| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2020/00161/И |
| Дугаар | 001/ХТ2024/00202 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2024/00202
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01362 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01116 дугаар магадлалтай,
“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Г” ХХК-д холбогдох,
13,851,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
104,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн өмгөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 13,851,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 104,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01362 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-д холбогдох 13,851,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч “Д” ХХК-д холбогдох 104,750,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01116 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01362 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 75 дугаар зүйлийн 75.2.1 ...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 839,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", "шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй", "шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016.11.01-ний өдөр дүгнэсэн байх тул энэ хугацаанаас эхлэн шаардах эрх үүсэж хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж үзсэн боловч нэхэмжилсэн зардлыг бодитоор гарсан байдлыг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг биелүүлээгүй гэжээ.
Манай компани сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн боловч 2 шатны шүүх дүгнэлт хийгээгүй буюу ямар баримт нь аль баримтаар үгүйсгэгдэж няцаагдаж байгаа зэрэг байдалд огт дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь "Д" ХХК гэрээгээр тохирсон хугацаандаа санхүүжилтээ олгоогүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдсон, үүний улмаас манай компанид учирсан хохирол болох ажилчдын цалин, хоол, байр, хөдөлмөр хамгааллын зардал болон бусад зардал нэмэгдэж нэмэлт зардал гарсан, мөн барилгын төсөв нэмэгдэж гарсан зардлыг тус тус нэхэмжилснийг анхан шатны шүүх гэрээний үүрэг мэтээр нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчиж хуулийг буруу хэрэглэснээс үүдэлтэйгээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, "Д" ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас манай компанид хохирол учирсан тул учирсан хохирол болон гэрээний ажлын нэмэлт гүйцэтгэлийн зардлыг л манай компани шаардсан тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа буюу 10 жилээр тооцох үндэслэлтэй, манай компани гэрээний үүрэг шаардаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн шүүх талуудын "барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх" тухай гэрээний тооцоолол хэсэгт: "...гэрээт ажлыг хүйтний улирал эхэлсний дараа хүлээлгэн өгч байгаа тул барилгын гүйцэтгэлийн чанарыг мэдэх боломжгүй байдал үүссэн, иймд үлдэгдэл төлбөрийг дулааны улирал эхлэхэд олгохоор талууд тохиролцов..." гэсэн заалтыг анхаарч дүгнээгүй, өөрөөр хэлбэл, 2016.11.01-ний өдөр байгуулсан энэхүү дүгнэх гэрээ нь өвлийн улиралд хийгдсэн тул дээр дурдсанаар дулааны улирал нь 2017 оны 4 сараас дулааны улирал эхлэх үед үлдэгдэл төлбөрөө шилжүүлэхээр тохирсон байдаг.
Үүний дагуу "Д" ХХК нь хамгийн сүүлд 2017.04.30-ны өдөр 6,700,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар сүүлд баталгаа гаргасан 2017.04.30-ны өдрөөс эхлэн дахин тоологдохоор байна.
Дээр дурдсанаар "Г" ХХК нь "Д" ХХК-аас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна.
Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг анхаараагүй, нотлох баримтыг тал бүрээс нь ач холбогдолтой талаас нь хянаж үзээгүйгээс хуулийг буруу хэрэглэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргах болсон шалтгаан болсон гэж үзэж байна.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн гаргасан гомдлыг хэлэлцээд хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.07.04-ний өдрийн 001/ШХТ2024/00939 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 13,851,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Хариуцагч “Г” ХХК-тай 2016.07.07-ны өдөр 16/133 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээгээр “Д” ХХК-ийн захиалгын дагуу гүйцэтгэгч “Г” ХХК нь ... 12х16 м.кв харьцаатай 5 метрийн өндөртэй автомашины засварын байрыг 107,700,000 төгрөгөөр, түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж, 2016.07.29-ний өдөр актаар хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. “Г” ХХК гэрээт ажлыг 2016.10.25-ны өдөр дуусгасан ба 2016.11.11-ний өдрөөр барилга хүлээж авах техникийн комиссын акт үйлдэгдсэн. Гэвч гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч баталгаат хугацаа дуусаагүй байхад дээврийн хэсгээр борооны ус гоожсон. Манай компанийн зүгээс мэргэжлийн байгууллага болох “Х” ХХК-аар шинжилгээ хийлгэж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг дүгнэлтээр дээврээс ус гоожсон гэдгийг тогтоосон байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон барилгын доголдлыг арилгахтай холбоотой зардал 13,431,200 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 13,851,400 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон,
Хариуцагч тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Д” ХХК-тай 2016.07.07-ны өдөр 16/133 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээгээр ... 207 м.кв талбай бүхий засварын газар барихаар тохирсон. Явцын дунд талбайн хэмжээ нэмэгдсэн. Барилгын тухай хуульд заасны дагуу барилгыг улсын комисс хүлээж аваагүй байхад нэхэмжлэгч ашигласан. Манай ажлыг хүлээж авсан. Ашиглалтад өгснөөс хойш зөвшөөрч тохирсон хугацаа гэж байдаг. Ажлын талаар доголдол байсан бол бидэнд хэлэх боломжтой байсан ч ямар ч шаардлага гаргаж байгаагүй. Олон жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барилгын дээврээс ус гоожих ямар ч боломжгүй. ...Бид тэр зураг төслөөр хийсэн. Бид яндангийн дээр хаалт хийж, ...янданг суурилуулахдаа стандартын дагуу хийсэн. ...Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Барилга хүлээлгэж өгөх үед 11 дутуу ажил байсныг ....зассан. Ингээд манай үлдэгдэл төлбөрийг жилийн дараа шилжүүлсэн. 2017 оны 04 сард барилгын талаар бүх тооцоо дуусгасан. Манай буруугаас хохирол үүсээгүй...” гэж маргасан,
8. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 104,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Барилга барихаар гэрээ хийснээс хойш барилгын талбай 33 м.кв-аар нэмэгдсэн. Гэрээний дагуу санхүүжилтээ тохирсон байсан. Санхүүжилт нь хугацаандаа орохгүй байснаас хугацааг сунгасан. Үүнтэй холбоотой ажилчдын болон бусад зардал нэмэгдсэн. Мөн гадна өнгөлгөөг шавардлага имүлсээр хийхээр тохирсон байсныг өөрчилж өнгөлгөөний тоосгоор хийхээр болсон. Үүнтэй холбоотой ажилчдын хөлс нэмэгдсэн. ...Гадна фасад өнгөлгөөний тоосгоор хийсэн учир нэмэлт зардал 17,850,000 төгрөг гарсан. Санхүүжилт хугацаандаа олгоогүйгээс 100 хоног сунаж ажилласан ажилчдын цалин өдрийн 45,000 төгрөг, хоол өдрийн 8,000 төгрөгөөр тооцоход нийт 104,750,000 төгрөг болсон...” гэж тодорхойлсон,
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Барилгын тухай хуульд зааснаар барьсан барилга нь барилгын зөвшөөрөл шаардахгүй. ...Манай санхүүжилт өгөөгүй гэдэгтэй холбоотой шаардлага гаргаж байсан зүйл байхгүй. Талууд барилгаа хүлээлцэж албан бичгээр доголдол арилгахаар мэдэгдсэн. 2016.11.01-ний өдөр тооцоо хийж, төлбөрөө авсан. Бүх тооцоогоо нийлээд 17,700,000 төгрөгийг олгохоор тохирсон. 2019 он хүртэл илүү зарцуулсан тооцоо байсан бол шаардах эрх нь байсан. Хөөн хэлэлцэх хугацаандаа шаардлага гаргаагүй байна. Хийсэн ажлын тооцоо хийгээд дуусгасан. Мөн манай барилга дээр ажиллахад гарсан зардал болох нь баримтаар тогтоогдохгүй байна...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна. Үзлэгээр тогтоогдсон эвдрэл, гэмтэл хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажил доголдолтой байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Д" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гэж,
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн баримтад гэрээний нийт дүн 107,700,000 төгрөг, нэмэлт 33 м.кв ажилд 17,169,537 төгрөгийг нэмж тооцсон байх бөгөөд олгосон санхүүжилтээс үлдэх 39,424,537 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгөхөөр тооцоо нийлсэн байна. Энэхүү тооцоо нийлсэн дүнг хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд үлдэгдэл 39,424,537 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч маргаагүй. Ийнхүү тооцоо нийлж, гэрээ дүгнэх үед барилгын гаднах ханыг өнгөлгөөний тоосгоор өнгөлөхөөр өөрчилснөөс төсөв нэмэгдэж 17,850,000 төгрөгийн зардал гарсан, санхүүжилт хойшлогдсонтой холбоотой 86,900,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан талаар тусгагдаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй нэг үндэслэлээ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шаардлагыг нэхэмжлэгчид өмнө нь гаргаж байсан нь тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016.11.01-ний өдөр дүгнэсэн байх тул энэ хугацаанаас эхлэн хариуцагчид шаардах эрх үүсэж, хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хэрэв хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд хариуцагч “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийсэн бол,
10. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад: “...анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг зөв тогтоосон, ...харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэсэн алдааг залруулна. ...талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна, ...энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хугацаа үйлчлэх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд уг хугацаа дуусгавар болоогүй, ...талууд 2016.11.01-ний өдөр гэрээг дүгнэж, 33 м.кв талбайн ажилд 17,169,537 төгрөгийг нэмэлт ажлын зардал гэж нэмж төлөхөөр тохиролцсон, гэрээ дүгнэсэн актад заасан хөлсийг бүрэн барагдуулсан болох нь баримтаар тогтоогдсон, ...хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв...” гэж дүгнэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэсэн заалтыг шийдвэрээс хасч өөрчилсөн байна.
11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацааг зөрүүтэй тодорхойлсноос хуулийн өөр өөр зохицуулалтыг хэрэглэсэн байна.
12. Хэрэгт цугларсан баримтаар, талууд 2016.07.07-ны өдөр 16/133 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Г” ХХК захиалагч “Д” ХХК-ийн захиалгын дагуу ... нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ийн хашаанд 12м х 16м-ын харьцаатай 5м өндөртэй, 207 м.кв талбайтай, автомашины засварын байрыг 2016.07.29-ний өдрийг хүртэл хугацаанд барьж, түлхүүр гардуулж өгөх нөхцөлөөр хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлыг хүлээн авч, гэрээнд заасан хөлсийг төлөх, гэрээний нийт үнийн дүн 107,700,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, барилгын талбай 33 м.кв-аар нэмэгдэж, 2 давхар болсон, 2016.10.15-ны өдөр ... дугаартай Техникийн комиссын дүгнэлт гарч, 2016.11.11-ний өдрийн Барилга хүлээж авах техникийн комиссын актаар барилгыг хүлээн авсан, ...2016.11.01-ний өдөр талууд гэрээг дүгнэж, гэрээний нийт үнэ 107,700,000 төгрөг дээр нэмэлт ажлын үнэ 17,169,537 төгрөгийг нэмж тооцон, 39,424,537 төгрөгийг захиалагч нь гүйцэтгэгчид төлөхөөр, барилгын ажлыг хүйтний улирал эхэлсний дараа хүлээлгэн өгч байгаа тул гүйцэтгэлийн чанарыг мэдэх боломжгүй байдал үүссэн үндэслэлээр төлбөрийг дулааны улирал эхлэхээр олгохоор харилцан тохирч, 2017.04.30-ны өдөр төлбөрийг төлж дуусгасан талаар зохигч маргаагүй үйл баримт тогтоогджээ.
13. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу ажил гүйцэтгэгдсэн талаар зохигч маргаагүй, харин гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан үндэслэлээр доголдлыг арилгуулахад гарах зардлыг нэхэмжлэгч шаардсан байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр захиалагч шаардлага гаргах эрхтэй гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн шаардлага хуулийн үндэслэлтэй.
Хэрэгт цугларсан, маргаан бүхий барилгад шүүхээс үзлэг хийсэн баримтаас үзвэл авто засварын барилгын хойд хана, зүүн хана дагаж ус гоожсон, 2 давхарт гал тогооны урд хана шохой хууларсан, зүүн урд байх 00-ын өрөөнд ус гоожсон, гал тогоо, 00 өрөөний паркетан шал хөндийрсөн, гал тогооны хана өнгөн хэсэг замаск хагарсан, залгаа өрөөний баруун урд булан замаск хууларсан, барилгын гадаа баруун тийш харсан төмөр хаалга, амалгаа цуурсан зэрэг эвдрэл гэмтэлтэй болох нь тогтоогдсон, дээрх эвдрэл, гэмтлийн засварын зардлыг “Х” ХХК 13,431,200 төгрөгөөр үнэлсэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээж авсан барилгад дээрх гэмтэл учирсан нь нотлогдсон боловч эдгээр нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх заалтад нийцсэн байна, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
14. Харин нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд санхүүжилт олгоогүйгээс учирсан хохиролд 104,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “...нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд санхүүжилт олгоогүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдож, энэ хугацааны ажилчдын цалин хөлс, хоол, байр болон хөдөлмөр хамгаалалтын бусад зардалд 86,900,000 төгрөг, мөн барилгын гаднах хана хөөс, шавардлага байсныг өнгөлгөөний тоосгоор өнгөлөхөөр өөрчилснөөс төсөв нэмэгдэж, 17,850,000 төгрөгийн зардал гарсан тул нийт 104,750,000 төгрөгийг гаргуулна...” гэж тайлбарласан байна.
Талууд 2016.07.07-ны өдрийн ... тоот гэрээгээр барилгын ажлыг 2016.07.29-ний өдөр хүлээлгэж өгөхөөр тохирсон боловч 2016.11.11-ний өдөр хүлээлгэж өгсөн, 2016.11.01-ний өдөр гүйцэтгэсэн ажлыг дүгнэж тооцоо нийлсэн үйл баримттай маргаагүй байна.
Гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн баримтаар гэрээний нийт үнэ 107,700,000 төгрөг дээр нэмэлт ажлын зардал 17,169,537 төгрөгийг нэмж, захиалагчаас өөрөөс нь гарсан зардлыг хасаж, гүйцэтгэгчид төлөх үлдэгдэл төлбөрийг 39,424,537 төгрөг болохыг тогтоосон байна.
Дээрх төлбөрийг гүйцэтгэгч буюу хариуцагч 2017.04.30-ны өдөр гэхэд бүрэн хүлээж авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ.
15. 2016.11.01-ний өдрийн гэрээ дүгнэж, тооцоо нийлсэн баримтад хариуцагчийн нэхэмжилж буй 104,750,000 төгрөгтэй холбоотой зардал тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан байна.
Хоёр шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ижил шийдэл гаргасан боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж тус тус зохицуулжээ.
Ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрхээс хамаарч хөөн хэлэлцэх хугацааг өөр өөрөөр тооцох боломжтой.
Зохигчийн хооронд байгуулсан гэрээ автомашины засварын барилга барих буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бус мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой тул хариуцагчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилээр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Иймд талууд тооцоо нийлэх үед хариуцагчаас гарсан дээрх зардал тодорхой байсан ба хариуцагч нь тооцоо нийлэхдээ гэрээний дагуу гарсан зардлаа шаардах эрхтэй байсан үндэслэлээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс тооцож, өнгөрсөн хугацаанд шаардлага гаргаж байсан нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх зохигчийн маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж дүгнэсэн нь буруу байна.
16. Дээр дурдсанчлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл зөв боловч шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01116 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Г” ХХК-аас 2024.06.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД