| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2021/01365/И |
| Дугаар | 001/ХТ2024/00205 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2024/00205
И-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00893 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00933 дугаар магадлалтай,
И-н нэхэмжлэлтэй
Г-д холбогдох,
Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, гуравдагч этгээд С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И-р нь хариуцагч Г-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00893 шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар И-ар болон Г-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Гиас гэрээний үүрэгт шилжүүлсэн 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Иарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Иаас гэрээний үүрэгт 128,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч “Г” БСБ татгалзсаныг баталж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,717,950 төгрөг, хариуцагч Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 797,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-иас 2,283,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И-арт олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00933 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Г” БСБ-д холбогдох, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411,100,000 төгрөг гаргуулах тухай Иын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,213,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь заалтад тус тус заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 5.1-д “Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022.01.14-ний өдрийн 02 дугаар тогтоолд дурдсан гэмт хэрэгтэй холбоотой үйл баримтад үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь талуудын байгуулсан хэлцлийн агуулга нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд, мөн хууль ёс, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны үндсэн үнэлэмжүүдтэй үл нийцсэн, харшилсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоодог.
Хэрэгт авагдсан баримт болон Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022.01.14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор талуудын хооронд байгуулсан дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал болох нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтан гэрээ байгуулахдаа хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн нь тухайн гэрээг хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. 6.1-д “Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022.01.14-ний өдрийн 02 дугаар тогтоолд дурдсан хариуцагч нь нэхэмжлэгчийг хуурч мэхэлсэн, хуурамч баримт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнийг анхан шатны шүүх тэдний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, дээрх гэрээнд заасан ажил үйлчилгээтэй холбоотой сонгон шалгаруулалтад оролцох баримтыг хуурамчаар үйлдсэн хариуцагчийн үйлдэл нь тухайн хэлцлийг хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн, хариуцагч ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.” гэж тус тус дүгнэсэн байна.
Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаартай тогтоолын 5.1-д “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.” гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүх баримтлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Учир нь Нийслэлийн прокурорын газрын 2022.01.14-ний өдрийн 02 дугаартай тогтоолд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан тендерийг хянан үзэх, 28 дугаар зүйлд заасан тендерийг үнэлэх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, шаардлага хангахгүй этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний улмаас ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай гэрээ байгуулагдаж...” гэж үзсэн. Дээрх тогтоол үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлд “Хүчин төгөлдөр бус гэрээ”-г заасан байх бөгөөд 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж заасан байх бөгөөд ийнхүү байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж заажээ. Зохигчдын байгуулсан маргаан бүхий ... дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалт, Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаартай тайлбарт заасан үндэслэлд бүрэн нийцсэн, Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г нь илт ашиг хонжоо харж, нэхэмжлэгч И-артай гэмт хэргийн шинжтэй гэрээ байгуулсан байх бөгөөд ийм хэлцлийг хэдийгээр хийх боломжтой боловч хуулиар хориглосон буюу зөвшөөрөгдөөгүй байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.
Мөн түүнчлэн дээр дурдсан прокурорын тогтоол үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 дахь заалтад “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.” бол “хүчин төгөлдөр бус гэрээ” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь заалтад “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.” бол “илт хууль бус гэрээ” гэж үзэхээр тус тус заажээ.
Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт “Иргэний хуулийн 59 дүгээр зүйл нь бүх төрлийн хэлцэлд үйлчилнэ. Хууран мэхлэх замаар нөлөөлсөн хүсэл зоригийн илэрхийлэл, энэ үндсэн дээр хийсэн хэлцэл нь анхандаа бүрэн хүчин төгөлдөр байх боловч түүнд 57.1 дэх хэсгийн дагуу нэхэмжлэл гарган хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаж болдог. 59.1 дэх хэсгийг шалган тогтоох дараалалд хууран мэхлэх, үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгож баталж, нотлохыг оролдох, бодит үнэн нөхцөл байдлыг далдлах, бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулах, хэлцлийн нэг талыг хууран мэхэлсэн нөхцөл байдал үүссэн байх ёстой, хууран мэхлэгч этгээд санаатайгаар хууран мэхлэх зорилго агуулж, үйлдлээ хийсэн байна, хууран мэхэлсэн нь хэлцлийн нөгөө тал төөрөгдөлд өртөх үндэслэл болсон тохиолдол буюу санаатайгаар хууран мэхэлсэн нь төөрөгдлийн сэдэлт, шалтгаан болсон байна, хууран мэхлэх үйлдлийн зорилго нь ямар нэгэн төөрөгдлийг сэдэж бий болгох, эсхүл бий болсон төөрөгдлийг хэвээр хадгалах явдал байна /хариуцагч хуурамч баримт үйлдсэн, прокурорын тогтоолд дурдсанаар хариуцагч шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл, гүйцэтгэх боломжгүй ажлыг гүйцэтгэж чадах мэтээр захиалагч буюу Иыг төөрөгдөлд оруулсан/” гэж, мөн “санаатайгаар хууран мэхлэх өөр нэг нөхцөл бол хууран мэхлэгч этгээд бодитой орших үнэнийг мэдэж байх явдал юм. Хууран мэхлэгч этгээд хууран мэхлэх зорилго санаатайгаар үйлдлээ гүйцэтгэнэ. Мөн уг тал хийсэн мэдээллээ буруу ташаа байж болохыг тооцоолсон боловч нарийвчлан шалгаж, лавлалгүйгээр үнэнд үл нийцэх зүйлийг баталж, нотлохыг оролдсон бол санаатайгаар хууран мэхлэх зорилго агуулсан гэж үзнэ. Хууран мэхлэгч этгээд хэлцлийн нөгөө тал төөрөгдөхийг мэдэж, зорилгоо болгосон байх ёстой. Хууран мэхлэхгүй бол хэлцлийн нөгөө тал нь хүсэл зоригийн илэрхийлэл буюу хэлцлийг огт, эсхүл тохиролцсон агуулгаар хийхгүй хэмээн хууран мэхлэгч этгээд үйлдэлдээ хандсан бол үүнийг хангалттай үндэслэл гэж үзнэ.” гэж заасан.
Хариуцагч Г-ийн тендерт шалгарахын тулд хийж чадахгүй, хийх боломжгүй буюу шаардлага хангахгүй байтал хийж чадах мэтээр хуурамч баримт бүрдүүлж, тухайн тендерт шалгарсан нь илтэд байтал давж заалдах шатны шүүхээс дээр дурдсанчлан дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтад заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.09.12-ны өдрийн 001/ШХТ2024/00989 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч И-ар нь хариуцагч Г-д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргаж, үндэслэлээ: “...И-аас 2017 оны 05 дугаар сард Олон улсын нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан ...сургалтын үйлчилгээ үзүүлэхээр тендер зохион байгуулсан. Тендерт Г шалгарч, гэрээ байгуулах санал хүргүүлснээр 2017.08.01-ний өдөр ... дугаартай гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч байгууллага нь хуурамч баримт бүрдүүлж тендерт оролцсон болох нь тогтоогдсон ба ажлын туршлагагүй хүмүүсээр сургалт явуулсан зэрэг зөрчлүүд хожим илэрсэн. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 512,000,000 төгрөгөөс гүйцэтгэлтэй холбоотой зардлыг хасаад 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон,
Хариуцагч тайлбартаа: “...Манай сургуулийн зүгээс хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, хууран мэхэлсэн зүйл байхгүй. Иар болон Гийн удирдлагуудыг шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй, ...И-ар болон Г-ийн хооронд байгуулсан гэрээ нь яг ямар хуулийг зөрчсөн болох, цаашлаад уг асуудлаар шүүхээс талуудыг гэм буруутайд тооцсон эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй. ...Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ: “......нэхэмжлэгч нь тендер сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хариуцагч нь хуурамч нотлох баримт үйлдэж тухайн тендерт хууль бусаар шалгарсан үйл баримт тогтоогджээ.
Мөн нэхэмжлэгч ...512,000,000 төгрөгийг Г-д шилжүүлж, төсвийн хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан.
...хариуцагч Г-ийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015.12.02-ны өдөр олгосон 200610 дугаар тусгай зөвшөөрөлд дурдсан Төрийн захиргааны менежментийн сургалтыг л явуулах эрхтэй мөртлөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр гэрээ байгуулж, бусдаас их хэмжээний мөнгөн хөрөнгө хүлээн авсан, тус хүлээн авсан 512,000,000 төгрөгийн зарцуулалтын тайланг зохих журмын дагуу гаргаж нэхэмжлэгчид танилцуулаагүй, ...ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй буюу дээр дурдсан зөрчлийг гаргасан тул талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл талууд байгуулсан, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хэлцэл хийх зорилгоор хариуцагч бусдыг хууран мэхэлсэн нь тогтоогдсон тул Иар болон Гийн хооронд байгуулагдсан 2017.08.01-ний өдрийн ... дугаартай Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан Иын харьяа алба, салбаруудын ажилтнуудад Иргэний нисэхийн салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр, аюулгүй байдлын чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, нисэх буудлын ажилтан албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ...гэрээний үүрэгт шилжүүлсэн 411,100,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийсэн бол,
Давж заалдах шатны шүүх: “...Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022.01.14-ний өдрийн 02 дугаар тогтоолд дурдсан хариуцагч нь нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн, хуурамч баримт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэнийг анхан шатны шүүх тэдний хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, дээрх гэрээнд заасан ажил үйлчилгээтэй холбоотой сонгон шалгаруулалтад оролцох баримтыг хуурамчаар үйлдсэн хариуцагчийн үйлдэл нь тухайн хэлцлийг хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн, хариуцагч ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй...” гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тодорхойлсон боловч нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
10. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч И-ар нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад оруулахтай холбогдуулан И-ын харьяа алба, салбаруудын ажилтнуудад И-н салбарын менежмент, нисэх буудал газрын үйлчилгээ, ачаа тээвэр, аюулгүй байдлын чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэх, нисэх буудлын ажилтан албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэхээр тендерийн үйл ажиллагаа зохион байгуулсан, тендерт Г шалгарч 2017.08.01-ний өдрийн ... тоот гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу хариуцагч Г нь нисэх буудлын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт, үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч Иар нь 640,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Гэрээ хэрэгжих явцад буюу 2018.04.16-ны өдрийн “Б” ХХК-ийн дүгнэлтээр “...Г нь тендерийн санхүүжилттэй холбоотой 512,000,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн зарцуулалттай холбоотой мөнгөн хөрөнгийн анхан шатны баримт бүрдүүлэлт дутуу, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт хангалтгүй, санхүүжилтийн төсвийг хэрхэн зарцуулсан талаар тайлан гаргаагүй, санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил илэрсэн. ...ирүүлсэн баримтын хүрээнд шалган үзэхэд тендерийн гүйцэтгэлтэй холбоотой зардал 100,900,000 төгрөг байна, үлдсэн мөнгөний зарцуулалт тодорхой бус байна...” гэж,
Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022.01.14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “...Тендер зохион байгуулахад нэхэмжлэгч Иын эрх бүхий албан тушаалтнууд хайхрамжгүй хандаж, Тендерийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 27, 28 дугаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, шаардлага хангахгүй этгээдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан, хариуцагч Гийн захирал, сургалт хариуцсан менежер нь тендер сонгон шалгаруулахад өрсөлдөгчгүй оролцох, гүйцэтгэлээр шалгарах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдсэн..” болох нь тогтоогдсон байна.
11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан, 42.1.3-т энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн бол худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэхээр зохицуулсан.
Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч Г нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015.12.02-ны өдөр олгосон 200610 дугаар тусгай зөвшөөрөлд дурдсан “Төрийн захиргааны менежмент”-ийн сургалтыг л явуулах эрхтэй атлаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг Англи, Монгол хэл дээр зохион байгуулж, сургагч багш бэлтгэх, иргэний нисэхийн ажилтан, албан хаагчдын мэргэжлийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх тендерт хуурамч материал бүрдүүлэн оролцож, улмаар тендерт шалгарч сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр гэрээ байгуулсан байх тул 2017.08.01-ний өдрийн ... дугаартай Сургалтын гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Ийнхүү хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан дан ганц Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022.01.14-ний өдрийн 02 дугаар тогтоолтой холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн агуулгаар анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.
12. Иймд зохигчийн хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон, хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй, эрх зүйн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Маргааны зүйл нь ... тоот нэг гэрээ байх ба нэгэнт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон байхад мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй, хуулийн эдгээр заалт нэг гэрээнд давхар хэрэглэгдэхгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зохигчийн хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
“Б” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 512,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба гэрээтэй холбоотой гүйцэтгэлд 100,900,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч 411,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
13. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, үйл баримтад илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.
14. Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00933 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00893 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Иар, хариуцагч Г-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Гиас 411,100,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч И-т олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч И-аас 2024.06.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,213,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД