| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/03302/И |
| Дугаар | 101/ШШ2021/02953 |
| Огноо | 2021-10-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/02953
| 2021 10 01 | 101/ШШ2021/02953 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар байр, 12 тоотод оршин суух, Жандалынхан овогт Жадамбаагийн Сумъяабазар нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэг, өөрийн байранд байрлах, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг холбогдох,
Захирлын тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шижир, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхбуйр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэгт 2019 оны 7 дугаар сараас эхлэн мэдээлэл технологийн албаны даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд байгууллагын дотоод журамд заасан алдаа дутагдал гаргаагүй, ажилдаа хайнга хандсан зүйл гаргаж байгаагүй. Хариуцагч байгууллага нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр зөрчил гаргаагүй байхад нь технологийн албын даргаас чөлөөлсөн байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тухайн үед нэхэмжлэгч нь ажил олгогчид мэдэгдсэн. Нэхэмжлэгчийг мэдээлэл технологийн албаны даргаар ажиллаж байх үеийн шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэж өг гэх шаардлага тавьсан тул хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа ажлаас нь халсан гэх мэйл ирүүлсэн байсан. Ажил албан тушаал бууруулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 дүгээр тушаалд гомдол гаргах эрхтэй ба уг гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад буюу 7 хоногийн дараа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал дахин гаргасан байсан. Нэхэмжлэгч сард 893,200 төгрөгийн цалин авдаг байсан ба ажилгүй байсан хугацааны цалингаа 2021 оны 08 дугаар сараас хойш гаргуулна. Хариуцагч талаас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 дүгээр тушаалын 1 дүгээр заалтад заасан эмнэлгийн программ хангамжид тавигдах нийтлэг шаардлагыг хангахгүй гэх тайлбараа баримтаар нотлох ёстой. Ямар баримтаар уг шаардлагыг тавьсан бэ. Хоёрдугаарт, программ хөгжүүлэлтийн явц удаашралтайн улмаас иргэдэд болон ажилтануудад чирэгдэл үүссэн гэдгийг нотлох ёстой. Гуравдугаарт, хугацаатай үүрэг даалгаврын гүйцэтгэл хангаж ажиллахгүй байна гэдгийг мөн нотлох ёстой. Ямар үүрэг, даалгаврыг хаанаас өгсөн эсэх, хэрхэн биелүүлээгүй болох нь тодорхойгүй байдаг. АШУҮИС-ийн удирдлагатай зөвшилцсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлсөн гэдэг, гэтэл энэ талаархи баримт байдаггүй. Мэдээллийн технологийн албаны даргын ажлаас чөлөөлөөд инженерийн албан тушаалд томилсон гэдэг. Гэвч инженерийн албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй. Ер нь энэ ажлаас халах асуудал яагаад үүссэн бэ гэхээр Япон-Монголын эмнэлэгт Япон улсын мэдээлэл технологийн системийг суурилуулж, ажиллуулж байсан. Гэтэл уг эмнэлгийн удирдлагыг Боловсролын яам өөртөө шилжүүлж аваад, өөрсдийн хүмүүсийг тавиад, өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажлуудыг нь нураачихсан. Нэхэмжлэгч хэдийгээр энэ эмнэлэгт бага цалинтай ажилладаг боловч нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгаж, ард нь гарахыг хүссэн. Япон улсын мэдээллийн технологийн төхөөрөмж яагаад дарга нарт таалагдахгүй болсон бэ гэхээр үйлчилгээ авсан хүмүүсийн төлбөр төлбөрийн мэдээлэл тухай бүртээ ил тодоор мэдээллэгдэж байсан юм. Дээрх төлбөрийн мэдээллийн үнийн дүн нийтэд ил тод тавигдах нь дарга нарт нь таалагдаагүйгээс үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Эмнэлгийн системийг хөгжүүлж, Япон улсын үзүүлсэн дэмжлэг туслалцааг хянаж байсан хүмүүст ажлаа хүлээлгээд өгчих юм бол нэхэмжлэгч өөрөө ажлаасөө гарчихна. Учир нь нэхэмжлэгч хүний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа учраас эхлүүлсэн ажлаа нь дуусгах зорилготой байгаа. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тушаалууд болох Монгол-Японы эмнэлгийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 тоот тушаал, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/303 тоот тушаалуудыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил албан тушаал болох мэдээллийн технологийн албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь HIS нэртэй эмнэлгийн мэдээллийн системийг хэрэглэдэг бөгөөд тус системийн үйл ажиллагааны дутмаг байдалтай холбоотойгоор уг системийг хэрэглэгч эмнэлгийн ажилчдаас их хэмжээний гомдол гаргаж байсан тул эмнэлгийн захирал нь тус эмнэлгийн мэдээлэл технологийн апбаны дарга Ж.Сумъяабазарт эмнэлгийн мэдээллийн системийг сайжруулахаар шат дараалалтай, хэд хэдэн удаагийн үүрэг даалгаврыг өгч байсан. Ж.Сумъяабазар нь уг үүрэг даалгавруудыг биелүүлээгүй тул эмнэлгийн захирал М.Адилсайхан нь АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатартай зөвшилцсөний үндсэн дээр ЖСумъяабазарыг Мэдээлэл технологийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж мэдээлэл технологийн инженерээр ажиллуулах тухай Б/290 тушаалыг гаргасан. Уг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг Ж.Сумъяабазарт 7 дугаар сарын 23-ны өдөр Захиргаа, хүний нөөцийн хөгжил, сургалтын албаны дарга Ж.Базарсүрэн нь биечлэн танилцуулсан. Тушаалтай холбогдуулан эмнэлгийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/142 дугаар тушаалаар ажил хүлээлцүүлэх комисс томилогдон 7 дугаар сарын 26-ны өдөр Мэдээлэл технологийн албаны даргын үүрэгт ажлыг мэдээлэл технологийн инженер О.Мөнхзулд хүлээлцүүлсэн. Уг ажил хүлээлцэх үйл явцыг Ж.Сумъяабазар хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээлгэн өгч, гарын үсэг зурсан нь А/142 болон Б/290 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Эмнэлгийн захирлын Б/290 тоот тушаалыг тус АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн гаргасан болно. Тус дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/137 дугаар тушаалаар батлан мөрдүүлж ирсэн. Уг хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7 дах заалтад Ажил олгогч бүтэц, орон тооны өөрчлөлт, ажлын байранд тавигдах шаардлага, ажилтны ур чадвар, мэргэшил, эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн бүтээмж зэргийг харгалзан ажилтны аждын байр, албан тушаалыг эмнэлгийн захирлын тушаалаар өөрчилж, шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан байдаг тул энэхүү заалтыг үндэслэл болгон Ж.Сумъяабазарын албан тушаалыг өөрчлөн ажиллуулах тушаал гаргасан болно. Нэхэмжлэгч Ж.Сумъяабазар нь нэхэмжлэлийн үндэслэлдээ АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7 дах заалтыг хууль бус, хүчин төгөлдөр бус гэж үзсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, нэхэмжлэлд хамаарахгүй тайлбар хийсэн байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэлдээ Б/290 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг тайлбарлахдаа Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 2 дах заалтыг дурдсан нь үндэслэлгүй байна. Тус дээд шүүхийн тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 зүйлийн 40.1.2 дах заалтыг тайлбарласан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг тайлбарласан тайлбар юм. Гэвч Б/290 тушаал нь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажил олгогчийн санаачилгаар ажилтны албан тушаалыг өөрчилсөн зохицуулалт бүхий тушаал юм. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирлын Б/303 дугаар тушаалыг хөдөлмөрийн дотоод журмын 22 дугаар зүйлийн 7 дах хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 2 дах заалт, 5 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 19 дэх заалтыг үндэслэл болгосон. Хөдөлмөрийн дотоод журмын 22.7.4 дах заалт нь Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8-аас дээш цаг ажил таслах, (чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш ажилдаа ирээгүй хугацаа хамаарна) гэсэн зохицуулалттай. Хөдөлмөрийн гэрээний 5.3.19 дах заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэлд хамаарах заалт юм. Тус заалт нь Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хожимдсон нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл болно гэсэн зохицуулалттай. Нэхэмжлэгч Ж.Сумъяабазар нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоног ажлаа тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Сумъяабазар нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б/290 дугаартай тушаалтай танилцсан. Уг тушаалыг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг эурсан, мөн тухайн өдрөөс хойш ажлаа шалтгаангүй тасалсан тул Б/303 дугаар бүхий ажлаас халах тушаал гаргасан. Уг хугацаанд нэмэхжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах талаар мэдэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй болно.
Энгийн мэдээллийн системийг хэрэглэх явцад нэхэмжлэгч, инженерүүд цалингаа авч программыг хөгжүүлж ирсэн. Өөрсдөө хөгжүүлэх явцад учир дутагдал гарахад эмнэлгийн ажилчдаас болон тасгийн эрхлэгч нараас санал, гомдол ирж байсан. Уг системийг хэрэглэж байхад нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хүмүүс ирээд программыг сайжруулах тухай шаардлага өгсөн. Тухайн үед тус шаардлагад нь манай программ хүрэхгүй олон зүйл дутуу байсан. Тиймээс сонгон шалгаруулалт явуулж мэдээллийг системийг солихоор болсон. Сольсон систем нь эрүүл мэндийн даатгалаас мөнгө нэхэмжлэх болон үйл ажиллагаа нь боловсронгуй байсан тул АШУҮИС гэрээ хийж, эмнэлэгт нэвтрүүлж өгсөн. Өнөөдөр гаргасан баримт дээр Эрүүл мэндийн яам болон зөвлөлөөс гаргасан шаардлагад нийцүүлэхийн тулд нэхэмжлэгчид график байгуулж, шаардлага тавьсан боловч графикийн дагуу ажиллахгүй байсан тул мэдээлэл технологийн инженерээр ажиллуулсан. Нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтандаа мэдэгдэлгүйгээр 5 хоног ажлаа тасалсан. Тиймээс бид мэйлээр мэдэгдэл явуулсан боловч хариу ирээгүй. 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/209 дугаар тушаалаар түүнийг ажлаас халсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.3.13, 5.3.19, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4 зэргийг үндэслэсэн. Эдгээрийг үндэслээд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/303 дугаар тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгч хуульд нийцээгүй гэдгийг нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан зүйл гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сумъяабазар нь хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт холбогдуулан захирлын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 тоот тушаал, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/303 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 130 дугаар зүйлийн 130.2, Засгийн газрын 2019 оны 25 дугаар, 2019 оны 472 дугаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/307 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3.6.1, 3.6.6, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Эмнэлгийн мэдээллийн программ хангамжийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн төрөлжсөн программ хангамжид тавигдах нийтлэг шаардлага хангахгүй, программ хөгжүүлэлийн явц удаашралтай байгаагаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүлээгдэл, чирэгдэл үүссэн, хугацаатай үүрэг даалгаврын гүйцэтгэл хангаж ажиллахгүй байгаа тул АШУҮИС-ийн удирдлагатай зөвшилцсөний дагуу Ж.Сумъяабазарыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс Мэдээлэл технологийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, уг албанд мэдээлэл технологийн инженерээр ажиллуулахаар,
Мөн захирлын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/303 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.3.19, Хөдөлмөрийн дотоод журмын 22.7.4-т заасныг тус тус үндэслэн эмнэлгийн мэдээлэл технологийн албаны инженер Ж.Сумъяабазарыг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан гэж 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 11-12 дугаар тал/
Нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тэрээр дээрх тушаалуудын үндэслэлд хамаарах нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...эмнэлгийн программ хангамжийн хөгжүүлэлт шаардлага хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Программын хөгжүүлэлт хэвийн явагдаж байсан. Хугацаатай үүрэг даалгавар өгч байсан удаа байхгүй. Мэдээллийн технологийн албаны даргын ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн ба уг тушаалд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дахин 7 хоногийн дараа ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Ж.Сумъяабазар нь хариуцсан ажил болох эмнэлгийн программ хөгжүүлэлтийг хийгээгүй, хөгжүүлэлтийн явц удаашралтайн улмаас иргэд болон ажилчдаас удаа дараа гомдол, санал ирсэн. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул түүнийг мэдээллийн технологийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мэдээллийн технологийн инженерээр томилсон. Инженерээр томилогдсоноос хойш ажилдаа ирээгүй 5 хоног ажил тасалсан нь ноцтой зөрчил тул ажлаас чөлөөлсөн гэж тус тус тайлбарлаж, маргасан.
Ажилтан Ж.Сумъяабазарыг эмнэлгийн программ хөгжүүлэлтийг хийгээгүй, хөгжүүлэлтийн явц удаашралтайн улмаас иргэд болон ажилчдаас удаа дараа гомдол, санал ирсэн, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй. Тодруулбал,
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн Эмнэлгийн мэдээллийн систем хөгжүүлэлтийн ерөнхий төлөвлөгөө /2021-2022/ гэх баримтыг зааж, уг баримтаар ажилтан Ж.Сумъяабазар нь ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй, хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй болох нь тогтоогдоно гэж тайлбарласан. Уг баримтаас үзэхэд ажилтан Ж.Сумъяабазарын гүйцэтгэх ажил буюу түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан гүйцэтгэвэл зохих ажил үүрэгт хамааруулан гаргасан баримт мөн гэж үзэхээргүй, хэн хэзээ, ямар ажилтаны гүйцэтгэх ажилд зориулж гаргасан эсэх нь тодорхойгүйн дээр уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас эмнэлгийн программ хангамжийн хөгжүүлэлт муу, удаашралтайн улмаас иргэдэд чирэгдэл үүсдэг, энэ талаар ажилчид болон эмнэлгээр үйлчлүүлэгч нараас удаа дараа гомдол ирдэг гэх боловч хариуцагч нь үүнтэй холбоотой баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй.
Мөн хамт олны хурал дээр ажилтан Ж.Сумъяабазарыг ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа талаар удаа дараа сануулж байсан, уг сануулга нь тухайн ажилчдын хурлын тэмдэглэлд тэмдэглэгддэг гэх боловч уг тайлбартай холбоотой баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, шүүх хуралдаан талуудын хүсэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 13, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хойшилсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал тайлбар, татгалзалтай холбоотой баримтаа цуглуулж өгөх боломжит хугацаа байсан боловч тэрээр уг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.
Нөгөө талаар, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт ашиглагдаж байсан программ хангамжийг чанарын шаардлага хангахгүй байгаа болохыг энэ талаар зохих мэргэжил эзэмшсэн этгээдээр шалгуулаагүй, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагуудын зүгээс программыг чанарын шаардлага хангахгүй гэж дүгнэж, тус сургуулийн нийт салбар 4 эмнэлэгт /Япон-Монголын эмнэлэг, Нүүр ам судлалын эмнэлэг гэх мэт/ ашиглагдаж байсан программыг нийтэд нь өөр программаар сольсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч талаас тайлбарласан.
Уг тайлбараас үзэхэд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон түүний харьяа салбар эмнэлгүүдийн хэмжээнд ашиглах программ хангамжийг сургуулийн удирдлага, эмнэлгийн удирдлагууд харилцан ярилцаж өөр шинэ программаар нийтэд нь солихоор шийдвэрлэсэн байна. Иймд нэг салбар эмнэлэг болох Япон-Монголын эмнэлгийн ажилтан Ж.Сумъяабазарын шууд буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан программ хангамжийг солих шаардлага үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай.
Ажил олгогч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 тоот тушаалаар ажилтныг ажлаас чөлөөлж, ажил албан тушаалыг бууруулсан атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь уг тушаалын үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэхээр байна. Уг тушаалын үндэслэл болсон Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоол, 472 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/307 дугаар тушаалууд нь Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох, төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ хэмжээг тогтоосон хэм хэмжээний актууд байх ба эдгээр тогтоол, тушаал нь www.Legalinfo.mn сайтад тавигдсан, нийтэд илэрхий баримт байгааг дурдах нь зүйтэй.
Ажилтан Ж.Сумъяабазар нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 тоот тушаалын дагуу инженерийн ажил, албан тушаалыг зохих журмын дагуу хүлээж аваагүй, ажил олгогч нь ажилтантай инженерийн албан тушаалд ажиллуулахтай холбоотой ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч нь инженерийн ажил, албан тушаалыг зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн гэх тайлбараа хэргийн 30-32 дугаар талд авагдсан ажил хүлээлцүүлэх хуудас гэх баримтаар тогтоогдоно гэх боловч уг баримт нь мэдээлэл технологийн албаны даргын ажил, албан тушаалыг ажилтан нь ажил олгогчид хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримтууд байна. Иймд ажил олгогчоос ажилтантай инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, уг албан тушаалыг зохих журмын дагуу хүлээлгэн өгч ажиллах нөхцөл боломжоор хангаагүй атлаа 5 хоног ажилдаа ирээгүй үндэслэлээр түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.
Нөгөө талаар, ажилтан нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад ажил олгогчоос дахин түүнийг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.
Тодруулбал, "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Хэрэгт авагдсан авагдсан баримтуудаар ажилтан Ж.Сумъяабазарыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул Ж.Сумъяабазарыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн мэдээллийн технологийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.
Харин нэхэмжлэгч нь захирлын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/290 тоот тушаал, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/303 тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулснаар урд эрхэлж байсан ажил болох мэдээлэл технологийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбарласан. Уг тайлбар, хүсэлтээс үзэхэд захирлын дээрх тушаалуудыг хүчингүй болгуулах нь түүний мэдээллийн технологийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь байна. Иймд дээрх тушаалуудыг хүчингүй болгох нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалуудыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.
Ажилтан Ж.Сумъяабазар нь сарын 893,200 төгрөгийн цалин хөлстэй болох нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал гарсанаас хойшхи хугацааны цалин буюу сарын цалин 893,200 төгрөгийн хөлснөөс тооцуулж гаргуулна, нийгмийн даатгалын шимтгэлийг ажиллаж байх хугацаанд тогтмол төлж байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилтныг сарын 893,200 төгрөгийн үндсэн цалинтай, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж ирсэн гэж тус тус тайлбарласан. Иймд талуудын хэн аль нь ажилтан Ж.Сумъяабазарын цалинг 893,200 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 07 дугаар сар хүртэл ажил олгогч тасралтгүй төлсөн үйл баримтад маргаагүй тул тухайн цалингаас тооцож ажилтаны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцов. /хх-ийн 6-10 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс уг шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 2 сар ажилгүй байсан тул хариуцагчаас 1,786,400 төгрөг /893,200 х 2 сар/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Мөн ажилтан Ж.Сумъяабазарт олговол зохих цалин олговор болох 1,786,400 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сумъяабазарыг хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн мэдээлэл технологийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгээс 1,786,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сумъяабазарт олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сумъяабазар олгох 1,786,400 төгрөгийн олговроос зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113,732 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ