| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0555/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/577 |
| Огноо | 2024-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Ням-Эрдэнэ хөтлөн,
улсын яллагч Б.Билгүүн,
шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* зах дээр пүүзний худалдаа эрхэлж байгаа, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянгол дүүргийн , од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:НЙ*******/, овогт *******ын *******.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, -ийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ******* , од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УП*******/, овогт *******ын *******.
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ “******* бид хоёр нь найзуудын харилцаатай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ “Би одоогоор ажил хийж байгаа өдөрт 50.000-80.000 төгрөгийн орлого олдог учраас хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлнө. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Гурав: Эрүүгийн 2405017550879 дугаартай хэргээс
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.гийн өгсөн: “Би 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ амраад сууж байхад орой 02 цагийн үед найз руу залгаж юу хийж байна гэхэд би хороололд ******* гэдэг караокед байна намайг ирээд аваач гэхээр нь гэрээсээ гараад такси бариад цагийн дараа байх тухайн хэлсэн караокед нь ирсэн чинь ороод ир гээд байхаар нь байсан өрөө рүү нь орсон хэдэн тоот өрөө гэдгийг нь санахгүй байна. Тэгээд ороход манай найз 3 эрэгтэйтэй хамт байсан. Тэгээд би тухайн 3 залуутай танилцаад бид нар том пиво хувааж уугаад 04 цагийн үед дуусгаад бүгд харих гээд гарсан. Ингээд би ыг хүргэж өгөх гээд баяртай гэж хэлээд цаашаа явж байсан чинь гэнэт ардаас толгой руу цохисон, юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан би манараад газар унахад хамт байсан 3 залуу дээрээс өшиглөж байгаад зугтаад явчихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.гийн дахин өгсөн: “Би гэмтэснээс болж ажилдаа 16 хоног яваагүй тухайн ажлын мөнгөө нэхэмжилнэ. Би баримтуудаа гаргаж өгч болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)
3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5179 дугаартай “И.гийн биед дагзны хуйханд ялзарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун зулай, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)
4. Таньж олуулах ажиллагаа явуулсан “Тухайн өдөр миний нүүр хэсэгт цохиж унагаасан залуу 1 дугаартай эрэгтэй хүн мөн байна. Намайг унасан байхад өшиглөж цохиж байсан 1 болон 2 дугаартай эрэгтэй хүмүүс мөн байна. Би тухайн үед караоке дотор хамт ууж байсан учраас царайг нь сайн таньж санаж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-45 дахь тал)
5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч И. нь ******* болон нэг эмэгтэйн хамт зогсож байхад ******* цаад талаас алхаж ирж байхад ******* баруун гараараа И.гийн нүүр хэсэг рүү цохиж байгаа байдал...******* хохирогчийг цохиж газарт унагаах үед ******* хувцаснаас нь зуурч цохих гэж байгаа байдал...Хохирогч газарт унасан байхад ******* нь толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байгаа байдлыг харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 46-50 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Э.*******ын өгсөн: “Би *******той хамт нэг газар хамт ажилладаг юм. 2024 оны 4 дүгээр сарын 14-ний орой ажлаа тараад орой бид гурав гадуур явж байгаад гийн хоёр эмэгтэй найзыг гэрийнх нь ойролцоогоор авч аваад бид нар хамт Модны хоёрт байрлах “*******” караоке ороод бид нар ууж байхад гаднаас 2 танихгүй залуу орж ирсэн. гийн эмэгтэй найзуудын найз юм шиг байсан. Ингээд бид нар тамхи татах гээд тамхины өрөө орсон чинь нэг залуу нь “энэ хоёр охин надтай байвал байртай” гэх зэргээр сонин зүйл яриад байхаар нь тухайн үед тоолгүй бид нар буцаад өрөөндөө ороод уугаад бид нар харих болоод гарсан юм. Тухайн үед караоке дотор ямар нэгэн маргаан болоогүй. Тэгээд гарсан чинь манай найз машинаа асаах гээд түрүүлээд машин руугаа явсан юм. Тэгээд гадаа байсан чинь нэг залуу нь “энэ хоёр охин намайг дагуул орон байртай намайг байртай болохоор миний найз охин болно” гээд байхаар нь уурлаад бид хоёр маргалдсан юм. Ингээд тухайн залуу намайг сугадаад яваад байхаар нь би цохих гээд байна гэж бодоод тухайн хүний толгой буюу нүүр хэсэг рүү цохисон чинь тухайн хүн газарт унаад манай найз ******* ирээд бид хоёр тухайн хүнийг өшиглөж цохиж байгаад зугтаад явсан юм. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Би тухайн хүний хохиролыг барагдуулна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дэх 62-63 тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Э.*******ийн өгсөн: “Би найз *******той нэг газар хамт ажилладаг юм. 2024 оны 4 дүгээр сарын 14-ний орой ажлаа тараад 21 цагийн үед ******* бид хоёр г дуудаад гадуур явж байгаад гийн 2 эмэгтэй найзуудыг 57 дугаар сургуулийн тэндээс аваад бид нар Модны хоёрт байрлах “*******” караоке орсон. Тэнд бид нар 0,75л архи болон пиво захиалж уугаад дуулж байхад гаднаас танихгүй хоёр залуу ороод ирсэн. Ингээд бид нартай танилцаад ууж байгаад бид нар тамхины өрөө ороод тамхи татаад байж байхад нэг залуу нь энд байгаа охин намайг дагаж явахгүй байхдаа гэр орон байхгүй гээд байхаар нь чи эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй гэж хэлээд бид нар хэрүүл маргаан үүсгээгүй буцаад өрөө рүүгээ орсон юм. Ингээд бид нар буцаад өрөөнд орж ууж байгаад харих болоод тухайн газраас гарсан юм. Тухайн үед нэг залуу нь гадаа гарчхаад нэг залуу нь найз охиноо аваад явчих уу гэхэд манай ******* хэзээ чиний найз охин болсон юм дөнгөж танилцчихаад гээд бид нар маргалдсан юм. Ингээд би тухайн залуутай маргалдаад зодолдож эхэлсэн юм. Манай найз ******* тухайн залуутай маргалдаад толгой хэсэг рүү нь цохиод нөгөө залуу газарт уначихсан. Тэгээд би босож ирээд маргалдах байх гэж бодоод гүйж очоод тухай хүний толгой цээж хэсэг рүү өшиглөөд найзыгаа аваад гүйгээд явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал)
8. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76, 83 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд И. нь 2024 оны 4 дүгээр сарын 14-нд найз н.ын дуудсанаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй караокед очиж Э.*******, Э.******* нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж тус караокеноос гарахдаа И. Э.******* нар нь маргалджээ.
Улмаар Э.******* нь хохирогч И.гийн нүүрэн тус газарт баруун гараараа цохин газарт унагаасан байхад Э.******* нь очиж хөлөөрөө өшиглөсөн хэргийн үйл баримт авагджээ.
Э.*******, Э.******* нарын дээрхи бүлэглэсэн санаатай үйлдлийн улмаас И.гийн дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун зулай, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь:
хохирогч И.гийн өгсөн: “...ардаас толгой руу цохисон, юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан би манараад газар унахад хамт байсан залуу дээрээс өшиглөж байгаад зугтаад явчихсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5179 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-45 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 46-50 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...тухайн залуу намайг сугадаад яваад байхаар нь би цохих гээд байна гэж бодоод тухайн хүний толгой буюу нүүр хэсэг рүү цохисон чинь тухайн хүн газарт унаад манай найз ******* ирээд бид хоёр тухайн хүнийг өшиглөж цохиж байгаад зугтаад явсан юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дэх 62-63 тал), Э.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...найз ******* тухайн залуутай маргалдаад толгой хэсэг рүү нь цохиод нөгөө залуу газарт уначихсан. Тэгээд би босож ирээд маргалдах байх гэж бодоод гүйж очоод тухай хүний толгой цээж хэсэг рүү өшиглөөд найзыгаа аваад гүйгээд явсан юм...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 70-71 дэх тал) давхар нотлогдож байх тул тэдгээрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч И.гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун зулай, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь хохирогч И.тэй маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Э.*******, Э.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч И.гийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байна..” гэж мэдэгджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотойгоор “Саммит” ХХК-ийн гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй цалингийн тодорхойлолтыг албан бичгээр гаргаж (хавтаст хэргийн 36 дахь тал)-д хавсаргуулжээ.
Тус тодорхойлолтоор И.гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнд олгогдох тэтгэмж, эмнэлгийн хуудас буюу лист, ямар хэмжээгээр олгогдсон эсэхийг нотолсон баримтгүйгээр цалин хөлсний зөрүүг шүүх шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбогдуулан нэхэмжилсэн 16 хоногийн цалинд 1.235.600 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.
Хохирогч И. нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.*******, Э.******* нараас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*******, Э.******* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас тус бүр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаархи санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Долоо: Бусад асуудлын талаар.
Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ын *******, овогт *******ын ******* нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч И. нь ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.*******, Э.******* нараас Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
6. Камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай
7. Хэрэгт шүүгдэгч Э.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ