Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/02324

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 21 өдөр                          Дугаар 183/ШШ2021/02324                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ...сумын .... баг, .... дугаар хэсэг, ....дүгээр байрны ... тоотод оршин суух, ... овогт Х.А /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ...  дүгээр байрны өргөтгөлд байрлах, Э-т холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин, үр дүн урамшуулал, жилд нэг удаа авах үр дүнгийн урамшуулалт цалин нийтдээ 172,655,263 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, П.С, нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Э-д ажиллаж байгаад ээлжийн амралтаа авсан хойгуур намайг ажлаас чөлөөлсөн байсан. 2016 оноос хойш маш олон дарга солигдоод миний асуудлыг шийдэхгүй өнөөдрийг хүртэл явсан учраас ажилгүй байсан хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны олговор,  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Э-д даалгаж өгнө үү. Өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойш 5, 6 захиралтай уулзахад хүлээж бай асуудлыг шийднэ гэсэн хариу өгсөн. Би 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргаснаас хойш 4 жил гаруй хугацааны орлогыг нэхэмжилсэн. Өмнөх нэхэмжлэлдээ би 45,000,000 төгрөгийг анх нэхэмжилсэн, сүүлд 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж одоо нийтдээ 172,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Эийн захиргааны удирдлагын албан тушаалд томилогдож орохыг хүсэж байна. Ажилдаа орох гэж 10 гаруй хүсэлт өгч, 20 гаруй удаа очиж уулзсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Х.А ийг Эийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн .. тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна. Т-ын 2021.03.09-ний өдрийн ... тогтоолоор байгууллагын зохион байгуулалтын батлагдсан бүтцээр захиргаа удирдлагын хэлтэс байхгүй болсон, хүний нөөц гэрээ эрх зүйн хэлтэс болж өөрчлөгдсөн.  Манайд шилжиж ирсэн хүмүүсийн нэр дотор энэ хүний нэр байхгүй. Өмнө нь Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийг үндэслэн   Х.Аийг гадаад улсад суралцаж байгаа хүний оронд сул орон тоонд ажилд авсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар  1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Сүүлийн жилүүдэд ЭХХТ-ийн захирлын албан тушаал 4-5 удаа өөрчлөгдөн солигдсон ба төрийн байгууллагын тогтворгүй бүтцийг далимдуулж томилогдон ирсэн захирал бүрт албан бичиг өгч, их хэмжээний сул цалин нэхэмжилж байсан. Манайх 2 жил дараалан ажилгүй байсан хугацааны олговорт 40-д сая төгрөг олгосон, нэхэмжлэгч нь манай байгууллагад ажиллах сонирхолгүй, өмнөх ажил албан тушаалтай нь адил цалинтай ажлын байр санал болгоход татгалздаг байсан тул гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүх нэхэмжлэгч Х.Аийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

   Нэхэмжлэгч Х.А нь 2018.02.27-ны өдрөөс 2019.02.28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 25,024,863 төгрөг, үр дүнгийн урамшуулал 10,307,180 төгрөг, ээлжийн амралтын олговор 5,790,019 төгрөг,  2017, 2018 оны цалингийн нэмэгдэл 3,607,513 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг, нийт 44,531,630 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг анх гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021.03.21-ний өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2019.03.01-ний өдрөөс 2020.03.31-ний өдрийг дуусталх хугацааны олговор, урамшуулал, нэмэгдэл зэргийг тооцож 107,746,623.8 төгрөгийг нэмж нийтдээ 152,596,204 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргасан, мөн 2021.10.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлж 2021.03.01-ний өдрөөс 2021.10.31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 20,059,059.25 төгрөгийг нэмж нийтдээ 172,655,263 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...манайх 2 жил дараалан ажилгүй байсан хугацааны олговорт 40-д сая төгрөг олгосон, нэхэмжлэгч нь манай байгууллагад ажиллах сонирхолгүй, өмнөх ажил албан тушаалтай нь адил цалинтай ажлын байр санал болгоход татгалздаг байсан тул гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй” гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Х.Аийг Э ААТҮГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2017.03.22-ны өдрийн ... шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.06.28-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.11.22-ны өдрийн ... дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй болно.

 

Дээрх шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэх үндэслэлээр Х.А ажилгүй байсан хугацааны олговор, цалингийн зөрүү, алданги, ээлжийн амралтын мөнгө, үр дүнгийн урамшуулалд нийтдээ 89,697,252 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд тус шүүхийн 2018.02.27-ны өдрийн ... дугаар шийдвэр,   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.27-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.11-ний өдрийн ... дугаар тогтоолоор Э-аас 29,148,319 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

 

Э ТӨҮГ-ын захирлыг  2018 оны 10 сараас хойш  Т-ын тогтоолоор 4-5 удаа өөрчилсөн, түүнчлэн Э ТӨҮГ-ын зохион байгуулалтын батлагдсан бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай Т-ын 2021.03.09-ний өдрийн ... тогтоолоор  Захиргаа, удирдлагын хэлтэс /26 хүнтэй/ байхгүй болж, харин Хүний нөөц, гэрээ,  эрх зүйн хэлтэс /9 хүнтэй/ болж өөрчлөгдсөн байна.

 

Х.Ад  хүргүүлсэн Э-ын  2019.04.18-ны өдрийн мэдэгдэлд “...байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус төвийн санхүү бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллахыг санал болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажлын байр учир цалин, олговор хэвээр олгогдоно” гэжээ.

 

Дээрх мэдэгдлийг Х.А хүлээн аваагүй байх бөгөөд Э-т ирүүлсэн түүний 2017.05.22-ны, 2018.11.28-ны, 2019.05.10-ны, 2019.05.13-ны, 2019.09.09-ний, 2019.09.25-ны өдрийн хүсэлтүүдээс үзэхэд “...өөр ажлын санал хүлээж авахгүй, ажил олгогчийн саналыг зөвшөөрөөгүй” байдлаа удаа дараа илэрхийлж байсан, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажил олгогчтой үл ойлголцол үүсгэж байсан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүйтэй холбоотой байх бөгөөд  хариуцагч Э-ыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдээгүйд ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх үзлээ.

 

Нөгөөтэйгүүр Х.А нь анх Э ААТҮГ-ын захирлын 2015.01.27-ны өдрийн .. дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар гадаад улсад суралцаж байгаа Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ц.Сын ажлыг 2015.01.12-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэхээр томилогдсон, түүнтэй байгуулсан 2015.01.13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацааг 1 жил байхаар тохирсон, мөн 2015.02.17-ны өдрийн ... дугаар тушаалаар түр чөлөөлсөн атлаа  2015.02.27-ны өдрийн ... дугаар тушаалаар Ц.Сыг иртэл дээрх албан тушаалд томилсон байх бөгөөд Э ААТҮГ-ын захирлын 2016.08.31-ний өдрийн ... дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна”, 23.2-т “хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна, 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” гэж тус тус заажээ.

Э ААТҮГ-ын захирлын 2015.02.27-ны өдрийн... дугаар тушаал, Х.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл буюу ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзнэ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т зааснаар Э ААТҮГ, Х.А нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, ... зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар Э-т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин, үр дүн урамшуулал, жилд нэг удаа авах үр дүнгийн урамшуулалт цалинд нийтдээ 172,655,263 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Х.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,322,880 төгрөг /367,950+696,684+258,246/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ