Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 72

 

Н.Б-, Э.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0219/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолтой Н-ын Б-, Э-гийн А- нарт холбогдох, 2018222320228 дугаартай эрүүгийн  хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Б- овогт Н-ын Б-.

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай З- овогт Э-гийн А-.

Шүүгдэгч Н.Б-, Э.А- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Н-ын Б-, З- овогт Э-гийн А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан Б- овогт Н-ын Б-, З- овогт Э-гийн А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5.д зааснаар тэнссэн хугацаанд Н.Б-, Э.А- нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Б-ын “Хьюндай портер” маркийн 31-27 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

-Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4.т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЛТ3900 маркийн цахилгаан үүсгүүр мотор /хятад/ 1 ширхэг, 3600 эргэлттэй усны насос /хятад/ 1 ширхэг, чулуу бутлагч /молдок/ цахилгаан мотор 1 ширхэг, Р50 усны шланк 60 метр, хуванцар түмпэн 2 ширхэг, хүрз 1 ширхэг, сүх 1 ширхэг, Р50 зузаан ханатай шланк 2.2 метр, 0.49 грамм алт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-, С.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд “ ...шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байдал тогтоогдож байх боловч шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тээврийн хэрэгслээр 7 ам бүлийн амьжиргаа залгуулдаг зэрэг байдлыг харгалзан үзэж Н.Б-ын эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн 31-27 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар 21-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь эрүүгийн хариуцлага тухайн этгээдийн үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байх шудрага ёсны зарчимд нийцнэ” гэж шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2.т заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох албадлагын арга хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгч нараас битүүмжилсэн портер машиныг шүүгдэгчид буцаан олгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Б-, Э.А- нарыг бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Б-, Э.А- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан Н.Б-, Э.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1   жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Н.Б-ын “Хьюндай портер” маркийн 31-27 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЛТ3900 маркийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, 3600 эргэлттэй усны насос 1 ширхэг, чулуу бутлагч цахилгаан мотор 1 ширхэг, Р50 усны шланк 60 метр, хуванцар түмпэн 2 ширхэг, хүрз 1 ширхэг, сүх 1 ширхэг, Р50 зузаан ханатай шланк 2.2 метр, 0.49 грамм алт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Б-, Э.А- нарт холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Б-, Э.А- нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 0.49 грамм алт олборлосон нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн болон ар гэрийн ахуй амьдрал зэргийг нь харгалзан хуульд заасан ял оногдуулсан нь тохирчээ. 

         Мөн хэрэг мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн  хэргийн хэмжээний дотор хэлэлцсэн байна.

Шүүгдэгч Н.Б-, Э.А- нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар алт олборлолт явуулахдаа Н.Б- нь өөрийн өмчлөлийн “Хьюндай портер” маркийн 31-27 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн, ингэхдээ шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хохирлыг нөхөн төлсөн, хохирлын хэмжээ бага, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, Н.Б-, Э.А- нар ам бүл долуулаа, 5 хүүхдийн хамт амьдардаг, энэ тээврийн хэрэгслээр 7 ам бүлийн амьжиргааг залгуулдаг гэж дүгнээд уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохгүйгээр Н.Б-ын өмчлөлд үлдээжээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.т гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар хуульчилсан.

Хэргээс үзвэл “Хьюндай портер” маркийн 31-27 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл нь Н.Б-ын өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа боловч шүүгдэгч Н.Б-, Э.А- нар нь нэг гэр бүл, эхнэр, нөхөр бөгөөд ам бүл долуулаа, 5 хүүхдийн хамт амьдардаг нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн тодорхойлолт, шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна.

Энэ тээврийн хэрэгслээр 7 ам бүлийн амьдралыг залгуулдаг, шүүгдэгч нар 5 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, орлогогүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг 7 ам бүлийн дундын өмч, тэдний амьдралын эх үүсвэрээ бий болгодог эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй тул 5 хүүхдийн өмчлөх эрхэд халдахгүйгээр дээрх тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн шүүгдэгч Н.Б-, Э.А- нарын хувьд ногдох хэсгийг гаргуулж улсын орлого болгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзээд тээврийн хэрэгслийн зах зээлийн өнөөгийн үнэ болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгнөөс Н.Б-т ногдох 500.000 төгрөг, Э.А-д ногдох 500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

/3.500.000:7=500.000х2=1.000.000 төгрөг/

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн ....шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах... гэснийг агуулгын хувьд хүлээн авч, ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх... гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2., 4., 5., Иргэний хуулийн 125, 126, 129 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б-ын өмчлөлийн “Хьюндай портер” маркийн 31-27 УНХ улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгний Н.Б-т ногдох 500.000 /таван зуун мянга/ төгрөг, Э.А-д ногдох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг Н.Б-, Э.А- нараас тус тус гаргуулж улсын орлого болгосугай...гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                             Ц.ТУЯА

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ