Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням

Хохирогч Ш.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2024 оны 06 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Э,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр .... тоотод оршин суух Ш.Бгийн 13,900 юанийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 6,595,967 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Өөрийн гэм бурууг ойлгож байна, маргах зүйл байхгүй. Хохирогчоос дахин дахин уучлалт гуйж байна  гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр урагшаа Хятад яваад 1 хоноод бараагаа каргонд хийгээд бид хэд түрүүлээд ирсэн. Ирээд үлдсэн юаниа нийлүүлээд тоолоход 13,900 юань болсон. Түүнийгээ бурхан дээрээ тавьж орхиод 3-аас 4 хоногийн дараа даллагын авдартаа хийсэн... 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай бага хүү Э.С "Ээж ээ мөнгө байхгүй байна" гэж хэлсэн... хүү Э.С... найз Э рүү ярьсан чинь "Уучлаарай найз нь мөнгө хэрэгтэй болоод авсан юм. Удахгүй буцааж өгнө" гээд утсаа тасалсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал)

 

Хохирогч Ш.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хүүхэд манай хүүгийн найз.Тэгээд байшин барина гээд манай хүүхэд найзыгаа дуудсан. Хүний машин мөргөчихлөө,айлын хашаа мөргөчихлөө гээд их,бага хэмжээгээр мөнгө авч байсан.Би энэ хүүхдэд хүүхдээсээ илүү байсан. Өдөр болгон ундаа усаар хангаж,татах тамхи нь хүртэл аль үнэтэйгээс нь авч өгч байсан. Гэтэл манай бурхан дээр байсан юаныг аваад явсан байсан. Хулгайлж авсан хохирол 6595967 төгрөгийг 2024 оны 5 сарын 24-ний өдөр миний дансанд хийсэн. Одоо нэмж ломбардад тавьсан эд зүйлийнхээ хүүг нэхэмжилнэ. Миний хүүгээс шилжүүлж авсан 1,200,000 төгрөгийг мөн нэхэмжилж байна...гэсэн мэдүүлэг

 

Гэрч Э.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...урдаас ирээд үлдэгдэл 13,900 юанийг бурхан дээрээ боогоод ил тавьсан. Энд юань тавьж байхыг гэрт байсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Б.Э мөн гэрт байсан. 07 дугаар сарын 06-ны өдөр манайхаас явахдаа 13,900 юань хулгайлаад аваад явсан байсан...” гэсэн   мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

 

Б.Эий Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 17 дугаар тал) зэргийг шинжлэн судлав

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Б.Э нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр .... тоотод оршин суух Ш.Бгийн гэрээс 13,900 юанийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 6,595,967 төгрөгийн хохирол учруулсан   үйл баримт тогтоогдож байна. Энэ нь:

Хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  Хятад яваад 1 хоноод бараагаа каргонд хийгээд бид хэд түрүүлээд ирсэн. Ирээд үлдсэн юаниа нийлүүлээд тоолоход 13,900 юань болсон. Түүнийгээ бурхан дээрээ тавьж орхиод 3-аас 4 хоногийн дараа даллагын авдартаа хийсэн... 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай бага хүү Э.С "Ээж ээ мөнгө байхгүй байна" гэж хэлсэн.." гэсэн мэдүүлэг, гэрч Э.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...урдаас ирээд үлдэгдэл 13,900 юанийг бурхан дээрээ боогоод ил тавьсан. Б.Э  гэрт байсан, 07 дугаар сарын 06-ны өдөр манайхаас явахдаа 13,900 юань хулгайлаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, Б.Эий Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

 

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.Эий үйлдэл нь хохирогч Ш.Бгийн хадгалж байсан БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юанийг хариу төлбөргүйгээр, нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

         Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бд 6,595,967 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б нь зээл төлөх мөнгөө хулгайд алдсанаас зээлээ төлөх гэж ломбардаас мөнгө авсан, энэ мөнгөний хүү болох 1757900 төгрөг болон манай хүүгээс зээлсэн 1200000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг 2 цагийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргаж гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчид төлөхөөр шийдвэрлэсэн 1757900 төгрөгийг уг хугацаанд төлж барагдуулсан байна.

          Хохирогч Ш.Бгийн нэхэмжлэлээс 1200000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 616 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаартай магадлалаар Б.Эд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй байгаа 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагаар тогтоох

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаартай магадлалаар оногдуулсан 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 584 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Эд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлсэн зэргийг  харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэж, Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаартай магадлалаар Б.Эд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй байгаа 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 704 цагаар тогтоож  шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 04 сарын 24-ний өдрийн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт хугацааг 704 цаг нийтэд  тустай ажил хийлгэх ялаар  тогтоосугай.

 

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 704 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас  дээшгүй цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.     

 

         6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.         

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба хохирогч Б.Б нь 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН