Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/169

 

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч М.Эрдэнэчимэг

Хохирогч Т.Б, Б.И,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Ц

Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Д

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Дэлгэрэх худалдааны төвийн машины зогсоол дээрээс ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр эзэмшигч Э.Еийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,  05 дугаар сарын 06-ны өдөр согтуурсан үедээ  Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 замын уулзварын хяналтын постын зогсоолд байрлуулан тавьсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн ... улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Б.И нь тухайн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганы нээлттэй цонхоор өөрийн биеийн цээж хэсгийг оруулан чирэгдэн зүүгдэж, улмаар тээврийн хэрэгслийг зогсоохыг шаардаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраахыг оролдох үед О.Д нь тээврийн хэрэгслийн хурдыг нэмж түүнийг газарт унагаж, тээврийн хэрэгслийг онхолдуулж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж 13.595.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Д.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дэлгэрэх төвийн гаднаас ... улсын дугаартай  ... маркийн тээврийн хэрэгслийг авч явснаа санаж байна, ... би 3 замын уулзварын тэндээс шороон зам руу орчихсон. Тэгээд бутан дундуур баахан явж байгаад эвдэлчихсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Улаанбаатар луу найз руугаа явах зорилготой 3 замын уулзвар руу таксидаад очсон. Нэг мэдсэн чинь цагдаагийн машинд байсан. Сайн санахгүй байна. Их хэмжээгээр уусан байсан гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Иийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр 3 зам дээр ээлж хүлээж аваад үүрэг гүйцэтгэж байх хугацаанд  Улаанбаатар чиглэлээс ирж байгаа машинаас дуудлага мэдээллээр нэг жолооч хойно нэг хүн зам дээр хэвтэж байна, дайруулчих вий дээ, очиж шалгахгүй бол гэж хэлсэн. Тэрний дагуу би очиж шалгасан. Цагаан цамцтай хүн цаашаа хараад зорчих хэсэг дээр хэвтэж байсан. Тэр хүнийг очоод дуудахад С байсан. Дийг тэндээс  машинд суулгаад 3 замын пост дээрээ эргэж ирээд жижүүр лүү дуудлага өгсөн. Д согтуу 3 зам дээр явж байна, яаралтай ирээд аваад гэрт нь хүргээд өгөөдөх гээд дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш Дийг машинд суулгах гэтэл халуун байсан. Тэгээд гадаа зогсооход хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Гадаа зогсож чадахгүй болохоор нь түр сууж бай, жижүүрийн машин дуудчихлаа гээд суулгаад жижүүрийн машиныг ирж байна уу гээд дахиад залгахад Интертранс дээр дуудлагад оччихоод одоо очиж байна гэсэн. Тэгэхээр нь жижүүрийн машин ирж байгаа чи түр хүлээгээд сууж бай, ирэхээр нь гэртээ хүргүүлчхээрэй гээд эсрэг талд нь машин шалгаад зогсож байтал машины хаалга дуугарсан. Тэгээд би нөгөө машинаа орхичхоод машины араар гүйгээд харахад Д машины жолооны ард ороод суучихсан байсан. Зогс, боль, буу гээд гүйгээд очих хооронд хөдөлсөн. Цонхоор нь ороод машинаа унтраах шаардлага тавьсан боловч  хаазаа нэмээд чирч давхиад замын баруун тал руу одоо үндсэндээ яг зогсож байгаа талаасаа шууд эргээд замын далан руу баруун тал руу буюу эсрэг урсгалаа сөрөөд бууж байна гэсэн үг. Тэгэхлээр тухайн 3 замын пост өөрөө 3 замын бэлчир Улаанбаатараас Сайншанд, Замын-Үүд рүү чиглэдэг. Босоо тэнхлэгийн зам дагуу учраас маш их хөдөлгөөнтэй байдаг. Тэгээд эсрэг урсгалаас ч гэсэн машин ирж байсан энэнтэй мөргөлдөхөөр шахаад л тэгээд баруун тал руугаа буугаад л чирч давхиж байгаад 30-40 метр хэртэй хүчтэй чирсэн хааз өндөртэй байсан. Тэгээд ч би тэр хооронд зогсоох гээд Сд зогс гээд шаардлага тавьсаар байтал тэр чигтээ чирч, хүчтэй явсан учраас чирэгдэж байгаад унасан. Тэгээд баруун хойшоо буюу жуулчны баазын чигтээ давхиж байгаад баруун хойно очоод эргүүлээд байсан. Дугуйраад тоос маналзуулаад л эргүүлээд байсан. Тэгээд би босоод хувцсаа гөвөөд зам дээр гараад ирсэн. Тэгэхэд цэнхэр приус 20-той залуу та зүгээр үү гээд ирсэн. Тэр машинд суугаад араас нь явсан. Тухайн үед хөдөлгөөн ихтэй байсан учраас тухайн үйлдлийг таслан зогсоохгүй бол  бусдын болон өөрийнх нь  урдаас ирж байгаа тээврийн хэрэгсэл болон тэрүүгээр зорчиж байгаа хүмүүст аюултай байдал үүсгэх байсан. Тэгээд хамгийн түрүүнд Сг зогсоох, аюулгүй болгох талыг л бодож  араас нь явсан. Тэгэхэд С баруун талаар давхиж байгаад зам руу халтирч орж ирээд буухдаа далангийн нарийхан налуу хэсэг дээр очоод бөмбөрчихсөн. Нэг өнхрөөд 4 дугуйн дээрээ босоод ирсэн. Тэгээд наана нь зогсоод гүйгээд очихын завдалгүй ахиж хөдөлж давхиад зам хөндлөн гараад баруун талын шороон зам руу ороод зогсчихсон. Тэгээд би нөгөө залууг түр зогсож байгаарай гээд араас нь очиж шороон зам дээр зогсоод гүйж очоод онгойлгох гээд хаалгыг нь татсан хаалга нь цоожтой байсан эсвэл унаснаасаа болоод гажчихсан байсан уу? Сайн мэдээгүй. Зогс, машинаас буу, машинаа унтраа гээд шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй байхлаар нь цонхоор дахиж ороод унтраах гэж оролдсон. Яагаад гэвэл приус 30-ийн повер товч нь речак талдаа байдаг. Рулийн яг доод талд байдаг нарийн хэсэгт учраас гар хүрээгүй. Тэгж байтал огт тоосон шинжгүй дахиад хаазаа нэмээд чирээд давхичихсан. Тэгээд чирэгдэж явж байгаад дахиж унаад урагшаагаа 3 замын постын чигтээ хөвөөн дээгүүр давхиж байгаад зогссон. Гэтэл юу ч болсон шинжгүй ундаа задалж уугаад сууж байсан. Би хаалгыг нь хүчтэй татаж нээгээд  Сг буулгаад машиныг нь унтраагаад тусгай хэрэгсэл хэрэглэж аюулгүй болгосон. Яг тэр үед жижүүрийн машин ирсэн  гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний хувьд машиныхаа эвдрэл гэмтлийг төлүүлчихвэл  гомдол саналгүй. Надад өөр асуудал байхгүй. Би энэ хүүхдийг сайн танина. Би өөрөө АА нийгэмлэг гээд сайн дураараа архинаас татгалздаг юманд яваад 13 жил болж байна. Би өөрөө урьд нь их хэмжээний архи уудаг, хэрэгт ордог л хүүхэд байсан. Энэ хүүхэд 5, 6 жил яваад тогтож өгөхгүй уугаад яваад байгаа. Архинаас холдчихоосой, над шиг битгий алдаасай л гэж дотроо бодож явдаг. Бусдаар бол энэ хүүхдийн сайн, мууг үзээд байх шаардлага алга. Өөрөөс нь болж эвдэрсэн юм чинь миний хохирлыг барагдуулаад өгчихвөл болоо. 3 сая 700 хэд гэж хохирол гарсан байна лээ. Үнэлгээ гаргуулахаар 300 мянга төгрөг, бас 90 мянга гаруй төгрөгийг төлсөн. Баримтыг нь хавсаргасан гэсэн мэдүүлэг

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... ХХК-ийн үнэлгээгээр 13,595,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл үнэлэгдсэн юм байна лээ. Энэ мөнгөн дүнгээр тээврийн хэрэгсэл дахин янзлагдаж албан үүрэг гүйцэтгэхэд асуудалтай. Албаны бэлэн байдал хангаж, аюулгүй байдал хангаж замын хөдөлгөөнд оролцоход шаардлага хангахгүй. Үнэлгээгээр үнэлэгдсэн 13,595,000 төгрөг, үнэлгээний компанийн төлбөр 895,000 төгрөг, ачилтын төлбөр 200,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-р тал/

 

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-13-р тал/

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хх-ийн 16-17р тал/

 

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын жижүүр, харуул, эргүүл, постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын ... өдөр ажиллах хуваарь /хх-ийн 19-20-р тал/

 

Гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... өдрийн 11 цагийн орчим ...цагдаа И зам дээр машин шалгаад зогсож байсан. Цагдаагийн машины ард гадна талд эрэгтэй үл таних хүн согтуу бололтой гуйваад ойчиж байгаа харагдсан. Гэнэт ойр орчим байсан хүмүүс орилолдохоор нь харахад цагдаагийн машинаас И цагдаа чирэгдээд замын баруун талын шороон зам руу буух үед газарт унасан. Машин цаашаа шороон замаар баруун хойшоо давхиад явчихсан. ... Цагдаа нь тэгээд шороон дээр унаад босоод хувцсаа гөвөөд засмал зам руу ирэхээр нь би өөдөөс нь явж очоод цагдаагийн машин унаад явсан хүний араас миний машинтай хамт явсан. Цагдаагийн машин унаад явсан хүн замын баруун талын шороон замаар холхиж хойш, урагшаа давхиж байгаад засмал зам руу ороод чигээрээ засмал замын баруун гар тал руу хойд чигтээ шороон зам руу 1 удаа хөрвөөгөөд 4 дугуй дээрээ тогтоод зогссоноо буцаад замын баруун талын шороон зам руу орж зогсохоор нь цагдаа яваад очоод хаалгыг нь таттал дахиад хөдлөөд цагдаа нь чирэгдээд газарт унасан.. Машин нь чигээрээ засмал замын баруун талын хөвөөн дээгүүр замын цагдаагийн пост чигтээ давхиж яваад замын баруун тал руу буугаад зогсохоор нь бид хоёр шороон замаар тойроод өөдөөс нь очоод зогстол цагдаа буугаад очиж машиныг нь унтраагаад жолоочийг нь буулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... дугаартай "1.Б.Иийн биед зүүн шагайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-р тал/

 

Хөрөнгө, даатгалын хохирлын ... ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний .... дугаартай "... Үнэлгээгээр тогтоогдсон дүн 13.595.000 төгрөг" тайлан /хх-ийн 49-р тал/,

 

.... өдрийн Техникийн эвдрэлийн дүгнэлт /хх-ийн 50-65-р тал/

 

... улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 54-р тал/

 

ЦЕГ-ын жолоочийн мэдээллийн хайлтын лавлагаа /хх-ийн 156-р тал/

 

Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хайгаад олдохгүй явтал цагдаагаас яриад "Д 3 замын уулзвар цагдаагийн албаны машин авч зугтаагаад онхолдуулсан байна" гэж хэлсэн... Яагаад ийм асуудал гаргаад байдгийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116-р тал/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 202-р тал/

 

         Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл хх-ийн 92-93-р тал/,

 

          Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 93-р тал/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл 95-98-р тал/

 

Гэрч Э.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад эхнэр, охины хамт Дэлгэрэх дэлгүүрийн гадаа очиж зогсоод удахгүй юм чинь гэж бодоод машинаа унтраагаад түлхүүрээ дотор нь үлдээгээд машинаа цоожлохгүй дэлгүүрт орсон байсан. Дэлгүүрт байхад танихгүй эмэгтэй хүн манай эхнэрт "танай машиныг чинь хүн унаад явчихлаа" гэж хэлэхээр нь гараад хартал байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагийг нь санахгүй байна. 35 дугаар зөрлөгөөс цааш замын зүүн талын шороон зам дээр зогсож байна ирээд машинаа ав гэж цагдаагаас ярилаа гэхээр нь эхнэр бид хоёр Сайншандаас машинтай очсон. Очиход цагдаа байсан. Машинаа үзэхэд урд гупер хагарсан, аржатар тосол гойжсон, буруу талын толь сууриараа хөдөлсөн байсан. Бөгсний улаан гэрэл хөдөлсөн, машин чирдэг таг нь угаараа салаад унасан, буруу талын урд талын тод керлан дугуйндаа хавирсан байсан зэрэг эвдрэлүүд үүссэн байсан. Манай машин хулгайд алдагдахаасаа өмнө ийм эвдрэлүүд байгаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107-р тал/

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 137-р тал/

 

.... өдрийн 91 дугаартай техникийн эвдрэлийн дүгнэлт /хх-ийн 139-143-р тал/

 

Хөрөнгө, даатгалын хохирлын ... ХХК-ийн ... дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.720.000 төгрөг” үнэлгээний тайлан /хх-ийн 145-р тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-87-р тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  нотлох баримтуудаар шүүгдэгч  О.Д нь  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Дэлгэрэх худалдааны төвийн машины зогсоол дээрээс ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгслийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр эзэмшигч Э.Еийн зөвшөөрөлгүйгээр авч явсан 

 05 дугаар сарын 06-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 замын уулзварын хяналтын постын зогсоолд байрлуулан тавьсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эзэмшлийн ... улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан болох нь хохирогч Б.Иийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “Дийг машины дэргэд суулгаж орхичхоод замын эсрэг талд машин шалгаад үүрэг гүйцэтгэж зогсож байтал гэнэт машины хаалгаа хаагдах чимээ гарахаар нь хартал Д цагдаагийн машинд ороод жолоочийн суудал дээр суучихсан харагдахаар нь “хөөе чи машинаас буу" гээд би гүйгээд очтол С машин асаагаад хөдөлсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Намайг эмнэлэгт хэвтэж байхад 14 цаг 32 минутад охин залгаад "аав өдөр машиныг чинь Есөө унаж яваад Дэлгэрэх дэлгүүрийн үүднээс алдчихлаа" гэж хэлсэн. Дараа нь цагдаа дээр хүрээд ирээч гэхээр нь би юу гэсэн үг юм бэ, яах гэсэн юм гэхэд "таны машиныг нөгөө С гэх залуу унаад 35 дугаар зөрлөгийн тэнд барьсныг нь очиж авсан” гэж хэлэхээр нь би ирсэн. Миний машин Цагдаагийн урд талбайд байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Еийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад эхнэр, охины хамт Дэлгэрэх дэлгүүрийн гадаа очиж зогсоод удахгүй юм чинь гэж бодоод машинаа унтраагаад түлхүүрээ дотор нь үлдээгээд машинаа цоожлохгүй дэлгүүрт орсон байсан. Дэлгүүрт байхад танихгүй эмэгтэй хүн манай эхнэрт "танай машиныг чинь хүн унаад явчихлаа" гэж хэлэхээр нь гараад хартал байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар, уг тээврийн хэрэгслүүдэд гэмтэл учирсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 38/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 9-13/, Хөрөнгө, даатгалын хохирлын ... ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний .... дугаартай  тайлан /хх 49/, .... өдрийн Техникийн эвдрэлийн дүгнэлт /хх 50-65/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 137/, .... өдрийн 91 дугаартай техникийн эвдрэлийн дүгнэлт /хх 139-143/, хөрөнгө, даатгалын хохирлын ... ХХК-ийн ... дугаартай үнэлгээний тайлан /хх 145/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч О.Дийн үйлдэлд бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших буюу өөрийн болгож захиран зарцуулах, ашиг хонжоо, мөнгө олох гэсэн сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг зааж, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг заажээ.

 

Шүүгдэгч О.Д нь аймгийн Цагдаагийн газрын замын  цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч Б.Иийг  Сайншанд сумын 3 замын уулзвар дээрх хяналтын постон дээр үүрэг гүйцэтгэж байх үедээ автомашинтай үүрэг гүйцэтгэхээр   олгогдсон байсан ... приус 30 машиныг түүний зөвшөөрөлгүй авч явсан ба энэ үед нь цагдаа зохицуулагч Б.И үйлдлийг таслан зогсоох зорилгоор тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганы нээлттэй цонхоор өөрийн биеийн цээж хэсгийг оруулан чирэгдэн зүүгдэж, улмаар тээврийн хэрэгслийг зогсоохыг шаардаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраахыг оролдох үед шүүгдэгч О.Д нь тээврийн хэрэгслийн хурдыг нэмж түүнийг газарт унагаж, тээврийн хэрэгслийг онхолдуулсан үйл баримт тогтоогдож  байна.

 

Шүүгдэгч О.Д нь цагдаагийн албаны тоног төхөөрөмж болох тээврийн хэрэгсэлд халдаж цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэл үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин эзэмшигчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг авч явах үедээ уг үйлдлийг таслан зогсоох гэсэн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн, зогс, машинаа унтраа гэсэн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлэн улмаар машины хурдыг нэмж цагдаагийн алба хаагч руу чиглэсэн үйлдэл хийсэн байна.

 

Хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох, боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг бол шүүгдэгч О.Дийн үйлдэлд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай буюу хохирогчийн шаардлагыг үл тоон эсэргүүцэн унаж явсан тээврийн хэрэгслийнхээ хурдыг нэмж түүнийг газарт унагаж  хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... өдрийн 11 цагийн орчим ...цагдаа И зам дээр машин шалгаад зогсож байсан. Цагдаагийн машины ард гадна талд эрэгтэй үл таних хүн согтуу бололтой гуйваад ойчиж байгаа харагдсан. Гэнэт ойр орчим байсан хүмүүс орилолдохоор нь харахад цагдаагийн машинаас И цагдаа чирэгдээд замын баруун талын шороон зам руу буух үед газарт унасан гэсэн мэдүүлэг,  хохирогч Б.Иийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Дийг машины дэргэд суулгаж орхичхоод замын эсрэг талд машин шалгаад үүрэг гүйцэтгэж зогсож байтал гэнэт машины хаалгаа хаагдах чимээ гарахаар нь хартал Д цагдаагийн машинд ороод жолоочийн суудал дээр суучихсан харагдахаар нь “хөөе чи машинаас буу" гээд би гүйгээд очтол С машин асаагаад хөдөлсөн. Тэгэхээр нь би “хөөе чи зогс, боль, машинаа унтраа" гэсэн шаардлага тавихад биелүүлээгүй тул би машиныг зогсоох арга хэмжээ авах гээд жолооч талын хаалганы цонх нээлттэй байхаар нь цээж хэсгээ оруулаад Сд "чи зогс хөөе, боль, наад машинаа унтраа" гэж хэлээд би машины пойворыг унтраах гэж оролдоход миний гар хүрээгүй. Энэ үед С хаазаа нэмээд намайг чирч давхиад замын баруун тал руу шороон зам руу унагаачхаад баруун хойд зүг рүү давхиад явчихсан...”гэсэн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 11 цаг 20 минутын үеийн 3 замын уулзварт болсон шүүгдэгч О.Дийн үйлдлийг бичсэн дуу дүрсний бичлэг, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан газрын жижүүр, харуул, эргүүл, постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын ... өдөр ажиллах хуваарьт авагдсанаар Б.И нь цагдаа,зохицуулагч ажилтай болох нь тогтоогдож байх тул хууль сахиулагч гэж үзнэ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд  явагдана. 2 дахь хэсэгт Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж тус тус заасан байна. Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “ бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

 

 Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Тоёото приус 30 машинд 41 төрлийн эвдрэл гэмтэл буюу шууд зардлын дүнгээр 13,595,000 төгрөгийн, хохирогч Т.Бын ... улсын дугаартай ... загварын тээврийн хэрэгсэлд 8 төрлийн эвдрэл гэмтэл буюу шууд зардлын дүнгээр 3,720,000 төгрөг, ... ХХК-д төлсөн үнэлгээний төлбөр 255,000 төгрөг, техникийн шинжээчийн дүгнэлтийн төлбөр 89000 төгрөг, нийт 4,064,000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан олгох, мөн ... ХХК нь иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон төлбөр 895,000 төгрөгийг тус аймгийн Цагдаагийн газраас нэхэмжилсэн болох нь хх-ийн 48 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн баримтаар тогтоогдож байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулан ... ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.И нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон иргэний нэхэмжлэгч аймгийн Цагдаагийн газар нь тээврийн хэрэгслийг 3 замын уулзвараас тээвэрлэн ирсэн зардал 200,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон баримталлаа.

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоох

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгээс Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар ялыг нэмж нэгтгээд нийт 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргаж оролцов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч О.Д нь 4 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар / хх-ийн 166-190/ тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял, 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцон, Эрүүгийн хуулийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, түүний цагдан хоригдсон 2024 оны 05 сарын 10-наас 2024 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэл 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Дд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Ням овогт Оийн Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг алба үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

3.Шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3  сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцон, эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч О.Дийн цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дэс хохирогч Т.Бт 4,064,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 13,595,000 төгрөг, ... ХХК-д 895,000 төгрөг тус тус  гаргуулан олгож, хохирогч Б.И нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо, иргэний нэхэмжлэгч аймгийн Цагдаагийн газар нь тээврийн зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АДЪЯАСҮРЭН