Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/02152

 

                             

 

 

 

 

 

 

      2021 оны 10 сарын 08 өдөр

        Дугаар 183/ШШ2021/02152                                 Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, .... дугаар хороо, .... дүгээр байр .... тоотод оршин суух, .... овогт Н.Н /РД:.../-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг, .... дугаар хороо, .... гудамж, .... тоот оршин суух, Д.Г /РД:.../,

 

Хариуцагч: .... дүүрэг, .... дугаар хороо, .... гудамж, ... тоотод оршин суух, С.Ч /РД:.../ нарт холбогдох,

 

 гэрээний үүрэгт 1,705,600 гаргуулах, өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... хороо, ... дүгээр байрны ... тоот байрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,   7,620,510 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н, хариуцагч нарын төлөөлөгч Г.Э, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Н.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа дэмжиж оролцоно, 2 дахь шаардлагаас татгалзаж байна, учир нь энэ хүмүүс байрыг суллаад буцааж өгсөн байгаа. Миний бие өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... хороо, ... дүгээр байр ... тоот хаягт байрлах ... гэрчилгээтэй, ... улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний  хоёр заалтай, гал тогоо, 00 өрөө тусдаа ажлын байрыг С.Ч, Д.Г нарын хүсэлтийн дагуу оффис болон кофе шопоор нэг жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцон 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын байрны түлхүүрийг бусад эд хөрөнгийн хамт хүлээлгэн өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бид түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт түрээсийн төлбөр нэг сарын 1.500.000 төгрөг ба түрээсийг 3 сараар төлөхөөр тохирсон. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт түрээслэгч талын гуйлтаар эхний 3 сарын төлбөрийг 1 сарын 1.000.000 төгрөг байхаар тохирсон. Учир нь түрээслэгч тал ажлын байрны ханыг оффисийн өнгөөр шохоодно, тохижилт хийнэ, хийсэн тохижилт нь түрээслэгч талд үлдэнэ гэж тохирсон. Мөн Монгол улс дотооддоо цар тахлыг алдаж, хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсонтой холбоотой түрээслэгч талын гуйлтаар бид харилцан тохиролцон 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг 750.000 төгрөг болгон бууруулж, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээний 1.2-т заасны дагуу түрээсийн төлбөрийг 1.500.000 төгрөг байхаар тохирсон. Түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргийн 1.3-т заасны дагуу дараагийн 3 сарын төлбөр 4.500.000 төгрөгийг урьдчилан төлөх үүргээ биелүүлээгүй. Түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад удахгүй төлнө гэж хууран мэхлэдэг байсан. Мөн гэрээний 1.9-д барьцаа 1.000.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн өгөх байсан. Гэвч гэрээгээр тогтоосон үүргээ биелүүлээгүй  7 сарын хугацаа өнгөрсөн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 өдрийн түрээсийн төлбөр болох 200.000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Мөн би эвдэлсэн хэмхэлсэн зүйлийг нэхэмжлэээгүй. Иймд гэрээний дагуу 1.500.000 төгрөг, цахилгааны төлбөр 5600 төгрөг, суллаж өгсөн хугацааг хүртэлх 4 өдрийн төлбөр 200.000 төгрөг нийтдээ 1.705.600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харуцагч С.Ч, Д.Г нар кофе шопын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Н.Ны зарын дагуу ... дүүргийн ... хороо, ... дүгээр байр ... тоот хаягт байрлах ... гэрчилгээтэй, ... улсын бүртгэлийн дугаартай байрыг очиж, үзсэн.  Уг байрыг кофе шопын үйл ажиллагаа эрхлэх боломжтой эсэхийг тодруулсан. Тухайн үед Н.Н би мэргэжлийн хяналт газраас асуусан, гол нь уг байрыг тухайн үйлчилгээний зорилго чиглэлдээ нийцүүлэн стандарт нормын дагуу засаж, тохижуулсан байхад асуудалгүй гэх тайлбарыг өгсөн. Ингээд хариуцагч нар кофе шопын үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд түрээсийн гэрээ байгуулснаас 2 сарын дотор стандарт нормын дагуу засвар үйлчилгээ хийсэн. 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст кофе шопын зөвшөөрөл авах тухай хүсэлтийг гаргаж өгсөн. Тухайн үед бидэнд кофе шопын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй талаар Н.Нд хэлсэн шүү дээ гэсэн хариуг өгсөн. Н.Н нь кофе шопын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэдгээ мэдсээр байж бид нарт итгэл үнэмшил төрүүлж, хууран мэхлэж гэрээ байгуулсан.  Бид кофе шопын үйл ажиллагаа эрхэлж ашиг олох нь битий хэл засвар үйлчилгээ, мөн түрээсийн төлбөр төлж хохирсон. Бид уг түрээсийн байрыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хөл хорио дуусаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний зориулалт өөрчлөх тухай ярьсан. Нэхэмжлэгч зориулалтыг өөрчилж чадахгүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээг цуцалж,  үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авъя гэсэн. Уг саналыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан гэрээг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цуцлахаар тохирсон. Гэвч тухайн өдөр Н.Н ирээгүй. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уг байрыг хүлээн авсан. Өөрийн буруугаас болж хүлээн аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч С.Ч Д.Г нар нь кофе шопын зориуллатаар үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор түрээсийн байр хайж байгаад Н.Нтай холбогдсон. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хороо, ... дүгээр байр ... тоот хаягт байрлах ... гэрчилгээтэй, ... улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө байрыг түрээсэлж, гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээнд кафе, кофе шопын зориулалттай үйлчилгээний  хоёр заалтай, гал тогоо, 00 өрөө тусдаа үл хөдлөх хөрөнгө гэж тодорхой зааж өгсөн. Талуудын хооронд ашиг олох зорилгоор түрээсийн гэрээ байгуулсан. Н.Н түрээсийн гэрээ байгуулахдаа тус байрны улсын бүртгэлийн гэрчилгээ буюу 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн гэрчилгээ, мөн энэ гэрчилгээтэй хамт орон сууцны зориулалт өөрчлөх тухай Улаанбаатар хотын ерөнхий инженерийн 2009 оны 07 дугаар сарын 15-ны 126 дугаар тушаалыг хавсаргасан байдаг. Түрээсийн орон сууцны үйлчилгээний зориулалт өөрчлөгдсөн гэж тайлбарласан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад үйлчилгээний зориулалттай биш орон сууцны зориулалттай гэдгийг мэдсэн. Иймд түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 3.000.000 төгрөг, барилгын засварын материалын зардалд 1.237.500 төгрөг, ашиглалтын зардал 183.010 төгрөг, засвар хийсэн үйлчилгээний хөлс 3.200.000 төгрөг нийт 7.620.510 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Н.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбарлахдаа: 2020 оны 11 дүгээр сарын эхээр С.Ч, Д.Г нар ирж уулзан дотроо гал тогоотой оффис түрээслэх хэрэгтэй байна гэсэн. Гэрээний ердийн нөхцөл дээр кофе шопоор тохижуулсан ажлын байрыг оффис болон кофе шопын зориулалтаар түрээслэнэ гэж заасан. Хавтаст хэргийн 6... хуудсан дээр кофе шопын үндсэн бүтэц байдаг. Гэтэл харуцагч нар обойг нь хуулаад оффисийн зориулалттай болгож өөрчилнө. Харин эхний гурван сарын түрээсийн төлбөрийг 1.000.000 төгрөг болгоод өг гэж гуйсан. Бид нар засвар хийсний дараа зөвшөөрлийг нь гаргуулж ажиллана гэж тохирсон. Ингээд хариуцагч нар засвар хийсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 

    Шүүх нэхэмжлэгч Н.Ны гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцалж, 2021.05.01-ний өдрөөс 2021.06.01-нийг хүртэлх түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, цахилгааны зөрүү төлбөр  5600 төгрөг, нийтдээ 1,505,600 гаргуулах, өөрийн өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... дүгээр байрны ... тоот байрыг албадан чөлөөлүүлэх  шаардлагыг анх гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.06.04-ний өдөр түрээсэлсэн байрыг суллаж буцаан авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаас татгалзсан байна.

 

          Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг 200,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн үндэслэлээ 2021.06.01-ний өдрөөс байр сулласан өдөр буюу 2021.06.04-нийг хүртэлх 4 өдрийн түрээсийн төлбөрийг тооцсон гэж тайлбарласан, харин хариуцагч   нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 3.000.000 төгрөг, барилгын засварын материалын зардалд 1.237.500 төгрөг, ашиглалтын зардал 183.010 төгрөг, засвар хийсэн үйлчилгээний хөлс 3.200.000 төгрөг нийт 7.620.510 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр сөрөг шаардлагыг гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний ерөнхий нөхцөлд зааснаар Н.Ны өмчлөлийн ... дүүргийн ... хороо, ... дүгээр байр ... тоот хаягт байрлах ... гэрчилгээтэй, ... улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний  хоёр заалтай, гал тогоо, 00 өрөө тусдаа үл хөдлөх эд хөрөнгийг  оффис болон кофе шопийн зориулалтаар дагалдах хэрэгслийн хамт нэг жилийн хугацаатай түрээсээр эзэмшүүлэхээр С.Ч, Д.Г нарт хүлээлгэн өгсөн байна.

 

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т  түрээсийн төлбөрийг нэг сарын 1.500.000 төгрөгөөр тогтоож, төлбөрийг 3 сараар төлөхөөр тохирсон байх боловч гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д нэмэлт нөхцөлөөр эхний 3 сарын төлбөрийг сарын 1.000.000 төгрөг байхаар, бусад сарын төлбөр нь 1,500,000 төгрөг байхаар тус тус тохиролцож, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын байрны түлхүүрийг бусад эд хөрөнгийн хамт хүлээлгэн өгсөн баримт болон 2020.12.19-ний өдрийн нэмэлт нөхцөлд тус тус  талууд гарын үсэг зуржээ.

       

Шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд  Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хөлслөгчид тухайн эд хөрөнгийг ашиглах боломжийг олгох бөгөөд хөлслүүлэгч нь Иргэний хуулийн 28... зүйлийн 288.1, 288.1.1-д зааснаар ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, харин хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.1-д зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нар тухайн эд хөрөнгө ашигласны төлбөрийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ “...2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст кофе шопын зөвшөөрөл авах тухай хүсэлтийг гаргаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг кофе шопын зориулалтаар үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болохыг мэдсэн” гэжээ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Н.Н болохыг нотолсон 2013.09.17-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “орон сууцны зориулалттай” гэж тусгасан байх боловч Орон сууцны зориулалт өөрчлөх тухай Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаар тушаалын 1-д нийтийн зориулалттай орон сууцны зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах жагсаалтыг хавсралтаар баталсан, орон сууцны зориулалт өөрчилсөн барилгуудын жагсаалтын 4-т “Сүхбаатар дүүргийн ... хороо, 29 дүгээр байрны 0... тоот” гэж бичигдсэн байна.

Тэрээр Тушаалд өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2010 оны 01 дүгээр сарын  20-ний өдрийн 05 дугаар тушаалын 1-д нийтийн зориулалттай орон сууцны барилгын зориулалтыг өөрчилсөн хэсэгт  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ажлын байрны дүгнэлтийг холбогдох хууль тогтоомж, дүрэмд нийцүүлэн гаргаж байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт зөвшөөрсөн байна.

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасан хариуцагч С.Чын 2021.01.27-ны өдрийн өргөдөлөөс үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг кафе-кофе шопоор тохижуулсан, мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлэхийг хүссэн байх бөгөөд түүний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичгийн баримт ирүүлээгүй байна.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх үеийн фото зураг, талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан 2016.09.28-ны өдрийн ... дугаартай үйлчилгээ эрхлэх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд ... гуанз болон кафе-кофе шопоор тохижуулсан В кафе шоп ажиллаж байжээ.

Иймд “...кофе шопын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэдгээ мэдсээр байж бид нарт итгэл үнэмшил төрүүлж, хууран мэхэлж гэрээ байгуулсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул 2021.05.01-ний өдрөөс 2021.06.04-нийг хүртэлх түрээсийн төлбөр 1,700,000 төгрөг, цахилгааны зөрүү төлбөр  5600 төгрөг, нийтдээ 1,705,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-д зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд  талуудын хооронд байгуулсан 2020.11.09-ны өдрийн түрээсийн гэрээний 1-д зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөх, гэрээний 3-т зааснаар ажлынхаа байрны дүгнэлт, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бусад бичиг баримтыг гаргуулах, гэрээний 6-д зааснаар ажлын байрны ашиглалт, тохижилт, дотор гадна орчны цэвэрлэгээ, тохижилтыг хариуцах үүргийг түрээслэгч тал хүлээжээ.

Гэрээ цуцлагдсан явдалд нэхэмжлэгчийн буруутай гэх үндэслэл  тогтоогдоогүй тул түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 3.000.000 төгрөг, барилгын засварын материалын зардалд 1.237.500 төгрөг, ашиглалтын зардал 183.010 төгрөг, засвар хийсэн үйлчилгээний хөлс 3.200.000 төгрөг нийт 7.620.510 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шаардсан С.Ч, Д.Г нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2-т зааснаар нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй тул хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зїйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх  шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Г, С.Ч нараас 1,705,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгосугай. 

 

           2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 289.2.2, 289.2.5 дахь хэсэгт зааснаар Н.Наас 7,620,510 төгрөг гаргуулахыг хүссэн С.Ч, Д.Г нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,890 /39.040+70.200+6650/ төгрөг, хариуцагчийн төлсөн 136,879 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 80,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ