| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0165/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/173 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам
Шүүгдэгч Х.И нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч 2024 оны 07 сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , Х.И
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.И нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай Toyota Caldina маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан....согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.9 дүгээр зүйлд заасан уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жаргалант ойл” шатахуун түгээх станцын дэргэдэх босоо тэнхлэгийн А0102 дугаартай авто зам дээр ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.Хийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4-5/, хохирогч Ж.Гын мэдүүлэг /хх-ийн 16-17/, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн хайлтын лавлагаа, Ж.Гын жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 20-23/, хохирогч Х.Пийн мэдүүлэг /хх-ийн 34/, ... улсын дугаартай Caldina маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 27/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн хайлтын Х.Игийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 29-31/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-42/, Х.Игийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57/, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64/, Иргэний нэхэмжлэгч 3.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 74-75/, .... дугаартай Техникийн эвдрэлийн дүгнэлтүүд /хх-ийн 80-95/, хөрөнгө, даатгалын хохирлын Ашид билгүүн ХХК-ийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-103,108/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ... дугаартай дүгнэлт /хх-ийн 121-124/, хохирогч Н.Хийн мэдүүлэг /хх-ийн 129/, өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 130-133/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах ач холбогдолтой юм.
Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар, энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Х.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан, мансуурсан үедээ “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар: шүүгдэгч Х.И нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Ид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгчид тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Х.Ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрч буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгчид тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.И нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Ид 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Ид хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН