Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2017/0575

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А овогтой Ж.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бүгд Найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.У-г ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.У нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.У-г ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай.

Миний бие Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Ж.У-г гэрээт ажилтнаар томилох тухай Б/32 дугаар тушаалаар тус яамны харъяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын албанд Орлого шимтгэл, дотоод асуудал хариуцсан гэрээт ажилтнаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах болсон.

Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Төрийн захиргааны албан тушаалд томилох тухай Б/70 дугаар тушаалаар ТЗГ-1 гэх зэрэглэлтэй томилогдон ажиллах болсон. Ажиллах хугацаандаа өргөсөн тангараг, төрийн албаны мөн чанарыг удирдлага болгон ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан ажиллаж байсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны Цалин тогтоох нэгж, итгэлцүүр батлах тухай А/81 дүгээр тушаалаар 1 долларыг 1756 төгрөг буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар ТЗ-6-1 шатлалаар сарын 1475 доллараар тооцож цалин, хөлс авч байсан.

Гэтэл тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Т******* 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Сонсох ажиллагааны талаарх 14 дүгээр мэдэгдлээр Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолын дагуу тус төвийн зохион байгуулалт өөрчлөн байгуулагдаж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг баримтлан албан тушаалаас чөлөөлөх тухай мэдэгдсэн бөгөөд тус төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.У-г ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн.

Дээрх тушаалын үндэслэх хэсэг хууль бус бөгөөд холбогдох хуулийг хэрэглээгүй, ямар шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна. Тус акт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасанчлан аливаа байгууллага бүтэц, орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан төрийн үйлчилгээний албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх хуулийн заалт юм. Гэтэл миний бие дээр дурдсан 2016 оны Б/70 дугаар тушаалаар төрийн захиргааны албан хаагч бөгөөд захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, мөн хуулийн 27.2.2, 27.2.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

Урьдчилан шийдвэрлэлтийн хүрээнд ажлаас үндэслэлгүй халсан талаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 02 дугаар сарын 06-ны өдөр хариу хүргүүлэхээр Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр шилжүүлсэн боловч албан ёсоор одоог хүртэл хариу ирүүлээгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга 02 дугаар сарын 23-ны өдөр биечлэн уулзсан боловч албан ёсны хариу ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн 2016 оны 16/11 дүгээр тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд томилогдож очсон. Анх 7.000.000 вонын орлоготой ажлыг би хүлээн авсан. 2016 оны 06 дугаар сард уралдаан зарлахад би 7.000.000 вонын орлогыг 27.000.000 хүртэл өсгөж өмнө нь ажиллаж байсан бүх хүмүүсээс 1-т ороод тодорхой хэмжээний өргөмжлөл, урамшуулал авч байсан. Албан журмын даатгалаар 50-аад хүн авсан байхад би 150 орчим хүн авсан гэх мэтчилэн орлого бүрдүүлэлтийн хувьд байнга нэгээс хоёрт ордог байсан. Миний бие Монгол Улсын Их сургуулийн банк санхүү, даатгалын чиглэлээр магистр зэрэг хамгаалсан. 11 дүгээр сард бидэнд сонсох ажиллага

аг хийсэн. Сонсох ажиллагааны хариу тайлбартаа би томилогдоод удаагүй, 2 хүүхэдтэй, ядаж 1 жил ажиллуулж өгнө үү гэхэд хариуцагч байгууллага хүлээж аваагүй, шууд ажлаас халсан. Би тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Нийт 13 хүн ажиллаж байснаас 11 хүнийг ажлаас халсан. Нэг цэгийн үйлчилгээний хүмүүст онгоцны тийзний мөнгө өгсөн боловч бидэнд онгоцны тийзний мөнгө өгөөгүй. Ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохдоо Солонгос Улсад авдаг байсан цалингаар биш Монгол Улсад нийгмийн даатгал төлдөг байсан мөнгөн дүнгээр бодож өгсөн. Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэхэд бидний цалин 1 сарын 500 гаруй м*******н төгрөгөөр тооцогддог байсныг саяхан олж мэдсэн гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.У-г 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/11 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2016 оны 03 дугаар сард нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээг түр байгуулж, ажилд орсон. Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд байнгын ажлын байранд очоод Монгол Улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар төрийн захиргааны албан тушаалд Ж.У-г томилох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр нэхэмжлэгч Ж.У нь төрийн захиргааны албан хаагч гэдэг нь нотлогдоно. 2016 оны 11 дүгээр сард явуулсан сонсох ажиллагааны мэдэгдлээр захиргааны акт гэдгийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн. Захиргааны акттай холбоотой сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хийх ёстой. Маргаан бүхий актад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан. Төрийн захиргааны албан хаагчийн статус нь төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг. Хэрвээ бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаа бол төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах ёстой. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Хариуцагч байгууллагын бүтэц орон тоонд нийгмийн даатгалын шимтгэл, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоо нь хэвээр байна. Монгол Улсын Засгийн газраас бүтэц орон тоо өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн хийж байсан ажлын чиг үүрэг байхгүй болсон бол бүтэц орон тоо нь өөрчлөгдсөн гэж бид ойлгоно. Гэтэл нэхэмжлэгчийн хийж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа учраас энэ орон тоо хасагдаагүй. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгал, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Хэрвээ бүтэц орон өөрчлөгдсөн гэж үзсэн бол Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан. Гэтэл орон тоо цөөрөөгүй. Нэхэмжлэгчийн цалин хөлсийг итгэлцүүрээр 1 сарын 1758 америк доллараар тооцдог байсан. 1758 америк долларыг тухайн үеийн ханшаар тооцдог. Вонын хэлбэлзэлтээс хамаарч хэдэн вон олгох вэ гэдэг нь тодорхойлогддог. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажлын 171 өдөр өнгөрсөн бөгөөд энэ 7 сарын хугацаанд вонын хэлбэлзэл нь Монголбанкны ханшаар 2.10 төгрөг байна. 1 өдрийн цалинг төгрөгөөр бодоход 183.333 төгрөгийг ажлын 171 хоногоор үржүүлэхэд 31.716.609 төгрөгийн цалин хөлс гарч байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

...Иргэн Ж.У нь тус шүүхэд гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна.

Засгийн газрын 2016 оны 08 сарын 24-ний өдрийн Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг татан буулгаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг шинээр байгуулсан байна.

Шинээр байгуулагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 сарын 03-ны өдрийн А/157 тушаалаар баталсан. Уг бүтэц 14 орон тоотойгоор батлагдсан ба төвийн бүтцэд Ж.Уянгын ажиллаж байсан ажлын байрны орон тоо байхгүй тул төвийн дарга төвийн дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Ж.У-г ажлаас чөлөөлсөн байна.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 16/11 дүгээр тушаал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Бүгд Найрамдах Солонгос улс дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа нийгмийн хамгааллын төвийг нэгтгээд шинэ төв байгуулахдаа 14 орон тоогоор баталсан. Монгол Улсын Засгийн газрын 55 дугаар тогтоолд ямар нэгэн өөрчлөлт орсон зүйлгүй. Нэхэмжлэгч Ж.Уянгын ажил нь нийгмийн хамгааллын үйлчилгээний тасагт багтаж байна. Үүнд нийгмийн даатгалын асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нь 1 орон тоогоор батлагдсан. Өмнө нь 2 орон тоо байсан. Энд сонгон шалгаруулалт хийгдээгүй, хийгдсэн гэж дүгнэх боломжгүй. Сонгон шалгаруулалт зарласан эсэх асуудлаар маргаан үүсгээгүй. Ж.У-с гадна дахиад нэг ажилтан бий. Тэр хүний үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлтийн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй. 2 байсан орон тоо нь 1 болж цөөрсөн учраас энэ орон тоонд зохих хүнийг нь авч ажиллуулсан. Илүү орон тооны хүмүүсийг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын Засгийн газрын 55 дугаар тогтоолын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас А/157 дугаартай тушаал гаргасан. Энэ тушаалаар Бүгд Найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргад ажлаас чөлөөлөх эрхийг олгосон. Үүний дагуу Бүгд Найрамдах Солонгос улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Т өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа сонсох ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийж 1 сарын өмнө ажилтнуудад мэдэгдсэн. Ажлаас халагдсаны тэтгэмжийг Ж.У-д олгосон.

Хавтаст хэрэгт Төрийн албаны зөвлөл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд хандсан гэх ямар ч баримт байхгүй. Нэхэмжлэгч нь өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж байвал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд хандсан байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөл нь энэ талаарх хүсэлтийг хүлээж авчихаад хариу өгөөгүй эсвэл шийдвэрлээгүй бол Төрийн албаны зөвлөлд хандаж хариу авсан байх ёстой. Хэргийн материалын 15 дугаар хуудсанд Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлд явуулсан бичигт Ж.У гэсэн нэр байгаа мөртлөө ямар нэгэн хариу ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн. Тиймээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгүүлэх саналтай байна. Маргаан бүхий актад баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт нь ерөнхий заалт. Төрийн албанд ажиллаж байгаа, хувийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийн алинд ч Хөдөлмөрийн тухай хуулийн ерөнхий заалтууд үйлчилнэ. Үүний дагуу орон тоо цөөрсөн хасагдсан гэдэг үндэслэлийг барьсан. Өөрөөр хэлбэл хууль бус бөгөөд буруу хуулийг хэрэглэсэн зүйлгүй. Өнөөдөр Ж.У нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэст ажиллаж байгаад тушаал гарч цалин мөнгөө аваад явж байна. Гэрээт ажилтнаас Ж.У-г халсан тушаал өнөөдөр гараагүй. Хэдийгээр гэрээт ажилтнаар ажиллаж байгаа боловч цаашдаа гэрээний хугацаа сунгагдах, үндсэн ажилтнаар ажиллах гэх мэт боломж гарахыг үгүйсгэхгүй. Ажлын байраар огт хангаагүй гэх асуудалгүй. Тэгэхээр ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Цалингийн тухайд төрийн захиргааны албан хаагч хэзээ ч 2 сая гаруй төгрөгийн цалин авдаггүй. Хэлтсийн дарга л гэхэд 1 сая төгрөгийн цалин авдаг. Та энэ цалин хангамжийг хүлээн зөвшөөрөөд ажилд орчихсон. Гадаад улсад ажиллаж байхад нь итгэлцүүрээр олгосон мөнгийг төрөөс тогтоосон цалин хөлс гэж ойлгож болохгүй. Танд 31.000.000 төгрөг нэхэмжлэх эрх байхгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байгаа мөнгө нь таны үндсэн цалин. Хэрвээ та ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг авах хүсэлтэй байвал энэ улсын төсөвт тусгагдсан үндсэн цалингаа л нэхэмжлэх хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.У нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан албан тушаал буюу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 сарын 08-ны өдрийн Б/70 дугаартай тушаалын хавсралтаар Бүгд Найрамдах Солонгос Улс дахь /цаашид БНСУ дахь гэх/ Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Тэтгэврийн даатгалын шимтгэл орлого, хамралт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хэмээх албан тушаалд төрийн захиргаа ангилалын ТЗГ-1 зэрэглэлээр, төрийн жинхэнэ албан хаагчийн статустайгаар ажиллаж байсан болох нь баримтаар[1][1] нотлогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай 55 дугаар тогтоолын 1.7 дахь заалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулах, Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв-ийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болгон өөрчлөн зохион байгуулжээ.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Т*******ий зүгээс 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 14 дүгээр мэдэгдлээр[2][2] нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсноо мэдэгдсэн ба улмаар маргаан бүхий захиргааны актыг[3][3] Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/157 дугаар тушаал, уг тушаалаар батлагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн зохион байгуулалтын дүрмийн 3.4 дахь заалтыг тус тус үндэслэн гаргаж, Ж.У-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь тушаалын үндэслэх хэсэг хууль бус бөгөөд холбогдох хуулийг хэрэглээгүй, ямар шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа нь тодорхой бус, нэхэмжлэгчийн хийж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж, ажлын байрны орон тоо хасагдаагүй, хэрэв бүтэц орон тоо өөрчлөгдсөн бол Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан гэж маргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Уянгын ажлын байрны орон тоо хасагдаж байхгүй болсон тул төвийн дарга дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд түүнийг ажлаас чөлөөлсөн, хоёр байсан орон тоо нэг болж цөөрсөн учраас тухайн орон тоонд зохих хүнийг нь авч ажиллуулсан, сонгон шалгаруулалт хийгдсэн, хийгдээгүй гэж дүгнэх боломжгүй, тушаал нь хууль бус бөгөөд буруу хууль хэрэглэсэн зүйлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргаж байна.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах зэргээр төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаар нарийвчлан зохицуулсан байхад хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-д заасныг үндэслэсэн нь учир дутагдалтай.

Тушаалын үндэслэлд дурдагдсан Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолд хоёр өөр яамны харьяа байсан, хоёр өөр төвийг нэгтгэсэн нь тухайн төвүүдийг татан буулгасан гэх ойлголтонд хамаарахгүй, харин бүтэц, орон тоо өөрчлөгдсөн байхаар байна.

Маргаан бүхий ажлын байрны орон тоо хуучин бүтцээр[4][4] Тэтгэврийн даатгалын шимтгэл, орлого, хамралт, буцаан олголт хариуцсан, Тэтгэврийн даатгалын шимтгэл, орлого, хамралт, гадаад харилцаа хариуцсан, Тэтгэврийн даатгалын шимтгэл, орлого, хамралт дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хэмээн гурван мэргэжилтэн ажиллаж байсан бол өөрчлөгдсөн буюу шинэ бүтцээр[5][5] Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, буцаан олголт хариуцсан, Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хэмээн хоёр болж албан тушаалын нэр өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д: төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан бол мөн хууль, зүйлийн 27.2.4-д: төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгоно гэжээ.

Хуулийн эдгээр заалтуудыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолыг эх сурвалж болгон авч үзвэл, уг тогтоолын 15-д: Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан... гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ,

Энэ хэсэгт заасан ... төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ,

Энэ хэсэгт заасан ... орон тоо цөөрсөн..., мөн зүйлийн 27.2.4-т заасан ... орон тоо хасагдсан... гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно,

Мөн хэсэгт заасан ... шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ. хэмээн тайлбарлан заажээ.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1-т: ...орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно, мөн тогтоолын 15.1.2-т: ... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тайлбарлажээ.

Тэгэхээр хамгийн гол нь хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, түүнчлэн төрийн алба ил тод байх, иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зэрэг төрийн албаны зарчмуудыг хэрхэн яаж хангасан нь тодорхой бус, өрсөлдөхүйц гурван мэргэжилтний хэрэгжүүлж байсан ойролцоо чиг үүргүүд өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид хамаарахаар батлагдсан эсэх, Төвүүдийг нэгтгэн зохион байгуулсантай холбоотойгоор уг төвүүдэд ажиллаж байсан мэргэжилтнүүдийг шилжүүлсэн шийдвэр байгаа эсэх үүнийг нягталж, эрх бүхий албан тушаалтнаас томилогдсон ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа мэргэжилтнийг шалгаруулах үйл явдал болсон, болоогүй эсэхийг тогтоох боломжгүй байна.

Хэдийгээр хариуцагч Төвийн даргад БНСУ дахь Хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм-д[6][6] заасны дагуу Төвийн бүтцэд хамаарах мэргэжилтэн, ажилтанг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг олгосон, уг Төв нь ... чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага мөн гэсэн байх боловч нэхэмжлэгч нь тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч гэдэг дээр талууд маргаагүй, маргаан бүхий ажлын байран дээр зохих хүнийг нь авч ажиллуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шууд үгүйсгэх, эсхүл нотлох эргэлзээгүй баримт шүүхэд байхгүй байна. Энэ талаар хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нотлох үүргийг хүлээлгэхэд ач холбогдол бүхий үнэлэх баримтыг гаргаж өгч чадахгүй байна.

Маргаан бүхий тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нь хэн байна гэдгийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар мэргэжилтнийг шалгаруулж аваагүй нь маргаан гарах үндэслэл болсон, уг шалгаруулалтыг буюу нэхэмжлэгч болон өөр нэгэн гуравдагч этгээдийн чухам хэн нь маргаан бүхий ажлын байран дээр тавигдах шаардлагыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур, чадвар, ажлын дадлага, туршлага зэргээрээ хангаж байгааг шүүхээс шууд тогтоох боломжгүй байна. Энэ утгаараа хууль тогтоомжид заасны дагуу шалгаруулалтыг захиргааны байгууллагаар өөрөөр нь явуулж, маргаан бүхий ажлын байрны шаардлагыг хэн нь илүү хангаж байгааг тодорхой болгосны эцэст маргаантай асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой, харин маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шууд дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх үзлээ.

Иймээс нэхэмжлэгч болон өөр нэгэн гуравдагч этгээдийн хэн нь илүү шаардлага хангасан болохыг шүүхээс шууд тогтоох боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэх заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.У-г ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагыг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн бусад шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх-ийг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахгүйгээр, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсний үр дагавраар тусдаа хэрэгжих боломжтой байхаар зааж шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэлд дурдсан маргааны үйл баримтын талаар хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг шууд хүчингүй болгох хуулийн зохицуулалттай болно. Иймд маргааны үйл баримтын талаар хариуцагч захиргааны байгууллагыг өөрөө дахин авч үзэх шаардлагатай гэж шүүх үзсэнээр маргаан бүхий захиргааны актын үр дагавартай холбоотой нэхэмжлэлийн бусад шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нөгөө талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний шаардлагыг шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэгч нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаас гадна мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д: төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн хангагдах шаардлагын энэ хэсгийг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг хамтад нь хэрэглэж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэжээ. Тэгэхээр нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаагаа ажлын 171 өдөр буюу 7 сар гаруй гэж тооцон уг хугацааны цалинд 31716609 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх ажилгүй байсан хугацааг тооцохдоо 2016 оны 12 сард 13 хоног, түүнчлэн 2017 онд нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарыг дуустал байна гэж үзэв. Учир нь нэхэмжлэгч Ж.У нь 2017 оны 5 сарын 1-ний өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/67 дугаар тушаалаар[7][7] ажилд томилогдсон байна. Энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргатай удаа дараа уулзаж байж шийдвэрлүүлснээ дурдаж байна. Тэгэхээр төрийн албан хаагчийнх нь хувьд уг газар ажиллаж буй хугацааг ажилгүй байсан хугацаанд тооцохгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй цалин, хөлсний тооцоог шууд эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй, хариуцагч байгууллагаас ирүүлсэн цалингийн карт нь тодорхой бус байх тул хугацаагаар нь дүгнэлт хийж, хэрэв нэхэмжлэлийн үндсэн шаардлагын үр дагавраар маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан хугацааны цалин, хөлсийг авах эрхтэй, харин илүү нэхэмжилсэн буюу 2017 оны 5, 6, 7 дугаар сард хамаарах цалин, хөлсийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах бол, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг ашиглах бөгөөд уг журмын 4 дүгээр зүйлд ажилтанд олгож байгаа хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зохицуулсан байх тул БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс өөрийн ажилтнуудад хоолны болон бусад хөнгөлөлтөнд сар бүр олгодог мөнгөн дүнг нэхэмжлэгчийн цалин, хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй болохыг тэмдэглэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 46.2-д ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг тус тус хуульчилж өгсөн байна. Хариуцагч байгууллагад хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэж байгааг тус тус харгалзан шаардлагын энэ хэсгийг мөн даалгаж шийдвэрлэв.

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэргийн оролцогчоос урьдчилж авч байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд түүний хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулсан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэсний дагуу тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан иргэн Ж.Уянгын нэхэмжлэлд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.У-г ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалыг гурван /3/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 12 сард 13 хоног, 2017 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарыг дуустал 4 сар, нийт 4 сар 13 хоногоор тооцож, энэ хугацааны цалинг холбогдох хууль, журмын дагуу олгох, ингэхдээ мөн холбогдох суутгал хийхийг, түүнчлэн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг тус тус хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргад даалгасугай.

3.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.У-с ажилгүй байсан хугацааны цалинд илүү нэхэмжилсэн 2017 оны 5 сарын 01-ээс 7 сарын 28-ны хооронд хамаарах цалин хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.У-г ажлаас чөлөөлөх тухай 16/11 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргахгүйгээр уг акт хүчингүй болсон тохиолдолд энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалт хүчин төгөлдөр болж, хэрэгжихийг мэдэгдсүгэй.

              6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.У улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан м******* хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан м******* хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     У.БАДАМСҮРЭН