Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/03512

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т Т Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц-д холбогдох,

 

Борлуулалтын орлого 3,744,318 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч А.Ц, гэрч Д.Г, Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Иргэн А.Ц нь сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ байгуулах хүсэлтийг Т Т ТХХК-д гаргаж, холбогдох материалыг хүргүүлснийг компанийн зүгээс сайжруулсан шахмал түлш борлуулах газар, агуулахын байрыг үзэж, холбогдох материалыг шалгаад улмаар 2019 оны 8 дугаар сарын 30-нд БЦ-82 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” байгуулсан. Тус гэрээнд зааснаар борлуулалтын үнийн дүнгийн 10 хувиар тооцож хөлс олгохоор, мөн борлуулагч тухайн өдрийн борлуулалтын орлогоо ажлын цагт багтаан тушаах үүрэг хүлээж гэрээ байгуулсан. А.Ц нь гэрээний хугацаанд нийт 123,648,000 төгрөгийн түлш авсан. Түлшний нунтаг хог хаягдлыг хэвийн хорогдол гэдэгт оруулж тооцдог. Буцааж тушаасан нунтаг хог хаягдлыг төлсөн мөнгөнд оруулж тооцдог. А.Цийн буцааж тушаасан  хэвийн хорогдлууд нийлээд 119,903,682 төгрөг болж байгаа. А.Ц Т Т ТХХК-д тушаасан 119,903,682 төгрөгийн урамшууллыг авч байсан. Гэтэл А.Ц нь сайжруулсан шахмал түлш борлуулсан орлогоо тухай бүр тушаахгүй явсаар өр үүсгэсэн. 2020 оны 2 дугаар сараас эхэлж А.Цийн өрийн асуудал гарч ирээд борлуулсан түлшнийхээ төлбөрийг компанийн данс руу тухай бүр шилжүүлэхгүй байсан учраас А.Цийн урамшууллын 10 хувиас өр суутгаж эхэлсэн. Хавар 4 сар гэхэд дулаарчихдаг учраас түлшний борлуулалтын хугацаа дуусдаг. Борлуулагч нар цалин биш борлуулсан борлуулалтын орлогын 10 хувиар нь урамшуулал авдаг. А.Цд авсан түлш байхгүй, борлуулалт байхгүй учраас урамшуулал бодогдохоо больсон. Гэрээний 4.5-д зааснаар борлуулагч төлбөр тооцоогоо нийлснийхээ дараа урамшууллаа авах эрх зүйн үндэслэл үүсдэг. Гэрээний 4.7-д баталгаат жин, шуудайны ам оёх оёдлын машин зэргийг өөрөө бэлдэж энэ ажлыг хийнэ гэж заасны дагуу А.Цийн яриад байгаа жин, оёдлын машин зэрэг нь төлбөрт тооцогдох боломжгүй. Хорих 441 дүгээр ангитай Т Т ТХХК 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулаад сайжруулах шахмал түлшний савлагаа хийлгэж байсан асуудал байгаа. А.Ц жолооч нараар 441 дүгээр ангиас  өөрийнхөө борлуулах цэг рүү өөрөө мөнгө төлж түлшээ татаж авсан гэдэг асуудал нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон Т Т ТХХК-ийн 441 дүгээр ангитай байгуулсан гэрээтэй ямар ч хамааралгүй. А.Ц өөрөө сайн дураараа өөрийнхөө мөнгөөрөө тухайн ажиллагаагаа хийлгэж байсан. Бид гэрээнд заасан цэгтээ түлшийг буулгаж өгч байсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 441 дүгээр ангитай гэрээ байгуулснаас хойш савласан түлшээ А.Цд зөөж өгч байсан. 441 дүгээр ангиас 2 жолоочоор түлш зөөлгөж, хөлс төлж байсан гэж ярьж байна. А.Ц энэ ажиллагааг өөрөө зохицуулж хийж байсан болохоос манай компанитай тохиролцож хийсэн асуудал биш. Хэрэв зайлшгүй шаардлага байсан бол компанид хүсэлтээ гаргаад компаниар түлшээ зөөлгөх боломж байсан. Т Т ТХХК-тай хамтран ажилладаг тээврийн компани олон байдаг. Хувь хүнтэй тохиролцож түлш зөөлгөчихөөд энэ мөнгөө манай компаниас нэхэмжлэх үндэслэл байхгүй. Тухайн үедээ дарга нартай тохиролцоод хүсэлтээ бичгээр гаргаад хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэрлэж авсан бол ямар нэгэн баримт байх ёстой. Гэтэл баримт огт байхгүй. А.Цтэй Т Т ТХХК-ийн санхүүгийн албанаас 2020 оны 5 дугаар сарын сүүлийн байдлаар тооцоо нийлэхэд 5,364,919 төгрөгний өр төлбөртэй гарсан ба А.Ц нь хүлээн зөвшөөрч тооцоо нийлж гарын үсэг зурснаас хойш урамшууллаас суутгал хийн хасагдаж одоо үлдэгдэл 3,744,318 төгрөгийг А.Цээс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 

Т Т ТХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах байдлаар маргаж байна. А.Ц миний бие Т Т ТХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр БЦ-82 дугаартай сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээг байгуулсан. Гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд миний бие Т Т ТХХК-аас 118,925,250.00 төгрөгийн үнийн дүнтэй 792,835 тн бүхий шахмал түлшийг хүлээн авсан. Үүнээс 12,971,850.00 төгрөгийн өртөг бүхий 86,479 тн хог гарсан бөгөөд 706,356 тн буюу 105,953,400.00 төгрөгийн шахмал түлшийг худалдан борлуулж өөрийнхөө Хаан банкны 5751318386 тоот данснаас Т Т ТХХК-ийн харилцах Хаан банкны 5038080523 тоот данс руу 100 удаагийн гүйлгээгээр 105,953,400.00 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохих ёсоор шударгаар гүйцэтгэж шилжүүлсэн. Миний бие 86,479 тн шахмал түлшний хог хаягдлыг Т Т ТХХК-тай акт үйлдэж Т Т ТХХК-д хүлээлгэн өгсөн. Миний бие Т Т ТХХК-ийн шахмал түлшнээс нэг ч төгрөгийг өөртөө авч, хувьдаа зарцуулаагүй. Т Т ТХХК-ийн санхүүгийн албатай 2020 оны 5 дугаар сард 5,364,919 төгрөгийн өр төлбөртэй зүйл дээр тооцоо нийлж акт үйлдэж гарын үсэг зурсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч хуульд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн Т Т ТХХК нь надтай байгуулсан сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээнийхээ хөлсийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэж байгаагүй. Хугацаа хожимдуулах, гэрээний хөлсийг дутуу өгөх зэрэг үйлдлийг удаа дараа гаргаж ирсэн. Үүний гол нотолгоо нь миний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт, надад өгч байсан цалин хөлсний үнийн дүнгийн зөрүүгээр нотлогдох болно. Надтай гэрээ хийхдээ 2 тал гарын үсэг зураад баталгаажна гээд 1 хувийг нь өгнө гээд өгөөгүй. Гэрээ дахиад шинэчлэгдлээ гээд бас ирээгүй. Сайжруулах түлш борлуулах гэрээнд О.Уянга гэдэг хүний нэр байна, би бол О.Уянга гэдэг хүн биш. А.Ц гэж бичээгүй байна. Тухайн үед ажлын 8 цагийн дотор орлогоо тушаана гэсэн зүйл байгаагүй, надтай тийм гэрээ хийгээгүй. Би орлогоо тухай бүрт хийж байсан, орлогоо удаа дараа хийхгүй байгаагүй. Гэрээ шинэчилж хийсэн гэх боловч шинэчилсэн гэрээг хайгаад олоогүй. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад гэрээгээ дуусгавар болгосон. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би надад цалин байхгүй юм уу, эгчийнх нь цалин яагаад орохгүй байгаа юм бэ гэж асуухад орсон байх ёстой, би банк руу шилжүүлсэн гэсэн чинь банкнаас өөр хүн рүү шилжүүлсэн байсан. 2 сая төгрөгийн цалингаа 1 сая, 1 сая төгрөгөөр хувааж авсан. Түүнээс хойш цалин авахгүй байсаар байгаад гэрээний хугацаа дууссан. 2020 оны 1 дүгээр сарын савлагааны хөлсийг өгөхгүй, өрөнд чинь суутгана гэж хэлсэн. Орлогоо сар бүр хийж байсан тайлан тооцоо надад байгаа, тооцоогоо тулж байсан. 2020 оны 5 дугаар сар гэхэд тооцоогоо дуусгаад надад 5 сая гаруй төгрөгийн өр байна, савлагааны хөлс суутгагдаад 3 сая гаруй төгрөг болох юм байна гэхээр нь би цалин аваагүй учраас буцаагаад төлөх боломжгүй байсан. Тийм учраас оёдлын машин, жин, утас, бээлий, маск, утас авсан зардал, тээврийн зардалд өгсөн мөнгөө хасуулъя гэхэд бага зэргийн мөнгө төлөөрэй гээд өнгөрсөн. Түүнээс хойш миний бие өвдөөд хавдартай гээд очиж чадахгүй байсаар байгаад өдий хүрсэн. Над руу холбогдохгүй байхаар нь миний хэлээд байсан зүйлийг болгосон байх гэж бодож байсан. 2019 оны 10 дугаар сард хорих 441 дүгээр ангид буулгасан түлшийг 2 машин хөлслөн зөөлгөсөн зардлыг өөрөөсөө гаргасан тул тул тухайн зардлыг хасч тооцох ёстой. Иймд шахмал түлш хүлээн авсан, хог хаягдлын зөрүү, худалдан борлуулсан шахмал түлшний хэмжээ тэдгээрийн нэгж бүрийг нарийвчлан шалган эрх зүйн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би урамшууллын үнийн дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн учраас цалин гэж үзэж байна. Надад гэрээний дагуу урамшуулал цалин олгож байгаагүй, би Т Т ТХХК-аас цалин нэхэмжилнэ” гэв.

 

г

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Т ТХХК нь хариуцагч А.Цд холбогдуулан борлуулалтын орлогын үлдэгдэл 3,744,318 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Т Т ТХХК болон А.Ц нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан БЦ-82 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ”-нд Т Т ТХХК нь сайжруулсан шахмал түлшээр хангах, борлуулалтын орлогын дүнгийн 10 хувийн урамшууллаас холбогдох хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож сар бүрийн 15, 30-ны өдөр олгох, А.Ц нь өөрийн эзэмшлийн газар, агуулах, түрээсийн цэгүүдээр худалдан борлуулах, өдөрт борлуулсан сайжруулсан шахмал түлшний тооцоог тогтоож өгсөн ажлын цагт багтаан тушаах, хариуцсан няравтай 7 хоногт 2 удаа тооцоо нийлж байхаар заажээ. /хх-8-11/

 

Т Т ТХХК болон А.Ц нарын хооронд үйлдсэн 1553 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд тус баримтад А.Цийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны тооцоог нийлж 5,364,919 төгрөгийн өртэй байгааг баталгаажуулсан байна. /хх-6/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Цийн борлуулалтын орлогын үлдэгдэл 5,364,919 төгрөгөөс түүнд олгогдоогүй байсан урамшуулал 1,620,601 төгрөгийг хасч, үлдэгдэл 3,744,318 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. /хх-5/

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч А.Ц нь нэхэмжлэгч Т Т ТХХК-аас 2019 оны 9 дүгээр сараас сайжруулсан шахмал түлш авч, худалдан борлуулж, борлуулалтын орлогыг буцаан төлж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч нь Т Т ТХХК-аас 2019 оны 9 дүгээр сараас  сайжруулсан шахмал түлш авч худалдан борлуулж байсныг хүлээн зөвшөөрч байх боловч байгуулсан гэрээний хувийг түүнд өгөөгүй, Т Т ТХХК-ийн санхүүгийн албатай 2020 оны 5 дугаар сард 5,364,919 төгрөгийн өр төлбөртэй зүйл дээр тооцоо нийлж акт үйлдэж гарын үсэг зураагүй, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээнийхээ хөлсийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэж байгаагүй, гэрээний дагуу урамшуулал цалин олгож байгаагүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Т Т ТХХК болон А.Ц нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан БЦ-82 дугаартай “Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээ” болон 1553 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтанд хариуцагч А.Ц нь гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд гэрээний хувийг түүнд өгөөгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг түүнээс шаардсан нь хууль бус гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Хариуцагч нь уг тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Ц 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 123,648,000 төгрөгийн сайжруулсан шахмал түлш авч худалдан борлуулсан, түлшний хэвийн хорогдлыг хасч тооцон үлдэгдлийг тодорхойлсон гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд хариуцагч нийт 118,925,250 төгрөгийн сайжруулсан шахмал түлш авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Мөн хариуцагч нь нийт авсан сайжруулсан шахмал түлшнээс 12,971,850 төгрөгийн үнэ бүхий 86,479 тонн түлшний хог хаягдал гарсныг Т Т ТХХК-д акт үйлдэн хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1-д борлуулалтын орлогын дүнгийн 10 хувийн урамшууллаас холбогдох хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож сар бүрийн 15, 30-ны өдөр олгохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч А.Цийн борлуулалтын орлогын дүнд тохирох урамшууллыг олгож, олгогдоогүй байсан урамшууллын 1,620,601 төгрөгийг хасч тооцсон гэх тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Мөн гэрээний 4.7-д зааснаар А.Ц нь баталгаажуулсан жин, шуудайны ам оёх машиныг өөрөө бэлтгэх үүргийг хүлээсэн байх тул хариуцагчийн ашиглаж байсан жин, оёдлын машиныг сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогын үлдэгдэл төлбөрт хасч тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сард хорих 441 дүгээр ангиас сайжруулсан шахмал түлш зөөвөрлөх шаардлагатай болж, 2 машин хөлслөж зардлыг өөрөөс гаргасан тул тухайн зардлыг төлбөрийн үлдэгдлээс хасч тооцуулна гэх тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч Т Т ТХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хорих 441 дүгээр ангитай гэрээ байгуулан сайжруулсан шахмал түлш савлуулах ажлыг хийж гүйцэтгүүлж байсан бөгөөд хариуцагч А.Ц 2019 оны 10 дугаар сард өөрийн санаачлагаар автомашин хөлслөн түлш зөөвөрлөн авч худалдан борлуулах ажиллагааг хийсэн нь тус компанид хамааралгүй гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч А.Ц хорих 441 дүгээр ангиас автомашин хөлслөн түлш зөөсөн гэх асуудалд нэхэмжлэгч компанийг буруутган хариуцагчаас гарсан зардлыг сайжруулсан шахмал түлшний төлбөрт тооцон хасах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас автомашин хөлслөхөд төлсөн гэх төлбөрийг сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогын дүнгээс хасч тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч А.Ц нь 2019 оны 10 дугаар сард хорих 441 дүгээр ангиас сайжруулсан шахмал түлш зөөвөрлөхийн тулд автомашин хөлслөхөд түүнээс гарсан гэх зардлыг нэхэмжлэгч Т Т ТХХК-аас шаардаж байгаагүй, гарсан гэх зардлыг сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогоос хасч тооцуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч компаниас авч худалдан борлуулсан сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогыг буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч борлуулалтын орлогын үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т Т ТХХК нь борлуулалтын орлогын үлдэгдэл төлбөрийг хариуцагч А.Цээс шаардах эрхтэй.

 

Зохигчдын хооронд үйлдсэн 1553 дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсан сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогын үлдэгдэл 5,364,919 төгрөгөөс хариуцагч А.Цд олгогдоогүй байсан урамшуулал 1,620,601 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч А.Цээс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогын үлдэгдэл төлбөрт 3,744,318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Т ТХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч А.Ц нь нэхэмжлэгч Т Т ТХХК  сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах гэрээний хөлсийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэж байгаагүй, гэрээний дагуу урамшуулал цалин олгож байгаагүй тул цалин хөлс гаргуулна гэх тайлбарыг гаргасан боловч уг асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч А.Цээс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлого 3,744,318 /гурван сая долоон зуун дөчин дөрвөн мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Т ТХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 74,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Т ТХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР