Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 11

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Туяа

           Улсын яллагч П.Эрдэнэбаатар

           Хохирогч М.Сандагсүрэн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар

Шүүгдэгч Л.Амарсайхан нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон  овогт Лувсансовдын Амарсайханд холбогдох эрүүгийн 201623010058 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Уурхайчны 15-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дүүргийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 1236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан НЕ92102615 регистрийн дугаартай Боржигон овогт Лувсансовдын Амарсайхан.

Холбогдсон хэргийн талаар:

Л.Амарсайхан нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39-00 тоотод 2016 оны 09 дүгээр сарын 27-ноос 2016 оны 09 дүгээр сарын 28-нд шилжих

шөнө иргэн М.Сандагсүрэнгийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Л.Амарсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би найзтайгаа явж байгаад хоёр таньдаг ахтайгаа таарсан юм. Тэгээд Билгүүн тулга гэх газрын караокед сууж байгаад доошоо нэг давхарын заал руу нь орж суусан.  Тэнд ууж байхад гахайн байрны ажилчид бөөнөөрөө орж ирсэн. Баарнаас гараад Мөнхбаатар гэдэг ахтай 47 дугаар байрны хажуугаар явж байхад Сандагсүрэн эгч сандал дээр сууж байсан. Сандагсүрэн эгч даараад байна унтая гэхээр нь 39 дүгээр байранд Ууганбаяр гэдэг ахын гэрт нь орсон. Ууганбаяр ахын гэрт нь Сандагсүрэн эгч ороод ор засчих унтая гэхээр нь би ор засаж өгсөн. Сандагсүрэн эгч миний бэлэг эрхтнийг бариад хүсээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Сандагсүрэн эгчтэй бэлгийн харьцаанд орсон” гэв.

Хохирогч М.Сандагсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Бор-Өндөр суманд ирсэн шалтгаан бол би нөхөртэйгөө муудсан байсан. Тэгээд Улаанбаатар хотод байвал буцаж ирэх гээд байна, ер нь би хөдөө явъя гээд найз Батболор луу утсаар яриад Бор-Өндөр суманд ирсэн. Тэгээд би хар ажил хийж үзээгүй учраас 1 сар ч гэсэн хийж үзье гэж бодоод ажил хийсэн. Тэгээд 2016 оны 9 сарын 27-ны өдөр манай цалин буугаад дарга бөөндөө хоолонд оръё гэхээр нь 9 ажилчид Билгүүн тулга бааранд хоолонд орж архи дарс уусан. Тухайн үед би утсаар нөхөртэйгөө маргалдаад сэтгэл санаа хэцүү байсан. Ер нь бааранд архи ууж байснаа санаж байгаа, дараа нь караокед орж дуулж байснаа санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй байгаа. Тэгээд маргааш өглөө 6 цагийн үед сэрээд харахад танихгүй газар байсан. Эргээд харсан чинь энэ залуу миний хажууд цээжин бие нь нүцгэн, цаад талд нь цээж нь нүцгэн нэг залуу хэвтэж байсан. Тэгээд би шууд босоод утсаа асуусан. Дараа нь миний өмдийг айлын үүдэнд шидээд хаясан байхаар нь өмдөө аваад кармаг нь үзсэн чинь мөнгө байхгүй байхаар нь карманд байсан 80.000 төгрөг хаана байна. Та нар намайг ингэж доромжилж байгаа юм уу би хоёр хүүхэд гаргасан эх хүн та нар намайг хэдүүлээ хүчиндсэн юм бэ, Батболор хаана байна вэ гэж асуухад Амарсайхан би таны мөнгийг авсан нь үнэн. Би төлнө. Худлаа гэвэл та манай эгчийн утас руу залгаад асуу манай эгч тантай цуг ажилладаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнийг мэдэхгүй учраас чи эгчийгээ дуудчих гээд утсаа өгсөн. Амарсайхан миний утсаар эгчтэйгээ утсаар яриад 80.000 төгрөг  өдөр гэхэд аргалаад өгөөч гэж хэлээд утсаа тасалсан. Би өглөө босоод  Бор-Өндөр сумын цагдаагийн дугаарыг мэдэхгүй учраас шууд Улаанбаатар хотын цагдаагийн 102 дугаарт залгаад Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байна хүнд хүчиндүүлчихлээ гэж утсаар ярьсан. Цагдаа 5 минутын дотор ирсэн. Цагдаа ирэх хооронд Мөнхбаатар зугтгаасан, дараа нь Амарсайхан куртикээ орхиод зугтаасан. Тэгээд цагдаа ирээд Амарсайханы куртикийг нь аваад явсан. Би ч цагдаа явсан. Үдээс хойш цагдаа нар эгчийнх нь утсаар дуудаж Амарсайханыг цагдаа дээр ирүүлсэн. Манай найз гээд байгаа Батболор ирээд наадах чинь ордог гардаг нүх ш дээ чи ямар сүртэй юм бэ гэсэн. Үүнийг цагдаа ч гэрчилнэ. Миний бодлоор Болороо энэ залууд намайг бэлэглэсэн юм байна гэж бодож байна. Түүнээс биш энэ хүнтэй заваараад явахгүй. Амарсайхан манай эгчийн хүүхэдтэй чацуу юм байна. Амарсайхан намайг даахгүй байсан юм бол ядаж цагдаа дуудаад өгчихгүй яасан юм бэ, эсхүл Болороо намайг хашаандаа чирээд орчихгүй яасан юм тухай үед хүн хөлдөж үхэхээргүй байсан. Миний толгойны ард нэлээн хөндүүр болсон байсан. Амарсайхан цохьсон гэж мэдүүлэг өгсөн байсан. Миний өмссөн гадуур хувцас нэлээн шороо болсон байсан. Надад энэ хүнийг дагаад яваад, бэлэг эрхтнийг нь бариад байх тийм ухамсар байхгүй. Амарсайхан уул нь надаас уучлалт гуйх ёстой хүн биз дээ. Тэгтэл Амарсайханы өмгөөлөгч ирээд танд 5.000.000 төгрөгийн санал тавья гэж 2 удаа ирсэн. Эсхүл Амарсайхан ял авч байгаа учраас таны хохирлыг барагдуулахгүй гэсэн. Би тэрийг ойлгохгүй байгаа. Би эргээд нөхөртэйгөө сууна гэдэг бол юу л бол ийм хүмүүсийг давраамааргүй байна. Би мөнгөндөө болоод ингээд байгаа юм биш. Харин Амарсайханыг хүнлэг сэтгэл гаргаад надаас уучлалт гуйх болов уу гэж бодсон. Миний хувьд гомдолтой байна. Амарсайханыг хариуцлагаа хүлээгээсэй гэж бодож байна” гэв. 

Гэрч Х.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Амарсайхан, Сандагсүрэн нар нь манайд шөнийн 3 цагийн үед ирсэн, Сандагсүрэн нь манайд алхаж орж ирсэн. Хохирогч тийм их согтуу байгаагүй. Амарсайхан, Сандагсүрэн хоёр хоорондоо ярилцаад шивнэлдээд байсан, би тухайн үед зүүрмэглээд Амарсайхан, Сандагсүрэн хоёр юу ярилцсаныг сонсоогүй. Би гэрлээ унтраасан байсан учраас бэлгийн харьцаанд орж байгааг хараагүй. Амарсайхан босч ирээд намайг хохирогчтой унтах уу гэж асуухад хохирогч унтаж байсан...” гэв.

Гэрч Х.Ууганбаярын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 09 дүгээр сарын 27-28 шилжих шөнө Бор-Өндөр сумын 1-р баг 39-00 тоотод байх гэртээ ганцаараа байж байхад ойролцоогоор 03 цагийн үед байх гэж бодож байна, яг цагийг нь тодорхой сайн хэлж чадахгүй байна манай гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь би хэн бу гэж асуухад хаалганы цаанаас Амараа байна гэж хэлсэн, тэгэхээр нь манай хамаатны Амарсайхан гэх залуу байна гэж дуугаар нь таниад хаалгаа тайлж өгсөн. Амарсайхан нь Бор-Өндөр сумын Мөнхбаатар гэх залуу болон миний танихгүй 30 гаран насны эмэгтэйтэй хамтдаа гурвуулаа байж байсан. Амарсайхан нь надад хандан та ор засаад өгчих гэж хэлсэн тэгэхээр нь би Амарсайханд чи өөрөө ороо засаад унтчих гэж хэлсэн. Амарсайхан нь шкабнаас гудас хөнжил аваад гудсаа газар дэвсээд Амарсайхан, Мөнхбаатар тэр эмэгтэй гурав хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Намайг диван дээр ганцаараа хэвтэж байхад Амарсайхан нь тэр эмэгтэйг оролдож байгаад бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд би нүдээрээ харсан юм. ...Амарсайхан нь надад хандан та энэ эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох уу гэж асууж байсан тэгэхээр нь би үгүй ээ гэж хэлсэн ...Мөнхбаатар, Сандагсүрэн хоёр нилээд согтолттой байх шиг байсан бөгөөд харин Амарсайхан нь нөгөө хоёрыгоо бодвол арай гайгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 14 хуу/

Гэрч Х.Ууганбаярын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэд нар хэвтээд удаагүй байж байгаад Амарсайхан тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Амарсайхан тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглээгүй. Амарсайханыг дагуулж ирсэн эмэгтэй хүнтэйгээ бэлгийн харьцаанд орж байгааг нь би нүдээрээ харсан, тухайн үед би унтаагүй байсан. Амарсайханыг тэр эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орж байхад Мөнхбаатар нь би тэсэхгүй нь ээ би бэлгийн харьцаанд ормоор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар боль л доо би өглөө ажилтай унтмаар байна гэж хэлсэн. Амарсайхан тэр эмэгтэйтэй бэлгийн ажлаа дуусгаад босч ирээд намайг тэр эмэгтэйтэй унтах уу гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлсэн ...Амарсайхан, Мөнхбаатар хоёртой хамт орж ирсэн эмэгтэй нилээд согтуу байсан, Амарсайхан тэр эмэгтэйг гарнаас нь хөтлөөд яваад байсан. Мөнхбаатар бас нилээд согтуу байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 16-17 хуу/

Гэрч М.Загдсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 09-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод байж байхад миний төрсөн дүү Сандагсүрэн нь ойролцоогоор 14 цагийн үед над руу утсаар яриад надад хандан уйлаад эгчээ би ажлынхаа хүмүүстэй караокед орсон юм, тэгээд тасарчихсан байна юу болсон талаар огт санахгүй байна, өглөө сэрсэн чинь танихгүй 3 залуугийн хажууд сэрлээ, эдгээр хүмүүс намайг хүчиндсэн байж магадгүй гэж бодож байна, миний бие нэг л сонин байна, цагдаад хандсан байгаа гэж хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 18-19 хуу/

Гэрч Б.Батболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сандагсүрэн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа орсон. Сандагсүрэн манай компанид чулуу түүгчийн ажилд орсон. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай компаний цалин буусан юм. Тэгээд ажилчдаараа Бор-Өндөр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрнуур ресторанд орж хоол авч идсэн. Дэлгэрнуурт байхдаа 2 шил архи авч уусан, хүний нэг нэг пиво авч уусан. Дэлгэрнуураас гараад бүгдээрээ Бор-Өндөр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Билгүүн тулга гэдэг караокед орж дуулахаар болсон. Дэлгэрнуур ресторанд байхад Сандагсүрэн архинаас их уугаад байсан, тэгэхээр нь би бага уу гэж хэлсэн чинь Сандагсүрэн найз нь танайд хонохгүй Сэлэнгэ эгчийнд очиж хононо гэж хэлэхээр нь өөрийгөө мэдэж байгаа юм байгаа биз гээд орхичихсон. Билгүүн тулга караокед 2 шил архи хувааж уусан. Билгүүн тулга караокед ороод архи ууж байхад Сандагсүрэн, манай компаний дарга, Сэлэнгэ эгч бид 4 голчлон архинаас уусан. Тэгээд Билгүүн тулга караоке хаах үед нь бид нар гарах гэж байхад Сандагсүрэн уусан архиндаа тасраад караокений шалан дээр хэвтээд босохгүй байсан. Тэгэхээр нь Сандагсүрэнг босгох гэж янз бүрээр үзсэн. Тэгээд болохгүй болохоор нь Билгүүн тулга караокед байсан өмнө нь манай компанид ажиллаж байсан зүс таних юм болохоор нь Амарсайханыг гуйгаад авч гараад манай гэрлүү хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхэд Амарсайхантай хамт явсан Мөнхбаатар гэх залуутай нийлээд Сандагсүрэнг мөрөн дээрээ үүрээд гарсан. Тэгээд Билгүүн тулгаас гараад урагшаа чигтээ манай гэрлүү явж байгаад сургуулийн дотуур байрны хажууд явж байтал Амарсайхан үүрч явсанаа ядраад газар тавьсан. Тэгээд Сандагсүрэнг босгоод авч явах гэхэд босохгүй байсан. Тэгснээ намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан ...Сандагсүрэнг сэрээж авч явах зөндөө аргаар үзэж байгаад болохгүй болохоор нь Бор-Өндөрийн цагдаа руу 70567102 залгасан чинь миний нэгж хүрэлцэхгүй байсан ...шээх гэж явж байгаад шугамны ухсан нүхэнд уначихсан ...нүхнээс гараад Сандагсүрэн дээр очсон чинь Сандагсүрэн, Мөнхбаатар хоёр алга болчихсон байсан ...намайг гэртээ ирээд байж байхад Амарсайхан миний араас ирээд нөгөө хүүхэн чинь олдохгүй байна ш дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-н 22-23 хуу/

Гэрч Э.Соёмбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Билгүүн тулга караокений бармен хийдэг. Би 2016.09.27-ны орой ажилдаа гарч байсан юм. Тухайн өдөр манай караокед гахайн байрны уурхайн ажилчид орсон. Мөн Амарсайхан, Мөнхбаатар хоёр хамт гаднаас 1 шил архи барьчихсан орж ирэхээр нь би тек руу хураагаад авсан. Тэд нар тус тусдаа сууж байсан. Тэгээд манай караоке хаах үед гахайн байрны уурхайн ажилчидтай хамт байсан нэг эгч тасраад манай караокений үүдний хэсэгт зааланд хэвтээд өгсөн. Ажлынх нь нэг хүн босгох гээд босгож чадахгүй байсан. Тэгээд намайг наад согтуу хүнээ аваад гар гэж хэлэхэд манай караокегаар үйлчлүүлж байсан Амарсайханг гуйгаад аваад гарсан. Амарсайхан тэр тасарсан эмэгтэйг үүрээд гарсан. Тэд нарыг гарснаас хойш би баараа хаагаад гарсан чинь нөгөө уусан архиндаа тасарсан эгч ХААН банкны хажууд зогсоолын дэргэд газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-н 25-26 хуу/

Т.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Сандагсүрэн гэх эмэгтэй өөрөө хөлөөрөө алхаад явсан. Ууганбаяр ахын гэрт өөрөө алхаад орсон. Сандагсүрэн Ууганбаярын гэрт ороод бид хоёртой юм яриагүй. Гэрт нь ороод унтая даараад байна гэсэн. Тэгээд ор зассан чинь унтаад өгсөн. Бид нар анх хэвтэхдээ хувцасаа тайлаагүй бүхлээрээ хэвтсэн. Газраар нэг юм дэвсээд зэрэгцээд хэвтсэн. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө босоход Сандагсүрэн гэх эмэгтэй Амарсайхантай 82.000 төгрөгийн талаар маргалдаж байсан. Намайг хүчиндсэн барьсан юм гэж ярихгүй байсан” гэх мэдүүлэг. /хх-н 75-76 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8539 дугаартай шинжээчийн

1.М.Сандагсүрэнгийн гэх шингэн цус Оαβ /I/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-н 36 хуу/

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 07 дугаартай  шинжээчийн

1.М.Сандагсүрэнгийн гадна бэлэг эрхтэн орчимд гэмтэл тогтоогдсонгүй

2.М.Сандагсүрэнгийн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. ДНК-ийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

3.М.Сандагсүрэн нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

4.М.Сандагсүрэнгийн цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-н 37 хуу/

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 08 дугаартай  шинжээчийн

1.Л.Амарсайханы биед гэмтэл тогтоогдсонгүй.

2.Л.Амарсайхан нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3.Л.Амарсайханы цус нь АВО системээр А /II/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-н 41 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8537, 8540, 8538, 8541, 8536 дугаартай шинжээчийн

Л.Амарсайханы гэх шингэн цус Аβ /II/ бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт /хх-н 42 хуу/

М.Сандагсүрэнгийн гэсэн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. ДНХ-ийн шинжилгээ хийлгэх шаардлагатай

М.Сандагсүрэнгийн гэх шингэн цус Оαβ /I/ бүлгийн харьяалалтай байна

М.Сандагсүрэн бэлгийн замын халдварт өвчингүй байна

Л.Амарсайхан бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх дүгнэлтүүд /хх-н 43-46 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9049 дугаартай шинжээчийн

8540 дугаартай М.Сандагсүрэнгийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E,D5S818,D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллэлиар тогтоов.

8540 дугаартай М.Сандагсүрэнгийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E,D5S818,D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Л.Амарсайханы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт. /хх-н 126 хуу/

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол /хх-н 133-136 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 99 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас гэрч Х.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэнгүй. Х.Ууганбаярын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг уялдаа холбоо байхгүй, бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал улсын яллагчийн “Амарсайхан, Сандагсүрэн нар бэлгийн харьцаанд орж байхыг та нүдээрээ харсан уу” гэсэн асуултанд “би гэрлээ унтраасан байсан учраас бэлгийн харьцаанд орж байгааг нь хараагүй” гэж хариулсан атлаа улсын яллагчийн “хохирогч хувцастайгаа унтаж байсан юм уу, хувцасгүй унтаж байсан юм уу” гэсэн асуултанд “хохирогч хувцастайгаа унтаж байсан” гэж мөн “Амарсайхан босч ирээд таныг хохирогчтой унтах уу гэж асуухад Сандагсүрэн унтаж байсан уу сэрүүн байсан уу” гэсэн улсын яллагчийн асуултанд “хохирогч унтаж байсан” гэж “тухайн үед тэр хоёр хувцастайгаа унтаж байсан уу хувцасгүй унтаж байсан уу” гэсэн улсын яллагчийн асуултанд “тухайн үед харанхуй байсан учир хараагүй” гэж “хохирогч танайд орж ирснээ мэдсэн үү” гэсэн улсын яллагчийн асуултанд “хохирогч манайд орж ирснээ мэдэхгүй байсан” гэж “таны нүдээр хохирогч ухаантай байсан юм уу ухаангүй байсан юм уу” гэсэн өмгөөлөгчийн асуултанд “хохирогч нээх ухаангүй байгаагүй” гэх зэргээр өөр хоорондоо авцалдаагүй мэдүүлгийг өгчээ.

Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчжээ. Тухайлбал шинжилгээг тодорхой эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийх ёстой байтал 8539,8540,8537,8538,8541,8536 тоот дүгнэлтийг шинжээч эмч Ж.Ариунзаяагийн илгээлт бичгийг үндэслэн гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг, шинжилгээнд зориулж хохирогчоос дээж авахдаа хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, тэмдэглэл огт үйлдээгүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т заасныг тус тус зөрчсөн байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч яагаад үндэслэлгүй гэж үзсэн талаарх хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг өгөөгүй байна. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 Прокуророос Л.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Мөнхбаатар болон шүүгдэгч нарын нүдээр Сандагсүрэнг харахад өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон байна гэж ойлгох боломжгүй дүр төрхтэй байсан гэдэг нь батлагдаж байна. Мөн гэрчийн мэдүүлгээр хохирогч, шүүгдэгч нар хоорондоо ярилцаж байсан гэдэг нь нотлогдож байна. Ийм учраас энэ хоёр хүнийг харилцан тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж үзэж байна. Амарсайханы хувьд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байна уу гэдгийг ухамсарлах боломж байгаагүй. Ийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Амарсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх гэмт хэрэг нь хохирогч эрүүл мэнд, оюун санааны хувьд өөртэй нь болж байгаа үйл явдлыг ойлгож, үнэлэлт дүгнэлт хийх чадваргүй буюу эсэргүүцэл үзүүлж чадахгүй нөхцөлд тухайн байдлыг далимдуулан хурьцал үйлдсэнээр хүчиндэх гэмт хэрэгт тооцох бөгөөд уг гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал байдаг. Хохирогч хүчиндүүлсэн гэж үзэх гол шинж нь хохирогч хурьцал үйлдэхийг зөвшөөрөөгүй байх явдал юм.  Тухайн үед хохирогч өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь гэрч Б.Батболорын “...Билгүүн тулга караоке хаах үед нь бид нар гарах гэж байхад Сандагсүрэн уусан архиндаа тасраад караокений шалан дээр хэвтээд босохгүй байсан ... тэгэхээр нь Сандагсүрэнг босгох гэж янз бүрээр үзсэн...” гэх мэдүүлэг,  гэрч Э.Соёмбын “...манай караоке хаах үед гахайн байрны уурхайн ажилчидтай хамт байсан нэг эгч тасраад манай караокений үүдний хэсэгт зааланд хэвтээд өгсөн. Ажлынх нь нэг хүн босгох гээд босгож чадахгүй байсан ... би баараа хаагаад гарсан чинь нөгөө уусан архиндаа тасарсан эгч ХААН банкны хажууд зогсоолын дэргэд газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “...Мөнхбаатар, Сандагсүрэн хоёр нилээд согтолттой байх шиг байсан бөгөөд харин Амарсайхан нь нөгөө хоёрыгоо бодвол арай гайгүй байх шиг байсан ...Амарсайхан, Мөнхбаатар хоёртой хамт орж ирсэн эмэгтэй нилээд согтуу байсан, Амарсайхан тэр эмэгтэйг гарнаас нь хөтлөөд яваад байсан...” гэх мэдүүлэг, хохирогч М.Сандагсүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бааранд архи ууж байснаа санаж байгаа, дараа нь караокед орж дуулж байснаа санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй байгаа. Тэгээд маргааш өглөө 6 цагийн үед сэрээд харахад танихгүй газар байсан. Эргээд харсан чинь энэ залуу миний хажууд цээжин бие нь нүцгэн, цаад талд нь цээж нь нүцгэн нэг залуу хэвтэж байсан...” гэх нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн шүүгдэгч нь хохирогчийн бие хамгаалж чадахгүй байдлын тухай мэдэж байсан бөгөөд хурьцал үйлдэх зорилгоор түүнийг ашигласан болох нь гэрч Х.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Амарсайхан нь шкафнаас гудас хөнжил аваад гудсаа газраар дэвсээд Амарсайхан, Мөнхбаатар, тэр эмэгтэй гурав хөнжлөө нөмрөөд хэвтсэн ...Амарсайхан тэр эмэгтэйтэй бэлгийн ажлаа дуусаад босч ирээд намайг тэр эмэгтэйтэй унтах уу гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч хохирогчтой харилцан тохиролцож бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. 

Хүчиндэх гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралд ноцтой хохирол учруулдаг гэмт хэрэг юм. Иймд шүүх Л.Амарсайханыг бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Амарсайханы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж хохирогч нийт 1.065.000 төгрөг нэхэмжилжээ. Хэрэгт цугларсан зарим нотлох баримтуудыг үнэлж шүүгдэгч Л.Амарсайханаас эм, эмчилгээ, шинжилгээ, шатахуун, зочид буудлын төлбөр болох нийт 238.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хоолны үнэ 47500 төгрөг, зээлийн үлдэгдэл хаасан 882.000 төгрөг, Сүхбаатар нэгдсэн эмнэлэгийн хураамж 28.800 төгрөг төлсөн талаархи хуулбарласан баримт зэрэг нь хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 Шүүгдэгч Л.Амарсайханд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1236 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ял эдлэх хугацаа дуусч суллагдсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялтайд тооцох хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, ялаас өршөөн хасах тухай шүүгчийн захирамж зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч Л.Амарсайхан нь ялтайд тооцох хугацаанд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болох ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь

 

              1.Шүүгдэгч Боржигон овогт Лувсансовдын Амарсайханыг бусдын бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарсайханыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Амарсайханд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

              4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  ялтан С.Амарсайханы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

              5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Амарсайханаас 238.000 /хоёр зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулан Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 82-1163 тоотод оршин суух хохирогч М.Сандагсүрэнд олгосугай.

              6.Хохирогч М.Сандагсүрэн нь эмчилгээ болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаар бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Амарсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

              8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Л.Амарсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

                                       ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР