Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/02282

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 19 өдөр                        Дугаар 183/ШШ2021/02282                          Улаанбаатар хот               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С дүүргийн ... хороо, ..., ... тоотод байрлах, М ХХК  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүргийн .... дугаар хороо, ..., ... давхарт байрлах, С /РД:.../-д холбогдох,

 

ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 299,766,727 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, түүний өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2018 оны 04 дүгээр сраын 06-ны өдөр Б ХХК-ийн Монгол Улсын Хөгжлийн банкинд төлөх 1,325,374,727 төгрөгийн зээлийн төлбөрийн өрийг өмнөөс нь төлж барагдуулсан. Энэ зээлийг төлсөнтэй холбоотойгоор 2019 оны 0... 24-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 3 дугаарт Б ХХК нь 1,351,918,014 төгрөгийн өглөгтэй үүний 1,325,374,720 төгрөгийг С-ийн ажлын гүйцэтгэлд авах шаардах эрхийг шилжүүлэх замаар өглөгийн тооцоог дуусгавар болгоно гэж заасан. Энэ гэрээний Б заалтын дагуу  Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг талууд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ба энэхүү гэрээний дагуу манайхаас С-д гэрээний үүргийн дагуу мэдэгдсэн ба 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулаад нийт 1,025,608,000 төгрөгт тооцож 58-94 м.кв 12 ширхэг орон сууцыг хүлээн авсан ба үлдэгдэл мөнгөн төлбөр болох 299,766,727 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлж авсаны дагуу  2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ..., 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ..., 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэж байсан. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл  төлбөрөө төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх Б ХХК-тай ... дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр 299,766,727 төгрөг байгаа. Хөгжлийн банкнаас авсан зээл, өмнөөс нь эргүүлж төлсөн байдал нь манай компанийн асуудал биш, М ХХК болон Б ХХК-ийн асуудал. Манай компанийн хүсэлтээр ийм зээл аваагүй. Манайх  Б ХХК-ийн хүсэлтээр М ХХК-д 1,016,000,000 төгрөгийн үнэ бүхий байрыг орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн, мөн нэхэмжлээд байгаа энэ мөнгийг Б ХХК нэхэмжлэгчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрвөл энэ өр төлбөрийг манайх төлөхөд бэлэн байна. Гэтэл энэ компаниудын хоорондын асуудлаас болж ийм байдалтай байна. Б ХХК-ийн захирал болон Монголиан траспортэйшн гейт ХХК нарын захирлууд ирж манайхаас мөнгөө нэхдэг. Манай зүгээс шүүхээс хэнд төлөхийг нь тодорхой болгож өгсөн тохиолдолд мөнгөө шууд төлөхөд бэлэн байгаа. Шаардах эрхийн гэрээгээ манайд танилцуулаагүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б ХХК болон М ХХК-ийн хоорондын асуудал хувьцаа эзэмшигчийн маргаанаас болж эхэлсэн. Ингээд 2 тал эвлэрлийн гэрээ байгуулаад бүх гомдол, нэхэмжлэлээ шүүхээс татаж авч эвлэрэхээр болсон. Энэ гэрээ 2019 оны 0... сарын 24-ний өдөр байгуулагдсан ба 7 хоногийн дотор шаардах эрхийн гэрээ байгуулсан боловч М ХХК-ийн хамаарал бүхий хүмүүс гэрээний үүргээ зөрчсөн. Энэ хэрэг одоо хүртэл үргэлжлээд явж байгаа. Нэг хэрэг татагдаагүй үлдсэн ба энэ хэрэг нь С дүүргийн Прокурорын газраар хянагдаад яллах дүгнэлт нь үйлдэгдсэн. Манайхаас нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тул төлбөр шаардахыг зөвшөөрөхгүй гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2016.12.07-нй өдрийн ... тоот ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 299,766,727 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн, харин хариуцагч хариу тайлбартаа “...төлбөр хүлээн авагч болох Б ХХК-ийн зүгээс мэдэгдсэн тохиолдолд төлбөрийг төлөх болно” гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд С ХХК, Б ХХК-ийн хооронд 2016.12.07-ны өдрийн ... тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа нэг жил, гэрээний үнэ уулын ажлыг гүйцэтгэх нэгж үнэ буюу хөрс хуулах, нүүрс олборлох 1 м/куб ажлын үнэлгээ 5,800 төгрөг байхаар, гэрээний  хавсралтаар хийх ажлын үнэ 1,527,984,000 төгрөг гэж тодорхойлсон байна.

 

Б ХХК-ийн хүсэлтийн дагуу түүний Монгол Улсын Хөгжлийн банкинд төлөх 1,325,374,727 төгрөгийн зээлийн төлбөрийг 2018.04.06-ны өдөр М ХХК төлсөн байх бөгөөд М.Ч, Г.Б, Ц.Б, П ХХК-ийн хооронд байгуулсан 2019.01.24-ний өдрийн эвлэрлийн гэрээний 3-ын (а)-д   зааснаар Г.Б болон П ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох М ХХК-ийн зүгээс Б ХХК-ийн хүлээсэн зээлийн үүргийн гүйцэтгэлд 1,351,918,014.96 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрч, Б ХХК-ийн өглөгийг баталгаажуулсан байна.

 

Түүнчлэн дээрх эвлэрлийн гэрээний 3-ын (b)-д зааснаар энэхүү гэрээг байгуулснаас хойш хуанлийн 7 хоногийн дотор Б ХХК-ийн зүгээс С-иас ажлын гүйцэтгэлд авах нийт 1,325,374,727.88 төгрөгийн авлагын шаардах эрхийг  М ХХК-д шилжүүлэх замаар гэрээний 3-ын (а)-д заасан өглөгийн тооцоог дуусгавар болгоно гэж тохиролцжээ.

 

Улмаар Б ХХК, М ХХК-ийн хооронд 2019.02.18-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээний нийтлэг үндэслэлд эрх эзэмшигч нь С болон эрх эзэмшигчийн хооронд үүссэн 2016.12.07-ны өдөр байгуулагдсан   ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,325,374,727 төгрөгийн төлбөр шаардах эрхээ эрх хүлээн авагчид шилжүүлэх үүргийг хүлээнэ, гэрээний 2.5-д зааснаар эрх хүлээн авагч нь шаардах эрх шилжүүлэн авсан тухайгаа үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх, үүрэг гүйцэтгэгчээс төлбөр гаргуулах асуудлыг өөрөө хариуцна гэжээ.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.

Иймд Б ХХК, М ХХК-ийн хооронд байгуулсан 2019.02.18-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ нь хууль зөрчөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д заасан шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ, 123.8-д заасан хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэсэн заалтад нийцсэн байна.

Дээрх шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу М  ХХК-ийн зүгээс удаа дараагийн мэдэгдлийг Б ХХК-д хүргүүлж байсан байх бөгөөд нэхэмжлэгч талд төлөх 1,325,374,727 төгрөгийн өглөгийг С-иас авах авлагаасаа авахыг зөвшөөрсөн шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 1,025,608,000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг орон сууцыг С-иас шилжүүлэн авсан, харин мөнгөн дүнгээр авах 299,766,727 төгрөгийг шилжүүлэн өгч тооцоог дуусгахыг 2021.02.04-ний өдрийн ... тоотоор мэдэгдсэн байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, хуулийн энэ заалтаар шаардах эрх шилжсэн болохыг үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол хуучин үүрэг гүйцэтгэгчийн өмнө үүргээ гүйцэтгэж болохгүй гэж ойлгодог.

 

Талуудын тайлбар, нэхэмжлэгчийн удаа дараагийн мэдэгдэл, С, М  ХХК-ийн хоорондын  2019.05.28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг бичгийн баримтаас үзэхэд шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн мэдэгдлийг хариуцагч хүлээн авч, 1,025,608,000 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгсөн, мөнгөн дүнгээр  тооцсон үлдэх төлбөрийг төлөөгүй байх тул хариуцагч С-иас 299,766,727 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шаардах эрх шилжүүлэх гэрээний 4.3-т “ нэг тал нь гэрээнээс татгалзсан бол энэ тухайгаа нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байх боловч энэ талаар Б ХХК мэдэгдээгүй, түүнчлэн энэ гэрээний 1.1, эвлэрлийн гэрээний 3-ын (а), (b) заалт тодорхой хэмжээгээр хэрэгжиж үүрэг гүйцэтгэгч төлбөрийн зарим хэсгийг төлсөн, шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар шаардах эрх нь хуулийн дагуу шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ.

 

Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар хуулийн үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч С-иас гэрээний үүрэгт 299,766,727  төгрөг гаргуулж М  ХХК-д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,656,783.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,656,783.63 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ