| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0107/э |
| Дугаар | 2017/ШЦТ/109 |
| Огноо | 2017-05-01 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгч Ү.Г-, Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ү.Г-, Б.Н- нарт холбогдох эрүүгийн 201722000126 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ү.Г-,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Н-,
Шүүгдэгч Ү.Г-, Б.Н- нар нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Дэлэнгийн гол гэх газар иргэн Б.Д-ын 3 тооны хонийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ү.Г-, Б.Н- нар нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Дэлэнгийн гол гэх газар өөрийн хонинд нийлсэн иргэн Б.Д-ын 3 тооны алдуул хонийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Г-: мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч Б.Н-: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ү.Гантулгын хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай нутгийн Б.Д- гэх хүний 3 тооны хонь манайд байсныг авч Мөрөнгийн төвд зарахаар ирсэн. Цагаан сарынхаа юм бэлдэх гээд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн юм…гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Н-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 15-ны оройны 21 цагийн орчим нохой хуцахаар нь гартал манай хонины хашааны гадаа 3 хонь үлдсэн байсныг хашсан гэж нөхөр хэлсэн. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 17-нд Мөрөн явна гээд нөхөртэйгээ ярьж байсан. Бид 2 унаа олдохгүй байж байтал манай нутгийн ах Б.Б- манай гэрт 15 цагийн үед ирсэн. Тэр өдрөө 18 цагийн орчим хонио хашсан юм. Тэгээд Мөрөнгийн төв явахаар болоод би гэртээ хувцсаа солиод гараад иртэл Б.Б- ахын машинд манай нөхөр хотноосоо 3 тооны хонь ачсан байсан. Бид 3 хонио ачаад Мөрөнгийн төв рүү явсан. Тэгж байтал Мөрөнгийн төвийн нисэх буудал дээр ирээд Б.Б- ах жолооны эрхгүй гээд төвөөс жолооч дуудсан. Бид нарыг зогсож байтал урдаас нэг машин ирээд зогссон. Тэгтэл цагдаа ирсэн. Тэгээд цагдаагийн газар ирж журамлуулсан юм ...гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 11 сард би Улаанбаатар хот руу яваад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Арбулаг сумандаа ирсэн. 02 сарын 15-ны өдөр нөхөр бид 2 малаа тоолоход хонь бүрэн, харин 4 толгой ямаа дутсан байсан. 02 сарын 17-ны өдөр манай 3 тооны хонь Арбулаг сумын 1 дүгээр багийн Дэлэнгийн голд саахалт байдаг Ү.Гантулгын хонины захад нь байхыг манай нөхөр /хамтран амьдрагч/ Нямхуяг дурангаар харсан юм. Тэгтэл тэр өдрийн орой харанхуй болж байхад Ү.Г- нь хоньтойгоо хамт манай 3 тооны хонийг тууж очсон. Тэдний гадаа манай нутагт байдаг Б.Б- гэх хүн машинтайгаа очсон байсан. Тэгтэл тэр хүний машинд нь гэнэт хонь ачаад унасан. Тэгэхээр нь бид гэрт нь очиж амжихгүй болохоор замыг нь тосох гэтэл машиных нь хурдыг гүйцэлгүй явуулсан. Би өөрийн алдсан гэх 3 тооны хонио тоо ёсоор амьдаар нь хүлээж авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би тухайн өдрөөс 3 хоногийн өмнө Үүртуяагийнд очиж 3 хоноод 02 сарын 17-ны өдөр Ү.Г- миний утас руу гэрт хүрээд ирээч гэж ярихаар нь би 15 цагийн үед очсон. Тэгтэл Ү.Г- Мөрөнгийн төв яваад өгөөч гэсэн. Тэгээд би тэдний гэрт байж байгаад оройны 19 цагийн орчим хамт Мөрөн явсан. Би өөрөө жолооны курст сууж байгаа, эрхийн үнэмлэхгүй учраас Нисэх буудал дээр зогсоод Мөрөнгөөс машинаа бариулахаар жолооч дүү Отгонтөрийг дуудсан байсан. Тэгтэл зогсоод удаагүй байхад нэг машин ирээд гэрлээ тусгаад урд тулаад зогссон. Тэгтэл эргүүлийн цагдаа байсан. Тэгээд намайг цагдаагийн хашаа руу авч явсан. Би бодохдоо намайг бичиг баримтгүй машин жолоодлоо гэж журамласан гэж бодсон. Гантулгын миний машинд ачсан хонь өөрийнх нь биш байсан юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Мал үнэлсэн тайлан /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан алдуул мал завшсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Н- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Д- нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн “2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ” байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгч Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ү.Г-д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч Ү.Г- нь урьд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 13 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 26 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдэж байсан талаарх шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Иймд шүүгдэгч Ү.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтайд тооцогдох хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Н- нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Д- нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 201722000126 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР