| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0567/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/589 |
| Огноо | 2024-07-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
хохирогч А.С, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2405000000877 тоот дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо Зүүн Нарангийн *** дугаар гудамж *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Б /РД:***/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Б нь "...2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, буудалд чамтай хоносон эмэгтэй цагдаагийн байгууллагад хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан байна, аргалах хэрэгтэй байна, би цагдаатай нь уулзаж байна, мөнгө өгвөл хаана гэж байна.." гэх зэргээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо *** байр *** тоотод оршин суух иргэн А.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүнийг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 85 удаагийн гүйлгээгээр 61,677,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Би найзаасаа их хэмжээний мөнгө авсандаа маш их харамсаж байна...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.С мэдүүлэхдээ: “...Мөнгөө л буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
мөрдөн байцаалтад хохирогч А.С-н өгсөн: "... Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз Б намайг Баянзүрх дүүрэгт байрлах, 7 дугаар хороо, “Ж” хавьцаа уулзъя гээд дуудсан. Би Б-тэй 19 цагийн үед уулзахад Б миний найз эмэгтэй гээд өөрийнхөө нэг эмэгтэй найзтайгаа танилцуулсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид 3 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караоке руу 20 цагийн үед орж дуулж байгаад үргэлжлүүлж шөнийн клуб руу бүжиглэе гээд 23 цагийн үед орж бүжиглэж байгаад гарахаар болсон. Тэр үед Б-н найз эмэгтэй өөрийнхөө эмэгтэй найзаа дуудчихлаа 4-лээ хамт караоке орж дуулъя гээд намайг дагуулаад “Ж”хавьцаа буудал орсон. Бид хэд орохдоо нэлээн согтуу байсан ба дэлгүүрээс согтууруулах ундааны зүйл аваад буудалд Б болон 2 эмэгтэй найзтай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Н.С-н өгсөн: “...Манай бага хүү А нь байр худалдаж авах болоод мөнгөний хэрэг гараад ах С-с мөнгө зээлэхийг хүссэн тэгээд манай дунд хүү С нь уурхайд 5 жил ажиллаад хураасан 80,000,000 төгрөг хадгаламжид байсан юм. Тэр мөнгөнөөсөө дүүдээ зээлье гэж ярьсан юм гэвч С-н хадгаламжид байсан мөнгө зээлэх боломжгүй болчихсон байсан тэгээд би хүү С-р интернэт банк руу нь оруулаад хадгаламжийг нь шалгасан чинь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 40,000,000 гаруй төгрөг зээлж аваад багын найз Б-н Хаан банкны данс руу 40 орчим сая төгрөгийг шилжүүлсэн байсан тэгээд би хүү С-с ямар учиртай найз Б рүү мөнгө шилжүүлсэн талаар асуухад надад багын найз Б-тэй харилцсан фейсбүүкийнхээ чатыг харуулсан юм. Тэр чат нь манай хүү С-г багын найз Б нь хууран мэхэлж цагдаагийн нэр барьж цагдаагийн тамга тэмдэг харагдах байдлаар зургийг дарж явуулж айлган сүрдүүлж өөрийнхөө данс руу удаа дараагийн шилжүүлгээр 40 гаруй сая төгрөгийг авсан байгаа нь тодорхой байсан тэгээд би хүү С-н өмнөөс хохиролгүй болгож өгнө үү гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. Манай хүү С нь хэл ярианы бага зэрэг бэрхшээлтэй учраас маргааш өмгөөлөгчийн хамт ирж мэдүүлэг тайлбар өгөх юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Голомт банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 39-41 дугаар хуудас/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42-55, 85-117 дугаар хуудас/,
Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 56-62 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 124 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь "...2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, буудалд чамтай хоносон эмэгтэй цагдаагийн байгууллагад хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан байна, аргалах хэрэгтэй байна, би цагдаатай нь уулзаж байна, мөнгө өгвөл хаана гэж байна.." гэх зэргээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо *** байр *** тоотод оршин суух иргэн А.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүнийг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 85 удаагийн гүйлгээгээр 61,677,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч А.С-н эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 58,677,000 төгрөгийг гаргуулж хохирогч С-т олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хохирол төлбөрийг гаргуулах саналтай байна...” гэх саналыг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Б.Б нь "...2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, буудалд чамтай хоносон эмэгтэй цагдаагийн байгууллагад хүчиндүүлсэн гэж гомдол гаргасан байна, аргалах хэрэгтэй байна, би цагдаатай нь уулзаж байна, мөнгө өгвөл хаана гэж байна.." гэх зэргээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо *** байр *** тоотод оршин суух иргэн А.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, түүнийг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшлийн Хаан банкны *** тоот дансаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр буюу нийт 85 удаагийн гүйлгээгээр 61,677,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч А.С-н өгсөн: "... Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найз Б намайг Баянзүрх дүүрэгт байрлах, 7 дугаар хороо, “Ж” хавьцаа уулзъя гээд дуудсан. Би Б-тэй 19 цагийн үед уулзахад Б миний найз эмэгтэй гээд өөрийнхөө нэг эмэгтэй найзтайгаа танилцуулсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид 3 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караоке руу 20 цагийн үед орж дуулж байгаад үргэлжлүүлж шөнийн клуб руу бүжиглэе гээд 23 цагийн үед орж бүжиглэж байгаад гарахаар болсон. Тэр үед Б-н найз эмэгтэй өөрийнхөө эмэгтэй найзаа дуудчихлаа 4-лээ хамт караоке орж дуулъя гээд намайг дагуулаад “Ж”хавьцаа буудал орсон. Бид хэд орохдоо нэлээн согтуу байсан ба дэлгүүрээс согтууруулах ундааны зүйл аваад буудалд Б болон 2 эмэгтэй найзтай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Н.С-н өгсөн: “...Манай бага хүү А нь байр худалдаж авах болоод мөнгөний хэрэг гараад ах С-с мөнгө зээлэхийг хүссэн тэгээд манай дунд хүү С нь уурхайд 5 жил ажиллаад хураасан 80,000,000 төгрөг хадгаламжид байсан юм. Тэр мөнгөнөөсөө дүүдээ зээлье гэж ярьсан юм гэвч С-н хадгаламжид байсан мөнгө зээлэх боломжгүй болчихсон байсан тэгээд би хүү С-р интернэт банк руу нь оруулаад хадгаламжийг нь шалгасан чинь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд нийт 40,000,000 гаруй төгрөг зээлж аваад багын найз Б-н Хаан банкны данс руу 40 орчим сая төгрөгийг шилжүүлсэн байсан тэгээд би хүү С-с ямар учиртай найз Б рүү мөнгө шилжүүлсэн талаар асуухад надад багын найз Б-тэй харилцсан фейсбүүкийнхээ чатыг харуулсан юм. Тэр чат нь манай хүү С-г багын найз Б нь хууран мэхэлж цагдаагийн нэр барьж цагдаагийн тамга тэмдэг харагдах байдлаар зургийг дарж явуулж айлган сүрдүүлж өөрийнхөө данс руу удаа дараагийн шилжүүлгээр 40 гаруй сая төгрөгийг авсан байгаа нь тодорхой байсан тэгээд би хүү С-н өмнөөс хохиролгүй болгож өгнө үү гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа юм. Манай хүү С нь хэл ярианы бага зэрэг бэрхшээлтэй учраас маргааш өмгөөлөгчийн хамт ирж мэдүүлэг тайлбар өгөх юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
-Голомт банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 39-41 дугаар хуудас/,
-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42-55, 85-117 дугаар хуудас/,
-Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 56-62 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр субьектив санаа зорилготой шунахай сэдэлтэй хохирогчийн мөнгийг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хохирогчтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна. Бусдад ноцтой их хэмжээний хохирол учруулж үйлдсэн.
Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг. Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг хэлнэ. Хуурах гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.С-т 61,677,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь 3,015,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар мэдүүлсэн бөгөөд үүнийг нь хохирогч А.С хүлээж авсан талаар тус тус мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хасаж тооцох нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн 58,662,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хариуцлага дээр хэлэх зүйлгүй..:” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар буюу хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.Б-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с нийт 58,662,000 төгрөг гаргуулж, хохирогч А.С-т олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ