Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Т ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Тамир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баяржаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Оюунбилэг

Хариуцагчийн өмгөөлөгч: П.Ганбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат, 28-30 тоот орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/1 тоот тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 150/2 тоот тогтоолоор хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт зааснаар харилцан тохиролцсон үнэлгээ болох 150 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааг явуулсан боловч борлогдоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг явуулжээ. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/20 тоот тогтоолоор Т.Т ийн эзэмшлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр олж мэдсэн. Уг тогтоолын 2 дахь хэсэгт тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч надад хүргүүлэхийг даалгасан байсан. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа болсноос хойш 25 хоногийн дараа, тогтоол гарснаас хойш 40 хоногийн дараа олж мэдээд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан. Миний энэ гомдлын хариу болох 2017 оны 4 сарын 25-ны 3/372 тоот хариу мэдэгдэх хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч хуулийн энэ заалтад сум, хорооны засаг даргаар гарын үсэг зуруулж хүргүүлэхээр заасан байна. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны утас болох 11320901, 99161789 дугаарт залгаж асууж лавлахад Т.Т  миний нэр дээр ямар ч баталгаат шуудан ирээгүй байсан. Энэ хугацаанд миний утасны дугаар болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дугаарт мэдэгдээгүй, ямар ч шуудан илгээгээгүй, мэдэгдэл гардуулаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа тухай дээрх тогтоол мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал болох надад боон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг явуулсан байна. Гэтэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заахдаа үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь ингэж өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр эд хөрөнгө борлуулах дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь Т.Т ийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдэж хүргүүлэхээр хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримталж явуулаагүйгээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Иймд Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж явуулсан Т.Т ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгатын 28-30 тоот орон сууцанд хамаарах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрээр Тамирын тэнгисээс 22646 ам доллар буюу 34.168.820 төгрөгийг гаргуулж, “Есөн дэлбээ” ХЗХоршоонд олгохоор шийдвэрлэсний дагуу 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т.Т ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003765 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат, 28-30 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/1 тоот тогтоолоор битүүмжилж, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 150/2 тоот тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1- дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад 150 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй ба төлбөр төлөгч Т.Т ээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1698 дугаар магадлалаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад зохион байгуулсан гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулахаар нийтэд зарлаж, албадан дуудлага худалдааны 3/8099 дугаартай мэдэгдлийг, 3/20 дугаартай тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн оршин суух хаяг Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 28 дугаар байр 30 тоот хаягаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэлгээ 150 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 75 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2017/13410 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Т ийн нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тамирт олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, 2014 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч талын гаргасан шуудангийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар хуулбар хувь нь нотлох чадвараа алдана гэсний дагуу нотлох баримтаас хасах ёстой гэж үзэж байна. Хаягаар нь мэдэгдэл хүргүүлэхэд гэртээ байгаагүй хөдөө байсан гэдэг боловч тэр талаараа нотлож чадаагүй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тал санаатайгаар шууданг аваагүй гэж үзэж байна. Үнэхээр гэртээ байгаагүй талаараа шуудан зөөгчийг гэрчээр асуулгах ч юм уу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломж нь байсан. Энэ хэрэг зээл аваад 9 жил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирээд 9 жил болж байна. Энэ нөхцөл байдлыг харахаар нэхэмжлэгч тал хугацаа авч байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Т.Т ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тамир давж заалдах гомдолдоо: “...Иргэний хуулийн 75 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Дуудлага худалдаа болох талаар мэдэх ёстой бөгөөд энэ талаар мэдэгдэх ёстой байсан. Дуудлага худалдаанд оролцох эрхтэй атал оролцуулаагүй. Дуудлага худалдаанд оролцож үл хөдлөх эд хөрөнгө хэдэн төгрөгөөр хэрхэн зарагдаж байгаа талаар болон өөрөө худалдан авах эрхтэй боломжтой байсан. Хариуцагч дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн гэх боловч бид товыг мэдээгүй, гардаж аваагүй. Хэрвээ бид тов мэдэгдэх хуудсыг хүлээж авсан бол дугтуй нь бидэнд хадгалагдаж байх ёстой. Гэтэл дугтуй шийдвэр гүйцэтгэлийн материалд орсон байсан. Дуудлага худалдаа явуулах өмнөх өдөр мэдэгдэл явуулсан гэх үйл баримтыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн материалд байгаа дугтуйг хэрэгт баримтаар гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч дугтуйг хэрэгт гаргаж өгөөгүй. Шууданд дуудлага худалдаа болсон өдөр дугтуйг өгсөн, шууданч хаалга тогшиж байхгүй байсан учир хариуцагчид буцаан өгсөн. Хуулийн дагуу баталгаат шуудан хүргүүлсэн бол шуудан хүргэгч тухайн хорооны нийгмийн ажилтан болон хорооны засаг даргад гардуулж гарын үсэг зурснаар мэдэгдлийг өмчлөгчид гардуулсан гэж үзэх байсан. Гэтэл өмчлөгчид мэдэгдэлгүйгээр дуудлага худалдаа явуулсанд гомдолтой байна. Төр нь нийтийн болон хувийн аливаа өмчийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан. Дуудлага худалдаа гэдэг нь өөрийн хүсэл зоригоос гадуур байдлаар бусдын өмчлөлд шилжиж байгаа юм. Миний өмч бусдын өмчлөлд шилжижбайгаа талаар би энэ талаар мэдэж байх ёстой. Анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй нь мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй. Дугтуйг гаргуулах талаар шийдвэр гарсан боловч хариуцагч тал гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Т  ньНШШГГт холбогдуулан Үл хөдлөх эд хөрнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597  дугаар шийдвэрээр Т.Т ээс 22 646 ам.доллар буюу 34 168 820 төгрөгийг гаргуулан “Есөн дэлбээ” ХЗХ-д олгохоор, Т.Т  нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203003765 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат, 28 дугаар байр, 30 тоот, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тогтоолоор тус тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 18-24,

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж, эд хөрөнгө  битүүмжилсэн, албадан дуудлага худалдаа явуулсан үйл баримт тогтоогдсон. Харин талуудад 2 дахь дуудлага худалдааны талаар мэдэгдэл хүргүүлсэн эсэхэд маргасан байна. /хх 25-47/

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь заалтын дагуу хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/20 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/8099 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч Т.Т т баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2018/01370 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Т.Т т холбогдох материалаас 3/20, 3/8099 дугаартай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэсэн огноотой албан бичгүүдийг Т.Т т шуудангаар хүргүүлсэн талаарх дугтуйг эх хувиар нь шүүхэд ирүүлэхийгНШШГГт үүрэг болгосон байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/3001 дугаартай албан бичгээр шуудангийн дугтуй хувийн хэрэгт байхгүй тул нотлох баримтаар хүргүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. /хх 107-110, 111/

            2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсанаар төлбөр төлөгчийн хаягаар удаа дараа очсон хүнгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу 3/20, 3/8099 дугаартай 2 дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг баталгаат шуудангаар явуулав гэх баримтыг үндэслэн төлбөр төлөгч Т.Т т дээрх мэдэгдлийг хүргүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. /хх 112/

 

            Хэргийн 98-99 дүгээр талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагыг хангаагүй уг баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болох үндэслэлгүй байна. /хх 63, 64/

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №3/20 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд  оруулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т т олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тамираас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН