгосон нь мөн л хууль хэрэглээний болон талуудын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний агуулга, зорилго, гол нөхцөлийг зөрүүтэй хэрэглэж, тайлбарласан хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Тодруулбал,

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д” ХХК-ийг үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр алданги тооцон нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар гэрээний хугацаа дууссан хойно ирүүлсэн 10 тооны албан бичгийг хавсаргасан байдаг бөгөөд гэрээ үргэлжлэх хугацаанд хүргүүлсэн 2 тооны албан бичгийг мөн хавсаргасан байдаг.

Гэрээ үргэлжлэх явцад хариуцагч “Д” ХХК-д хүргүүлсэн албан бичгийн агуулгад гэрээний хугацаа дуусч байгаа талаар болон гэрээний хугацаа дуусгавар болсноор хэрхэх тухай агуулга байхгүй байгаа нь талууд гэрээт ажлыг гэрээ үргэлжлэх хугацаанд хэвийн үргэлжлүүлж байсантай шууд холбоотой. Хариуцагчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ талаар товч, тодорхой, ойлгомжтой тайлбарласан боловч шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг барьж, хариуцагчийн нотлох баримтаар баталгаажсан тус тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй, үндэслэл бүхий няцаалт өгөөгүй.

4.8.2.     Түүнчлэн, Давж заалдах шатны шүүх магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 4.1-т “Хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээгээр тохирсон хугацаанаас 722 хоногоор хэтрүүлсэн байна...” гэх дүгнэлт хийхдээ маргаан бүхий барилга дээр 2021.09.10-нд комисс ажилласан болон комиссын акт дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын хөл хорионы үед нийт 30 гаруй байгууллагын гарын үсгээр баталгаажсаны эцэст дугаар авдаг болохыг огт харгалзаагүйгээр 722 хоног гэж дүгнэсэн нь хууль бус.

Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгт талууд гэрээний хугацаа дууссантай холбоотой эрх зүйн ач холбогдол бүхий дүгнэлт хийхдээ “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”- ний 9.1-д “Гэрээт болон ажлын хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарвал талууд нөгөө талдаа бичгээр мэдэгдэж, талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт оруулснаар хүчинтэйд тооцно.” гэх гэрээний зохицуулалтыг барьсан байх бөгөөд тус заалт нь талууд хэн аль нь гэрээт ажлын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд нэмэлт гэрээ байгуулах үүрэгтэй байсныг зөв тодорхойлсон боловч түүнээс үүдэн гарах хариуцлагыг зөвхөн “Д” ХХК-ийн үүрэг мэтээр шууд, нэг талыг барьсан дүгнэлт өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй, Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үг, утга ойлгомжгүй бол гэрээний агуулга зарчим, үндсэн зохицуулалтад нийцүүлэн тайлбарлах хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн.

Мөн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 4.1-д Гэрээний хүрээнд хийгдэх ажил үүрэг нь талуудын хамтын оролцоо, харилцан хүлээх үүрэг хариуцлагын дагуу хийгдэх байсныг тодорхойлсон боловч түүнээс үүдэн гарах эрх зүйн хариуцлагыг “Д” ХХК хариуцах байсан мэтээр хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гэж шууд ойлгогдож байна.

Иймд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, харилцан ашигтай хамтран ажиллах, харилцан тэнцүү үүрэг хариуцлага хүлээсэн талуудын гэрээний үүрэг, хариуцлагыг хуваарилсан заалтуудад хууль зүйн зөв дүгнэлт хийж, оновчтой шийдвэрлэж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт гэрээний 3.1.2, 4.1.4 дэх заалтуудад тусгайлан дүгнэлт өгөх замаар “Д” ХХК-ийн хариуцан хүлээх ямар ч боломжгүй үүргүүдийг дурдаж, энэхүү заалтаар “Д” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэсэн дүгнэлтээ баталгаажуулахыг оролджээ. Гэвч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнд хамаарах нотлох баримтыг шинжлэн судалбал алдангийн тухай зохицуулалтаар “Х” ХХК-аас “Д” ХХК-аас хугацаа хэтрүүлсэнтэй холбогдуулан алданги тооцох хууль зүйн үндэслэл, гэрээний нөхцөл бүрдээгүй болохыг илэрхий, тодорхой ойлгож болох байсан.

4.9. Давж заалдах шатны шүүх зохигчдын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус шүүхийн 2024 оны 491 дугаар захирамжаар буцаан олгосон нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зорчил болсон.

Давж заалдах шатны шүүх зохигчдын гомдлоор хэрэг маргааныг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн. Нэгэнт талуудын давж заалдах гомдлын шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байтал нэхэмжлэгчийн төлсөн 13,797,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 5,285,944 төгрөгийг 100 хувь буцаан олгох хууль зүйн боломжгүй. Гэтэл ийнхүү шийдсэн нь хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн ноцтой алдаа болно. Түүнчлэн, улсын тэмдэгтийн хураамжаас шүүхийн ажиллагааны зардалд зарцуулагдах, төсвийн орлогын бүрдлийг ийнхүү дур мэдэн буцаасан үйлдэл нь магадлалыг дахин хянан үзэх зайлшгүй шаардлагатай процессын ноцтой алдаа болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн ажиллагааны зардлыг буруу шийдвэрлэсэн магадлалыг хүчин төгөлдөр бусад тооцох хангалттай үндэслэлтэй гэж үзэж байна.

4.10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хангаагүй шийдвэр, түүний үндэслэл нь илт хууль бус.

Давж заалдах шатын шүүхийн магадлалын тогтоох хэсэгт оруулсан өөрчлөлт нь туйлын ойлгомжгүй төдийгүй нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2 агуулга бүхий төлбөрийн шаардлагын ялгаа заагийг тодорхойлоогүй, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг бууруулж тавьсан зэрэг нь сөрөг нэхэмжлэл гаргагч “Д” ХХК-ийн эрхэд бүдүүлгээр халдаж, өөрийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эдлэх эрхэд халдсан хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүний өөрчилж үл болох хил хязгаараас давсан ойлгомжгүй, илт хууль бус үйлдэл болсон.

Иймд хяналтын шатны шүүх магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Д” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч Э, өмгөөлөгч Х нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.07.02-ны өдрийн 001/ШХТ2024/00883 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 2,918,254,494 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...талууд 2019.05.06-ны өдөр 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулан, ... барилгын төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон.

Хариуцагч “Д” ХХК нь гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2019.12.31-ний өдөр гэхэд нийт төлөвлөгдсөн ажлаас 7,220,547,603 төгрөгийн үнийн дүн бүхий ажил хийгээгүй байсан бөгөөд 2021.12.23-ны өдөр Улсын комисст барилгыг хүлээлгэж өгөх хүртэл нийт 722 хоногоор гэрээний хугацаа хэтэрсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд холбогдох 2,445,551,691 төгрөгийн алданги, Б блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад гадна цахилгаан, узель угсрах холболтуудын ажлууд болон Б блокод суурилуулсан лифтийг манай компани өөрийн зардлаар худалдан авч суурилуулсан бөгөөд “Д” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын зардлаас манай компанид төлөх ёстой 472,702,803 төгрөг, нийт 2,918,254,494 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон,

 

8. Хариуцагч тайлбартаа: “...Гэрээгээр  тохирсон барилга барих хугацаанд нэхэмжлэгч “Х” ХХК нь өөрсдөөс шалтгаалах төлбөр төлөх, барилгад шаардлагатай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас гаргуулахдаа удаашралтай ажилласан, ...энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчээс гарах ёстой байсан төлбөрүүдийг өөрсдөө төлж ажлаа үргэлжлүүлж байсан. Мөн дэлхий нийтэд цар тахал дэгдэж 2020.02.12-ны өдрөөс эхлэн хэд хэдэн удаагийн өндөржүүлсэн болоод бүх нийтийн бэлэн байдал зарлаж, ажил зогсож, хил хаагдсан. Иймд гэрээний 8.3-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс буюу манай байгууллагаас хамааралгүй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил зогсонги байдалд орсон. Хэдийгээр “Х” ХХК-ийн буруутай болон мөн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал байсан ч манай компани гэрээний үүргээ биелүүлж, барилгыг ашиглалтанд оруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.

9. Улмаар хариуцагч “Д” ХХК нэхэмжлэгч “Х” ХХК-д холбогдуулан 1,179,422,046,5 төгрөг гаргуулж, 1, 2 давхрын үйлчилгээ бүхий талбайн 60 хувийг “Д” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “... Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр “Д” ХХК-аас хийж гүйцэтгэж, гэрээгээр тохиролцсон хувиар “Х” ХХК-аас төлбөрийг гаргуулах байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч төлбөрийг гаргаж, гүйцэтгэсэн. Гадна бохирын шугамын холболтын ажлын төлбөрт 60,142,500 төгрөгийг, бохир усны шугам худаг хийх ажлын төлбөрт 58,128,169.5 төгрөгийг, Бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажлын төлбөрт 47,700,000 төгрөгийг, гадна дулааны холболтын ажлын төлбөрт 112,500,000 төгрөгийг, зам дагуух гудамжинд зам талбайн нөхөн сэргээлтийн ажилд 35,646,840 төгрөгийг, гадна фасадны ажлын төлбөрт 700,000,000 төгрөгийг, авто зогсоолын төлбөрт 54,000,000 төгрөгийг, техникийн давхрын 70 м.кв талбайн “Д” ХХК-д шилжүүлэх 60 хувьд ногдох 42 м.кв талбайн төлбөрт 63,000,000 төгрөг, ... апартментын А, В, Г блокийн 1, 2 дугаар давхрын цонхны ажлын төлбөр 44,343,750 төгрөг, нийт 1,179,422,046.5 төгрөг, мөн дээрх гэрээгээр тохирсон “Б” блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг “Д” ХХК-д шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “Д” ХХК-ийн нэр дээр гаргахыг нэхэмжлэгч “Х” ХХК-д даалгаж өгнө үү...” гэж тодорхойлсон,

10. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Дулааны холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх “Энх Үйлс пропертиз” ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ болоод төлбөр төлсөн баримтууд нь хууль ёсны, бодитой эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна.

...Барилгын гадна фасадны ажлын төлбөрийн зөрүү 700,000,000 төгрөгийн тухайд, “Х” ХХК-ийн барьж буй 4 блок барилгын гадна фасад нь бүгд металл хийцээр хийгдсэн. Гэрээний 4.1.6-д заасны дагуу анхнаасаа 4 блок барилгын фасадны ажил металл фасадтай байсан, үүгээр зогсохгүй гэрээнд фасадны ажлын төрөл, хэмжээ, үнийн дүнгээс үл хамааран “Д” ХХК гадна фасадны ажлыг бүрэн хийж дуусгах, гарах зардлыг дангаар хариуцахаар зохицуулсан.

...Зоорийн давхрын автомашины дулаан зогсоолоос аваагүй үлдсэн гэх 2 зогсоолын үнэ гаргуулах тухайд, техникийн өрөө нь Б блокийн хэрэглэгчдийг мөн адил хангаж байгаа тул техникийн өрөө байрлаж байгаа талбайгаас “Д” ХХК нь өөрийн ногдох зогсоолоос дүйцүүлэн гаргах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 зогсоолыг техникийн өрөөний ашиглалтын талбайд тооцож авахгүй болсон болно.

...1, 2 дугаар давхрын үйлчилгээний талбайгаас нийт 360 м.кв гаргуулах шаардлагын тухайд, Гэрээт ажил дууссаны дараагаар ажлын гүйцэтгэл, чанар, нөхцөл байдал, талуудын хооронд үүссэн төлбөрийн асуудлыг дүгнэн акт үйлдэх талаар утсаар болон албан мэдэгдлүүдээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээг албан ёсоор дүгнэж, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй, мөн 1 давхарт 180 м.кв, нийт 360 м.кв үйлчилгээний талбайг манай зүгээс ямар нэгэн байдлаар бусдад худалдан борлуулаагүй, өөр бусад этгээдүүдэд ашиглуулж, эзэмшүүлээгүй байгаа болно...” гэжээ.

11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 296,378,445 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 105,758,804 төгрөг тус тус хангаж, хариуцагч “Д” ХХК нь ... барилгын 1, 2-р давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгч “Х” ХХК-д даалгаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:

111.“...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

11.1.1. Алдангид 2,445,551,691 төгрөг гаргуулах тухай:

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Х” ХХК нь “Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ”-ний 1.4-т заасан барилга барихтай холбоотой төрийн эрх бүхий байгууллагаас шаардагдах дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх буюу гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэний хуулийн 223 дүгээр зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой буюу үүрэг хүлээсэн байх, энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд өөрийг нь буруутай гэж үзэх улмаар мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.3-т заасны дагуу анз авах эрхээ алдах үр дагавартай.

Мөн алданги тооцохоор тохиролцсон нөхцөл болох гэрээний 5.1.3-т зааснаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлаа зогсоож, гэрээний хугацаанд хаяж явсан асуудал байхгүй. Харин ч цаг алдахгүйгээр ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Гэвч нэхэмжлэгчээс дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл гаргуулж чадаагүйн улмаас гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2019.12.31-ний өдөр гэхэд нийт төлөвлөсөн ажлаас 7,220,547,603 төгрөгийн үнэ бүхий ажил хийгдээгүй байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл гэх баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн тухайгаа дэлхий нийтэд цар тахал гарч хэд хэдэн удаагийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хил хаах гэх мэт “Д” ХХК-аас хамааралгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж тайлбарласан бөгөөд талуудын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ”-нд дээрх нөхцөл байдлыг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэх ойлголтод хамаарна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тухай зохицуулалт, гэрээний 8.2, 8.3-т заасан зохицуулалтыг үндэслэн хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

11.1.2. Зардал 472,702,803 төгрөг гаргуулах тухай:

Нэхэмжлэгчээс гэрээнд заасны дагуу Б блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад гадна цахилгаан, узель угсрах холболтын ажлууд болон “Б” блокод суурилуулсан лифтийг өөрийн зардлаар худалдан авч суурилуулсан үндэслэлээр гүйцэтгэсэн ажлын зардалд төлөх ёстой 472,702,803 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгчийн дээрх ажлуудыг бусад этгээдүүдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан үйл баримттай хариуцагч маргаагүй. Харин дээрх гэрээнүүд нь А,Б,В,Г блок төслийн хэмжээнд ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. Гэтэл хариуцагч “Д” ХХК нь “Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ”-ий 2.2-т заасны дагуу зөвхөн “Б” блокод ногдох … зардлын 40 хувийг хариуцах тул нэхэмжлэгч нь А,В,Г блокийн зардлыг шаардах эрхгүй байна.  Иймд “Б” блокод ногдох хэсгийн 40 хувийн төлбөр болох 296,378,445 төгрөгийг хариуцагч “Д” ХХК хариуцах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

11.2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

11.2.1. Металл фасадны зөрүү төлбөр 700,000,000 төгрөг гаргуулах тухай:

Талуудын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ”-ний 4.1.6-д “...“Б” блокийн фасад, сангийн болон заслын материал, цонх болон бусад материал, цахилгааны шийдэл технологи нь А,В,Г блокийн хэрэглэж байгаа материалтай ижил байна” гэж заасан, ...гэрээнд өөрчлөлт оруулсан, зураг төсөл өөрчлөгдсөнтэй холбоотой барилгын гадна ханыг металл болгох талаар харилцан зөвшилцсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул  Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 196.1.3-т заасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй үндэслэлээр барилгын гадна фасадны зардалд 700,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй.

11.2.2. Автомашины зогсоолын үнэ 54,000,000 төгрөг гаргуулах тухай:

Гэрээнд заасны дагуу “Д” ХХК-д барилгын талбай 60%-ийг хуваарилалт хийж өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоноос үзэхэд  зоорийн давхрын нийт 17 зогсоолын 60% болох 10.2 зогсоолыг хариуцагч авахаас 9 автомашины зогсоолыг авсан талаар маргаагүй, харин 1.2 зогсоолын үнийг гэрээнд зааснаар үнэлж 54,000,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангана,

11.2.3. Харин техникийн давхрын 60 хувь болох 42 м.кв-ийн үнэ 63,000,000 төгрөг, “Кози” апартментийн А,В,Г блокийн 1,2 дугаар давхрын цонхны ажлын төлбөр 44,343,750 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь гэрээнд дээрх зохицуулалт болон ажлыг хийх тухай заагаагүй, мөн нэхэмжлэгчээс “...техникийн давхар тоног төхөөрөмж байдаг тул өмчлөх боломжгүй” гэснийг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байна, ...хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлсэн тул Б блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, гэрээний 4.2.10-т заасан үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгчид даалгах нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д нийцнэ...” гэж дүгнэсэн бол,

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа:

12.1. “Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232.6-д заасантай нийцэхгүй байна. “Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ”-ний 9.1, 9.2-т заасны дагуу талууд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан, нэмэлт хугацаа тогтоосон баримт авагдаагүй байна. ...Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол Ковид-19 цар тахлын нөлөө гэрээний талуудад нөлөөлөхгүй юм.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нотлох зорилгоор тэргүүлэх төсөвчин Мгийн гаргасан төсвийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.  Хариуцагч “Д” ХХК нь дээрх төсвийг няцаасан төсвийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй буюу өөрийн татгалзлаа нотолж чадаагүй, ...нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг 7,220,547,603 төгрөгөөс гэрээнд заасан 0.05 хувиар 722 хоногт алданги тооцож, нийт 2,606,617,684 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна. Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс Ковид-19 цар тахлын нөлөө үүрэг гүйцэтгэх хугацаанаас хойших хугацаанд үргэлжилсэн нөхцөл байдал буюу хэргийн нөхцөл байдлыг харгалзан дээрх үнийн дүнг 50 хувиар бууруулж, нийт 1,303,308,842 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзалд дурдагдсан “...цар тахлын нөхцөл байдал...” нь хууль болон гэрээнд заасан алдангийг бүхэлд үгүйсгэх үндэслэл болохгүй, харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдалд хамаарна.

Анхан шатны шүүх барилгын ажил гүйцэтгэх явцад гарсан зардлаас зарим зардлыг “орон сууцны А, Б, В, Г блокод гарсан зардал тул 4 хувааж, хуваасан дүнгээс 40 хувийг нь гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь зөв боловч хариуцагч зарим зардлыг бүхэлд нь буюу 100 хувь, зарим зардлын 40 хувийг хариуцахаар гэрээнд тусгасныг анхаараагүй байна.

Иймд гэрээний 1.3, 2.1, 2.2, 3.1.1, 4.1.2, 4.1.7-д заасныг үндэслэн хариуцагчаас дулааны узелийн зардал, гадна цахилгааны зардал, гадна зам, талбайн тохижилт, цахилгаан шатны зардал зэрэгт нийт 325,078,445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулна гэж,

12.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагчаас ариутгах татуурга, бохир усны шугам худаг, гадна бохир усны шугам бутьлор, гадна цэвэр ус дулааны шугам, узель угсралт, гадна фасадны зардалд нийт 1,409,411,855 төгрөг гарсан, уг төлбөр хийгдсэн болох нь тогтоогдсон. Иймд гэрээний 1.3, 2.1, 2.2, 3.1.1, 4.1.2, 4.1.7-д заасныг тус тус үндэслэн 185,647,113 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгосон өөрчлөлтийг оруулна.

Харин гадна фасадны зардал гэж шаардсан 700,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна. Учир нь 2019.09.08-ны өдрийн “Барилга угсралтын ажлын явцад хийсэн зохиогчийн дүгнэлт”-д “...Батлагдсан зураг төсөлд барилгын гадна өнгөлгөөний материал метал хавтан өнгөлгөөгөөр тусгасан...” гэсэн байна, мөн тус зардал нь анхнаасаа хариуцагчийн хариуцах зардалд хамаарч байна.

Анхан шатны шүүх “Д” ХХК-аас “Х” ХХК-д хүргүүлсэн 2023.01.13-ны өдрийн албан бичгийн агуулгыг анхаараагүйн улмаас 1.2 автомашины дулаан зогсоолын үнэ 54,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу болжээ.

Б блокод ногдох автомашины дулаан зогсоол нь 17 ширхэг байх ба үүнийг гэрээний 3.3.2-т зааснаар хуваарилбал “Д” ХХК-д 10.2 ширхэг, “Х” ХХК- д 6.8 ширхэг тус тус ногдож байх боловч нэхэмжлэгчийн гаргасан “...техникийн өрөө нь Б блокийн хэрэглэгчдийг мөн адил хангаж байгаа тул техникийн өрөө байрлаж байгаа талбайгаас хариуцагч нь мөн адил өөрийн ногдох зогсоолоос дүйцүүлэн гаргах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 зогсоолыг техникийн өрөөний ашиглалтын талбайд тооцож авахгүй болсон...” гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь өмнө дурдсан албан бичигт “Д” ХХК нь “...зоорийн давхрын 60 хувийг захиран зарцуулах эрхийг манай байгууллагад шилжүүлж, нэр дурдсан иргэдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг захиалагчид олгож өгнө үү...” гээд автомашины дулаан зогсоол захиалж, худалдан авсан гэх нэр бүхий 9 иргэний нэрсийг жагсаалтаар өгсөн байна.

Техникийн давхрын 60 хувь болох 42 м.кв талбайг 63,000,000 төгрөг гэж үнэлэн гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай техникийн өрөө, тоног төхөөрөмж нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гаргасан “...техникийн давхарт тоног төхөөрөмж байдаг тул өмчлөх боломжгүй...” гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

A, B, Г блокийн цонхны ажлын зардал 44,343,750 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Учир нь гэрээгээр А, В, Г блокийн цонхны ажлыг гүйцэтгэх, зардлыг хэн хариуцах талаар тохиролцоогүй байна.

Гэрээний 3.3.2-т зааснаар 1, 2-р давхрын талбайн 60 хувийг “Д” ХХК, 40 хувийг “Х” ХХК тус тус эзэмших, өмчлөх эрхтэй байхаар тусгасан байх боловч уг тохиролцоо нь гэрээний 2.6, 3.3-т тус тус зааснаар хөрөнгө оруулалтын нөхцөлөөс хамаарах, гэрээг дүгнэж дуусгавар болгосон үед хэрэгжихээр байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.3.2-т заасан тохиролцоо нь “Д” ХХК нь гэрээний 2.5, 6.2-т зааснаар орон сууцны барилгын “Б” блокийн ажлыг 2019.12.31-ний өдрийн дотор барьж дуусгасан тохиолдолд, гэрээний 2.1, 3.1.1, 4.1.2, 4.1.6-д зааснаар 3-р давхрын барилга угсралтаас эхлэн барилгыг үргэлжлүүлэн барьж, барилгын гаднах ногоон байгууламж, орц гарц, зам талбай, гадна тохижилтын ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг 100 хувь хариуцан гаргасан тохиолдолд бүрэн хэрэгжих боломжтой юм. Барилга байгууламжийг Улсын комисс 2021.12.23-ны өдөр ашиглалтад хүлээн авсан боловч өмнө дурдсанчлан хариуцагч “Д” ХХК нь нийт 325,078,445 төгрөгийн зардал буюу мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн өмнө гүйцэтгээгүй байсан 325,078,445 төгрөгийг талуудын албан бичиг, тайлбарт дурдагдсан үйлчилгээний талбайн үнэ 4,000,000 төгрөгт хуваахад 81.27 м.кв талбайтай тэнцэж байна. 1, 2-р давхрын талбайн 60 хувь нь нийт 360 м.кв тул үүнээс 81.27 м.кв талбайг хасахад 278.73 м.кв талбай гарч байна...” гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлд хариуцагчаас 1,628,387,287 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс 185,647,113 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, Б блокийн 1, 2-р давхрын үйлчилгээний талбайгаас нийт 278.73 м.кв /1-р давхарт 139.36 м.кв, 2-р давхарт 139.36 м.кв/ талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгч “Х” ХХК-д даалгах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг тус тус хийсэн байна.

13. Дээр дурдснаар хоёр шатны шүүх нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх ба хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

14. Хэрэгт цугларсан баримтаар зохигч 2019.05.08-ны өдөр 01 тоот “Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, тус гэрээгээр хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй үйлчилгээтэй, орон сууцны төслийн 2 давхар хүртэл угсралтын ажил хийгдсэн Б блокод гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж, барилга барих ажлыг бүхэлд нь хариуцаж, барилгыг Улсын комисст хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч “Х” ХХК нь барилга барихтай холбоотой төрийн эрх бүхий байгууллагаас шаардагдах, дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх, төсөл үргэлжлэх хугацаанд газрын төлбөрийг төлөх, төслийн үр дүнг хүлээж авсны дараа гэрээний дагуу хариуцагчид олгох барилгын талбайг шилжүүлэхээр харилцан тохиролцсон, хариуцагч “Д” ХХК барилгыг 2021.12.23-ны өөр Улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

15. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зохицуулсан.

Зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 476 дугаар зүйлийн 476.1-д нийцсэн байна.

16. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

16.1. Хариуцагч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр гэрээний 5.1.3-т заасныг үндэслэн алдангид 2,445,551,691 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, алдангид 1,303,308,842 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Магадлалын энэ хэсгийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй, өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн хөрөнгийг анз гэнэ, 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус тодорхойлсон.

Иймд гэрээний аль нэг тал нөгөө талаас алданги шаардахын тулд дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай. Үүнд, талууд гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заасан улмаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцсон байхыг хэлнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний 5.1.3 гэж тодорхойлсон бөгөөд зохигчийн хооронд байгуулсан гэрээний 5.1.3-т “А” тал ажлаа зогсоосон, хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол “А” тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг “Б” талд төлнө гэж харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр гэрээт ажил хугацаандаа биелэгдээгүйд хариуцагч буруугүй гэж тодорхойлон алданги гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2,  232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Ийнхүү гэрээний хугацаа хэтэрсэнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

16.2. Нэхэмжлэгч нь гэрээний 2.2, 4.1.7-д зааснаар хариуцагчаас 472,702,803 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Талууд гэрээний 2.2-т “Гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын “Б” блокод ногдох хэсэг буюу 40%-ийг “А” тал /“Д” ХХК/  “Б” тал /“Хөгжийн түлхүүр ХХК”/-д төлнө”, 4.1.7-д ““А” тал нь “Б” талын нийт төслийн хэмжээнд гэрээ хийж баталгаажсан ажил болон материалын “Б” блокод ногдох хэсгийн төлбөрийг /үүнд лифт багтана/ мөнгөөр “Б” талд төлнө” гэж тохиролцсон байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас гаргах зардлыг тооцохдоо тооцооны алдаа гаргаж, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй байсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчаас гэрээний 2.2, 4.1.7-д заасан үүрэгт 325,078,445 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул давж заалдах шатны шүүхийн энэ шийдлийг хэвээр үлдээнэ.

17. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч нь гэрээний 2.2-т заасан зардал болон гадна фасадны ажлын төлбөр, авто зогсоолын төлбөр, техникийн давхрын 42 м.кв талбайн төлбөр, 1, 2 дугаар давхрын цонхны ажлын төлбөрт нийт 1,179,422,046.5 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар, “Б” блокийн 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргуулахыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анханд шатны шүүх гэрээний 2.2-т заасан үүрэгт 51,758,804 төгрөг, авто зогсоолын төлбөрт 54,000,000 төгрөг, нийт 105,758,804 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, гэрээний 2.2-т заасан үүрэгт нийт 185,647,113 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгуулахаар, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, магадлалын энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Харин сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх төлбөрийг давхардуулан тооцож, хариуцагчид ногдох үйлчилгээний талбайн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалын энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Тухайлбал, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ гэрээний 2.2-т заасан үүрэгт 325,078,445 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдсэн атлаа гэрээний үүрэгт хариуцагчид шилжүүлэх үйлчилгээний талбайн хэмжээнээс дээрх төлбөрийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний талбайг хасч төлбөрийг давхардуулан тооцсон, өөрөөр хэлбэл, 1 м.кв талбайг 4,000,000 төгрөгөөр тооцож  325,078,445 төгрөгт ногдох 81.27 м.кв /325,078,445:4,000,000/ талбайг хариуцагчид шилжүүлэх 360 м.кв үйлчилгээний талбайгаас хасч, нийт 278.73 м.кв талбайг хариуцагч өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь  хариуцагчид нэг үүрэгт давхар хариуцлага ногдуулсан байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 3.3.2-т “Гэрээнд заасан “А” талын 60 хувь, “Б” талын өмчлөлийн 40 хувийн барилгын талбайг дараах байдлаар хуваарилалт хийж өмчлөлд шилжүүлнэ. Үүнд: ...1-р давхар, 2-р давхар “А” тал 60% “Б” тал 40%...” гэж тохиролцжээ.

Хариуцагч “Д” ХХК барилгыг барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлж дуусгавар болгосон байх тул гэрээний дээрх заалтад зааснаар хариуцагч нь “Б” блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувь болох 360 м.кв талбайг өмчлөх эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

18. Хэдийгээр хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч нэгэнт хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг шүүх тогтоосон тул өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах бус дээрх шийдвэрийн үр дагавар болох өмчлөх эрхийг бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

19. Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын заримыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/00986 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01077 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас 325,078,445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч “Х” ХХК-аас 185,647,113 төгрөгийг гаргуулан хариуцагч “Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,593,176,049 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 993,774,933 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийн нэхэмжлэгч “Х” ХХК-д даалгасугай.” гэснийг “...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн албанд даалгасугай.” гэж, 3 дахь заалтын “...1,639,842 төгрөгийг...” гэснийг “...1,783,342 төгрөгийг...” гэж, “...686,744 төгрөгийг...” гэснийг “...1,086,186 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Э.Эрдэнэбаяр, өмгөөлөгч Н.Хангай нарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Д” ХХК-аас 2024.06.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,103,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД