Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2106

 

 

 

 

 

 

 

 

 

Р.С ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/02015 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Р.С ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.З д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 354 607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Р.С ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Өлзийхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.С  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.М нь Баянгол дүүргийн Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн 8а ангид суралцдаг бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хамар нь битүү хавдаж, хөхөрсөн байдалтай ирсэн. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нүд болон нүдний ухархай хамар нь хөхөрч ногоорон хамар нь битүүрч өөрт зовиуртай байгаа талаар хэлж, гэмтлийн эмнэлэгт очиж эмчид үзүүлж, зураг авахуултал хамрын яс хугарсан, хамрын таславч мурийсан, толгой доргисон байгаа тул эхо томограф хийлгэн Эх нялхасын эмнэлэгт цаг алдалгүй үзүүл гэсэн. Нэг ангид хамт суралцдаг М.Б тэй муудалцсаны улмаас М.Б  нь миний хамар руу хэд хэдэн удаа цохиж хамраас нь цус гарснаар уг асуудал болсныг мэдсэн. М.Б ий ээж миний хүүхэд зодсон үгүйг мэдэхгүй байна, эмчилгээний зардал, төлбөр өгч чадахгүй, цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад яв гэсэн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргаснаар тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Э гэж байцаагч өргөдлийг хүлээн авч, мөрдөгчийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжилгээ хийлгэсэн. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3791 дугаартай дүгнэлтээр Б.М-ийн биед хамрын ясны хугарал, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэсэн гэмтэл тогтоогдож, миний хүүгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарсан. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс мөн сарын 30-ны өдрийг хүртэл Б.М нь Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн Чих хамар хоолойн мэс заслын тасагт хамрын ясны цөмрөлт засах хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлсэн. Хагалгаанд ороход бүтэн унтуулж, хагалгааны дараа хүндрэл өгвөл харшилдаг эм тариа байдаг эсэхийг тодорхойлохоор хагалгааны өмнө антибиотекийн мэдрэг чанар тодорхойлох сорил тавиулсан. Ингээд хагалгаанд орсны дараа хүүхдийн биеийн эсэргүүцэл сул болсон байсан учраас сорил тавьсан газар нь тууралт харшил өгч улмаар бүх бие, гар хөл, нуруу гэх мэт хэсгүүдээр битүү харшиж тууралт өгсөн тул 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн сарын 19-ны өдөр хүртэл Арьс, харшил судлалын үндэсний төвд үзүүлэн гэрээр эмчилгээ хийсэн. Гэвч харшил нь ихэссэн тул 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн сарын 30-ны өдрийг дуустал Арьс, харшил судлалын эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд М.Б ий ар гэрийн зүгээс миний хүүг хагалгаанд орж байхад ч, гарснаас хойш ч биеийн байдал нь ямар байгаа талаар нэг ч удаа асууж, биднээс уучлал гуйсан зүйл байгаагүй. Бүх эм тариа, эмчилгээний төлбөр болон бусад холбогдох зардлууд нийт 2 354 607 төгрөг болсон боловч М.Б ий ар гэрийн зүгээс эмчилгээний төлбөрт мөнгө өгөөгүй. М.Б  нь миний хүү Б.М-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1506 тоот Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасан бөгөөд тогтоолд М.Б  нь 14 настай тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байх тул хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй гэсэн. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3-т заасны дагуу хүү Б.М-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хагалгаанд орсон, эм тариа, эмчилгээний төлбөр болон өмгөөллийн хөлс зардал болох гэм хорын хохиролд нийт 2 354 607 төгрөгийг М.Б ий хууль ёсны төлөөлөгч болох түүний ээж О.З гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.З  шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг зөрчил гарснаас хойш 3 хоногийн дараа надад мэдэгдсэн. Тухайн өдөр Б.М-ийн бие, зүс царайнд ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй, гэмтэл хэзээ үүссэн, миний хүү М.Б  уг гэмтлийг учруулсан нь тодорхойгүй. Хаана хэнд зодуулсан нь тодорхойгүй байна. Б.М нь зодооны урлагаар хичээллэдэг, тухайн өдрүүдэд хичээлдээ явсан ба зодооны дугуйландаа явсан байдаг. Б.М нь миний хүүгээс биеэр том, насаар ч ах учир зодуулсан байх учиргүй. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн шалгасан материалд Б.Мөнх-Эрдэнийг зодсон тухай миний хүү тайлбар баримтууд, нотлох баримт тогтоогдоогүй. Нэхэмжилж буй төлбөрийн ихэнх нь өдөр тутам идэх тансаг хоол ундны мөнгө байх ба хэрэг болсон болон эмнэлэгт хэвтсэн сар нь 03 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл байхад хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн баримт нь 4 сараас хойшхи болон сүүлийн баримтууд байгаа нь нэхэмжлэх үндэсгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл гарсан боловч 2 хүүхдийн тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 2 ээжээс нь зохих тайлбаруудыг авсан боловч 2 хүүхдээ өмөөрсөн тайлбарууд өгсөн байдаг. Прокурорын тогтоолоор учирсан гэм хорыг иргэний журмаар шийдвэрлэх эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гомдол гаргасан байна. Нийт 2 354 607 төгрөг нэхэмжилж байгаа баримтууд ялангуяа өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг нэхэмжилдэг нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагаар шалгаж байх явцад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Тухайн үед байцаалт, тайлбар өгөхөд өмгөөлөгч оролцоогүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрээ хэзээ хийгдсэн нь тодорхойгүй. Эмчилгээний төлбөрөөсөө давсан өмгөөллийн зардал нэхэмжилж, үйлчлүүлэгчээ хохироосон үйлдэл байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Бид Эх нялхсын эрүүл мэндийн төвийн эмнэлэгт хэвтэн хагалгаа эмчилгээ хийлгэсэн хугацааны 261 340 төгрөгийг л хүлээн зөвшөөрч байна. Арьс өнгөний эмнэлэгт ургамлын харшил гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. Хэрэг гарч, хагалгаа хийлгэснээс хойш 4 сарын дараа тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тул гарсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хамрын ясны хугарлаас болсон зүйл биш гэж үзэж байна. Харшилтай хүн эмнэлгийн хоол л идэх учиртай. Иймээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугийн талаар маргахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.З гаас 1 893 140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 461 467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.З гаас улсын тэмдэгтийн хураамжид 45 240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.С т олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлж дүгнэн, бодит дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчид төлсөн хөлсийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хэдийгээр өмгөөлөгч авах эрх байх боловч төлсөн гэх баримт нь зохих шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас давсан өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь банкинд харилцах данстай байх ёстой бөгөөд түүгээр дамжуулан хөлсөө авах ёстой атал үгсэн тохиролцож хуурамч баримт бүрдүүлснийг шүүх буруу дүгнэн шийдвэр гаргасан. Иймд өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Р.С ийн хүү 15 настай Б.М-ийн эрүүл мэндэд хариуцагч О.З гийн 14 настай хүү Н.Б-ний учруулсан гэм хорын төлбөрт 2 354 607 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1506 дугаартай “Хэрэгт бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр М.Б  нь Б.М-ийн биед хамар ясны хугарал, баруун нүдний доод совхи, зүүн нүдний доод совхинд цус хуралт гэмтэл тогтоогдон, эүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон” гэж дүгнэжээ. Талууд энэхүү тогтоолд заагдсан үйл баримтын зарим хэсэг буюу Н.Б-ээс Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх нөхцөл байдлын талаар маргаагүй байгаа боловч уг прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох боломжгүйг анхан шатны шүүх анхааралгүй, М.Б ий гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэх агуулгатай дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн алдаатай болсныг залруулах нь зүйтэй.

 

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж тус тус заажээ.  

 

Б.М нь 15 настай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй”, 24.3 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 24.2-т заасан иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй...” гэж тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эх Р.С ийг Б.Мөнх-Эрдэнэд учруулсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй нэхэмжлэгч гэж үзэн оролцуулсан нь зөв байна.

 

Талуудын хэн алины тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар М.Б  нь Б.Мөнх-Эрдэнийг зодсоны улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. М.Б  нь 14 настай болох нь хэрэгт авагдсан прокурорын тогтоолоор, түүний эх нь О.З  болох нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 7, 10-12/ Иймд хариуцагч Э.Золзаяа нь Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хүү М.Б ий бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Р.С ийн хүү Б.М-ийн эмчилгээний зардалд 393 140 төгрөг төлөгдсөн болох нь хэргийн 13-21 дүгээр талд авагдсан толгойн томограф, Гялс төвийн цусны шинжилгээ, эм тариа, рентгэн зураг, эмнэлгийн ор хоног, бензин, хоол хүнсний зүйл зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар уг зардлыг хариуцагч О.З  төлөх үүрэгтэй.

 

Ийм анхан шатны шүүх М.Б  нь Б.Мөнх-Эрдэнийг зодсонтой холбоотойгоор үүссэн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад шаардлагатай зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шалтгаант холбоо тогтоогдсон хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны  хөлсөнд 1 500 000 төгрөгийг гаргуулах хэсгийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. Хуулийн уг заалт нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зайлшгүй зардлыг хамаардаг.

 

            Нэхэмжлэгч Р.С  нь өмгөөлөгч Л.Ө-тэй хууль зүйн туслалцааа үзүүлэх гэрээ байгуулж, уг үйлчилгээний хөлсөнд 1 500 000 төгрөгийг өмгөөлөгч нь бэлнээр авсан тухай төлбөрийн баримтыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Р.С  нь өөрийн хүү болон хариуцагчийн хүүхдийн хоорондын гэм хор учруулсантай холбоотой эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх зорилгоор бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхтэй боловч үүнтэй холбоотой өмгөөлөгчид төлсөн гэх 1 500 000 төгрөгийг эрүүл мэндэд учруулсан хохирлыг арилгахад шаардлагатай зайлшгүй зардал гэж үзэхэд эргэлзээтэй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах хуулиар тогтоосны дагуу үүссэн үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь өмгөөлөгч хөлслөн авсан байх боломжтой.

Гэвч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ө нь энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хувиар оролцож, төлбөртэйгээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь нотлогдож байх тул зохигчдын маргааны хүрээнд эрүүл мэндийн гэм хорын хохирлын бодит зардал 393 140 төгрөг байгааг харгалзан өмгөөллийн хөлстэй холбоотой нэмэлт зардлыг 196 570 төгрөгийн хэмжээгээр тооцон хариуцагч О.З гаас гаргуулах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2018/02015 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...1 893 140 төгрөг...” гэснийг “...589 710 төгрөг...” гэж, “...461 467 төгрөг...” гэснийг “...1 764 997 төгрөг...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...45 240 төгрөг...” гэснийг “...18 338 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН