Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 19

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

 Хохирогч иргэний нэхэмжлэгч С.Санжаажамц,

Шүүгдэгч  Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан, Э.Гэмгүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Бямбацэрэн, П.Буманзаяа, Д.Даваахүү, Н.Тэрбиш нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд  нээлттэй  хийж

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан, Э.Гэмгүй нарт холбогдох 201618010124 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01-р сарын 26-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв

Шүүгдэгч нарын   биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Овоотын задгайд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  Ач хариад овогт Л-н Б-с /РД:МЙ-/

2.Монгол улсын иргэн, 0000 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Овоотын задгайд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  Ач хариад овогт Л-н Г-р /РД:МЙ-/

3.Монгол улсын иргэн,  0000 оны 08 дүгээр сарын 18-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, 11-64 тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 18 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх Ач хариад овогт Л-н Г-р /Рд: МЙ-/

4.Монгол улсын иргэн, 0000 оны 12 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй,  тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг, 9 дүгээр хэсэг, 4-22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хонгор овогт Н-н А-н /Рд ТК-/

5.Монгол улын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 9 дүгээр хэсэг 3-38 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  Их сул овогт Э-н Г-й /Рд ТА-/

Үйлдсэн хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Шүүгдэгч Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан, Э.Гэмгүй  нар нь 2016 оны 09-р сарын 03-ний өдрөөс 2016 оны 09-р сарын 07-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дөмбөн гэх газраас 37 кг  Монгол улсын Засгийн газрын 1995 оны  153 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай 2004 оны 08-р сарын 05-ны өдрийн 165 дугаар тогтоолд ховор ургамлын ангилалд бүртгэгдсэн “Дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricate/ ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 2016 оны 09-р сарын 07-ны өдөр 11-54 ДАР улсын дугаартай “Хонда акти” маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн байгаль экологид 9.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

  1.Хохирогч иргэний нэхэмжлэгч С.Санжаажамцын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

2.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч Э.Батмөнхийн 2016 оны 09-р сарын 22-ны өдрийн №18-04-333 20 тоот шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 25 дугаар хуудас/,

4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 168-172 -р хуудас/

5.Шүүгдэгч Л.Баттөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

6.Шүүгдэгч Л.Ганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

7.Шүүгдэгч Л.Ганбаатарын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

8.Шүүгдэгч Н.Атарсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

9.Шүүгдэгч Э.Гэмгүйн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтууд  болно.

 Шүүгдэгч Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан, Э.Гэмгүй  нар нь 2016 оны 09-р сарын 03-ний өдрөөс 2016 оны 09-р сарын 07-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дөмбөн гэх газраас 37 кг  Монгол улсын Засгийн газрын 1995 оны  153 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай 2004 оны 08-р сарын 05-ны өдрийн 165 дугаар тогтоолд ховор ургамлын ангилалд бүртгэгдсэн “Дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricate/ ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 2016 оны 09-р сарын 07-ны өдөр 11-54 ДАР улсын дугаартай “Хонда акти” маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн байгаль экологид 9.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

1.Хохирогч  иргэний нэхэмжлэгч С.Санжаажамцын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:

Энэ ургамал нь устаж үгүй болох маш эрсдэлтэй байдалд орсон байгаа. Био техникийн дэвшилтэт аргаар түүж боловсруулдаг. Гэтэл эдгээр хүмүүс үндсээр нь сугалж түүдэг тул энэ ургамлыг дахин нөхөн сэргэх боломжгүй болгож байгаа юм. Мөн хажууд байгаа ургамлуудаа аюулд оруулдаг. Энэ ургамал устсанаар цөлжилт ихсэх хортой үр дагавартай. Иргэд түүгээд байгаа устах аюулд орсон ховор ургамлаа хамгаалах, иргэдээ энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос ямар нэгэн байдлаар хамгаалах зорилгоор сургалт зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох зурагтаар мэдээлэл өгөх, таниулах хуудас тарааж, хамтарч хэлэлцүүлэг хийх зэргийг тогтмол хийж иргэд болон цагдаагийн байгууллагтай хамтарч ажилладаг. Байгаль орчны сайдын тушаалаар энэ ургамлыг Монгол улсын хэмжээнд түүхийг хориглосон тушаал гарсан. Эдгээр иргэдээс байгаль орчинд учруулсан 9.250.000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

2.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч Э.Батмөнхийн 2016 оны 09-р сарын 22-ны өдрийн №18-04-333 20 тоот  шинжээчийн

“... уг ургамал нь бутаар ургадаг олон наст өвслөг ургамал бөгөөд үндэс нь махлагдуу бор шаргал өнгөтэй, хурц тод үнэргүй, ба Шүхэртэн овгийн “Дэрэвгэр жиргэрүү” буюу нутгийн нэр нь үхэр гоньд батган шүүр гэх мэтээр нэрлэдэг байна. Латин нэр нь Saposhnikovia divaricate болно. Уг ургамал ховор ангилалд ордог. Үндэс үндэслэг ишийг тухайн ургамлыг ургах хөгжлийн ээлжит үе ша өнгөрч хагдралтийн хугацаанд бэлтгэнэ, зохих зөвшөөрлийг эрх бүхий байгуулллагаас авсны дараа /БОАЖЯамнаас/ нөөцийг үйлдвэрийн зориулалтаар зөвхөн ойн дагалт баялаг ашиглах хамгаалах мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгж байгууллага тухайн ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл аж ахуйн нэгж байгууллага бэлтгэнэ.Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2015 оны 07-р сарын 09-ны өдрийн А-282 тоот тушаалаар 1 кг дэрэвгэр жиргэрүүгийн экологи эдийн засгийн үнэлгээг 50.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд байгаль экологид учирсан хохирол 1.850.000 төгрөг ба Сайдын тушаал болон Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д заасныг үндэслэн тооцвол 37 кг дэрэвгэр жиргэрүүгийн экологи эдийн засгийн үнэлгээ 9.250.000 төгрөг болж байна гэх дүгнэлт

3.Шүүгдэгч Л.Баттөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 08 дугаар сарын сүүлчээр бид нар ярилцаж байгаад Сэлэнгэ аймгийн Номгон сумаас мэдэлгүй ургамал түүсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ганбаяр ах Төгсөө ах 2 таараад манайд очиж цай уугаад ярилцсан. Гэмгүй ах машинтайгаа ирээд ярилцсан. Ганбаатар ах сүүлд ирсэн. Хохиролд 1.850.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

4.Шүүгдэгч Л.Ганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Эмийн ургамал гэж мэдээгүй түүсэн. Дарханд очоод машинд нь сууж хамт яваад очиж түүсэн,хохиролд 1.850.000 төгрөг төлсөн  гэсэн мэдүүлэг,

5.Шүүгдэгч Л.Ганбаатарын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Сайн мэдэхгүй хамт яваад ургамал түүсэн. Хохирлоо төлөөгүй гэсэн мэдүүлэг,

6.Шүүгдэгч Н.Атарсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08 дугаар сарын сүүлчээр бид нар ярилцаж байгаад Сэлэнгэ аймгийн Номгон сумаас мэдэлгүй ургамал түүсэн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна, хохиролд 1.850.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

7.Шүүгдэгч Э.Гэмгүйн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр би ногоондоо явах гэж байсан. Эд нар хамт явъя гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Энэ машин бол аав Я.Эрдэнэбатын машин би түр унаж байсан юм. Ах хохирол төлж өгнө данс руу хийнэ гэсэн боловч төлөөгүй  гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан, Э.Гэмгүй  нарыг 2016 оны 09-р сарын 03-ний өдрөөс 2016 оны 09-р сарын 07-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дөмбөн гэх газраас ховор ургамлын ангилалд бүртгэгдсэн “Дэрэвгэр жиргэрүү” /Saposhnikovia divaricate/ ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр 37 кг-г бэлтгэж 2016 оны 09-р сарын 07-ны өдөр 11-54 ДАР улсын дугаартай “Хонда акти” маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэн байгаль экологид 9.250.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэж  үзэж Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтай байдлаар Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан нарт хорих ял, Э.Гэмгүйд баривчлах ял оногдуулсан болно.

 Шүүгдэгч Л.Баттөгс, Л.Ганбаяр, Н.Атарсайхан, Э.Гэмгүй  нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Л.Баттөгс, Л.Ганбаяр, Н.Атарсайхан нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Л.Ганбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 18 тоот  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/х.х-ийн 170,187-рт/ байх ба хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар  энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 18 тоот  шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 03 сарын хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 03 сарын хугацаагаар тогтоолоо.

 Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч  Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Э.Гэмгүйд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Баттөгс, Л.Ганбаяр, Н.Атарсайхан нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирол нөхөн төлөгдсөн зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан, Э.Гэмгүй  нарын 2016 оны 09-р сарын 03-ний өдрөөс 2016 оны 09-р сарын 07-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дөмбөн гэх газраас түүж бэлтгэж тээвэрлэсэн 5 шуудай ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь 37 кг  байсан нь эд зүйлд үзлэг хийж түр хурааж авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэлээр /х.х-ийн 9-рт/ тогтоогдож байгаа бөгөөд  Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2015 оны 07-р сарын 09-ны өдрийн А-282 тоот тушаалын хавсралтад дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг кг тутамд 50.000 төгрөг байхаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49.4.3-д зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тогтоохоор тус тус заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлыг дүнг 9.250.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49,4,3-д зааснаар гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол 9.250.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн Л.Баттөгсөөс 1.850.000 төгрөг, Л.Ганбаяраас 1.850.000 төгрөг, Л.Ганбаатараас 1.850.000 төгрөг, Н.Атарсайханаас 1.850.000 төгрөг, Э.Гэмгүйгээс 1.850.000 төгрөг тус тус гаргуулан  байгаль хамгаалах санд оруулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Л.Баттөгс, Л.Ганбаяр, Н.Атарсайхан нар нь тус бүр 1.850.000 төгрөг төлж хохирлоо барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Баттөгс, Л.Ганбаяр, Л.Ганбаатар, Н.Атарсайхан, Э.Гэмгүй  нар гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэсийг  Я.Эрдэнэбатын 11-54 ДАР улсын дугаартай “Хонда акти” маркийн тээврийн хэрэгсэлээр /х.х-ийн 17-рт/ тээвэрлэсэн ба тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн ургамлыг тээвэрлэсэн гэдгийг мэдээгүй  тул түүний өмчлөлийн тээврийн хэрэгслэлийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх үндэслэлгүй гэж үзэн буцааж олгох нь зүйтэй байна. Иймд  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй гэж үзэж  тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 11-54 ДАР улсын дугаартай “Хонда акти” маркийн тээврийн хэрэгсэлийн зах зээлийн үнэлгээ болох 550.000 төгрөг  /х.х-ийн 29-рт/ийг шүүгдэгч нар хуваан Л.Баттөгсөөс 110.000 төгрөг, Л.Ганбаяраас110.000 төгрөг, Л.Ганбаатараас 110.000 төгрөг, Н.Атарсайханаас 110.000 төгрөг, Э.Гэмгүйгээс 110.000 төгрөг тус тус гаргуулан  улсын орлого болгохоор  шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ганбаатар, Э.Гэмгүй нарт цагдан хорих, Л.Баттөгс, Л.Ганбаяр, Н.Атарсайхан нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 шуудай 37 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын орлого болгож, ургамлын үндэс түүх зориулалтай төмөр багажийг устгахаар тогтов. Энэ хэрэгт шүүгдэгч нар урьдчилан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ач хариад овогт Л-н Б-с, Ач хариад овогт Л-н Г-р, Ач хариад овогт Л-н Г-р, Хонгор овогт  Н-н Атарсайхан, Их сул овогт Э-ын Гэмгүй  нарыг байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчин ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид  бага бус хэмжээний хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар Л.Баттөгсийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Л.Ганбаярыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Л.Ганбаатарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Атарсайханыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Гэмгүйг зургаан сарын  хугацаагаар баривчлах  ялаар тус тус шийтгэсүгэй.

 3.Монгол улсын Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар Л.Ганбаатарт  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шүүхийн   шийтгэх тогтоолоор  оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 03 сарын хорих ялыг нэмж түүний биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 03 сарын хугацаагаар  тогтоосугай.

4.Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Л.Баттөгсөд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял, Л.Ганбаярт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял, Л.Ганбаатарт оногдуулсан  нэг жил, гурван сарын  хугацаагаар хорих ял, Н.Атарсайханд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Монгол улсын Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар Э.Гэмгүйд оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж  эдлүүлсүгэй. 

6.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Л.Баттөгсөд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар, Л.Ганбаярт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар, Н.Атарсайханд оногдуулсан  нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж Л.Баттөгс, Л.Ганбаяр нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсэгт, Н.Атарсайханд хяналт тавихыг Дархан-уул аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

7.Монгол улсын эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Л.Баттөгсөөс 110.000 төгрөг, шүүгдэгч Л.Ганбаяраас 110.000 төгрөг, шүүгдэгч Л.Ганбаатараас 110.000 төгрөг, шүүгдэгч Н.Атарсайханаас 110.000 төгрөг, шүүгдэгч Э.Гэмгүйгээс 110.000 төгрөг тус тус гаргуулан  улсын орлого болгосугай.

8.Монгол улсын Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 49,4,3-д зааснаар гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохиролд шүүгдэгч  Л.Ганбаатараас 1.850.000 төгрөг, шүүгдэгч  Э.Гэмгүйгээс 1.850.000 төгрөг тус тус гаргуулан  байгаль хамгаалах санд оруулсугай.

9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Л.Ганбаатар, Э.Гэмгүй нарт цагдан хорих, Л.Баттөгс, Л.Ганбаяр, Н.Атарсайхан нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Энэ хэрэгт шүүгдэгч нар  урьдчилан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй  болохыг дурдсугай.

11.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  5 шуудай 37 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын орлого болгож, ургамлын үндэс түүх зориулалтай төмөр багажийг устгасугай.

12.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-д зааснаар  11-54 ДАР улсын дугаартай “Хонда акти” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

13.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг  дурдсугай.

14.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоол эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Л.Ганбаатар, Э.Гэмгүй нарт авсан цагдан хорих, Л.Баттөгс, Л.Ганбаяр, Н.Атарсайхан нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА