Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 67

 

Ц.С-, С.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0157/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Г.Уянга

Хохирогч                                       Т.О-

Хохирогчийн өмгөөлөгч               Л.Оюунсувд, П.Батжаргал

Шүүгдэгч                                       С.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Одонтунгалаг

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолтой, Ц-гийн С-, С-н Б- нарт холбогдох, 1918006430481 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь:

- 2013-10-28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т зааснаар 300,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сар хорих ялаар,

 -2018-12-13-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ********** регисрийн дугаартай, Г- овогт Ц-гийн С-.,

-Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь :

2009 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2.т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, И- М- овогтой С-н Б-.

1./Шүүгдэгч Ц.С- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Б-аас 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5108182062 дансаар 1.000.000 төгрөг, 2 дугаар сарын 19-ний өдөр 4.500.000 төгрөгийг иргэн Г.У-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5019172928 дансаар тус тус шилжүүлэн авч нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан.,

2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн С.Б-гээс 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан.,

2./Шүүгдэгч Ц.С-, С.Б- нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Н-гийн өмчлөлийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч 68,000,000 сая төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар  иргэн Х.Н-гаас шилжүүлэн авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны тоот 4 өрөө орон сууцыг барьцаалж иргэн Т.О-ээс 35,000,000 төгрөг залилан  авсан.,

-2020  оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Н.Н-ыг төөрөгдөлд оруулж  15.200,000 төгрөгийг Ц.С-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5108182062 дугаарын  дансаар шилжүүлэн авч  их хэмжээний хохирол  учруулсан  бусдын эд хөрөнгийг залилах  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Г- овогт Ц-гийн С-, И- М- овогт С-н Б- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч Ц.С-ийг  6 жил хорих ялаар, шүүгдэгч С.Б-г  5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч Ц.С-, С.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Ц.С-, С.Б- нарын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 17 хоногийн  эдлэх ялаас нь хасч тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ц.С-ээс 12,800,000 төгрөг гаргаж  Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Н.Н-т.,  /утас-********/ 6,500,000 төгрөг гаргаж  Улаанбаатар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “King Tower” хотхоны 124 дүгээр байрны 121 тоотод оршин суух хохирогч С.Б-д.,  /********, ********/  шүүгдэгч С.Б-гаас 525,000 төгрөг, шүүгдэгч С.С-ээс 20,375,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөг гаргаж  Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 27 дугаар байрны 85 тоотод оршин суух хохирогч Т.О-т /********, ********/ тус тус олгох,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хохирогч Х.Н-, шүүгдэгч С.Б- нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 588 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, шүүгдэгч С.Б-, хохирогч Т.О- нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан 601 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус тус дү үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Хохирогч Х.Н-гийн улсын бүртгэлийн Ү-2003010001 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө 50.5 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг сэргээхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч Ц.С-, С.Б- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын бүртгэлийн Ү-2003010001 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө 50.5 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шүүгдэгч Ц.С-, С.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч  шийгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.С-, С.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах гомдолдоо:

Н.Н-ыг залилсан үйлдэлд Ц.С-, С.Б- нарыг хамтран оролцогч буюу бүлэглэсэн гэж дүгнэлт хийхдээ, уг үйлдэлд хамтран оролцоотой А.О-ийн үйлдлийн залилан мэхлэх гэмт хэргийн шинж, гэм буруугийн асуудлыг үгүйсгэж “Ц.С-, С.Б- нар нь залилах гэмт хэрэг төгссөний дараа Н.Н-аас шилжүүлэн авсан 15.200.000 төгрөгийг хэрхэн зарцуулах тэдний өөрсдийнх асуудал” гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлагыг хангаагүй хэрэгт хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахдаа хүнийг ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн  Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцэх дүгнэлтийг шүүхээс хийжээ.

Тухайлбал: А.О- нь Н.Н-аас өөрөө зээлээ хаалгахаар зээл авах талаар хэлэхэд Н.Н- А.О-т зээл олгоогүй байна. Гэтэл А.О- нь өөрөө хандаад авч чадаагүй зээлээ авахуулахаар Ц.С-т Н.Н-ын утасны дугаарыг өгч би өөрөө очвол намайг танина гэж Ц.С-ийг залилан мэхлэх гэмт гийг үйлдүүлэхээр зааж зөвлөн, Ц.Н- луу явуулж Ц.С-ийг Н.Н-аас шилжүүлэн авсан 15.200.000 төгрөгөөс 11.100.000 төгрөгийг өөрийн Цолмон хүний данс руу шилжүүлэн өрөө төлж бэлнээр 1.500.000 төгрөг нийт 12.600.000 төгрөг авсан үйлдэл нь Ц.С-, С.Б- нартай хамтран гэмт хэрэг үйлдсэн, захиалагч байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийхдээ дутуу нэг талыг барьж шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг бүрэн гүйцэт нотлон шүүхэд шилжүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Ц.Н-ыг залилан мэхлэхэд хамтран оролцоотой А.О- эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж эрүүгийн хариуцлага гарцаагүй байх хуулийн зарчим алдагдснаас гадна, гэмт хэрэгт хамтран оролцоотой этгээдийн төлбөл зохих хохирол төлбөрийг Ц.С- дангаар төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ц.С-т Н.Н-ыг зааж, утасны дугаарыг нь өгч, өөрөө нуугдан 15.200.000 төгрөгийн зээл авахуулж, уг зээлээс өөрийн 12.600.000 төгрөгийн зээлээ төлүүлсэн А.О- эрүүгийн хариуцлага хүлээдэггүй юм аа гэхэд, энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах, эсхүл залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж үзвэл мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцаан шалган тогтоохгүйгээр гэм бурууг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж хуульчилсан.

Оногдуулах эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ нь Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах чиг үүргийг өөртөө давхар агуулдаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх нь Эрүүгийн хариуцлагын зорилгуудын нэг боловч, нөгөө талаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүулэх зорилго чиг үүрэгтэй.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтын нэг хэлбэр болох гэмт хэрэг үйлдсэн этгээдийг соён гэгээрүүлж хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, иргэнийхээ алдааг богино хугацаанд засан залруулж амьдрах бололцоог хангах, мөн хохирогчид төлөх мөнгөн төлбөрийг төлөгдөх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх зэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг харгалзан Ц.С- оногдуулсан 6 жилийн ял шийтгэл нь түүний хувийн амьдрал эрүүл мэнд, насжилт зэрэгт хэт хүнд байгаа тул энэрэнгүй ёсны үүднээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийж өгөхийг хүсье. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах гомдолдоо:

Хохирогч Х.Н-гийн орон сууцны үнийн дүнгээр 68 000 000 төгрөгөөр хохиролд тооцох нь үндэслэлгүй байна. Х.Н-гийн хөрөнгө яг одоо түүний эзэмшилд байгаа, харин өмчлөх эрхийн гэрчилгээг залилан авч захиран зарцуулах эрхэнд саад учруулсан байна. Мөн Т.О-ээс бодитоор 28 500 000 төгрөг авсан байхад 35 000 000 төгрөг гэж үзсэнтэй санал нэгдэхгүй байна

Н-ыг залилах үйлдэлд А.О- хамтран оролцсон байхад түүнийг гэрчээр асуугаад өнгөрсөн нь шудрага байх, хууль ёсны байх хуулийн зарчим алдагдсан байна. А.О- нь Н.Н-аас авсан 15 200 000 төгрөгөөс 12 500 000 төгрөгийг авсан байдаг.

Дээрх нөхцөл байдлууд нь гэмт хэргийн зүйлчлэл, ял шийтгэл оногдуулах, хохирол төлбөр барагдуулахад ач холбогдолтой гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг тайлбартаа:

н.О- нь хохирогч Н.Н-ыг залилан мэхлэх гэмт хэрэгт хамтран оролцсон байдаг. Түүнийг гэрчээр асуугаад өнгөрсөн нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Тухайн гэмт хэргийг н.О- хамтарч үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Хохирогч Т.О- 35 сая төгрөгийн зээл олгосон нь үнэн. Гэтэл шүүх бодит хохирлыг бодож гаргахдаа буруу тооцсон. Энэ хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж, миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б- тайлбартаа:

Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.О-ийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Ц.С-, С.Б- нар хамтарч энэ гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтын шатанд хангалтай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

      Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. н.О- энэ гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь мөрдөн байцаалтын явцад огт тогтоогддоггүй. Тухайн мөнгийг хэрхэн зарцуулсан нь түүний дансны хуулгаар тодорхойлогддог. Ц.С-, н.О- нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Анхан шатны шүүх хохирогч С.Б-гаас битүүмжилсэн эд хөрөнгийг шийтгэх тогтоолын үндэслэл хэсэгт дурдаад тогтоох хэсэгт тусгаагүйг залруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.С-, С.Б- нарыг бусдыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын  эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлаас үзвэл:

-  Шүүгдэгч Ц.С- нь иргэн С.Б-аас 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5108182062 дансаар 1.000.000 төгрөг.,  2 дугаар сарын 19-ний өдөр 4.500.000 төгрөгийг иргэн Г.У-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5019172928 дансаар тус тус шилжүүлэн авч нийт 5,500,000 төгрөгийн хохирол учруулсан., мөн 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн С.Б-гээс 6.500.000 төгрөгийг шилжүүлэн  авсан.,

- Шүүгдэгч Ц.С-, С.Б- нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Н-гийн өмчлөлийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны 175 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч 68,000,000 төгрөгийн хохирол учруулсан.,

-2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар  иргэн Х.Н-гаас шилжүүлэн авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 3 дугаар байрны тоот 4 өрөө орон сууцыг барьцаалж иргэн Т.О-ээс 35,000,000 төгрөг залилан  авсан.,

-2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Н.Н-ыг төөрөгдөлд оруулж  15.200,000 төгрөгийг Ц.С-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5108182062 дугаарын  дансаар шилжүүлэн авч  их хэмжээний хохирол  учруулсан  бусдын эд хөрөнгийг залилах  гэмт үйлдсэн байна.

Шүүгдэгч Ц.С-, С.Б- нарын дээрх үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох:

Тухайн үед болсон үйл баримтаас гадна шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлэг,   хохирогч  Т.О-, С.Б-,  С.Б-,  Х.Н-, Н.Н- нарын  мэдүүлэг.,  / 1-р х.хийн 44-47.,  50-52., 107-110., 2-р  х.хийн 82-85., 137-140 -р  хуудас /  гэрч  Г.У-,  Д.М-, С.Б-,  О.Д-,  Ч.О-, Б.Д-., Д.М-,  М.Х-,  Ц.Н-,  А.О- нарын мэдүүлэг., /1-р  х.хийн 65-66., 69-70.,114., 2-р х.хийн 91-92.,  94., 143-144., 159-160-р хуудас / ,

-  “Капитал зууч”  ХХК-ийн  2019-10-05 ны өдрийн  эд хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан., Дархан сумын 9-р багийн  4-3 –р байрны 175 тоот байрны улсын бүртгэлийн 2003010001 дугаартай гэрчилгээний хуулбар., шүүгдэгч С.Б- хохирогч Г.О- нарын хооронд хийгдсэн 2019-8-7-ны өдрийн  худалдах, худалдан авах гэрээ., мөнгө шилжүүлсэн баримтууд дансны дэлгэрэнгүй хуулга., шүүгдэгч С.С-ийн  эзэмшлийн  “ХААН” банкны  5108182062 дугаартай картны  депозит дансны  хуулга.,   /1-р х.хийн   14-15., 19.,  150-151., 34-35., 142-144-р хуудас 2-р х.хийн  124-126-р хуудас / зэргээр нотлогдож, тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх тэднийг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар шүүгдэгч Ц.С-ийг  6 жил хорих ял, шүүгдэгч С.Б-г  5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн  нь хуулийн үндэслэлтэй байна.          

Мөн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Ц.С- ганцаараа очиж  хохирогч Н.Н-ыг залилж 15.200.000 төгрөг авсан., дараа нь Ц.С-ээс  А.О- 12.500.000 төгрөг зээлж авсан үйл баримт тогтоогдсон байх тул  А.О-ийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхээргүй бөгөөд харин    Ц.С- нь А.О-ээс  12.500.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан хохирлыг зөв тооцож, хохирол, хор уршгийн шинж байдал, төлөгдөөгүй байгаа хохирлын хэмжээ, мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн  мөрдөн шалгах  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий этгээд  гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх  тогтоол гарахад  ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна. 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан ...шүүгдэгчийг яллах  хангалттай баримт бүрэн тогтоогдоогүй.,  зарим үйл баримтыг дутуу шалгасан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү..., мөн  хэргийг  хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж  үзэж байна.., ...Н-ыг залилах үйлдэлд А.О- хамтран оролцсон байхад түүнийг гэрчээр асуугаад өнгөрсөн нь шудрага байх, хууль ёсны байх хуулийн зарчим алдагдсан..,  хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...,  гэсэн  давж заалдах гомдлыг  хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүх  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  С-ийн Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003001495.,Ү -2003016391 дугаартай, Дархан-Уул аймаг Дархан сумын  Партизаны  9-р гудамжны 90А  тоот, хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний  зориулалттай газрыг битүүмжлэх тухай  прокурорын 2020-03-27-ны  өдрийн 03 дугаар тогтоолын талаар заалгүй орхигдуулсан байх тул хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол, төлбөр барагдуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх  нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Дархан-Уул аймгийн Прокурорын  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай С-ийн Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003001495.,Ү-2003016391 дугаартай, Дархан-Уул аймаг Дархан сумын  Партизаны  9-р гудамжны 90 А  тоот, хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэх тухай  тогтоолыг  хэвээр үлдээж, хохирол, төлбөр барагдуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй., гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгчид  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                 Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                 Ц.ТУЯА