Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2021/02567

 

 

 

 

 

 

 

 

2021 08 31 101/ШШ2021/02567     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 92а байр 1104 тоотод оршин суух, Дашпүрэвийн Пүрэвсайхан  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, 830 байр 36 тоотод оршин суух, Дашпүрэвийн Оюунгэрэл холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 42,542,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Пүрэвсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, хариуцагч Д.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрсөн дүү Д.Оюунгэрэлд 2018 оны 04 дүгээр сарын 30-нд Хаан банкны дансаар 2018 оны 04 дүгээр сарын 20-нд 5,800,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 31-нд 15,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 10-нд 5,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 02-нд 200,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 28-нд 1,300,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 18-нд 2,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-нд 500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 02-нд 442,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 07-нд 200,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 01-нд 100,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 24-нд 200,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-нд 100,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-нд 100,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-нд 150,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 15-нд 100,000 төгрөг, Голомт банкны дансаар 2018 оны 06 дугаар сарын 29-нд 2,500,000 төгрөг, Хас банкны дансаар 1,150,000 төгрөг, нийт 50,542,500 төгрөг зээлж өгсөн.

Мөнгө зээлснээс хойш Д.Оюунгэрэл нь Голомт банкны дансаар эргүүлж, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 27-нд 500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөгийг төлж үлдэх 42,542,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй хүндрэл учруулж байна. Өмнө нэхэмжилсэн 42,542,500 төгрөгөөс 8,650,000 төгрөгийг хасч 33,892,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Оюунгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.Пүрэвсайханд 25,000,000 төгрөгийг цувуулан шилжүүлсэн. Үүнд Хаан банкны данснаас 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 200,000 төгрөг, 3 дугаар сарын 10-ны өдөр 1,010,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 300,000 төгрөг, 4 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг 5 дугаар сарын 23-ны өдөр 160,000 төгрөг, 5 дугаар сарын 24-ний өдөр 576,350 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 700,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 641,100 төгрөг, 7 дугаар сарын 4-ний өдөр 4,000,000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 941,500 төгрөг, 8 дугаар сарын 1-ний өдөр 13,000,000 төгрөг, 8 дугаар сарын 24-ний өдөр 900,000 төгрөг, 8 дугаар сарын 8-ны өдөр 925,500 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 764,400 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 10 дугаар сарын 1-ний өдөр 400,000 төгрөг, 10 дугаар сарын 7-ны өдөр 500,000 төгрөг, 12 дугаар сарын 4-ний өдөр 1,057,200 төгрөг шилжүүлсэн. Голомт банкны данс руу нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөг, 6 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч миний данс руу Энхтайванд өгөөрэй гээд 2,500,000 төгрөгийг надаар дамжуулж хийлгүүлсэн. н.Энхтайван, Д.Пүрэвсайхан нарын мөнгөний асуудлыг би шилжүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 27-ний өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр мөн 4,000,000 төгрөг, Арвайн үр ХХК-д бэлнээр төлсөн мөнгө нь 12,306,400 төгрөг. Нэхэмжлэлд хавсаргагдаагүй боловч нэхэмжлэгчийн өмнөөс би тэр зээлийг нь төлж байсан. Манай нөхрийн данснаас нэхэмжлэгчийн данс руу 4,000,000 төгрөг шилжсэн, тэр баримтаа авч ирээгүй байна. Зээлийн хүүг одоо ч төлж явдаг. Арвайн үр ХХК-д 2 өөр зээл тавигдчихсан байгаа юм. Нэг нь Д.Пүрэвсайхан бид хоёрын хамтын зээл, нөгөөх нь Д.Оюунгэрэл, Уранбаяр нар хамтран 42,000,000 төгрөгийн зээл авснаас 21,000,000 төгрөгийг нь Д.Пүрэвсайханд өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг би хэрэгт өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 13,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нөхрийн дансаар дүүгийн эхнэрийнх нь дансанд 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Уг зээлийг би түүнд өгөхдөө ямар нэг зүйл байгуулаагүй. Эхний нэхэмжлэлийн шаардлага 20,100,000 төгрөг байсан, дараагийн шаардлага нь 50,000,000 орчим болсон байсан. Нэхэмжлэгч үүндээ анализ хийгээгүй. Одоо Арвайн үр ХХК-иас надад холбогдуулж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би өөрийн болон нөхрийнхөө нэр дээрх 4 автомашиныг зарж барагдуулсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Пүрэвсүрэн, хариуцагч Д.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,542,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээ 8,650,000 төгрөгөөр багасгаж, 33,892,500 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, авсан мөнгөө буцаан төлсөн гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагчид мөнгө зээлдүүлснийг, хариуцагч зээлийн заримыг буцаан төлснийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар зохигч хэн аль нь маргаагүй байна. Гагцхүү харилцан шилжүүлсэн мөнгө, төлсөн төлбөрийн дүнгийн талаараа шүүх хуралдаанд зөрүүтэй тайлбар гаргасныг талуудын шүүхэд гаргасан бичгийн баримтуудтай харьцуулан шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагчид 50,542,500 төгрөгийг шилжүүлж, үүнээс хариуцагчийн төлсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан 8,000,000 төгрөг, шүүх хуралдааны явцад 8,650,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан /8,000,000+8,650,000=16,650,000/ 16,650,000 төгрөгийг хасч үлдэх 33,892,500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа талаар тайлбарласан.

Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 22 удаагийн гүйлгээгээр нийт 48,042,500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь ХААН банкин дахь нэхэмжлэгчийн 5003552000 тоот, хариуцагчийн 5006675030 тоот, мөн хариуцагчийн Голомт банкны 1705012815 тоот дансны хуулгууд, мөн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч иргэн Д.Урантуяагийн ХААН банкны 5111309777 тоот дансанд 15,000,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч өөрөө авсан хэмээн зөвшөөрсөн тайлбар зэргээр нотлогдож байна. Харин хариуцагчийн Голомт банкны 1705012815 тоот дансанд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн гэж мөн өдрийн мемориалын гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргасан нь нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн бус хариуцагч өөрийн данснаас зарлагын гүйлгээ хийсэн баримт байна. Иймд энэхүү 2,500,000 төгрөгийн дүнг /50,542,500-2,500,000=48,042,500/ хасч тооцсон болно.

Үүнээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу дээр дурдсан 16,650,000 төгрөгийг 48,042,500 төгрөгийн дүнгээс хасвал 31,392,500 төгрөг болж байна.

Талууд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 2018.09.02-ны 442,500 төгрөгийн, 2018.03.20-ны 100,000 төгрөгийн, 2018.09.02-ны 442,500 төгрөгийн, 2018.03.22-ны 500,000 төгрөгийн, 2018.04.01-ний 100,000 төгрөгийн, 2018.09.15-ны 100,000 төгрөгийн, 2018.09.02-ны 442,500 төгрөгийн, нийт 1,242,500 төгрөгийн мөнгөн гүйлгээний утга нь зээл мөн, биш гэх агуулгаар маргасан бөгөөд зохигч хамтарч автомашин худалддаг байсан, зарим тохиолдолд худалдах автомашиныг засварлах шаардлагын дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр хариуцагч автомашиныг засварлуулдаг байсан гэх тайлбарыг хариуцагч шүүх хуралдаанд гаргасан. Дурдсан мөнгөн гүйлгээнүүдийн утгыг машин, машин засвар, машины толь, гүпер гэж илэрхийлснийг нэхэмжлэгч, автомашины төлбөр тооцоотой утгаар гүйлгээ их хийх нь банкнаас зээл авахад хэрэгтэй байдаг, бодит байдалд хариуцагчид зээлдүүлсэн мөнгө гэж тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байх шаардлагатай ба хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг мөнгөн гүйлгээний утгатай агуулгын хувьд нийцсэн, бодитой гэж үзлээ. Иймд тус 1,242,500 төгрөгийн мөнгөн гүйлгээ нь нэхэмжлэгчээс хариуцагчид зээл хэлбэрээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагчийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ны өдрийн хооронд 9 удаагийн гүйлгээгээр нийт 21,101,100 төгрөгийг ХААН банкны 5006675030 тоот дансаар, 2018.06.21-ны өдөр 3,500,000 төгрөгийг, 2028.07.27-ны өдөр 500,000 төгрөгийг Голомт банкны 170501281 тоот дансаар нэхэмжлэгчид шилжүүлжээ. Мөн 2018.08.01-ны өдөр хариуцагч 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагч нийт 29,101,100 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. Энэхүү мөнгөн дүнгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдан хассан 8,000,000 төгрөгийг хасч тооцвол хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих дүнгээс 21,101,100 төгрөгийг хасах үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч нийт авсан зээлээс дээрх байдлаар 16,650,000 төгрөг төлж, өөр төлөлт хийгээгүй тухай нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Түүнчлэн хариуцагчийн хувьд 5447097189 тоот дансанд зээлийн төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс төлж байсныг хасч тооцуулна гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасныг үндэслэлгүй гэж үзнэ. Зохигч 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Арвайн үр ХЗХ-оос 29,000,000 төгрөгийн зээлийг хамтран авсан, улмаар зээл, хүүгийн хуваарьт төлбөрийг хариуцагч төлж байсан тухай, нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 28,511,210 төгрөг төлж зээлийг дуусгавар болгожээ. Зохигчийн хувьд бусад этгээдийн өмнө хамтран хүлээсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн нь зохигчийн хооронд үүссэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой харилцаанд харилан тооцогдох боломжгүй, хамаарахгүй байна.

Зохигчийн нэхэмжлэл, тайлбар болон дээрх үйл баримтыг нэгтгэн авч үзвэл нэхэмжлэгч мөнгө зээлдүүлэх, хариуцагч зээлийг хүлээн авч тодорхой хугацааны дараа буцаан төлөх хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэхээр байна. Зохигчийн энэхүү хүсэл зориг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцааг амаар тохиролцон байгуулсан гэх үндэслэлийг бий болгох ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ амаар байгуулагджээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч зээлийг төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа тухай дурдсан нь мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч зээлийг буцаан төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн гэх 50,542,500 төгрөгөөс баримтаар тогтоогдоогүй 2,500,000 төгрөгийг хасч, бодитой шилжүүлсэн 48,042,500 төгрөгөөс 16,650,000 төгрөгийг хасвал 31,392,500 төгрөг болж байна. үүнээс зээл гэж үзэх боломжгүй 1,242,500 төгрөгийг хасч үлдэх 30,150,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй байна. Шүүх хуралдааны явцад зохигчийн мэтгэлцсэн, шинжлэн судалсан нотлох баримтаар хариуцагч өмнө төлсөн төлбөр дээр нэмж 21,101,100 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь тогтоогдсон тул энэхүү мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцвол хариуцагч 9,048,900 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Тооцоолол: 33,892,500-2,500,000-1,242,500=30,150,000. Үүнээс 30,150,000-21,101,100=9,048,900 төгрөг.

Иймд хариуцагч Д.Оюунгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт 9,048,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвсайханд олгож, 24,843,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оюунгэрэл /УЖ83091004/-ээс 9,048,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвсайхан /УЖ80101716/-д олгож, нэхэмжлэлээс 24,843,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,613 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оюунгэрэлээс 159,732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пүрэвсайханд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ