Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2107

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01653 дугаар шийдвэртэй

 

 

Нэхэмжлэгч Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч Ж.Б т холбогдох

 

Түрээсийн гэрээний төлбөрт нийт 18 000 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны төлбөрт 2 427 138 төгрөгийг тус тус гаргуулж, түрээсийн гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Мэндсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Батбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК  нь Хан-Уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамжны 48а байр, нэгдүгээр давхрын Ү-2 тоот хаягт байрлах, 256 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий Ү-2206032406 тоот бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Манай компани тус үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу иргэн Ж.Б т цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар шилжүүлсэн бөгөөд түрээсийн төлбөрийг сарын 1 500 000 төгрөгөөр тооцож, сар бүрийн 20-ны өдөр бэлнээр буюу дансаар төлж байхаар тохиролцсон юм. Энэхүү гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Түрээслэгч Ж.Б  нь гэрээний хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 сарын хугацааны түрээсийн төлбөр 10 500 000 төгрөгийг түрээслэгчид төлөөгүй байна. Мөн түрээсийн гэрээний 4.3-т заасны дагуу түрээслэгч нь ашиглалтын зардлыг бүрэн хариуцах үүрэгтэй боловч өнөөдрийн байдлаар 2 427 138 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Тухайлбал 9, 10 дугаар сарын ашиглалтын зардал буюу дулаан, цэвэр бохир усны төлбөрт нийт 2 231 183 төгрөгийг, /9 сарын төлбөр 304 000 төгрөгийг аргагүй эрхэнд манай компани төлсөн/ цахилгааны төлбөрт 195 955 төгрөгийн өр төлбөр тус тус үүсгээд байна. Иймд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 292 дугаар зүйлийн 292.2, 292.4, түрээсийн гэрээний 4.2, 4.3, 4.4-т заасны дагуу дараах шаардлагыг гаргаж байна. Түрээслэгч Ж.Б ээс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 18 000 000 төгрөг, түрээсийн гэрээний хугацааны үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны төлбөр 2 427 138 төгрөгийг гаргуулж, түрээсийн гэрээг цуцалж өгнө үү. Хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл хугацааг нэхэмжлэхээр дурьдсаны дагуу 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 7 500 000 төгрөгийг нэмэгдүүлж нийтдээ түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Б  нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Э ХХК -иас Хан-Уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамжны 48а байр, нэгдүгээр давхрын Ү-2 тоот хаягт байршилтай, 256 м.кв талбайтай \гэрчилгээний дугаар №000323776\ үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсээр ашиглахаар болж гэрээ байгуулсан байдаг. Гэтэл түрээслүүлэгч тал нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг, мөн түрээсийн гэрээний 4.1-т “Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх” гэсэн хууль болон гэрээний зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна. Түрээсийн зүйлийг ашиглах гэхэд шаардлага хангаагүй байсан тул түрээслүүлэгч талаас засварын ажил хийж нилээдгүй хугацааг алдсан байдаг. Энэ түрээсийн гэрээгээр бол түрээслэгч талын үүрэгт хамаарч байсан боловч ийнхүү гэрээний үүргээ зөрчин доголдолтой зүйл шилжүүлсэн. Э ХХК -ийн гүйцэтгэх захирал А.А-тай тус гэрээг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан боловч А.А нь түлхүүрээ түрээслэгч талд өгөөгүй, гэрээ байгуулснаас хойш түрээслэгч тал байнга холбогдон түлхүүрээ авах талаар ярихад хөдөө орон нутагт байна гэх шалтгаанаар гэрээний үүргээ зөрчсөөр 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр түрээслэгч талд түрээсийн зүйл буюу үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг олгосон байдаг. Хэрэгт цахилгааны төлбөрийн нэхэмжлэх байгаа бөгөөд түрээслэгч тал 2017 оны 08 дугаар сарын сүүл хүртэл үйл ажиллагаа явуулаагүй болох нь уг баримтаар нотлогдож байна. Хавтаст хэрэгт байгаа Улаанбаатар цахилгаан станцтай байгуулсан гэрээний дагуу УБЦС-ын зурвасууд байх ба хамгийн эхний зурвас 2016 оны 06 дугаар сарын 22-нд, 2017 оны 02 дугаар сарын 23-нд гэж явсаар 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр анхны нэхэмжлэл ирсэн байгаа нь нэхэмжлэгч талын үүргийн гүйцэтгэлийг зөрчсөн гэдгийг мөн нотолж байна. Энэхүү байдлаас болж түрээслэгч “Гэрэлт цэцэг” цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллага нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дахь хэсэгт түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах боломжгүй болжээ. Нэгэнт түрээслүүлэгч талаас хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчин түрээсийн зүйлийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, түрээсийн зүйл нь гэрээнд заасан шаардлагад нийцэхгүй байсан зэргийг үндэслэн, мөн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасны дагуу түрээслэгч талд гэрээгээр ямар нэгэн үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Түрээсийн гэрээний хугацаагаар түрээсийн зүйлийг ашиглаагүй бөгөөд ийнхүү ашиглаагүй бүхий л шалтгаан нь түрээслүүлэгч талын үүргээ зөрчсөнтэй холбоотой байна. Түрээслүүлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан түрээслэгч тал нилээгүй хохирол хүлээсэн бөгөөд харин ч өнөөдрийг хүртэл хохирлоо нэхэмжлээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр буюу түрээсийн төлбөрт 7 500 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл гэрээгээ 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байдаг боловч нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний үүргээ зөрчин хариуцагч талд тодорхой хөрөнгийг шилжүүлээгүй. Тус үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг гардан авч чадахгүй байсаар 2017 оны 08 дугаар сард гардаж авсан. Ийнхүү хариуцагч Ж.Б  нь түрээсийн гэрээгээр түрээслэгч тал болсон бөгөөд засвар үйлчилгээг тус байранд хийж 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр цэцэрлэгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст орон байрны хулгай гэх үндэслэлээр дуудлага өгч шалгуулсан бөгөөд хариуцагчийг өөрийн түрээсийн байр руу нэвтрэх болон үйл ажиллагаа явуулах боломжийг таслан зогсоосон. Үүнээс хойш тус түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон атлаа нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж буй нь утгагүй зүйл гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг баримталсан бус харин мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дэх хэсгийг тус тус баримталж түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т энэхүү гэрээгээр түрээслэх үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслэгчийн үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааны зорилгоо биелүүлэхэд шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй байна гэсэн зүйл заалтыг, мөн 3 дугаар зүйлийн 3.4-т уг эд хөрөнгөтэй холбоотой ус, дулаан, цахилгаан гэх мэт бусад ашиглалтын зардлын үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй гэх зүйл заалтуудыг нэхэмжлэгч тал зөрчсөн бөгөөд үүнээс үүдэн тус обьектод үйлчилгээ явуулах боломжгүй болсон. Мөн тус түрээсийн гэрээг байгуулаад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш тус байранд үйл ажиллагаа явуулаагүй. Учир нь дээр дурдсан Ч.Амгаланбаатар нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст орон байрны хулгай гэх үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд үүнээс хойш хариуцагч нь тус түрээсийн байр руу нэвтрэх аргагүй болж Гэрэлт цэцэг цэцэрлэгийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон үйлдэл нь түрээсийн гэрээний 1.1-т заалт бодит байдал дээр тус үйлдлээр дуусгавар болсон. Түрээсийн гэрээ гэдэг нь түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үйлдлийг ойлгоно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 320 дугаар зүйлийн 320.4, 292 дугаар зүйлийн 292.4, 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг тус тус баримтлан Э ХХК , Ж.Б  нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-г цуцалж, хариуцагч Ж.Б ээс түрээсийн төлбөрт 7 500 000 төгрөг, ашиглалтын зардал 749 633 төгрөг буюу нийт 8 249 633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх \10 500 000+1 677 505\ 12 177 505  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 365 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 130 944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр өглөөний 9 цагаас шүүх хурал давхацсан байсан тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, нотлох баримтыг хавсаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсгийг зөрчиж хариуцагчийн үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад энэ хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлана, 320.3 дахь хэсэгт газар буюу эрх түрээслэх гэрээний хугацаа талууд тогтоогоогүй бол  гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас нэг сарын дотор цуцалж болно гэсэн зүйл заалтыг баримтлан түрээсийн төлбөрийг 5 сараар тооцон нийт 7 500 000 төгрөгөөр тооцсон. Гэтэл хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хариу мэдэгдэлд Ж.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр хороолол, 18а байрны нэгдүгээр давхрын V-2 тоотын хаалганы цоожыг эвдэж хулгай хийхийг завдсан гэх гомдлыг Ч.Амгаланбаатараас ирүүлсэн гэдэг нь тодорхой харагддаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тал хариуцагчийг түрээсийн байраа ашиглах нэгэнт боломжгүй болгосон тул Ж.Б  нь аргагүйн эрхэнд тус түрээсийн байрнаас эд зүйлсээ аван цаашид ашиглаагүй болно. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх гэрээг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарыг дуустал гэх хугацаа нь өөрөө 4 сар байх бөгөөд, мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч тал тус түрээсийн байрны хаалганы цоожийг солисон гэдгээ анхан шатны шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мэдэгдэх  хуудсаас нэхэмжлэгч тал өөрөө гэрээгээ цуцлах саналыг хариуцагч талд бичгээр бус үйлдлээрээ харуулсан нь нотлогдсоор байтал хариуцагч талаас 5 сарын түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Э ХХК  нь хариуцагч Ж.Б т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт нийт 18 000 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны төлбөрт 2 427 138 төгрөгийг тус тус гаргуулж, түрээсийн гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

       Талуудын хооронд 2015 оны 05 дүгээр сарын 15-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол Туул гол гудамж 48а байр, нэгдүгээр давхрын Ү-2 тоот хаягт байрлах 256 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 20-нд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/410 дугаартай Гэрэлт цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох захирамж, 0002457 дугаартай сургалт эрхлэх нөхцөл болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна.

       Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний талаар дүгнэлт хийсэн нь зөв байна. Уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан шаардлагыг хангасан байна.

       Хариуцагч нь түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг хүлээлгэн өгөлгүй удаж 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр түлхүүрийг хүлээн авч, түрээсийн байранд засвар үйлчилгээ хийсэн, харин түрээсийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч нь нэг ч удаа санал болгоогүй, манайх түрээсийн гэрээг цуцлахад татгалзахгүй гэх тайлбарыг үндэслэн шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг цуцалсан нь зөв болжээ.

       Шүүх түрээсийн гэрээний 4.3-т “Түрээслэгч нь ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгаан зэрэг бусад зардлыг төлөх ба төлөөгүйгээс үүдэн гарах хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасныг баримтлан хариуцагчийн түрээсийн гэрээний хугацаан дахь үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардал, цахилгааны төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зөв дүгнэн, Ж.Б ээс ашиглалтын зардалд 749 633 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд түрээслэгч буюу хариуцагч нь 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байх бөгөөд түрээсийн гэрээний 4.2-т “Түрээсэлсэн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхийг түрээслэгчээс шаардах, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй” гэж тохиролцсон байна. Талуудын уг тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж.Б ээс түрээсийн төлбөрт 7 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын маргааны зүйлд хамааралгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсгийг хэрэглэснийг хасч өөрчлөлт оруулав.

Талууд түрээсийн гэрээг цуцалсан асуудлаар маргаагүй байх бөгөөд түрээсийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлах үүргийг гэрээний аль нэг талд үүрэг болгосон шаардлага гаргаагүй байх тул уг заалтыг баримтлах шаардлагагүй.

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярын хүсэлтээр хойшлуулж, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг хариуцагч Ж.Б , түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарт 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус тус утсаар мэдэгдсэн, мөн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаярт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн зүгээс өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эрхийг нь хязгаарласан гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2018/01653 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4...” гэснийг хасч өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Б ээс төлсөн 146 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН