Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 0233

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: А.Болор

улсын яллагч: Г.Батбаяр

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Н.Ганбат

шүүгдэгч: Ж.Алтанбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт  Жамъянгаравын Алтанбатад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625011543 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын  14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Тайж овогт  Жамъянгаравын Алтанбат,1975 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд  төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Орхойн аймгийн Баян-Өндөр сум 2 дугаар баг Оюут 2 дугаар хороолол 26 дугаар байрны 89  тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй,улсаас авсан гавьяа шагналгүй,

2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Орхон  аймаг дахь  сум дундын  шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2  дахь хэсэгт зааснаар  3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг хорих 439 дүгээр ангид эдлэж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 93 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 02 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,РД:ФБ75062271

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Алтанбат нь  давтан үйлдлээр согтууруулах ундээ хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Монгол бөх хоолны газрын үүдэнд тавьсан байсан хохирогч Б.Гантөмөрийн эзэмшлийн Трек-4900 маркийн спорт загварын унадаг дугуйг хулгайлан авч нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2016 оны 6 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Американ зочид буудлын ресепшингийн ширээн  дороос Б.Энхтуулын цүнхтэй эд зүйлс болох биед 252.000 төгрөг, өмд нэг ширхэг, малгай нэг ширхэг, нүдний шил нэг ширхэг зэргийг хулгайлан авч нийт 372.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Ж.Алтанбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

           Шүүгдэгч  Ж.Алтанбат  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр Баянзүрх захаар ороод архи уугаад явж байтал хог түүдэг Ууганбаттай Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр таарсан. Бид хоёр буудлын ард байдаг дэлгүүрийн шатан дээр сууж байхад тэр хавиар хог, шил, лааз түүдэг зүс таних хүн ирж явахаар нь тамхи асуугаад ойр зуурын юм ярьж суутал Ууганбат Монгол бөх хоолны газрын үүдэнд унадаг дугуй байна аваад ир зарья гэхээр нь би Монгол бөх хоолны газрын үүдэнд байсан саарал өнгөтэй, цагаан өнгөтэй хоёр дугуйны цагаан өнгөтэй дугуйг унаад Багшийн дээд хавиар явж байтал нэг залуу дугуйгаа зарах уу гэхээр нь 20.000 төгрөгөөр зарсан. Ууганбат дугуйг аваад ир зарья гэхээр нь би очоод л авчихсан юм. Би 2016 оны 06 дугаар сарын 18-аас 2016 оны 06 дугаар сарын 19-нд шилжих шөнө 04.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Американ зочид буудлын хаалга дэлгээтэй байхаар нь ус уух гэж ороод текний ард байгаа хүнээс нь юм асуух гэсэн чинь унтаж байсан тэгэхээр нь ариун цэврийн өрөөнд ороод ус уучихаад гараад иртэл хамгаалагч нь мөн унтаж байсан. Тэгтэл текний ард унтаж байсан эмэгтэй хүний гар цүнх нь дэлгээтэй амсар дээр нь баахан мөнгө замбараагүй байж байхаар нь цүнхийг нь аваад гарсан. Цүнхэн дотор 250.000 гаран төгрөг байсан. 20.000 төгрөгөөр нь архи уугаад тасарчихсан байхдаа үлдсэн мөнгийг нь алдсан. Мөнгийг нь аваад цүнхийг нь хайсны орчимд хаячихсан гэжээ.

          Хяналтын камерийн цагдаагийн илтгэх хуудас /хх-н 21-22/

          Б.Гантөмөр,  Ж.Алтанбат, Ж.Ганбаатар  нараас асууж авсан  тайлбарууд / хх-н 23-24/

         Б.Энхтуулын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл/ хх-н 29/

         Б.Энхтуул, Т.Цогбадрах  нараас асууж авсан тайлбар/ хх-н 30-31,33/

         Хураан авах тогтоол, тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг  хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 37-39/

          Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл/ хх-н 40-42/

          Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл/ хх-н 43-45/

          Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд: хяналтын камерийн бичлэгийг хуулбарласан нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов гэжээ./ хх-н 46/

           Хохирогч Б.Гантөмөр мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз Ууганбаяртай хамт унадаг дугуйны бэлтгэл хийж яваад 21.00 цагийн орчимд Монгол Бөх гэдэг цайны газарт хоол идэх гээд орохдоо дугуйгаа цайны газрын гадаа үлдээчихээд дотогшоо орж хоолоо захиалчихаад сууж байхдаа цонхоор хартал миний унаж явсан дугуй байхгүй болсон байсан. Миний өөрийн дугуй байсан юм. Тайван Улсад үйлдвэрлэгдсэн ТРЕК-4900 маркийн дугуй байсан юм. 1.500.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх-ийн 48-49/

          Хохирогч Б.Энхтуул   мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Американ зочид буудлын ажлын байранд ресепшний ажлаа хийгээд хамгаалагч  Т.Цогбадрахын хамт ажиллаж байхад үүрээр 04.00 цагийн орчимд ядраад 1 давхарт ресепшний хажуу талын буйдан дээр унтаад, хамгаалагч Т.Цогбадрах миний доод талд унтаж байх тэр хооронд хамгаалагч агаар оруулах гээд хаалга дэлгээд орхисон байх үед 04.11 цагийн орчимд гаднаас үл таних залуу орж ирээд ресепшний ширээн доор байсан миний гар цүнхийг хулгайлсан байсан. Тухайн үед оффиссын хаалга нээлттэй байхад оффиссоор явж байгаад гарахдаа миний цүнхийг аваад гарсан байсан. Миний цүнхэнд миний өөрийн иргэний үнэмлэх, ХААН, Хас банкны виза картууд, бэлэн 252.000 төгрөг, өмд, малгай, нүдний шил, үзэг зэрэг зүйлс байсан. Надад ямар нэгэн гомдол санал алга байна гэжээ. /хх-н 50-54 /

         Иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би уг Трек-4900 маркийн унадаг дугуйг 7 хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн 17-гийн буудал гэдэг газарт явж байхдаа нэг хүнээс худалдаж авсан. Тэр хүн намайг хямдхан худалдаж авах уу үнэтэй дугуй мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би дугуйг нь үзэхэд спортын унадаг дугуй байсан болохоор нь авмаар санагдаад 250.000 төгрөгөөр худалдан авсан. Би циркийн хажууд байсан авто машины мотор цэвэрлэгээний газарт ажиллаад яг цалин буусан мөнгөтэй байсан болохоор хямдхан гоё дугуй олдчихлоо гэж бодоод худалдаж авсан юм. Би дугуйгаа авахдаа энэ хэний дугуй юм бэ гэхэд манай хүүхдийн дугуй гэж хэлсэн. Би удахгүй хөдөө ажлаар явна хохирлоо авчихвал сайн л байна гэжээ. /хх-ийн 55-56/

        Гэрч Ж.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:: 2016 оны 4 дүгээр сарын 26-ны орой 21.00 цагийн үе байсан юм хөдөө аж ахуйн автобусны буудлын ард явж байтал буудлын ард талд байдаг дэлгүүрийн шатан дээр нэг залуутай сууж байсан. Тэгээд тамхи байна уу гэхэд нөгөө залуу байхгүй гэсэн. Тэгэхээр нь би тэр хавиар татсан тамхины хаясан үлдэгдэл иш түүж татчихаад явж байтал хөдөө аж ахуйн буудал дээр иртэл цагдаа нар хулгай хийсэн гээд бариад авсан. Цагдаа дээр иртэл Алтанбат мөн ирчихсэн байсан. Намайг тэр хавиар явж байхад хоолны газрын гадаа хоёр унадаг дугуй байсан нэгийг нь Алтанбат унаад л яваад өгсөн гэжээ. /хх-ийн 57/

          Гэрч Ж.Алтанзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ж.Алтанбат миний төрсөн ах байгаа юм. Тэрээр их өрөвч сэтгэлтэй, зөөлөн зантай хүн байгаа юм. Мөн ямар нэгэн ажлыг хийхдээ их нямбай хандаж чаддаг. Гэр оронд байхдаа ямар нэгэн асуудал гаргаад байдаггүй юм.  Гэрт байхаараа гэр орон цэвэрлээд хоол унд хийгээд хувцас хунар угаачихсан байдаг юм. Архи тамхи хэрэглэдэг. Архийг их уудаг юмаа. Гэр бүлийн талаар ганцаараа гэж явдаг юм. Хотод оршин суух тодорхой хаяг байхгүй гэжээ. /хх-н 58/

          Гэрч Э.Ууганбаяр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 26-нд 21.00 цагийн орчимд Гантөмөр манай ажил дээр буюу Төв номын сан дээр ирсэн. Тэгээд бид хоёр унадаг дугуйгаа унаад бэлтгэл хийх болоод төв гудамжаар дугуйгаа унаад явсан. Бид хоёр Хөдөө аж ахуйн автобусны буудлын орчимд явж байхдаа хоолны газарт орж хоол идэхээр болоод автобусны буудлын ард байдаг Монгол бөх хоолны газарт орсон. Бид хоёр хоолны газар луу орохдоо дугуйгаа гадна талд нь үлдээгээд орсон. Тэгээд хоолоо захиалчихаад хүлээгээд сууж байхдаа цонхоор хартал Гантөмөрийн дугуй нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь бид хоёр гараад хартал дугуй нь алга болсон байсан би Гантөмөрт цагдаад өргөдлөө гарга гэхэд би өргөдөл бичиж чадахгүй гэхээр нь би бичиж өгсөн. Гантөмөрийн дугуй бол Америк стандартаар Тайван улсад үйлдвэрлэгдсэн мэргэжлийн уулын спортын ТРЕК-4900 маркийн дугуй байсан. Уг дугуй 1.960.000 төгрөгөөр зарагддаг юм. Бид хоёрыг цайны газар луу орох гэж байхад нөгөө талын цайны газрын үүдэнд тэнэмэл бололтой хэдэн хүн согтуу сууж байсан юм гэжээ.  /хх-н 59/

          Гэрч Ж.Мөнхзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ж.Алтанбат бол миний төрсөн ах байгаа юм. Би тэр болгон хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй юм. Ах маань их зөөлөн сэтгэлтэй, буруу зөрүү зан авир байдаггүй хүн байгаа юм. Хааяа хааяа архи уучихдаг юм. Манай ахад өөрийн гэх өд хөрөнгө бараг байхгүй. Хөдөө гадаа яваад л өөрийгөө болгож байдаг юм. Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн төгссөн гэжээ.  /хх-н 60/

          Эд зүйлийн үнэлгээ Трек-4900 загварын дугуйг 1.500.000 төгрөгөөр үнэлжээ./ хх-н 64/ унадаг дугуй ертөнц ХХК-аас 2013 онд Б.Гантөмөр 1.960.000 төгрөгөөр худалдан авсан нь үнэн гэжээ.

       Эд зүйлийн үнэлгээнд. Цүнх-80.000 төгрөг, нүдний шил 15.000 төгрөг, өмд 10.000 төгрөг, малгай 5000 төгрөг гэж үнэлжээ./хх-н 67/

Сэжигтнийг баривчлах тогтоол цагдан хорих захирамжууд  /хх-н 68-83/       

Ж.Алтанбатыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 84-92/, /хх-н 117-121, 142-143/

          Ж.Алтанбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 132-135/

Ж.Алтанбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:  /хх-н108/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 112-118/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2 дугаар хороолол 26 дугаар байрны 89 тоотод ам бүл 5-уулаа оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 148/ зэрэг болно.

          Ж.Алтанбат нь  2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Монгол бөх хоолны газрын үүдэнд тавьсан байсан хохирогч Б.Гантөмөрийн эзэмшлийн Трек-4900 маркийн спорт загварын унадаг дугуй хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Мөн 2016 оны 6 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Американ зочид буудлын ресепшингийн ширээн  дороос Б.Энхтуулын цүнхтэй эд зүйлс болох биет бэлэн  252.000 төгрөг, өмд нэг ширхэг, малгай нэг ширхэг, нүдний шил нэг ширхэг зэргийг хулгайлан авч нийт 372.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч Б.Гантөмөрын  мөрдөн байцаалтад өгсөн … 21.00 цагийн орчимд Монгол Бөх гэдэг цайны газарт хоол идэх гээд орохдоо дугуйгаа цайны газрын гадаа үлдээчихээд дотогшоо орж хоолоо захиалчихаад сууж байхдаа цонхоор хартал миний унаж явсан дугуй байхгүй болсон байсан. Миний өөрийн дугуй байсан юм. Тайван Улсад үйлдвэрлэгдсэн ТРЕК-4900 маркийн дугуй байсан юм. 1.500.000 төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг / хх-н 47-49 /

          Хохирогч Б.Энхтуулын мөрдөн байцаалтад өгсөн … Американ зочид буудлын ажлын байранд ресепшний ажлаа хийгээд хамгаалагч  Т.Цогбадрахын хамт ажиллаж байхад үүрээр 04.00 цагийн орчимд ядраад 1 давхарт ресепшний хажуу талын буйдан дээр унтаад, хамгаалагч Т.Цогбадрах миний доод талд унтаж байх тэр хооронд хамгаалагч агаар оруулах гээд хаалга дэлгээд орхисон байх үед 04.11 цагийн орчимд гаднаас үл таних залуу орж ирээд ресепшний ширээн доор байсан миний гар цүнхийг хулгайлсан байсан. Тухайн үед оффиссын хаалга нээлттэй байхад оффиссоор явж байгаад гарахдаа миний цүнхийг аваад гарсан байсан. Миний цүнхэнд миний өөрийн иргэний үнэмлэх, ХААН, Хас банкны виза картууд, бэлэн 252.000 төгрөг, өмд, малгай, нүдний шил, үзэг зэрэг зүйлс байсан. Надад ямар нэгэн гомдол санал алга байна гэсэн мэдүүлэг /хх-н 50-54 /

       Иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн  мөрдөн байцаалтад  өгсөн. Тэр хүн намайг хямдхан худалдаж авах уу үнэтэй дугуй мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би дугуйг нь үзэхэд спортын унадаг дугуй байсан болохоор нь авмаар санагдаад 250.000 төгрөгөөр худалдан авсан. Би циркийн хажууд байсан авто машины мотор цэвэрлэгээний газарт ажиллаад яг цалин буусан мөнгөтэй байсан болохоор хямдхан гоё дугуй олдчихлоо гэж бодоод худалдаж авсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/

       Гэрч Ж.Ганбаатарын  мөрдөн байцаалтад өгсөн … Намайг тэр хавиар явж байхад хоолны газрын гадаа хоёр унадаг дугуй байсан нэгийг нь Алтанбат унаад л яваад өгсөн гэжээ. /хх-ийн 57/ гэсэн мэдүүлэг

         Шүүгдэгч  Ж.Алтанбатын  мөрдөн байцаалтад  өгсөн … би Монгол бөх хоолны газрын үүдэнд байсан саарал өнгөтэй, цагаан өнгөтэй хоёр дугуйны цагаан өнгөтэй дугуйг унаад Багшийн дээд хавиар явж байтал нэг залуу дугуйгаа зарах уу гэхээр нь 20.000 төгрөгөөр зарсан. Ууганбат дугуйг аваад ир зарья гэхээр нь би очоод л авчихсан юм. Американ зочид буудлын хаалга дэлгээтэй байхаар нь ус уух гэж ороод текний ард байгаа хүнээс нь юм асуух гэсэн чинь унтаж байсан тэгэхээр нь ариун цэврийн өрөөнд ороод ус уучихаад гараад иртэл хамгаалагч нь мөн унтаж байсан. Тэгтэл текний ард унтаж байсан эмэгтэй хүний гар цүнх нь дэлгээтэй амсар дээр нь баахан мөнгө замбараагүй байж байхаар нь цүнхийг нь аваад гарсан. Цүнхэн дотор 250.000 гаран төгрөг байсан. 20.000 төгрөгөөр нь архи уугаад тасарчихсан байхдаа үлдсэн мөнгийг нь алдсан. Мөнгийг нь аваад цүнхийг нь хайсны орчимд хаячихсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Ж.Алтанбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Ж.Алтанбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус  хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч н.Гантөмөрт дугуйг нь буцаан өгсөн, хохирогч Б.Энхтуулд учруулсан хохирлоос 252.000 төгрөгийг өгсөн одоо үлдсэн цүнх, малгай, өмд, нүдний шилний үнэ болох 120.000 төгрөгийг дутуу өгсөн тул шүүгдэгч Ж.Алтанбатаас гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд дугуйны үнэ 250.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэгтэй хоёр ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээх нь зүйтэй.

Энэ  хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг   дурьдав.

Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Тайж овогт Жамъянгаравын Алтанбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус  хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар Ж.Алтанбатаас эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Ж.Алтанбатыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Алтанбатын  цагдан хоригдсон 97 хоногийг баривчлах ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэгтэй хоёр ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй..

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг   дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  Ж.Алтанбатаас 120.000 төгрөг гаргуулж  хохирогч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 9-208 тоотод оршин суух /МК94062742 регистртэй/ Баттогтохын Энхтуулд олгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Алтанбатад   цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН