Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга  Г.Ууганзул

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... дугаартай хэргийг 2024 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч 2024 оны 07 сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Н, ...

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Н нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 117 дугаар байрны орчимд ... загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,69 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 03), Б.Нийн жолоочийн лавлагаа (хх-ийн 18), Эрх бүхий албан тушаалтны Б.Нийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн тэмдэглэл (хх-ийн 02) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан,мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан /2017 онд батлагдан мөрдөгдөж байсан/ “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллээр тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирол төлбөрийн талаар: шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар: Шүүгдэгч Б.Нт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 /хоёр / жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгчид тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

 Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням нь шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2  жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгчид тэнссэн 1  жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Н нь тусгай дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Нт хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. 

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН