Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2065

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01509 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А ХХК-д холбогдох, 

 

Гэрээнээс татгалзаж, А ХХК-ийн 4 хувийн хувьцааг буцаан авах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Оюунцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Энхтөр

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Болдбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хариуцагч А ХХК болон М ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурван талт гэрээ байгуулж, харилцан үүрэг хүлээсэн. 2015 оны байдлаар А ХХК 128 440 000 төгрөгийн хөрөнгөтэй, 7 гишүүнтэй байсан бөгөөд миний бие уг компанийн 4 хувийн хувьцааг эзэмшдэг байсан. Энэ 4 хувийн хувьцаа нь 5 137 600 төгрөг болно. Миний бие болон манай гэр бүл нь” Монэнзим” ХХК-ийг үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшигч нар юм. Ийм учраас дээрх гурван талт гэрээгээр А ХХК-ийн хүлээсэн үүрэг бол миний үүсгэн байгуулсан М ХХК-д өөрийн эзэмшлийн газраас 5394 м.кв талбай бүхий газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх байсан. Гурван талт гэрээнээс харахад гэрээний талууд бүгд үүрэг хүлээсэн мэт харагдах боловч үндсэн үүргийн харилцаа нь А ХХК болон миний хооронд үүссэн харилцааг зохицуулахад чиглэсэн болно. Өөрөөр хэлбэл гурван талт гэрээ нь агуулгын хувьд 3 этгээд харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэхээсээ илүү А ХХК болон миний хооронд байгуулсан гэрээ гэж үзэхээр юм. Иймд М ХХКболон миний бие хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй. Гэрээний дээрх агуулга нь гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй бол харилцан өгсөн авсан зүйлээ буцаах тухай тохирсон. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч хариуцагч А ХХК нь газар шилжүүлж өгөх үндсэн үүргээ миний өмнө болон М ХХК-ийн өмнө гүйцэтгээгүй. Бид А ХХК-иас газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. М ХХКболон А ХХК нарын хооронд үүссэн үүргийг Б.О шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Гэрээний гол талуудын хүсэл зориг юу байсан бэ гэхээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авахыг хүссэн болохоос бичиг баримтыг шилжүүлж авахыг хүсээгүй. Өөрөөр хэлбэл газрыг М ХХК-д шилжүүлж өгөхийг хүссэн. Үүний төлбөрт А ХХК-ийн 4 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн. А ХХК-ийн Б.Од өгсөн мөнгө бол хувьцааны үнэ биш. Харин миний Айвико ХХК-д зээлсэн мөнгөний 50 хувьд хүрэхгүй мөнгийг эгүүлэн өгсөн. Гурван талт гэрээний дагуу А ХХК газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхдөө Монэнзим ХХК-ийн хуулийн зөвлөхөд хүлээлгэн өгнө гэж үүрэг хүлээлгээгүй. А ХХК нь Нийслэлийн газрын албанд М ХХК-д газраа шилжүүлнэ гэсэн бүх баримт бичгийг Газрын албанд шилжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байсан. Тэгэхээр эдгээр бичиг баримтыг н.Энхчулуун гэгч хүнд хүлээлгэн өгснөөр 3 талт гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. 3 талт гэрээний дагуу бид нар маргаан гаргахгүй гэж тохирсон тул шүүхэд хандах эрхгүй гэж байна. Энэ заалт нь хууль зөрчсөн заалт учир хүчин төгөлдөр биш юм. Гурван талт гэрээний дагуу 4 хувийн хувьцаагаа А ХХК шилжүүлэн авсан мөртлөө гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр буст тооцуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн тул үүний дагуу нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд хариуцагчтай эвлэрсэн үү гэдэг бидэнд хамаагүй. Гол нь бодит байдал дээр 3 талт гэрээний дагуу газрын албанд М ХХК-д газар шилжүүлэх талаарх материалыг өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй тул гурван талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 3 талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.6, 2.9 дэх хэсэгт заасны дагуу Б.Оийн А ХХК-д зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 27 900 ам.доллар, түүнд бодогдсон хүү болох 61 617 ам.долларыг буцаан төлөх үүргийг хүлээсэн. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ А ХХК бүрэн биелүүлж, 4 ширхэг хувьцааны үнэ, түүнд бодогдох ногдол ашиг, Б.Оийн компанид шилжүүлсэн мөнгөний хүү, түүний үлдэгдэл нийт 156 535 ам.долларыг Б.Оийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгосон. Гэрээгээ байгуулснаас хойшхи тооцоог бүгдийг шилжүүлсэн. Газартай холбоотой асуудлаар 3 талт гэрээний 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар А ХХК нь өөрийн эзэмшиж байгаа газраасаа 5394 м.кв газрыг М ХХК-д шилжүүлэн өгөх хүсэлт Газрын албанд гаргах, газар шилжүүлэн өгөхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. А ХХК нь 3 талт гэрээ байгуулсныхаа дараа буюу мөнгөө шилжүүлснийхээ маргааш нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримт бичгийг акт үйлдэн нотариатаар баталгаажуулж шилжүүлэн өгсөн. Газрын төлбөр, бүх зүйлийн тооцоог дуусгаад газрын албанд хандсан бичгээ хүртэл өгсөн. Энэ бичиг баримтын дагуу М ХХКНийслэлийн Газрын албанд хандахгүй жил гаран алга болсон тул бид гайхаад араас нь сураг тавихад Нийслэлийн Газрын албанд хандалгүй, харин ч М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Алтанцэцэг буюу Б.Оийн гэр бүлийн хүн ажлаас чөлөөлөгдсөн байхдаа М ХХК-д газар шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, өөрөө газар шилжүүлэн авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн газар шилжүүлэн авах хүсэлт гаргаж байсан. Үүнээс болоод газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж, А ХХК хүртэл газаргүй болсон байсан. Ингээд сунгуулахаар хүсэлт гарган шийдвэрлүүлсэн. М ХХКч гэсэн бид нарын хооронд янз бүрийн асуудал байхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг А ХХК-д дахин гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж бичиг өгсний дагуу Газрын албанаас дахин газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Иргэн Б.О М ХХК-ийн өмнөөс газар эзэмших эрхийг шаардах эрхгүй. Мөн 3 талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу тохиролцсон асуудлаараа дахин хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй гэж тохиролцоод Б.Оийн 5 137 600 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хувьцааг өндөр үнээр буюу 133 595 022 төгрөгөөр худалдан авч, харилцан бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг дуусгавар болгосон. Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ А ХХК хугацаандаа бүрэн биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Ийм үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 3 талт гэрээний нэг тал бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд иргэний хэргийн хариуцагч байх ёстой. Энэхүү гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр гэрээгээр манай байгууллага ямар нэг хэмжээгээр эрх, үүрэг хүлээсэн байгаа. Талууд гэрээний дагуу өөрийн шаардах эрхийнхээ дагуу шаардах ёстой. М ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ А ХХК-ийг биелүүлсэн гэж тооцож байна. Гэрээнд заасныхаа дагуу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бичиг баримт, хүсэлтийг шилжүүлж өгсөн боловч манай компанийн дотоод асуудал, ажиллагаа, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад шилжүүлж авч чадаагүй. Гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.4 дэх хэсгийг баримтлан Айвико ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 4 хувийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Талуудын хооронд байгуулагдсан гурван талт гэрээний 6.6-д ... зааснаар иэхэмжлэгч нь шүүхэд шаардлага гаргах эрхтэй ч хариуцагчийн мөн гэрээний 2.1 -д заасан, С тал буюу М ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй явдалд Б тал буюу нэхэмжлэгч Б.Оийн эрх ашиг хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 2.1-д заасан үүрэг нь А тал буюу А ХХК, Б тал буюу Б.О нарын харилцан хүлээх үүргийн харилцаа биш байна...” гэж дүгнэсэн. Гурван талт гэрээнээс харахад 3 тал бүгд үүрэг хүлээсэн мэт боловч гэрээний үндсэн үүргийн харилцаа нь А ХХК гуравдагч этгээд буюу “Монэнзим"”ХХК-д өөрийн эзэмшиж, ашиглаж буй газраас 5 394 м.кв талбай бүхий газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх /гэрээний 2.1/. Үүний үндсэн дээр нэхэмжлэгч Б.О нь өөрийн эзэмшлийн 4 хувийн хувьцааг буцаан худалдах харилцааг зохицуулахад чиглэгдсэн болно. Мөн шүүхээс “Талуудын хооронд 2 талт гэрээ байгуулагдсан...” гэж дүгнэсэн. Гурван талт гэрээ нь А ХХК болон Б.О нарын хооронд хоёр талын үүргийн харилцааг зохицуулахад чиглэсэн гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагчийн тайлбар гаргаж өгсөн баримтуудыг судлаж үзсэний үндсэн дээр өмгөөлөгчийн зүгээс А ХХК-ийн татварын байгууллагад өгсөн тайлан блансыг гаргуулан авах хүсэлт гаргасан. Энэ нь уг иргэний хэргийг шийдвэрлэхэд хариуцагчаас Б.Оийн авах авлагын хэмжээг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Гэтэл шүүх энэ хүсэлтийг мөн л хангалгүй орхисон нь нэхэмжлэгчийн нотлох баримт цуглуулах эрхийг хязгаарласан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, А ХХК-ийн 4 хувийн хувьцааг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс  зөвшөөрч, маргажээ.

 

            2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.О, А ХХК болон М ХХКнар гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.О нь өөрийн эзэмшиж буй А ХХК-ийн 4 ширхэг хувьцааг 67 018 ам.доллараар А ХХК-д худалдаж, холбогдох бичиг баримтуудад гарын үсэг зурж, шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн байгууллагад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор гаргаж өгөх мөн 4 ширхэг хувьцаа, түүнд холбогдох төлбөр тооцоо дуусмагц Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 443 337 528 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах, харин А ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас нийт 5394 м.кв газрыг М ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргах, М ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй 20, 21, 22 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг М ХХК-д шилжүүлэхэд татгалзахгүй тухай бичгийг бэлэн болгож М ХХК-д өгөх, Б.Оийн эзэмшлийн 4 хувьцааны үнэ ногдол ашиг болон зээлдүүлсэн үндсэн зээл, хүү зэргийн нийт үнэ 156 535 ам.долларыг шилжүүлж, Б.Оийг хувьцаа эзэмшигчээс хасуулсан бүртгэлийг хийлгэхээр харилцан тохиролцсон байна. /хх-7-11 дэх тал/

            Дээрх үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, харин гэрээнээс татгалзах эрх болон хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар маргаж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын байгуулсан гурван талт гэрээний 6.6-д зааснаар А ХХК нь газар шилжүүлж өгөх үндсэн үүргээ миний болоод М ХХК-ийн өмнө гүйцэтгээгүй” гэж тайлбарлажээ.         

            Талуудын байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.3 дахь заалтаар А ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор өөрийн эзэмшиж буй газраас нийт 5 394 м.кв газрыг гуравдагч этгээд М ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж, мөн М ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй 20, 21, 22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус компанид шилжүүлэхэд татгалзахгүй тухай бичгийг бэлэн болгож “өгөх үүргийг хүлээсэн байна. /хх-8/ Хэргийн баримтаас үзвэл, А ХХК нь гэрээний 2.3-д заасан бичиг баримтуудыг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд тус компанийн өмгөөлөгч н.Энхчулуун нь дээрх бармит бичгүүдийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрийн барилга, 20, 21, 22 дугаар агуулахын өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр гаргах ажлыг хариуцахаар болсон нь нотлогдож байна. /хх 48 дахь тал/ Дээрх гурван талт гэрээтэй холбоотой асуудлаар М ХХКболон А ХХК-ийн хооронд ямар нэгэн маргаангүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. /хх-75, 100-101/

 

            Үүнээс дүгнэвэл М ХХКнь дээрх гэрээний талаар маргаангүй, гэрээний үүрэг биелэгдсэн гэж тайлбарлаж байхын зэрэгцээ М ХХКнь шаардах эрхээ нэхэмжлэгч Б.Од шилжүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад А ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр дээрх гэрээнээс татгалзах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн гэрээний 3.2-т “...4 ширхэг хувьцааны үнэ төлөгдсөнөөр уг хувьцааны өмчлөх эрх болон саналын эрх А ХХК-д шилжсэнд тооцно” гэж заажээ. Хариуцагч нь хувьцааны үнэ 67 018 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэх боловч хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Оийн эрх ашиг хөндөгдсөн буюу хариуцагч А ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Харин А ХХК, М ХХК, Б.О нар нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээгээр 3 тал харилцан үүрэг хүлээн оролцсон байхад шүүх уг гэрээг 2 талын гэрээ гэж дүгнэсэн нь буруу бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

 

            Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/01509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН