Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/563

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,               

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,  

шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Н-д холбогдох эрүүгийн 2405000000809 тоот дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 19** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Б овогт Ц.Н, /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т. маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н:  “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Т.А-н өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа А.У охин дээрээ эргэж очоод 14 цагийн орчимд уулзаад гараад явж байтал М.Д дуудаж 15:00 цагийн үед уулзах гээд очихдоо согтууруулах ундаанаас Хараа нэртэй 0.75 литрийн архи нэг шил, 0.5 литрийн Хараа нэртэй архи нэг шил тус бүр 2-ийг авч Баянгол дүүрэг 1 хороо ***-р байрны *** дугаар орцны подвалд Д-нд орсон. Гэрт нь Д болон ээж нь бага хүүтэйгээ байсан би Д-н ээж Ц, дүү Г нартай нийлж тэр 2 шил архийг уусан би тэрнээс 500 грам орчим уугаад тасраад унасан. Орой 22 цагийн үед гаднаас Д-н салсан нөхөр Н нь орж ирээд эхнэртэйгээ хардаж миний нүүрлүү өшиглөсөн миний хамраас цус гарч би цусаа арчаад согтуу байсан болохоор Д манайд хоноод яв гээд би хоносон. Маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Д-н гэрт миний цэнэглэсэн байсан Redmi 7а утас байхгүй байхаар нь би Д-н гэрт нь хайгаад олоогүй хэн авсан нь тодорхойгүй байсан болохоор Д-с гарч шууд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны  **** тоотод байрлах гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.А-н дахин өгсөн:“... 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, *** дугаар байрны *** орцны подвалд 08 цагийн үед Ц, Н, Цэ нарын хамт архи согтууруулах ундаа 0.75 литрийн Хараа архи 2 шилийг хувааж уусан. Би 500 грам орчим уугаад тасраад унасан байсан. 22 цагийн үед сэрэхэд намайг Н эхнэртэйгээ хардаад нүүрний хамар хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан. Би 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** подвалоос Ц-н гэрээс гарахдаа гадуур куртиктэй байсан куртикний халаасанд хийсэн байсан. Гэртээ ирээд гадуур куртикэндээ орхисон байсныг дараа нь 2024 оны 05 дугаар сарын 20 нь хавьцаа мэдсэн. Миний утсыг хүн аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6134 тоот: 1. Т.А-н биед хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

            Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.А маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

        

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.А маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Т.А өгсөн: “...Би 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа А.У охин дээрээ эргэж очоод 14 цагийн орчимд уулзаад гараад явж байтал М.Д дуудаж 15:00 цагийн үед уулзах гээд очихдоо согтууруулах ундаанаас Хараа нэртэй 0.75 литрийн архи нэг шил, 0.5 литрийн Хараа нэртэй архи нэг шил тус бүр 2-ийг авч Баянгол дүүрэг 1 хороо ***-р байрны *** дугаар орцны подвалд Д-д орсон. Гэрт нь Д болон ээж нь бага хүүтэйгээ байсан би Д-н ээж- Ц, дүү Г нартай нийлж тэр 2 шил архийг уусан би тэрнээс 500 грам орчим уугаад тасраад унасан. Орой 22 цагийн үед гаднаас Д-н салсан нөхөр Н нь орж ирээд эхнэртэйгээ хардаж миний нүүрлүү өшиглөсөн миний хамраас цус гарж би цусаа арчаад согтуу байсан болохоор Д манайд хоноод яв гээд би хоносон. Маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Д-н гэрт миний цэнэглэсэн байсан Redmi 7а утас байхгүй байхаар нь би Д-н гэрт нь хайгаад олоогүй хэн авсан нь тодорхойгүй байсан болохоор Д-с гарч шууд Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны *** тоотод байрлах гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.А-н дахин өгсөн:“... 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, *** дугаар байрны *** орцны подвалд 08 цагийн үед Ц, Н, Цэ нарын хамт архи согтууруулах ундаа 0.75 литрийн Хараа архи 2 шилийг хувааж уусан. Би 500 грам орчиж уугаад тасраад унасан байсан. 22 цагийн үед сэрхэд намайг Н эхнэртэйгээ хардаад нүүрний хамар хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан. Би 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 0 подвалоос Ц-н гэрээс гарахдаа гадуур куртиктэй байсан куртикний халаасанд хийсэн байсан. Гэртээ ирээд гадуур куртикэндээ орхисон байсныг дараа нь 2024 оны 05 дугаар сарын 20- ны хавьцаа мэдсэн. Миний утсыг хүн аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6134 тоот: 1. Т.А-н биед хамар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөвлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг. Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч Т.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм. Хохирогч Т.А нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон 6 хоногийг хасаж тооцуулж 402 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэх санал,

         Шүүгдэгч: “...Надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч Ц.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 90,000 төгрөгийг эдлэх ялаас хасаж тооцохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-н цагдан хоригдсон 6 хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 90,000 төгрөгийг эдлэх торгуулийн ялаас хасаж тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н-д оногдуулсан 360 /гурван зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний 360,000 /гурван зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5. Шүүгдэгч Ц.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ