Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2066

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 06-ны өдрийн  181/ШШ2018/01689 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ц ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б яаманд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 2 521 442 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ц ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнгөнбагана

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилд эгүүлэн тогтоосон ба үүний дагуу намайг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон боловч 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин чөлөөлсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарснаас хойш хэрэгжих гэж 7 хоног зарцуулагдсан учир 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа орсон. Хариуцагч тал удаа дараа ажлаас чөлөөлж цалин авч чадахгүй байгаагаас зээлээ төлж чадахгүй хүнд байдалд хүрч байна. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 57 хоногийн цалин болох 2 521 442 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/16 дугаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ажилд томилох тухай тушаал гарч, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд томилж, ажил хүлээлцсэн байдаг. Тушаал 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан байхад яагаад 2018 ны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилд орсон гээд байгааг ойлгохгүй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б/36 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тушаал гарах хүртэл 1 сарын цалинтай олговор өгөхийг зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б яамнаас 1 142 400 төгрөг гаргуулж Б.Ц ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 379 042 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31 968 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц  давж заалдах гомдолдоо: Миний нэг өдрийн цалинг тооцохдоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 00932 дугаар шийдвэрийг үндэслэж 1 өдрийн цалинг 23 800 гэж тогтоосон нь үндэслэлгүй байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу миний дундаж цалин хөлсийг тогтоохдоо сүүлийн 3 сарын цалингийн дунджаар нийгмийн даатгалын дэвтрээс тооцоолж гаргах байсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01689 дугаартай шийдвэрээс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажлын хоногийн 48 хоногоор ажилгүй байсан гэж тооцсон байна. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 23-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарсан өдрөөс хойш цалин бодогдсон бол хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтэр дээр 2 сард бичилт хийгдэх ёстой. Гэтэл тушаал гарсан өдрөөс биш, ажил хүлээн авсан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойш цалин бодогдсон учраас 2 сард цалин бодогдож нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй юм. Иймд ажилгүй байсан хоног 48 биш 51 болж нэмэгдэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж одоо тогтоогоод байгаа 1 142 400 төгрөг дээр нэмж 1 379 042 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч Б яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 521 442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 1 008 577 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.Ц  нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б/05 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 932 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/016 дугаар тушаалаар Б.Ц ыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар томилсон байна. /хх 5-9, 10/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Ц ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоосны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг буцаан ажилд нь томилох үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Захиргааны хэргийн шүүхээр ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргаан шийдвэрлэгдэх үед Б.Ц ын урьд авч байсан дундаж цалин хөлсийг тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Иймд анхан шатны шүүх дээрх Захиргааны хэргийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний 932 дугаар шийдвэрт заагдсан хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тодорхойлсныг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 06-ны өдрийн  181/ШШ2018/01689 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ц аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН