Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/02470

 

 

 

 

 

 

 

 

2021 08 23 101/ШШ2021/02470     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуран гудамж, 521-р байрны 00 тоотод оршин байрлах Шинэ-Амгалан СӨХ-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж, 520-р байрны 69 тоотод оршин суух Мөнхтогоогийн Мөнхзаяад холбогдох,

Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,672,943.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түмэн-Өлзий, хариуцагч М.Мөнхзяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Шинэ-Амгалан СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Т.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ амгалан СӨХ нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж, 519, 520, 521 дүгээр байруудыг хариуцан ажилладаг. Тус байрны 521 дүгээр байр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, 520 байр 2016 оны 06 дугаар сард ашиглалтанд орж, 2016 оны 09 дүгээр сараас Гангар орд СӨХ дундын өмчийн ашиглалт хамгаалалтын үйл ажиллагааг нийт оршин суугчдын хурлын шийдвэрээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хариуцан ажиллаж байсан. Төлбөр хураамжийн хэмжээг 2016 оны 09 ддүгээр сарын 15-ны өдөр бүх оршин суугчдын хурлын олонхын шийдвэрээр Гангар орд СӨХ-ноос санал болгосон хэмжээгээр зөвшөөрөн тогтоож, нийт оршин суугчдын олонхи нь сар бүр тогтмол төлбөр хураамжаа төлсөн байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тариф-Жижүүр 6500 төгрөг, харуул хамгаалалт 9500 төгрөг, цахилгаан шат 7000 төгрөг, дундын гэрэлтүүлэг 2000 төгрөг, баримтын үнэ 200 төгрөг, браилга орон сууцны нийтлэг зардал 1 метр квадрат тутамд 180 төгрөг. Сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сууц өмчлөгч иргэдийн олонхын хүчин төгөлдөр шийдвэрээр Шинэ амгалан СӨХ-г шинээр байгуулж, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүх гишүүдийн хурлын тогтоолоор үнэ тарифийг шинэчлэн тогтоож үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо мөрдөгдөж буй тариф-жижүүр үйлчлэгч 5500 төгрөг, харуул хамгаалалт 5000 төгрөг, цахилгаан шатны засвар арчлалт, ашиглалт 7000 төгрөг, дундын гэрэлтүүлэг 2000 төгрөг, баримтын үнэн 200 төгрөг, домофон орцны хаалганы засвар 3000 төгрөг, засвар тохижилтын хурамтлал 1 метр квадрат тутамд 180 төгрөг. Тус 521 дүгээр байрны тоотод оршин суугч М.Мөнхзаяа Иргэний хуулийн 147.1, 147.2, Сууц өмчлөгчдийн эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-д заасан үүргээ биелүүлэхгүй 2017 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл СӨХ төлбөр болох 1,672,943.7 төгрөгийг төлөөгүй байна. Тус асуудлаар Гангар орд СӨХ зүгээс сар бүр нэхэмжлэх явуулж анхааруулсан. Шинэ амгалан СӨХ ажил хүлээлцэн авснаас хойш сар бүр нэхэмжлэх, 2 удаа Монгол шуудан компаниар албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс 520 байрны 69 тоотын өмчлөгч М.Мөнхзаяагаас 2017 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл СӨХ төлбөр болох 1,672,943.7 төгрөгийг гаргуулж, сууц өмчлөгч иргэдийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.Мөнхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй шалтгаан маань төлбөр хэт өндөр гарч байна. Бусад байрны СӨХ бага гардаг, бас зарим айл бага, зарим нь их гардаг. Байрны лифт ажиллахгүй, дмофон систем нь гацдаг, орцны хаалганы код ажилладаггүй зэргээс болж төлбөрийг төлөхгүй байсан. Бас машингүй байхад зогсоолын төлбөр авдаг, чип өгдөггүй, жижүүргүй мөртлөө жижүүрийн мөнгө авдаг. Энэ асуудлаа шийдэж, СӨХ-ны мөнгөө багасгах хэрэгтэй. Түүнээс мөнгийг төлөхгүй гэж хэлээгүй төлнө. Бөөнд нь их мөнгө төлж чадахгүй сар бүр 50-60 мянган төгрөг төлнө. Манайх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр анх нүүж орсон, нэг удаа СӨХ-ны төлбөрийг төлсөн, өмнө нь орон сууцанд амьдарч байгаагүй учраас СӨХ-ны төлбөрийн талаар сайн мэдэхгүй байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шинэ-амгалан СӨХ, хариуцагч М.Мөнхзаяад холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1,672,943.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч сар бүрийн төлбөр их, төлбөрийг бөөнд нь төлөх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Шинэ-Амгалан СӨХ нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 520 дугаар байрыг хариуцан Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн 325 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч 2017 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарыг дуусталх хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-нд төлөөгүй тухай тайлбарлаж, тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлын төлбөрийн хэмжээ тогтоосон хурлын шийдвэр, хавсралт, Төрийн банк ХХК дахь нэхэмжлэгчийн төлбөр хүлээн авдаг дансны хуулга, нэг сард гарах төлбөрийн тооцоог шүүхэд нотлох баримтаар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч М.Мөнхзаяа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ баримтаар нотлоогүй, татгалзлаа нотолж нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч тухайн орон сууцанд холбогдох хэмжээгээр төлөх үүрэгтэй тул хариуцагч М.Мөнхзаяагаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1,672,943.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шинэ-Амгалан СӨХ-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Мөнхтогоогийн Мөнхзаяагаас 1,672,943.7 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шинэ амгалан СӨХ-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,817 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Мөнхзаяагаас 41,817 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шинэ амгалан СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ