Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Батгэрэл,

шүүгдэгч Б.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Чинбат /үнэмлэхийн дугаар 0053/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбажавын Гансүхэд холбогдох 201724000078 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Их гурван марал ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1 гудамжны 117 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбажавын Гансүх /РД: НЧ89060911/

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Гансүх нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хуучин цагаан хаалга-ны уулзварын замд Mitsibushi Canter маркийн 95-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчиж иргэн Т.Баярмагнайгийн жолоодон явсан Santa Fe маркийн 52-08 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд 1.742.400 төгрөгийн хохирол учруулаад осол хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч, гэрч нарын гаргасан мэдүүлэг, техникийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас 16.00 цагийн үед гарсан ба 17.00 цагийн үед Хан-Уул дүүргийн хуучнаар Цагаан хаалга-ны орчимд 3 дугаар эгнээгээр явж байтал жижиг цагаан өнгийн машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь түүнээс зайлах гээд жолооны хүрдээ дартал 2 дугаар эгнээнд явж байсан машины араас мөргөсөн. Тэгээд би машинаас буугаад мөргөсөн машины жолооч эгчтэй уулзаад уучлалт гуйж, утасны дугаараа үлдээгээд явсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би Баярмагнайд нийт 1.742.400 төгрөг төлсөн гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Б.Гансүх мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн ажлын Их гурван марал группын эзэмшлийн Mitsibushi Canter маркийн 95-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 16 цаг өнгөрч байхад ажлаасаа буюу 4 дүгээр цахилгаан станцын хажуу талаас замаск ачаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хуучин цагаан хаалганы орчим ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байгаад 2 дугаар эгнээ рүү шилжих хөдөлгөөн хийх үедээ урд явж байсан Santa Fe маркийн 52-08 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын гупер, багаж хэсгийг урд гуперээрээ мөргөчихсөн. Учир нь эсрэг урсгалаар явж байсан жижиг марк, дугаарыг нь мэдэхгүй суудлын машин шахаж орж ирэхээр нь аргагүй эрхэнд буцаж дарахдаа уг машиныг мөргөчихөөд би машинаасаа буугаад мөргүүлсэн машины жолоочтой уулзаад хохирол барагдуулъя гээд 5-6 минут орчим яриад зогсож байтал нөгөө машины жолооч уурлаад хүнтэй утсаар яриад байхаар нь би хэргийн газраас машинаа хөдөлгөөд явсан.  Тухайн үед би гулгаад урд машиныг эхэлж араас нь мөргөчихөөд араагаа салгаж чадалгүй дахиж гулгаандаа ойгоод мөргөсөн. Mitsibushi Canter маркийн 95-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 08 дугаар сард оношлогоонд оруулахад бүрэн бүтэн гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Цэлмэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 17.10 цагийн үед манай эхнэр компанийн нэр байдаг Santa Fe маркийн 52-08 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явахад нь араас нь машин мөргөөд зугтаачихлаа гэхээр нь би 102 дугаар руу өөрийнхөө 99088475 дугаараас дуудлага өгөөд хэргийн газар очиход машин мөргөсөн жолооч нь зугтаад явчихсан байсан. Уг автомашины арын гупер, 2 гэрэл, арын хаалга, багаж хэсэгний доод төмөр гэмтсэн. Үнэлгээгээр 1.742.400 төгрөгийн зардал гарсан ба жолооч Б.Гансүх хохирлыг бүрэн төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

...Вендо үнэлгээгээр тогтоосон үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Уг үнэлгээнд захиалагчийн зардал 58.000 төгрөг орсон байгаа. 1.000.000 төгрөгийг Б.Гансүх над руу дансаар шилжүүлсэн ба үлдэгдэл 742.400 төгрөгийг бэлнээр надад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

Гэрч Т.Баярмагнай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Топика ХХК-ийн эзэмшлийн 52-08 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Хан-Уул дүүргийн хойд зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байтал машины арын гупер, багаж хэсэг рүү цагаан хөх саарал өнгийн Mitsibushi Canter маркийн автомашиныхаа урд хэсгээрээ 2 удаа мөргөхөөр нь би машинаа зогсоогоод буугаад араас мөргөсөн машины жолооч болох 30 орчим насны залуутай уулзаад яаж байна гэж асуухад ийм юм болчихлоо гэж хэлсэн.  Би чиний тормос барьдаггүй юм уу, яагаад хоёр удаа мөргөв өө, нэг бол даац хэтрүүлсэн үү гэхэд үгүй ээ гэсэн. Би машиндаа суугаад нөхөр рүүгээ өөрийн 99088475 дугаараас залгаж байтал нөгөө машины жолооч машиндаа суугаад явсан. Би тэр жолоочийг зугтчихлаа гэж бодоод  түүний араас явтал зам түгжрээд нөгөө машин яваад өгсөн. Удалгүй манай нөхөр над руу залгаад нөгөө ослын газраа эргээд оч, цагдаа дуудсан гэж хэлэхээр нь би буцаад очсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол болсон зам хатуу хучлагатай, халтиргаа мөстэй, гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, зам жаахан түгжрээтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Текникийн шинжээчийн №127 дугаартай дүгнэлтэнд:

1. Mitsibushi Canter маркийн 95-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Mitsibushi Canter маркийн 95-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.

3. Santa Fe маркийн 52-08 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Баярмагнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 24-р хуудас/,

Вендо автомашин текникийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-21-р хуудас/,

Зам тээврийн осол гарсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 61-р хуудас/,

Шүүгдэгч Б.Гансүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р худас/ зэрэг болно. 

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Б.Гансүх нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Хуучин цагаан хаалга-ны уулзварын замд Mitsibushi Canter маркийн 95-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчиж иргэн Т.Баярмагнайгийн жолоодон явсан Santa Fe маркийн 52-08 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд 1.742.400 төгрөгийн хохирол учруулаад осол хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч А.Цэлмэгийн ...манай эхнэр компанийн нэр байдаг Santa Fe маркийн 52-08 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явахад нь араас нь машин мөргөөд зугтаачихлаа гэхээр нь би 102 дугаар руу өөрийнхөө 99088475 дугаараас дуудлага өгөөд хэргийн газар очиход машин мөргөсөн жолооч нь зугтаад явчихсан байсан. Уг автомашины арын гупер, 2 гэрэл, арын хаалга, багаж хэсэгний доод төмөр гэмтсэн. Үнэлгээгээр 1.742.400 төгрөгийн зардал гарсан ба жолооч Б.Гансүх хохирлыг бүрэн төлсөн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

...Вендо үнэлгээгээр тогтоосон үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Уг үнэлгээнд захиалагчийн зардал 58.000 төгрөг орсон байгаа. 1.000.000 төгрөгийг Б.Гансүх над руу дансаар шилжүүлсэн ба үлдэгдэл 742.400 төгрөгийг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

Гэрч Т.Баярмагнайгийн ...Топика ХХК-ийн эзэмшлийн 52-08 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Хан-Уул дүүргийн хойд зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байтал машины арын гупер, багаж хэсэг рүү цагаан хөх саарал өнгийн Mitsibushi Canter маркийн автомашиныхаа урд хэсгээрээ 2 удаа мөргөхөөр нь би машинаа зогсоогоод бууж араас мөргөсөн машины жолооч болох Б.Гансүхтэй уулзаад яаж байна гэж асуухад ийм юм болчихлоо гэж хэлсэн.  Би чиний тормос барьдаггүй юм уу, яагаад хоёр удаа мөргөв өө, нэг бол даац хэтрүүлсэн үү гэхэд үгүй ээ гэсэн. Осол болсон зам хатуу хучлагатай, халтиргаа мөстэй, гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, зам жаахан түгжрээтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Текникийн шинжээчийн №127 дугаартай дүгнэлтэнд:

1. Mitsibushi Canter маркийн 95-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Mitsibushi Canter маркийн 95-03 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.

3. Santa Fe маркийн 52-08 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Баярмагнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 24-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Гансүх нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гансүхэд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гансүхийн гэмт үйлдэл нь зам тээврийн осол гаргасан жолооч үүргээ биелүүлэхгүй байх, ослын газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.  

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Б.Гансүх нь иргэний нэхэмжлэгч А.Цэлмэгт гэм хорын хохиролд 1.742.400 төгрөг төлсөн /хх-ийн 61-р хуудас/ ба иргэний нэхэмжлэгч А.Цэлмэг, Ч.Мөнхтөр нар /хх-ийн 61, 70-р хуудас/ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Гансүхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/-аар шүүгдэгч Б.Гансүх гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Гансүх нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Гансүх нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, өөрийн сайн дураар хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Гансүхэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

                                                                                               

ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Бямбажавын Гансүхийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Бямбажавын Гансүхийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Гансүхэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Гансүхэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Гансүх нь иргэний нэхэмжлэгч А.Цэлмэгт 1.742.400 төгрөг төлсөн ба шүүгдэгч Б.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Гансүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч нар нь тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гансүхэд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР