Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/00208

 

“М” ТББ, Б, А, У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01216 дугаар магадлалтай,

“М” ТББ, Б, А, Унарын нэхэмжлэлтэй

“А” ХХК-д холбогдох,

Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Т-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ТББ, Б, А, Унар нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-аас байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 54,174,112 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01216 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/01066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4.1. “А” ХХК-аас байгаль орчинд учруулсан хохирлыг нэхэмжилсэн жирийн уугуул нутгийн иргэд, ТББ-ын гаргасан нэхэмжлэл анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн босго давж чадахгүй, шийдэгдэхгүй олон жилийн нүүр үзэж байгаа нь шүүхийн байгууллага эрхэм зорилгодоо нийцэж ажиллаж чадахгүй байна гэж дүгнэх боллоо.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улмаар шийдвэрээ албадан биелүүлэх захирамж гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байхад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн удаа дараагийн хууль бус үйл ажиллагааны үр дүнд бүх шүүхийн харъяалалыг өөрчилж байгаад давж заалдах гомдол гаргах эрх сэргээгдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хүчингүй болсон байдаг. Энэ үйлдэл нь ИХШХШТХуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т заасныг удаа дараа зөрчсөн үйлдлийг давж заалдах болон хяналтын шүүх хэргээс харсаар байж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог юм. Жирийн иргэн байсан бол уучлаарай та хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байна гээд гомдлыг хүлээн авдаггүй ажиллагаа дуусдаг шүү дээ. Монгол улсын Үндсэн хууль, ИХШХШТХуульд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг дураараа зөрчихийг “А” ХХК-ийн энэ маргаанаас олж харж байна.

4.2. Давж заалдах шатны шүүх 2022.04.11-ны өдрийн 210/МА2022/00678 дугаартай магдлалаар анхан шатны шүүхийн 181/ШШ2021/00591 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь шүүх хурал дээр огт яригдаагүй, давж заалдах гомдолд дурдагдаагүй, өөрөөр хэлбэл “И” ХХК-ийн цаг хугацаа, орон зайн хувьд байгаль орчинд учруулсан гэм хор хохирлыг тооцон гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэр байхад 1,895,660 төгрөгийн хохирол учруулсан байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх овжноор ашигладаг юм байна.

Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд 181/ШШ2021/00591 дугаатай шийдвэртэйгээ адил утгатай 181/ШШ2024/01066 дугаартай шийдвэрийг гаргадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хэлэлцээд Хянавал хэсэгтээ “Анхан шатны шүүхэд хэрэг шилжсэнээс хойш 2 жилийн хугацаанд магадлалд дурдсан алдааг арилгаагүй, хохирлын хэмжээг хэдэн төгрөг болохыг тодруулах ажиллагаа хийгээгүй...” гэжээ. Хариуцагч тал өөрсдийнхөө эрсдлийг тооцоод дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахгүй байхад хөндлөнгийн байх шүүх дундуур нь орж шинжээч томилох нь хэр зохистой юм бол. Эндээс харахад давж заалдах шатны шүүх Үндсэн хууль, ИХШХШТХуулийг ноцтой зөрчин анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийж байна гэж үзэж байна.

4.3. Нэг үндэслэлээр хэргийг дахин дахин хүчингүй болгоод байгааг ашиг сонирхолын зөрчил үүссэн байна гэж үзнэ. Нэг хэргийг нэг үндэслэлээр 2 удаа, өөр үндэслэлээр нэг удаа бүгд давж заалдах шатны шүүх удаа шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжтой хууль байгаа бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болго гээд үүрэгдэх юм уу эсвэл шийдвэрйиг хүчингүй болгож байхаар өөрөө нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болго гээд л шийдвэрлэчихгүй яасан юм бол.

Хүний гараар могой бариулах гээд л дахин дахин хүчингүй болгоод байна гэж үзэж байна. “А” ХХК-ий хууль бус үйлдлийг хууль ёсны болгож шийдвэрлэж чаддаг эрхэм шүүгч та бүхэн эгэл жирийн иргэний хууль ёсны гомдлыг хэлэлцэхгүй буцаагүй гэдэгт итгэж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шударга шүүгчид хоёр удаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж хангаж шийдвэрлэлээ. “А” ХХК-ийн гомдлыг хяналтын шатны шүүх шүүрч аваад хэлэлцдэг юм байна лээ. Энэ удаа манай гомдлыг хүлээн авч шударгаар хэлэлцэн хэргийг дахин хянаж, давж заалдах шатны шүүхйин магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/01037 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч “М” ТББ, Б, А, У нар нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 10,803,232,289 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Хариуцагч “А” ХХК нь ... уурхайг ашиглах, олборлох, баяжуулах, тээвэрлэх үйл ажиллагааг явуулж, нийт 6 баяжуулах үйлдвэр барьж, баяжмалыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсруу Бургастайн боомтоор экспортолсон, ийнхүү олборлосон ашигт малтмалаа зөөвөрлөхдөө техник эдийн засгийн үндэслэлд заасан хатуу хучилттай авто замаа барилгүйгээр шороон замаар хүнд даацын машинаар тээвэр хийсэн. Тээврийг хийхдээ тус аймгийн 4 сум, 6 багийн газар нутгийг талхалсан. Засмал шороон зам бариагүй, нийтдээ 600 гаруй га газрыг талхалсан, өдөрт 120-200 шаланз олон салаа зам гаргаж явдаг байснаас байгаль орчинд хохирол учруулсан. Уурхай ашиглалтад орсноос хойш 2008-2013 оны хооронд учруулсан хохирлыг шаардсан, хуулиар тогтоосон тусгай аргачлалын дагуу “Г” ХХК үнэлгээг хийсэн тул уг үнэлгээний дагуу хохирлыг гаргуулж Байгаль хамгаалах санд оруулахаар нэхэмжилж байна. Мөн “И” ХХК-ийн үнэлгээ хэрэгт хамааралгүй 2014 оноос хойших хугацааны хохирлыг тооцсон...” гэж тодорхойлсон,

Хариуцагч тайлбартаа: “...Жил бүр байгаль орчны нөхөн сэргээлтийг журмын дагуу хийсээр ирсэн, хуульд заасан нөхөн төлбөрийг төлсөн бөгөөд байгальд хохирол учруулаагүй. Нэр бүхий иргэдийн хувьд нэхэмжлэлийг гаргах эрхгүй, дамжин өнгөрдөг гурван сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нутгийн захиргааны байгууллагаас хохирол шаардахгүй талаараа тодорхойлсон. Түүнчлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар тооцуулахаар заасан, “Г” ХХК-ийн гаргасан дүгнэлт учирсан бодит хохирлыг тооцоолоогүй, харин зам тавьбал үүсч болох, ирээдүйд гарах хохирлыг тооцсон үнэлгээ байх тул үндэслэлгүй. Харин сүүлийн дүгнэлт гаргасан “И” ХХК-ийн үнэлгээ хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “...Шүүх “Г” ХХК-ийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан ургамалан нөмрөг, газрын хөрс, газрын нөөц, агаарын чанарт учирсан хохирлын үнэлгээний тайланг үндэслэлтэй дүгнэлт гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоно.

...Харин “И” ХХК-ийн тайланд 2014-2018 оны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн байгаа нь тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, цаг хугацааны хувьд тохирохгүй байна.

...“Г” ХХК-ийн хийсэн дүгнэлт агуулгаараа учирсан хохирлын талаар дүгнэсэн болох нь тогтоогдсон.

...Шүүх байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо ургамлан нөмрөгт учирсан хохирол 15,548,592,805 төгрөг, газрын хөрсөнд учирсан хохирол 3,285,300,000 төгрөг, газрын нөөцөнд учирсан хохирол 549,600 төгрөг, агаарын чанарт учирсан хохирол 1,596,394,884 төгрөг, техникийн нөхөн сэргээлт 30,441,400 төгрөг, биологийн нөхөн сэргээлт 331,953,600, хохирол тооцсон ажлын зардал 10,000,000 төгрөг, нийт 10,803,232,289 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Засгийн газрын Байгаль орчин уур амьсгалын санд оруулна...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...Анхан шатны шүүхэд хэрэг шилжсэнээс хойш 2 жилийн хугацаанд буюу өмнөх магадлалаар дүгнэгдсэн нөхцөл байдал арилаагүй, хохирлын хэмжээг хэдэн төгрөг болохыг тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан хоёр үнэлгээний тайланд тусгагдсан үнэлгээ хоорондоо илтэд зөрүүтэй, эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

...хэрэгт авагдсан нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлт хоорондоо илтэд зөрүүтэй байхад шүүх талууд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/00678 дугаар магадлалд заасан ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасан ноцтой зөрчил гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч тал байгаль орчинд хохирол учруулсан хохиролтой холбоотойгоор арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах, бүрдүүлэх үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

9. Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах заалтад нийцээгүй байна.

Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3-т зохигч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийн нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.6-д нэхэмжлэлийн талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж зохицуулсан.

Зохигч аль нэг тал дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй, түүнчлэн магадлалд заасан “Г” ХХК болон “И” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь цаг хугацааны хувьд хоёр өөр хохирлыг тодорхойлсон ба шүүхийн санаачилгаар дахин, эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлд хамаараагүйгээс гадна хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой байжээ. 

10. Нэхэмжлэгч нар 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба дээрх шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байгаа үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022.04.11-ний өдрийн 210/МА2022/00678 дугаартай магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш зохигч дээрх дүгнэлтийн талаар дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй, хоёр жил өнгөрсний дараа анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэл гаргаснаас хойш 8 жилийн дараа хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байх бөгөөд хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, эдийн засгийн хохирол багатай, хэргийн оролцогчдод чирэгдэлгүй үйлчлэх шүүхийн үйл ажиллагааны үндсэн зорилго, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

11. Ийнхүү давж заалдах шатны шүүх зохигч хүсэлт гаргаагүй байхад талуудын зарчимд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх гомдлыг хангана.

Давж заалдах шатны шүүх зохигчийн маргаж буй үйл баримтын болон эрх зүйн  талаар дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01216 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД