| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0197/э |
| Дугаар | 2024/ШЦТ/198 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 13.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000114 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг Өнөрийн 13-1301 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 00 цаг 40 минутын үед Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг Өнөрийн 13-1301 тоот гэртээ ороход “/амь хохирогч/ нь түүний 5 настай охин өмдийг нь шувтлуулан араас нь хараад сууж байсан”-ыг өөрийн хүүхдийн эсрэг бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж ойлгосон, улмаар “хохь чинь, танай охидууд чинь өөрсдөө дуртайдаа өмдөө шувталж ирдэг” гэж өөрийг нь болон ойр дотны буюу хүүхдүүдийг нь хүндээр нь доромжилсон зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас толгойн тус газарт нь цохих, түлхэж унагах зэргээр зодож, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай хэсгийн хатуу хальсан доор цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж, хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй. Аав их хатуу хүн байсан. Манайхаас энэ эгч маань л аавыг өрөвдөж, асардаг байсан. Эгчээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдолгүй...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 00 цаг 40 минутын үед Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг Өнөрийн 13-1301 тоот гэртээ ороход нь хохирогч /төрсөн аав/ түүний 5 настай охин өмдийг нь шувтлуулан араас нь хараад сууж байсныг өөрийн охины эсрэг бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж ойлгосон, улмаар хохирогчийн “хохь чинь, танай охидууд чинь өөрсдөө дуртайдаа өмдөө шувталж ирдэг” гэж өөрийг нь болон хүүхдүүдийг нь доромжилсон зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Г.******* толгойн тус газарт нь цохих, түлхэж унагах зэргээр зодож, биед нь тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай хэсгийн хатуу хальсан доор цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...“та яагаад охины маань өмдийг тайлаад оролдож байгаа юм” гэж асуухад аав “танай охин чинь өөрөө л өмдөө тайлсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та яагаад худлаа хэлээд байгаа юм бэ, өмнө нь манай том охин бага байхад нь бас оролдож байсан биз дээ” гээд уурласан. ...Тэр үед аав надад “хохь чинь танай охидууд чинь өөрсдөө дуртайдаа өмдөө шувталж ирдэг” гэж хэлсэн. Түүнийг сонсоод л миний толгой эргэх шиг болсон. Тэгээд аав руу шууд дайрч очоод толгой тархи руу нь цохиж зодож эхэлсэн. Тэр үедээ би гэрт байдаг бүдүүн шар эрээн бариултай хутгаар аавын духыг цохисон байх. Ямар ч байсан тухайн үед аавыг хөнөөе гэсэн бодол огт байгаагүй. Би ухаан жолоогүй уурлахдаа л хутгаар дух руу нь цохисон байх. ...Тэр үед би маш их уурласан байсан учраас болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. Нэг мэдэхэд охиноо уйлж байгааг анзаарсан. Би ч бас уйлчихсан бачимдчихсан байсан. Ингээд охиноо аваад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Манай эгч маань өрөвч зантай учраас Улаанбаатар хотод аавыг гудамжаар хоноглож байх үед нь өөрийнхөө гэрт аваачиж, усанд оруулаад хооллож ундлаад өөд нь татах гэж нэлээн оролдсон. Гэвч аав архи уугаад эгчийг зодоод гэрээс нь явчихдаг байсан. 2010 онд аав ******* эгчийн том охиныг нь 5 настай байхад нь оролдож байгаад эгчийн гэрээс нь хөөгдөөд явсан гэсэн. Эгч маань аавыг архи ууж өөрийг нь зоддог байхад хүртэл хүн чанар гаргаад гудамжнаас гэртээ авчирдаг байсан. Сүүлд охиныг нь оролдсоноос хойш аавыг гэртээ авчрахгүй гудамжинд нь орхисон...” гэх мэдүүлэг, гэрч “...хадам аавын хоёр нүд нь хөхөрчихсөн, нэг талын чихнээс нь цус гараад, нэг нүднийх нь доор шалбараад цус болчихсон баруун талын орон дээр сууж байсан. Би гайхаад эхнэрээсээ "аавын нүүр нь яачихсан юм" гэж асуутал эхнэр "би зодчихсон" гэж хэлсэн. Би түүнээс "чи юугаар зодсон юм, ямар аймаар болгочихсон юм" гэхэд эхнэр маань надад "би гараараа цохисон" гэж хэлсэн. Би эхнэртээ "чи ингэж гараараа цохино гэж юу байхав дээ, худлаа яриад байгаарай" гэж хэлсэн. Тухайн үед хадам аав надад ямар нэгэн юм хэлээгүй. Эхнэр орой хоол хийгээд бид нар бөөндөө хоолоо идчихээд орой 20 цагт галаа түлэхээр эргээд сургуулийн уурын зуух руу явж, 21 цагт буцаж гэртээ ирсэн. Тухайн үед хадам аав баруун талын орон дээр хажуу тийшээ хараад унтаж байсан. Би жаахан зурагт харж байгаад зүүн талын орон дээр эхнэр охин хоёрынхоо хажуу талаар орж хэвтсэн. ...өглөө 07 цагийн орчимд сургууль руу явахаар боссон юм. Тэр үед хадам аав орон дээрээсээ унаад баруун орны доогуур толгойгоо хагас хийчихсэн, дээшээ хараад ямар ч хөдөлгөөн байхгүй хэвтэж байсан. Би аав руу ойртоод түүнийг хөлөөрөө ёвроод сэрээх гэтэл аав амьсгалахгүй, бүр бие нь хөшчихсөн байсан. Ингээд би эхнэрийг сэрээж болсон явдлыг харуулж, цагдаа дуудах гэтэл эхнэр маань "яах юм бэ, би айгаад байна" гэж хэлсэн. Би түүнд "юу гэсэн үг юм, дуудахгүй бол болохгүй, нэг бол өөрөө очиж хэл" гэж хэлсэн. ...Ингээд би гэрийн гадаа байсан хадаасны лоомыг авчирч жорлонгийн банзыг ховхолж том нүх гаргаж байгаад хадам аавын цогцсыг жорлонд хийсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч “...Өвөө миний өмдийг тайлж байсан. Намар навч унаж байхад өмдийг маань тайлж байсан. Цасны улиралд бас өвөө өмдийг маань тайлж байсан. Тэгэхэд ээж гаднаас орж ирээд өвөөг загнасан. Ээж өвөө хоёр хоорондоо зодолдсон. Тэр үед аав байгаагүй. Ээж өвөөгийн толгойг аавын хар түрийтэй гутлаар цохисон. Өвөөгийн толгойноос цус гарсан. /баруун духны дээд хэсгийг заав/ Тэгээд би унтсан. Тэрнээс хойш манай өвөө байхгүй, асрамжийн газар руугаа явсан. Ээж өвөөг асрамжийн газар руу явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч “... ах надад “чи гараад ир” гэж хэлээд гэрээс гараад явахаар нь би түүнийг дагаад гэрээс гартал “ах нь чамд юм харуулъя” гэж хэлээд гэрийнхээ урд талын эзгүй хашаа руу ороод тэдний жорлон руу очсон. Жорлонгийн хажууд очоод ах “энэ дотор хүн байгаа чи хар даа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу солиороод байгаа юм бэ” гээд доош шагайж харах үед хүний хөл харагдах шиг болсон. Би айгаад “энэ юу вэ” гэж асуутал ах жорлонгийн гишгүүр банзыг гараараа татаж аваад “энд хүн үхсэн байгаа биз дээ, одоо хар” гэж хэлсэн. Тэгээд дахиад шагайж харах үед жорлонгийн нүхэн дотор атийгаад хэвтчихсэн үхсэн хүн байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 33 тоот “...Амь хохирогч Г.******* цогцост тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа /100см3/, хуйхны дотор дух, зулай хэсгийн цус хуралт, духны зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зулгаралт, зүүн завьжны няцарсан шарх, доод уруулын дотор салстын цус хуралт, няцарсан шарх, зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгийн урагдсан шарх, 2 талын шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх духны зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх тархины зүүн тал бөмбөлгийн чамархай болон зулай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь тархины гэмтлийн улмаас нас баржээ. Цогцос хөлдсөн учир нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй байна. ...Амь хохирогч Г.******* цогцост тогтоогдсон цээжний ар талын зулгаралт гэмтэл нь нас барсны дараа үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 43 тоот “..*******д сэтгэцийн байдалд эмгэг өвчин тогтоогдохгүй байна. Сэтгэцийн хувьд эрүүл байна. ******* нь ...аав ийг зодож эхлэх үедээ сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байна. Өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадвараа алдсан байсан байна. ******* нь хэрэг үйлдэх үедээ өөртөө хяналт тавих чадвараа түр хугацаагаар алдсаны улмаас хэрэг хариуцах чадваргүй байсан байна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгтэй байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах” гэмт хэргээс ялгагдаж байдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Г.******* амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА