Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2131

 

 

 

 

 

 

 

 

    2021         07          20                                 101/ШШ2021/02131             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Очир 78а байрны 1102 тоотод оршин суух Ишгэн овогт Ц -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хороолол, 5 байрны 204 тоотод оршин суух Дайчин бичигт овогт Г -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, өмгөөлөгч Б, хариуцагчийн төлөөлөгч Ш, нарийн бичгийн дарга С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жолоочоор ажилладаг байхдаа автомашины мотор цохичихлоо гээд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б надаас 2,000,000 төгрөг зээлж авсан. Тус зээлийн мөнгийг хариуцагч Б.Гантулгын төрийн банкин дахь 340601368168 тоот дансанд шилжүүлсэн. Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ББСБ-ын хүү төлөх хэрэгтэй болчихлоо гээд өмнө зээлсэн 2,000,000 төгрөг дээр нэмж 200,000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг мөн л төрийн банкин дахь дээрх дансанд шилжүүлсэн. Зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагчаас шаардсан боловч маргааш өгнө, удахгүй өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн хариуцагч нь Футболкны хэвлэл хийх гэж байгаа бөгөөд бараа, материалын мөнгө шаардлагатай байна, удахгүй цалингийн зээл аваад өмнө нь авсан 2,200,000 төгрөгийг нийлүүлээд бүгдийг нь төлж барагдуулна гээд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг нэмж зээлсэн. Тухайн үед надад тийм их хэмжээний мөнгө байгаагүй тул 4,000,000 төгрөгийг миний төрсөн эгч болох Сандагсүрэнгээс зээлэхээр болсон бөгөөд эгч өөрийн данснаас хариуцагч Б.Гантулгын Төрийн банкин дахь 340601368168 тоот дансанд 2 сая, 2 саяар хуваан шилжүүлсэн. 4,000,000 төгрөгийг эгч Цгээс зээлэхдээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 хувийн хүүтэйгээр зээлэхээр болж, талууд бичгээр хэлцэл хийсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зээлийн хүүг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хариуцагчаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн хамт гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч Б нь надаас 2,000,000 төгрөг, миний эгч Цгээс 4,000,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөгийг буцаан төлөхийг шаардахад одоо цалингийн зээл бүтэж байгаа хэд хоноод өгнө, удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт 6,200,000 төгрөг, өмгөөллийн хөлс 600,000 төгрөг, нийт 6,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн гэрээ байгуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа тул зээлийн гэрээний дагуу зээлийн хүү шаардахгүйгээр харин өмгөөллийн хөлсөнд төлсөн 600,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр 6,200,000 төгрөг дээр нэмж гаргуулахаар шаардаж байгаа болно гэв.

 

Хариуцагч Г шүүхэд болон төлөөлөгч Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэгдэл 2,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц, хариуцагч Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 4,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2,800,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, би 2018-2019 онд хариуцагчид 2,200,000 төгрөгийг зээлдүүлж, 2020 онд нэмж мөнгө зээлье гэхэд өөрт мөнгө байгаагүй учир 4,000,000 төгрөгийг эгч Цгийн дансаар дамжуулан зээлдүүлсэн, энэ хэргийн талаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авч 600,000 төгрөг төлсөн учир хариуцагчаас 6,800,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. Хэрэгт нэхэмжлэгч Цгийн ХААН банкны 5926167633 тоот данснаас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 4,000,000 төгрөгийг 340601368168 тоот дансанд шилжүүлснийг хариуцагч өөрийн данс бөгөөд тус 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, төлөхийг хүлээн зөвшөөрч, 2,800,000 төгрөгийг Цгээс зээлээгүй, өмгөөлөгчийн хөлсийг төлөх нөхцөл бүрдээгүй үндэслэлээр татгалзжээ.

Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт хамаарах 2,000,000 төгрөгийг өөрийн данснаас хариуцагчид шилжүүлсэн, 600,000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн тул өөрөө шаардан гаргуулна гэж тайлбарласан, тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу зэлийг хариуцагчаас шаардаж байгааг дурджээ. Иймд төлөөлөгч Быг нэхэмжлэгч гэж үзэхгүй бөгөөд тэрээр нэхэмжлэгч Цг итгэмжлэлээр төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь төлөөлүүлэгчээс олгосон эрхийн хүрээнд хэрэгжих учир төлөөлөгчөөр оролцож буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй.

Харин төлөөлөгч Бын хариуцагчаас өөрийн нэрийн өмнөөс шаардаж буй 2,000,000 төгрөгийн шаардлагыг хариуцагч Гас шаардах эрх нь Цгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Гд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож буй энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсэх боломжгүй бөгөөд гагцхүү Гд холбогдуулан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө нэхэмжлэгчээр оролцож байгаа үед шүүх эрх зүйн маргааныг хянан хэлэлцэх бөгөөд төлөөлөгчийн хувьд ийнхүү нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

Төлөөлөгч, өмгөөлөгчид төлсөн 600,000 төгрөгийн өөрийн нэрийн өмнөөс төлсөн, хууль зүйн үйлчилгээ авсан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч О.Цолмон оролцоогүй, хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй 2,800,000 төгрөгийн шаардлага нь нэхэмжлэгч Цд хамааралгүй, нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчид зээлдүүлсэн, өмгөөлөгчийн хөлс төлсөн гэж үзэхгүй үндэслэлээр энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г /УП89063017/-аас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц /ШБ82072266/-д олгож, нэхэмжлэлээс 2,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Гас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭБИШ