Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2017/0589

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М м” ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт Ишгэн Толгой нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаар хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М м” ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирал       шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт Ишгэн Толгой нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаар хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтийн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхийг даалгах тухай.

Манай компани Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт Ишгэн Толгой нэртэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1,17.2,18.2 дугаар зүйлүүдэд заасан шаардлагуудыг бүрэн хангуулан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах тухай өргөдөл гаргаж 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагт бүртгүүлэхээр Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнд буюу өргөдөл хүлээн авах үүрэг бүхий ажилтанд хандсан боловч Засгийн газрын тогтоол гараагүй гэсэн шалтгаанаар өргөдлийг хүлээн аваагүй. Манай өргөдөлд тусгасан талбай нь Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны 239 дугаартай тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан талбайн хил хязгаар дотор багтаж байгаа бөгөөд уг талбайд өнөөдрийг хүртэл ямар нэгэн иргэн аж ахуйн нэгжээс өргөдөл гаргаж бүртгүүлээгүй, өргөдөл гаргах боломжтой нийтэд нээлттэй талбайн ангилалд бүртгэлтэй байна. Кадастрын хэлтсийн үндсэн чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулиар тодорхой хуульчилсан ба 11 дүгээр зүйлийн 11.1.16-д ...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх шийдвэрлэх мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ... энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байна.

Учир иймд манай компани тухайн өдрөө буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б-д хандан Кадастрын хэлтэс өргөдөл хүлээн авахгүй байгаа талаар гомдол гарган хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон бусад хавсралт баримт бичгийг Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т нийцүүлэн өгсөн боловч одоо болтол хариу өгөхгүй байгаа бөгөөд бичгийн хариуг авах талаар 2017 оны 04 дүгээр сарын 20 ны өдрийн 16 цагт Кадастрын Хэлтсийн ахлах мэргэжилтэн М*******тай уулзахад тодорхой шийдвэртэй хариу өгөөгүй бөгөөд иймэрхүү асуудлыг заавал ингэж хүндрүүлэх шаардлагагүй шүү дээ гээд ер нь урьд нь ийм асуудлаар Захиргааны хэргийн шүүх манай талд шийдвэр гаргаж байсан гэж хэлсэн.

Төрийн захиргааны байгууллага ямар ч үндэслэлгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг хүлээн авахгүй, хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа, энэ талаар тодорхой тайлбараа бичгээр өгөхгүй байгаа нь Монгол Улсын хуулийг үл хүндэтгэсэн, Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль,

 

Ашигт малтмалын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчиж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Ашигт малтмалын тухай хуулиар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, компани, хуулийн этгээдүүд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаад уг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх нь ашигт малтмалын тухай хуулиараа олгогдсон байдаг. Энэ эрхийнхээ дагуу манай “М м” ХХК ХХК 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баян хутаг сумын нутаг Ишгэн толгой нэртэй талбайд ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах, өргөдөл гаргахад шаардагдах бүх шаардлагыг хангаад өргөдөл гаргасан байгаа. Энэ өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнд ажилдаг ажилтан хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Яагаад хүлээж авах боломжгүй байгаа юм бэ гэж асуухад асуултанд хариулахаас түдгэлзсэн байгаа. Аман байдлаар цахимаар авч байгаа өргөдлийн журмаар та нар шиг ингэж өгөхгүй гэдэг ийм хариу өгсөн байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар цаасан хэлбэрээр өргөдөл гаргаад хуульд заасан шаардлага хангасан байх юм бол хайгуулын тусгай зөвшөөрөл авах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Үүний дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ хөндөгдсөн эрхээ сэргээлгэх гэсэн юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн гаргасан эс үйлдэхүй болохоор захиргааны ерөнхий хууль болон ашигт малтмалын тухай хууль гэх мэт хуулиудыг зөрчиж байгаа нь манай эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоё. Өргөдлөө 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагт хүлээн авсанаар бүртгүүлье. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өргөдлийг бүртгэсний дараа цаашид орон нутгийн Засаг даргын саналыг авах мэдэгдлийг аймгийн Засаг даргад явуулахыг даалгаж өгнө үү гэсэн ийм гурван шаардлага байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... Монгол Улсын хувьд бол бие даасан Үндсэн хуультай. Энэ хуулийг нийтээр дагаж мөрдөх ёстой гэж ойлгож байгаа. Энэ эрхийнхээ зүгээс бид өргөдөл өгөөд байгаа юм. Монгол Улсын татвар төлөгч нь энэ харилцааг боловсронгуй болгоё гэвэл захиргааны хэм хэмжээний актууд гаргах хэрэгтэй. Хуулиас давсан хэм хэмжээний акт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М м” ХХК ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт Ишгэн Толгой нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаар хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан.

Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан ил тод, нээлттэй зохион байгуулахтай холбоотой асуудлаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд болон 2014 оны 12 дугаар сарын 30, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Засгийн газарт танилцуулж чиглэл аван ажилласан.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэс нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүрдлийн хамт хүлээн авч мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэж эхэлсэн.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүртгэлийн дугаар олгох цахим системийн өргөтгөл, хүчин чадлыг сайжруулах ажил хийгдэж эхэлсэнтэй холбоотойгоор 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дугаар олголтыг түр хугацаагаар зогсоосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэж заасан байдаг.

Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах талаар нийтэд ил тод зарлаж мэдэгдээгүй байхад “М м” ХХК ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нь хүлээн авахыг төрийн байгууллага, албан хаагч нараас шаардаж байгаа үйлдэл нь хууль бус юм.

Иймд “М м” ХХК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын асуудлаар төрийн холбогдох байгууллагын бүрэн эрхийн хүрээг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон байдаг. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох мөн зүйлийн 10.1.10 дахь заалтад ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх гэж тус тус заасан байна. Хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд Уул, уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаал гарсан бөгөөд уг тушаалд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралтаар тогтоосон байгаа. Уг тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг яам болон төрийн захиргааны төв байгууллага болох ашигт малтмалын газарт тус тус үүрэг болгосон. Энэ үүднээс 2015 оны 12 сар хүртэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр аваад хугацааг түр цуцалсан байсан. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 215 дугаар тогтоол гарсан. Засгийн газрын 215 дугаар тогтоол нь өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай гарсан байгаа. 2015 оны сайдын 15 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт ороод сайдын тушаал гарсан байгаа. Энэ тушаалаар үйлчилгээний хөлс хуучин 250,000 төгрөг байсан бол одоо 1,000,000 сая төгрөг болгож үйлчилгээний хөлсөө нэмж өөрчилсөн байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим хэлбэрт шилжих ажиллагаа 2017 оны 3 дугаар сард Засгийн газрын 160 дугаар тогтоол гараад цахимаар олгох өргөдлийн талбай дээр шинээр тодорхой хэмжээний талбайг нэмсэн. Энэ нэмсэн үйл ажиллагааны хүрээнд солбицлын хүрээ хязгаарыг нь тогтоогоод 2014 онд агентлагийн даргын тушаалаар нийтэд мэдээлсэн байгаа. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш Засгийн газрын 3 дахь тогтоол болж гарч байгаа юм. 239, 511, 2017 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ тогтоолуудын хүрээнд үргэлжлүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо цахимаар олгох үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаас баталсан байгаа. 2010-2014 оны хооронд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох болон шилжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тусдаа хууль болон гаргахыг хориглосон хууль гарсан байдаг. Энэ 4 жилд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй. Шинээр хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хориглосон байсан. Улс орны эдийн засгийн байдал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн салбарын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд зогссон хязгаарлагдсан учраас Улсын Их Хурлаас 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт шинээр зүйл заалт оруулж өгсөн. Хуучин хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын газар гэх агентлаг байгуулагдсанаас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхдээ солбицлыг нь тогтоож олон нийтэд мэдээлж байгаагүй. Цаасаар өргөдлөө гаргаад тухай бүр шийдүүлээд явж байсан. Энэ хуулийн шинэ зохицуулалтаар бол Засгийн газар солбицлыг төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч солбицлыг нийтэд тогтоогоод тэр тогтоосон солбицлын хүрээнд ашигт малтмалын хууль болон холбогдох төрийн байгууллагуудын гаргасан журмын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгоно улмаар нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдэлд хүрсэн байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх хэсэгт Засгийн газрын тогтоол хэлбэрээр нийтэд олгох талбайн хил хязгаар болон нийтэд олгох га хэмжээг боломжтой хэмжээгээр зааж өгнө. Төрийн захиргааны байгууллага тэр хавьд ямар солбицлоор зарлах юм бэ гэдэг ажлын үүднээс зарлах тийм эрх хэмжээг хуульчилж өгсөн байгаа. Тэгээд төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол Засгийн газрын хуралдаан, Уул, уурхайн сайдын 2015 оны 1/85 тоот албан бичгээр хүргүүлсэний үндсэн дээр шийдвэрлүүлсэн байдаг. Тэдгээр улсууд хэлэлцэж зөвшөөрсний дагуу Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй эмх цэгцтэй болгох үүднээс 2015 оны 1 дүгээр сард хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр анх олгож эхлэхдээ яаж явуулсан бэ гэхээр уртрагийн 104 дүгээр өргөнөөс баруун, зүүн гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийг 2 хуваагаад 239 дүгээр тогтоолоор тогтоосон хил хязгаар, солбицлын хүрээнд 2 ээлжтэйгээр явуулж эхэлсэн байгаа. Ингэж явуулж эхлэхээсээ өмнө Уул, уурхайн яам болон ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд нээлттэй зарлан мэдээлсэн байгаа. Уг мэдээллээр бол ашигт малтмалын газрын вэб сайтан дээр 2014 оны 9 дүгээр сарын 16, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд мэдээлсэн байгаа мөн оролцогч аж ахуйн нэгжүүдэд нийтээр мэдээлэх арга хэмжээнд оролцсон цахим хэлбэрээр олгоход тодорхой хэмжээнд сунгалт хийгдсэн. Нэхэмжлэгч компани оролцоод явж байсны хувьд ерөнхийдөө сайн мэдэж байгаа байх. Эдгээр шийдвэр мэдээллүүдийн дагуу ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн шийдвэрлэсэн байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дээрх ажлын явц үр дүнгийн талаар хэлэлцээд 104 дүгээр уртрагийн зүүн талд хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох чиглэлийг тухайн үеийн Уул, уурхайн сайд н.Ж*******д даалгасан байгаа. Засгийн газар дээрх хуралдааны шийдвэрийн дагуу ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгохгүй бол 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгосон ажлын явцад гарсан алдаа дутагдал давтагдахгүй, техникийн нөхцлийн хувьд сайтар хангуулах ажлыг зохион байгуулсны үндсэн дээр 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цахим дугаарыг олгож хүлээн авах ажлыг явуулсан. Энэ нь 2015 оны 12 сар хүртэл үргэлжилсэн байгаа юм. Үндсэндээ хайгуулын тусгай зөвшөөрөл цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа 2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод холбогдох шийдвэр нь гарсны үндсэн дээр 2015 онд бүтэн олгогдоод 2015 оны 12 дугаар сард Засгийн газрын 511 дүгээр тогтоол гарсан. Энэ хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл дахиад талбай нэмж байгаа учраас шинээр олгоно гээд 2016 оны 3 дугаар сард олгоно гэж байсан. Шинээр Засгийн газар байгуулагдаад тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. 2017 оны 3 дугаар сард 106 дугаар тогтоол гараад сая 14 хоногийн өмнө солбицлыг нь нийтэд мэдээлээд хуучин цахимаар олгох VPN төхөөрөмжөөр биш ЦП цахим хэлбэрээр тусдаа код авч байж итгэмжлэлээ хийлгэх иймэрхүү байдлаар олгох процесс маань эхлээд явж байгаа. Одоо удахгүй олгож эхлэх гэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.16 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч бүртгээд шийдвэрлэх чиг үүргийг Кадастрын хэлтэст хамааруулсан мөн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхээс гадна иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт заасан бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч дарааллын дагуу бүртгэнэ гэж заасны дагуу аливаа өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэн дарааллын дагуу шийдвэрлэх юмаа. Мөн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаас үзвэл өргөдлийг дарааллын дагуу шийдвэрлэнэ гэснийг кадастрын хэлтэс дарааллын дагуу хэргийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд дугаар олгох төхөөрөмжөөр үйлчлүүлэх дугаар, дараа нь цахимаар дугаар олгох гэх мэт аливаа эрхийг сонгож болно гэсэн эрхийг зохицуулж байгаа. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ гэж заасан байгаа. Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар олгохыг олон нийтэд мэдэгдэл хийх ёстой гэсэн эрхийн дагуу мэдээлсэн, хийж байгаа, цахим хаяг болон өдөр тутмын сонинд мэдээлсэн. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр мөн хэвлэлийн бага хурал хийгээд нутаг дэвсгэрийн зүүн талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаагаа эхэлчихээд байна гэсэн мэдээлэл хийсэн. Мэдээллийг өдөр тутмын сонин болон вэб сайтад байршуулсан байгаа. Засгийн газрын тогтоол гарсан, сайдын тушаалд бас өөрчлөлт орсон Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А130 дугаар тушаал хэрэгжсэн үүнийг сая нийтэд мэдээлээд хэвлэлийн бага хурал дээр болон вэб сайтан дээр байршуулсан байгаа.

Нэхэмжлэгч компаний нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Эрх зүйн хувьд эрх зүйн үр дагавар үүсээд ямар нэгэн байдлаар биелэгдэх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

 

Нэхэмжлэгч “М м” ХХК ХХК дараах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1. Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт Ишгэн Толгой нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох;

2. Өргөдлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаар хүлээн авч бүртгэх;

3. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхийг даалгах.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүх хуралдаанд оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар, шинжлэн судалсан бичгийн болон бусад баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “М м” ХХК ХХК нь 2017 оны 4 сарын 4-ний өдөр Өргөдөл бүртгүүлэх тухай 17/01 албан тоотоор[1][1] Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан солбицлууд бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахаар өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхийг хүсчээ. Улмаар уг өргөдлийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг аман хэлбэрээр авснаар мөн өдрөө Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдлоо гаргасан байна. Нэхэмжлэгч компаний дээрх албан тоотыг хүлээж авч албан бичгийн бүртгэлд бүртгэсэн болох нь, өргөдлийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлсэн болох нь хариуцагч захиргааны байгууллагаас ирүүлсэн ирсэн бичгийн хэвлэх хуудас[2][2], гэрч М.М*******ын мэдүүлгээр[3][3] нотлогдож байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн хугацаанд буюу 2017 оны 5 сарын 2-ны өдөр дээрх албан тоотуудын хариуг тус тус хүргүүлсэн байх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д нийцэж, хариуг хуулийн хугацаанд өргөдөл гаргагчид хүргүүлсэн гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д: дээд шатны захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэснийг нэхэмжлэгч нь харгалзахгүйгээр буюу дээр дурдсан дээд шатны албан тушаалтны шийдвэрийг авахгүйгээр 2017 оны 4 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан түүнчлэн шүүхэд нэхэмжлэлээ гаргасаны дараа манай компаний гомдолд хариу ирүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай юм. Захиргааны ерөнхий хуулийн 37.3-д: эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэжээ. Тэгэхээр нэхэмжлэлийн энэ шаардлагад дурдсан асуудлыг хариуцагч захиргааны байгууллага хуульд заасны дагуу биелүүлээгүй, эсхүл шийдвэрлээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй буюу хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

2. Ашигт малтмалын тухай хуульд Ашигт малтмал, газрын тосны газрын чиг үүргийн талаар мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 11.1.15 ... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох ... ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлэх, 11.1.16 ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх зэргээр тодорхой дурдаж хуульчилж өгчээ.

Засгийн газрын 2014 оны 7 сарын 28-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239 дүгээр тогтоолоор улсын хэмжээний нутаг дэвсгэрт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, мөн Засгийн газрын 2015 оны 1 сарын 12-ны өдрийн хуралдаанд улсын нутаг дэвсгэрийн баруун хагаст буюу уртрагийн 104 дүгээр градусаас баруун хэсэгт хамаарах талбайд эхний ээлжинд тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох санал оруулж, энэ талаарх ажлыг зохион байгуулахыг Уул уурхайн сайдад даалгаснаар Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ цахим хуудсанд байршуулжээ. Энэ талаарх хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг шууд үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.

Засгийн газраас даалгасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлыг Ашигт малтмал, газрын тосны газраас авч хэрэгжүүлэхийн тулд өргөдлийг хүлээн авах ажлыг түр зогсоосон хариуцагчийн үйл ажиллагааг шууд шүүхээс хууль зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын дагуу даалган шийдвэрлэх үндэслэлгүй байна. Яагаад гэвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т: энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна, 19.2-т төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэснээс үзэхэд батлагдсан маягт буюу цахимаар дугаар олгох ажиллагааг түүнд хамаарах заавар журмыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй, батлаагүй энэ асуудал өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа нь хариуцагч Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн хуульд заасан өргөдлийг шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэх боломжгүй буюу уг хэлтсээс шууд шалтгаалаагүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн гуравдахь шаардлагыг мөн хүлээн авч хангах боломжгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүссэн өргөдлийг шийдвэрлэсний эцэст сая тусгай зөвшөөрлийн талбай байрлаж буй тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэх үүрэгтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М м” ХХК ХХК-ийн Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт Ишгэн толгой нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан манай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаар хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

 


 

[1][1] Хавтаст хэргийн 6-р хуудас

[2][2] Хавтаст хэргийн 65-69-р хуудас

[3][3] Хавтаст хэргийн 50-52-р хуудас