Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2024/00203

 

Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00951 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01084 дүгээр магадлалтай,

Л-гийн нэхэмжлэлтэй

“О” ХХК-д холбогдох,

Илүү цагийн цалин хөлс 5,596,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П, хариуцагчийн өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л-гээс хариуцагч “О” ХХК-д холбогдуулан илүү цагийн нэмэгдэл хөлс 5,596,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00951 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Л-гийн хариуцагч “О” ХХК-иас нийт 5,596,189 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,489 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01084 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00951 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн боолохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-д заасан “эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой”, гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

2022.01.01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж, тус хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжийн зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотой энэхүү Хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн ба ажилтан Л нь тус хуулийн 92.3 дах хэсэгт заасан илүү цагийн хөлсөө тооцуулан авах эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ажилтны эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, ажилтны хуулиар олгогдсон эрхийг дордуулсан гэж үзэж байна.

Энэхүү маргааны шийдвэрлэсэн магадлал нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, магадлалын 4.3-т “Уул уурхайн салбарын ажлын онцлог, зохион байгуулалтыг харгалзаж, уртын горим /14 хоног ажиллаж, 14 хоног амарч/-оор ажил үүргийг гүйцэтгүүлэх тусгай зохицуулалт нь ажил олгогч 14 хоног ажил үүргийн гүйцэтгэсэн буюу ердийн ажлын цагаас илүү цагаар ажилласан ажилтныг 14 хоног нөхөн амрааж, сарын цалинг олгох нөхцөлийг хуульчилсан” хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзсан.

4.1. Магадлалын 4.3 дахь хэсэг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар тухайн хуулийн зохицуулалт, харилцан шүтэлцээ, логик уялдаа холбоог хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл:

- Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хязгаарыг заасан /92.3/

- 12 цагаар ажиллахыг зөвшөөрсөн боловч энэ тохиолдолд хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан ээлжээр ажиллах ажлын цагийн үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар олгохыг шууд зааж өгсөн /92.3, 87.2/

- Хуулийн 87.2-т заасанчлан ээлжээр ажиллах ажлын нэг удаад ажиллах ажлын цагийг 8 цагаар тооцож зөрүү 4 цагийг 109.1-т заасны дагуу 1.5 дахин нэмэгдүүлж хөлс төлөхийг тодорхой заасан байна /92.3, 109.1/

Шүүхийн магадлалд тайлбарласнаар авч үзвэл, хуулийн 92.3 дахь хэсэгт 87 болон 109.1 дэх хэсгийг шууд иш татаж оруулах шаардлагагүй ба Уртын ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэлийг 12 цаг байхаар тогтоож, 92.4-өөр ажил амралтыг зохицуулах боломжтой байсан. Гэтэл хуулиар тусгайлан зохицуулсан нөхцөлийг дордуулж ажилтанд хуулиар олгосон буюу 92.4-т заасан амралтыг илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амраасан хугацаа гэж механикаар тооцож багтааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Ажилтан 14 хоногт кемпэд байрлаж ажиллаад хуулиар олгосон амралтын хугацаандаа амарсныг ажил олгогчоос тогтоож өгсөн амралт мэтээр дүгнэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-т заасан нөхөн амрах хугацаа нь ажил олгогчоос олгох амралт байдаг ба хуулийн 92.4-т заасан амралт нь хуулиар ажилтныг амрахад зориулж тогтоосон амралт юм. Ажил олгогч ажилтныг амрах ёстой хугацаанд нь ажиллуулснаа нөхөж амраах байдлаар ажилтны эрхийг хангах ойлголтыг 92.4-т заасан амралттай ижилсүүлж түүнд багтааж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Магадлалын 4.3 дэх хэсэгт “Хэрэв нөхөн амруулаагүй тохиолдолд, мөн өдрийн 12 цагаас илүү цагаар ажиллуулсан тохиолдолд илүү цагийн хөлс төлөх агуулгаар тайлбарлагдана" гэж дүгнэсэн тухайд.

Хуулийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор зохицуулсан боловч мөн хуулийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан хатуу тогтоож өгсөн. Иймд уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд нөхөн амраах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. Энэ нь ажилтанд Хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн хуулийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар Уртын ээлжийн тусгай зохицуулалтын хэм хэмжээ гэдгийг анхаарч үзэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

4.3. Давж заалдах шатны шүүх хуулийн зорилго, үзэл баримтлалыг анхаараагүй тухайд.

Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиар Уртын ээлжээр ажиллах ажлын цагийг зохицуулалтыг шинээр оруулж ирэхдээ ажил амралтын цагийн харьцаа тэнцүү байх зарчмыг баримталсан нь хуулийн 92.4, 92.5 дахь хэсгээс тодорхой харагдана.

Тодруулбал, Ажилтан ажил үүргээ 14 хоног биечлэн гүйцэтгээд 14 хоног амрахаар зохицуулсан. Ажилтан кемпэд 14 хоног 12 цагаар ажиллахдаа дараагийн өдрийн ажлаа хийхийн тулд амарч байгаа буюу тухайн амралтын цагийг энгийн ажлын горимоор ажиллаж, амарч байгаа ажилтантай харьцуулан тооцох боломжгүй юм. Учир нь тухайн ажилтан кемпэд байх хугацаандаа дараах нөхцөл, хязгаарын хүрээнд байдаг.

Зарим хэсгээс дурдвал:

- Амралтын цагийг өөрийн хүссэнээр нийгмийн харилцаанд шууд орох, гэр бүл, найз нөхөдтэй зарцуулах боломжгүй,

- Ажлын газарт буюу кемпэд байгаа тул бусад хамтран ажиллагч, ажил олгогчийн өмнө дүрэм журмаар тогтоосон үүрэг хүлээх, зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл үр дагавартай,

- Зөвхөн дараагийн ээлжийн ажлаа гүйцэтгэхийн тулд хооллох, унтаж амрах, ажил олгогчоос гаргаж өгсөн чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл боломжийн хүрээнд бай,

- Кемпэд гаргасан аливаа зөрчлийг ажлын байранд гаргасан зөрчилд тооцдог бөгөөд кемп нь ажил олгогчийн хяналтын хүрээнд байдаг. Иймд Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг тэнцүү байх зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т зааж өгсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд ажилтны ажил, амралтын хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотой ажилтны цалин хөлс буурах эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажилтны илүү цагаар ажилласан ажлын цагийг хуульд заасан амрах хугацаанд нь багтааж зохицуулсан тухай тусгагдаагүйг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт нь ажилтанд ажиллах, амрах хугацаа, илүү цагийн хөлсөө хуульд заасны дагуу авах эрхийг шууд заасан эерэг үр дагавар бүхий тусгай зохицуулалт юм. Уртын ээлжийн зохицуулалт нь ажилтан болон ажил олгогчид сөрөг үр дагаврыг үүсгээгүй харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцааг тодорхой болгож хуульчилж өгсөн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.07.04-ний өдрийн 001/ШХТ2024/00933 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч Л нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан илүү цагийн цалин хөлс 5,596,189 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ: “...ажил олгогч нь 14 хоног ажиллуулж, 14 хоног амрааж байгаа боловч өдөрт 8 цаг ажиллахаас 12 цагаар ажиллуулж, өдөр бүр 4 цаг илүү ажиллуулж байгаа атлаа илүү цагийн хөлсийг олгоогүй...” гэж тодорхойлсон,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлс тодорхойлох журамд тус тус зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022.01.01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасныг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо. “...Нэхэмжлэгч нь 14 хоногт нийт 56 цаг илүү цаг ажиллаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нөхөн амруулсан гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэг ээлжид 14 хоног ажил үүрэг гүйцэтгэж, 14 хоног амарч байгаа болох нь Цалин хөлс бодогдсон 9, 10, 11-р сарын Цагийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар 8 цагаас илүүгүй цаг ажиллаж байгаа ажилтан 16 цаг, дараалсан 2 ажлын өдрийн амралтын хугацаа 12 цаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн турш 336 /14х24=336/ цаг амран, илүү 56 цаг ажилласан илүү цагийг нөхөн амарч байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн турш амарч байх тул нэхэмжлэгчийг нөхөн амраасан гэж үзэж байх тул илүү цаг ажилласан хөлсөд 5,596,189 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ: “...Хөдөлмөрийн гэрээгээр ажилтны сарын үндсэн цалин 724.9 ам.доллар гэж тохиролцсон нь ажилтан 14 хоног ажиллаж, 14 хоног амрахад өгөх цалинг сараар тооцож 724,9 ам.доллар гэж үзэхээр байна, ...ажилтан 8 цагаар ажиллах горимын хувьд нэг өдөрт ногдох цалин хөлсийг тогтооход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу сарын цалин 724.9 ам.долларыг 21 хоногт хуваахад 1 цагийн хөлс 34.5 ам.доллар, үүнийг ажлын 14 хоногт тооцоход 483 ам.доллар болж байна. 

Мөн илүү 56 цаг /1 хоногт 4 цаг илүү ажилласан бол 14 хоногт илүү ажилласан хугацаагаар/ гэж тооцож 1 цагийн хөлс 4.31 ам доллараар тооцоход 241.36 ам.доллар дээр 8 цагийн хөлсийг 14 хоногоор тооцсон 483 ам.долларыг нэмбэл ажил олгогчоос сард өгөхөөр тохиролцсон 724.36 ам.доллар болж байна. Иймд ажил олгогчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэжээ.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчлэн найруулсан/ 92 дугаар зүйлд Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхэд эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг нэг мөр ойлгож хэрэглэх, хууль хэрэглэхэд зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

11. Нэхэмжлэгч Л нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

12. Л нь “О” ХХК-д ... ажиллах, сарын үндсэн цалин 724.9 ам.доллар, ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (14/14) болох нь 2022.09.12-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогджээ. (1хх 98-104, 1хх-112-114 хуудас)

Нэхэмжлэгч 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдрийн 12 цагаар ажилласан үйл баримтыг зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгч нь илүү цаг ажилласан гэж, хариуцагч нь нөхөн амраасан гэсэн тайлбар гаргаснаас үзвэл өдөрт илүү цаг ажилласан гэх үйл баримтыг маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч нь өдөрт 8 цаг ажиллах хязгаарыг 4 цагаар нэмж 12 цагаар ажиллуулсан тул илүү цагийн хөлс авах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч нь ажилтан өдөрт 12 цагаар 14 хоног ажилласан тул 14 хоног амрааж илүү цагийг нөхөн амруулсан, хуулиар тогтоосон уртын ээлжийн зохицуулалтыг зөрчөөгүй, сард 168 цаг ажилласан тул илүү цагийн хөлс олгохгүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

13. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

13.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан зохицуулалт нь “уртын ээлж” гэх энгийн горимоос ялгаатай онцлог ойлголтыг эрх зүйн хувьд тодорхойлж өгсөн байна. Уг горимыг хэрэглэх ажил олгогч субъект нь уул уурхай, олборлох салбар байхаас гадна түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохыг хуулийн 92.1-д заажээ. Хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг хуулийн 92.4, 92.5, 92.6-д тус тус тусгажээ.

Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж байх ба харин нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Учир нь ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасан, тийм ч учраас уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж хуульчилсан, уг зохицуулалт нь 87 дугаар зүйлийн 87.3-т заасан үндсэн зарчим, хэм хэмжээний агуулгатай уялдсан байна.

13.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна, ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 84.4-т “Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна” гэж ердийн ажлын цаг болон ажлын цагийн дээд хязгаарыг зохицуулсан бөгөөд 87 дугаар зүйлийн 87.3-т “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно” гэж ээлжийн ажлын цагийг тусгайлан заажээ.

Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах цаг 8 цаг байна, илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь ердийн эсвэл нэг ээлжийн ажлын цаг 8 цаг байхыг агуулгын хувьд давхар баталгаажуулж, илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрэхгүй болохыг тогтоосон гэж үзнэ.

Түүнчлэн уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах бөгөөд “уртын ээлж” гэх ойлголтод 12 цаг ажиллах горим хамаарахгүй учир хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цаг гэж бус 12 цагаас илүүгүй байна гэж заасан байна.

13.3. “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн ... дугаар тушаалаар баталсан “ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам”-ийн 9.2.3-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэжээ. (1хх 81-86 хуудас)

Энэ журмаас үзвэл ажилтныг илүү цаг ажиллуулсан учраас нөхөн амруулсан мэт агуулга байх боловч үнэн чанартаа нөхөн амруулсан гэж үзэх боломжгүй юм. Хуулийн утга санаа нь нэг ээлжид 14 хоног ажиллуулах, ингэхдээ илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаас илүүгүй байх, харин амрах хугацааг 14 хоног гэж тогтоосон. Хэрэв илүү цагийг нөхөн амраах замаар тооцож 14 хоног гэсэн хугацааг тогтоосон бол уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээ хэрэгжих боломжгүй, хуулийн илт тодорхой заалтыг шүүх үгүйсгэх хуулийн үндэслэлгүй болно.

Хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, хуульд 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоног нэг ээлжид ажилласантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй ба энэ хугацааг илүү цагаар ажилласан учраас нөхөн амруулах хугацаатай хамтад нь тооцсон гэх ойлголтыг хуульд зохицуулаагүй, харин ч илүү цаг ажиллуулсан бол нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусад нь 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчлан зохицуулсан байна.

13.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д “Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” гэж заасан.

Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй боловч энэ байдлыг уртын ээлжээр ажиллах нөхцөлтэй адилтган үзэж болохгүй, уг норм хэтрээгүй байгаа нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй юм. Учир нь хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан. Энэ үндэслэлээр хариуцагч байгууллагын “Ажлын цагийн тухай журам”-ын 9.2.3-д заасан “... сард 168 цаг дотор ажилласан бөгөөд илүү цагийг 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно...” гэх татгалзал нь хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээнд нийцсэнгүй.

13.5. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүд хэрэгт авагдсан ба уртын ээлжээр 14:14 болговол одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах талаар дурдаж, 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг ажиллах боломжтой гэж өөр өөр агуулгаар хэлэлцэж байсан боловч хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэх хэм хэмжээг үзэл баримтлалын үүднээс хуульчилжээ.

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ” гэж, 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна” гэж тус тус зохицуулсан байх тул уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтын хувьд 14:14 гэж хуульд тогтоосон хэдий ч цалин хөлс нь өмнөхөөс буурах үндэслэлгүй байна.

14. Мөн “О” ХХК болон “О” ХХК-ийн ... 2022-2025 оны “Хамтын гэрээ”-ний 2.13-д “Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар Талууд харилцан тохиролцов” гэж заасан байх ба талууд хуулийг хэрхэн ойлгох тухайд эргэлзээтэй байсан нөхцөл байдал тогтоогджээ. Уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байх тохиролцоо нь хуульд нийцээгүй байна.

15. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй гэж үзнэ.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно” гэжээ.

Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1.5-олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдэл зэргээс бүрдсэн байна.

Хамтын гэрээний 2.14, 2.15, 2.16-д шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1.2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол, унааны нэмэгдэл 500,000 төгрөг байхаар тохирсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж зааснаар дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Л нь илүү цагийн хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцож, илүү ажилласан 168 цагийн хөлс болох 5,596,189 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/01084 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00951 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “О” ХХК-аас 5,596,189 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л-д олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч “О” ХХК-аас 104,489 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,489 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Л-д олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П-ын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД